| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00341/И |
| Дугаар | 563 |
| Огноо | 2017-11-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 563
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг 5 дугаар багт оршин суух, Оточ овгийн П.П-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга суманд оршин суух, “АУМ Алт” ХХК-ийн захирал Ц.М-д холбогдох
“100000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Д.Уранбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Шүрхүү, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нөхөр О.С нь иргэн Ц.М-д гүтгэгдэж, үндэслэлгүйгээр Улаанбаатар хотод шалгагдаж, 122 хоног цагдан хоригдож байгаад 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр цагаатгагдсан. Үүнээс хойш олон хоног нар салхигүй битүү байснаас уушигны өвчтэй болж, улмаар дээрхи асуудлаар хуулийн байгууллагад хандаж чадалгүй 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барсан юм. Нөхөр маань тухайн үед төрийн албан хаагч, сарын тогтмол цалинтай, эхнэр 4 хүүхдээ тэжээн тэтгэж, сайхан амьдарч байсан юм. Дээрх Ц.М-д гүтгэгдэж ажил амьдрал, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч, бүр сүүлдээ амь насаараа хүртэл хохироод байгаа учраас би маш их гомдолтой байна. Ийм учраас Ц.М ид гүтгэгдсэнээс болж цагдан хоригдож, хоригдсоноосоо болж уушигны өвчтэй болж, бид нар бүх зүйлээрээ хохирч байгаа учраас үндэслэлгүйгээр хоригдсоны сэтгэл санааны хохиролд 100000000 төгрөгийг Ц.М-с нэхэмжилж байна. Иймд 100000000 төгрөгийг Ц.М оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Шүрхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.П нь өөрийн нөхөр О.С Ц.М-д гүтгүүлсний улмаас эрүүгийн хэрэгт үндэслэлгүйгээр шалгагдаж, 122 хоног цагдан хоригдож байгаад цагаатгагдсан. Энэ хугацаанд уушигны өвчин тусч, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барсан учир ажил амьдрал сэтгэл санааны хохиролд 100000000 төгрөг гаргуулна гэсэн байна. П.П-н нэхэмжлэл нь хууль, эрх зүйн үндэслэлгүй байна. О.С бусдад гүтгүүлсний улмаас удаан хугацаагаар цагдан хоригдож, улмаар нас барсан гэж үзэн гомдол гаргасан нь иргэний болон эрүүгийн эрх зүйд зааснаар Ц.М хамааралгүй. П.П-н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцахгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.С-н нэр төрийг сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 100000000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. “АУМ АЛТ” ХХК-ийн захирал Ц.М-с 67000000 төгрөгийг айлган сүрдүүлж авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар шалгагдсан. Энэ хугацаанд 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сэжигтнээр 7 хоног, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл яллагдагчаар 2 сар, цагдан хорих хугацааг сунгаж 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 122 хоног Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. Үүнээс болж уушгиндаа согогтой болсноор 2015 онд нас барсан. “АУМ алт” ХХК-ийн захирал Ц.М-с мөнгө нэхсэн, дарамталсан гэх асуудлаар цагдан хоригдсон. Энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.3-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байснаас болж, эрүүл мэндийн байдал муудаж, эрүүл мэндээрээ хохирсон. Эхнэр нь 4 хүүхэдтэйгээ үлдэж, эрүүл мэндийн хувьд тааруу байдаг. Сая шүүх хуралдаанд оролцох гэсэн боловч эрүүл мэндийн шалтгаанаас хуралд орох боломжгүй гээд эмнэлэг явсан. Тухайн гэр бүлийг тэжээж явдаг хүн нь ганцхан О.С байсан. Ар гэрийн зүгээс эхнэр нь ажилгүй, 4 хүүхэдтэй байдаг. Тиймээс сэтгэл санааны хохиролд 100000000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Шүрхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.П- нэхэмжлэл нь ойлгомжтой байна. Үндэслэлгүйгээр 122 хоног цагдан хоригдож, хохирсон учраас сэтгэл санааны хохирол 100000000 төгрөг гаргуулах, мөн О.С-н нэр төрийг сэргээлгэх гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Энэ нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ хэрэг яагаад үүссэн гэхээр М , О.С , Г нар нь Онги гол хөдөлгөөнийг байгуулаад ажиллаж байсан. Гол нь М гэдэг хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177.2 гэдэг зүйл ангиар зүйлчлэгдэж шалгагдсан. Энэ нь зандалчлах, талбай дээр буу, тэсрэх бөмбөг тавьсан байгаа. Ингээд шалгагдах явцад нь М , О.С , Г нарын дансанд Ц.М ийн данснаас 67000000 төгрөг шилжүүлсэн нь гарч ирсэн нь дээрх үйлдлийг хийхэд санхүүжүүлсэн байна гэх үндэслэлээр авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн. Зэвсэгт халдлагыг санхүүжүүлсэн байна гээд шалгахаар нь Ц.М нь үнэн бодит зүйлийг тайлбарлаж, мэдүүлснээр дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3, 177.2 гэсэн зүйлчлэлээр шалгаж эхэлсэн. О.С г 10000000 төгрөгний хэрэг байна гэхээр нь эхнэр Жаргалынхаа дансаар 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 5000000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 5000000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагчийн М аас өөр намайг далайлган сүрдүүлсэн хүн байхгүй гэсэн мэдүүлгээр шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн. Харин ч Ц.М ийн мэдүүлэгээр эдгээр хүмүүст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3-т заасан хэрэг хэрэгсэхгүй болсон. Уг нэхэмжлэлд нөхрийг маань гүтгэсэн гэсэн байгаа. Харин гүтгэсэн гэдэг нь хуучин Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд хүнийг санаатай гүтгэсэн бол эрүүгийн журмаар шалгана гэсэн байгаа. Ингэж гүтгэсэн зүйл байхгүй. Ийм учраас П.П-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.П нь “ О.С гийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, сэтгэл санааны хохирол 100000000 төгрөг гаргуулах”-ийг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч Ц.М ид холбогдуулан тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Шүрхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
О.С нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь хэрэг нотлох баримтаар авагдсан нас барсны гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт “Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчлэн авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч” гэж заасан бөгөөд хэрэгт П.П , талийгаач О.С нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар авагдсан тул нэхэмжлэгч П.П ыг талийгаач О.С гийн хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй.
Мөн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх нь өвлөгчид өвлөгддөг тул хариуцагч Ц.М оос талийгаач О.С гийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсныг сэргээлгэх, сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэгч П.П нь шаардах эрхтэй байна.
Нийслэлийн прокурорын газраас талийгаач О.С г бусадтай зохион байгуулалттайгаар бүлэглэн Засгийн газраас Улсын их хуралд өргөн барьсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг 30 минутын дотор Улсын Их хурлаас татаж авахуулах болон эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргахаас татгалзуулах, өөрсдийн боловсруулсан “Хуулийн хэрэгжилтийг хангах” тухай Засгийн газрын тогтоолын төслийг нэг цагийн дотор батлуулах буюу эрх бүхий байгууллага албан тушаалтанаас тодорой шийдвэр гаргуулахад шууд нөлөөлөх зорилгоор 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Централ тауэр, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 2 дугаар байр буюу Уул уурхайн яамны гадна тротилд буюу тэсэрч дэлбэрэх бодис байрлуулан, улмаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордны хашаан дотор буу, сум, гранат зэрэг галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл хэрэглэн олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, мөн талийгаач О.С г бусадтай зохион байгуулалттайгаар бүлэглэн 2012 олны 07 дугаар сараас 2013 оны 08 дугаар сарын хооронд өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд хүч хэрэглэх, эд хөрөнгийг устгахаар заналхийж Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн хөндийд үйл ажиллагаа явуулдаг “АУМ Алт “ХХК-ийн захирал Ц.М оос 67000000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгө далайлган сүрдүүлж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3, 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 122 хоног цагдан хорьж шалгажээ.
Гэвч Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор талийгаач О.С гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, мөн хохирогч Ц.М ийн мэдүүлгээр “бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн” гэж О.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3, 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ц.М ийн “талийгаач О.С г бусадтай бүлэглэн онц их хэмжээний мөнгө далайлган сүрдүүлж авсан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн мэдүүлгээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгасан боловч Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор талийгаач О.С гийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэснээс үзэхэд хариуцагч Ц.М нь талийгаач О.С гийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Шүрхүү нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хариуцагч нь .... нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах” үүргээ биелүүлээгүй, талийгаач О.С гийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотлож чадаагүй байна үзлээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан ... хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж зааснаар талийгаач О.С гийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаагдсан гэж үзэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан талийгаач О.С гийн ар гэрээс уучлал хүсэхийг хариуцагч Ц.М ид үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин нэхэмжлэгч П.П нь хариуцагч Ц.М оос сэтгэл санааны хохирол 100000000 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт зааснаар мэдээ тараасан арга, хэрэгсэл, тарсан хүрээ, сэтгэл санаанд учирсан хохирлын үр дагавар зэргийг баримтаар нотлоогүй байх тул П.П ын нэхэмжлэлийн шаардлагаас 100000000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.М оос 70200 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт тус тус зааснаар Боржигон овгийн О.С гийн нэр төрийг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан О. С гийн ар гэрээс уучлалт хүсэхийг хариуцагч Ц.М ид үүрэг болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг сэтгэл санааны хохирол 100000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч П.П ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурьдаж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.М оос 70200 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Д.МӨНХТУЯА
Б.ЦЭРЭНПҮРЭВ