Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 396/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа

-шүүгдэгч Ц.Батзолбоогийн өмгөөлөгч Н.Нарантуяа

-шүүгдэгч Б.Баттөгсийн өмгөөлөгч Т.Багахүү

-шүүгдэгч Г.Бархасын өмгөөлөгч Т.Отгонбаатар, П.Ундрах-Эрдэнэ

-шүүгдэгч А.Тэмүүжингийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар

-шүүгдэгч Т.Сайнбаярын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан

  -шүүгдэгч Ц.Батзолбоо, Б.Баттөгс, Г.Бархас, А.Тэмүүжин, Т.Сайнбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Гансүхийн Бархас, Бааран овогт Цэдэндоржийн Батзолбоо, Гурванэрхэт овогт Алтаншагайн Тэмүүжин, Шаргалзуут овогт Түвшинбаярын Сайнбаяр, Жалайр овогт Бат-Эрдэний Баттөгс нарт холбогдох 1734003190097 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-ийн 5 дугаар курсын оюутан, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 13Б-136 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Гансүхийн Бархас, /РД:УУ95042719/

Монгол Улсын иргэн, 1996 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүннарангийн 4 дүгээр гудамжны 93 тоотод оршин суух /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-3 гудамжны 61 тоотод оршин суух паспортын хаяг/ ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бааран овогт Цэдэндоржийн Батзолбоо, /РД:УШ96011599/

Монгол Улсын иргэн, 1999 оны 6 сарын 07-ны өдөр Итали улсад төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 42-р байрны 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гурванэрхэт овогт Алтаншагайн Тэмүүжин, /РД:УМ99060717/

Монгол Улсын иргэн, 1996 оны 2 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамтаар Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 23-р хороо Зүүн Ард Аюушийн 25-6 тоот гудамжны 108-А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шаргалзуут овогт Түвшинбаярын Сайнбаяр. /РД:УП96022816/

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамтаар Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа наадамчдын гудамж, 704 дүгээр байр 50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жалайр овогт Бат-Эрдэний Баттөгс /РД:УХ92120271/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Батзолбоо, Б.Баттөгс, Г.Бархас, А.Тэмүүжин, Т.Сайнбаяр нар нь 2017 оны 09 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын нутгаас хориглосон мансууруулах, сэтгэцэт нөлөөлөх ургамал болох канависын төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Сайнбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв өгсөн учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Баттөгс  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв өгсөн учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Г.Бархас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв өгсөн учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Ц.Батзолбоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв өгсөн учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч Т.Сайнбаярын мөрдөн байцаалтанд гэрчээр байцаасан: ... Бид нийлж суугаад юм ярьж байтал Тэмүүжин мансууруулах төрлийн ургамал буюу өвсний талаар яриад Баттөгс нь Төв аймгин Жаргалант суманд очиж түүе гэсэн. Тэгээд Бархас ирээд бид нар нийлээд Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант сум руу гарсан. Хотоос нилээн холдоод 01 цагийн үед замаас гарч зогсоод, машинаас гарч Тэмжүүжин, Баттөгс Батзолбоо, бид дөрөв надад байсан 1 боодол, Баттөгсөд байсан 2 боодол мансууруулах төрлийн ургамлыг хэрэглэсэн. Тэгээд бид нар цаашаа 02 цагийн үед Төв аймгийн Жаргалант суманд очиж мансууруулах төрлийн ургамал түүж байгаад буцаад Улаанбаатар хот руу явах замд цагдаагийн алба хаагч нарт саатуулагдсан. Бид нар бүгдээрээ тухайн ургамлыг түүсэн, түүсэн ургамлаа хэрэглэх гэж түүсэн, хэн нэгэнд зарах бодол байгаагүй. Бид нар хэрэглэсэн нунтаг цай шиг харагддаг, хэмжээгээрээ нэг нэг тамхи шиг хэмжээтэй 3 ширхэг тамхийг үүрүүлэн дотор хийсэн, нэг нь нэг ширхэг тамхи шиг хэмжээтэй 3 ширхэг ургамал байсан . Би найз Баттөгстэй Төв аймгийн Борнуур сумаас 2017 оны 6 сард түүж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

         

          Шүүгдэгч Г.Бархасыг мөрдөн байцаалтанд гэрчээр байцаасан: ...Бид нар бүгдээрээ тухайн ургамлыг түүж бэлтгэсэн. Батзолбоо намайг Төв аймгийн Жаргалант сум руу явж мансууруулах төрлийн ургамал буюу өвс түүе гэхээр нь би түүгээд өгье гэж бодоод явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/

 

Шүүгдэгч Ц.Батзолбоог гэрчээр байцаасан: ...Бид тав уулзаад юм ярьж байгаад би Монголд мансууруулах төрлийн ургамал ургадаг газар мэдэх үү? гэж асуухад Төгсөө /Баттөгс/ Төв аймгийн Жаргалант суманд ургадаг бүгдээрээ явж түүж татах уу? гэхэд бүгд дэмжээд бид нар Төв аймгийн Жаргалант сум руу явсан. Бид нар бүгдээрээ тухайн ургамлыг түүсэн, бид нар түүсэн ургамлаа хэрэглэх гэж түүсэн. Цагаан цаасан ороосон, нарийхан уртаараа нэг хуруу шиг хэмжээтэй 3 ширхэг мансууруулах төрлийн ургамал гаргаж ирээд бид нар татаж хэрэглэсэн” гэх мэдүүлэг /хх 24-25 тал/

Шүүгдэгч А.Тэмүүжинг мөрдөн байцаалтанд гэрчээр байцаасан: “...Бид нар бүгдээрээ тухайн ургамлыг түүж бэлтгэсэн, би сонирхоод түүсэн, тухайн бэлтгэсэн ургамлаа хэнд нэгэнд зарж борлуулах гэсэн бодол байгаагүй” гэх мэдүүлэг /хх 29-30 тал/

            Шүүгдэгч Б.Баттөгсийг мөрдөн байцаалтанд гэрчээр байцаасан: “... Бид 4 уулзаад юм ярьж сууж байгаад би надад ороосон мансууруулах төрлийн бодис байсан учир “хэдүүлээ мансууруулах төрлийн ургамал хэрэглэх үү? гэхэд тэр гурав дэмжээд бид нар ярилцаад Бархас ирээд бид нар Бархасын машинтай Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант сум руу гарсан. Тэгээд явж байгаад 01 цагийн үед зогсоод надад ороосон байсан 2, Сайнбаярт ороосон байсан 1 ширхэг мансууруулах төрлийн бодисыг Сайнбаяр, Батзолбоо, Тэмүүжин бид дөрөв татсан. Тэгээд 02 цаг 30 минутын үед Төв аймгийн Жаргалант суманд очиж мансууруулах төрлийн ургамал түүгээд буцаад Улаанбаатар хот руу явж байгаад цагдаагийн алба хаагчдад шалгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/

 

БУСАД БАРИМТ

       Шүүхийн шинжилгээний 2017 оны 09 сарын 26-ны өдрийн №8978 тоот дүгнэлтэд:

  • Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг хувьанцар савтай шээсний хэмжээ хүрэлцхүйц тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ
  • Шинжилгээнд ирүүлсэн “Алтаншагайн Тэмүүжин 18/эр” гэсэн хаягтай шээсэнд  тетрагидроканнабинол/ТНС/-ын, “Түвшинбаяр Сайнбаяр 21/эр” гэсэн хаягтай шээсэнд тетрагидроканнабинол/ТНС/-ын Гансүхийн Бархас 22/эр” гэсэн хаягтай шээсэнд тетрагидроканнабинол/ТНС/-ын, “Цэдэндоржийн Золбоо 21/эр” гэсэн хаягтай шээсэнд тетрагидроканнабинол/ТНС/-ын, “Бат- Эрдэний Баттөгс 19/эр” гэсэн хаягтай шээсэнд тетрагидроканнабинол/ТНС/-ын агууламж тус тус илрэв.
  • Шинжилгээгээр илэрсэн тетрагидроканнабинол/ТНС/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг” гэх дүгнэлт /хх-ийн 44 тал/

 

       Шүүхийн шинжилгээний 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 9153 тоот дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “6 0.030 Төв аймаг дахь ЦГ-ын МБТ а/д С.Эрдэнэбилэг. Шинжилгээний обьект мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэргийн дугаар 173400319 гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн.
  2. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 тал/

 

- Автомашинд үзлэг хийсэн тэмдлэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-12 тал/,

- хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-13 тал/,

- шүүгдэгч Ц.Батзолбоо, Б.Баттөгс, Г.Бархас, А.Тэмүүжин, Т.Сайнбаяр нарт хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүнэлтүүд /хх-52-59, 141-146 талууд/,

- шүүгдэгч А.Тэмүүжингийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-93-100 тал/,

- шүүгдэгч Ц.Батзолбоогийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-104-120 тал/,

- шүүгдэгч Г.Бархасын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-121-125 тал/,

- шүүгдэгч Т.Сайнбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-236-136 тал/,

-Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №1043 тоот албан бичиг

- Төв аймгийн Авто тээврийн төвийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №267 тоот лавлагаа /хх-52 тал/,

- 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мал тооллогын маягт /хх-53 тал/,

- Сонгинохайрхан дүүргийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №3291 тоот албан бичиг /хх-54 тал/,

- Төв аймгийн Прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №04 тоот тогтоол /хх-80 тал/, 

- шүүгдэгч А.Тэмүүжингийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх хуудас /хх-91 тал/,

- шүүгдэгч Б.Баттөгсийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх хуудас /хх-89 тал/,

- шүүгдэгч Ц.Батзолбоогийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх хуудас /хх-101 тал/,

- шүүгдэгч Г.Бархасын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх хуудас /хх-118 тал/,

- шүүгдэгч Т.Сайнбаярын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх хуудас /хх-124 тал/,

-шүүгдэгч Ц.Батзолбоо, Б.Баттөгс, Г.Бархас, А.Тэмүүжин, Т.Сайнбаяр нарыг 2017 оны 10 сарын 02-ны өдөр яллагдагчаар /хх-75-88 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Батзолбоо, Б.Баттөгс, Г.Бархас, А.Тэмүүжин, Т.Сайнбаяр нар нь 2017 оны 09 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын нутгаас хориглосон мансууруулах, сэтгэцэт нөлөөлөх ургамал болох канависын төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь автомашинд үзлэг хийсэн тэмдлэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8978, №9153 тоот дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батзолбоо, Б.Баттөгс, Г.Бархас, А.Тэмүүжин, Т.Сайнбаяр нарын хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Батзолбоо, Б.Баттөгс, Г.Бархас, А.Тэмүүжин, Т.Сайнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл тус тус оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Батзолбоо, Б.Баттөгс, Г.Бархас, А.Тэмүүжин, Т.Сайнбаяр нарт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Ц.Батзолбоо, Б.Баттөгс, Г.Бархас, А.Тэмүүжин, Т.Сайнбаяр нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.  

Хохирлын талаар:

Шүүгдэгч Ц.Батзолбоо, Б.Баттөгс, Г.Бархас, А.Тэмүүжин, Т.Сайнбаяр нараас гаргуулах хохирол төлбөр байхгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “ Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн гялгар ууттай 5 ширхэг ургамал, 1 ширхэг жижиг ууттай ургамалыг устгахыг, мөнгөлөг цаас, тусгайлан бэлдсэн хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Батзолбоо, Б.Баттөгс, Г.Бархас, А.Тэмүүжин, Т.Сайнбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олхонууд овогт Гансүхийн Бархас, Бааран овогт Цэдэндоржийн Батзолбоо, Гурванэрхэт овогт Алтаншагайн Тэмүүжин, Шаргалзуут овогт Түвшинбаярын Сайнбаяр, Жалайр овогт Бат-Эрдэний Баттөгс хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд овогт Гансүхийн Бархас, Бааран овогт Цэдэндоржийн Батзолбоо, Гурванэрхэт овогт Алтаншагайн Тэмүүжин, Шаргалзуут овогт Түвшинбаярын Сайнбаяр, Жалайр овогт Бат-Эрдэний Баттөгс нарт ял оногдуулахгүйгээр тус тус 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3 дахь хэсэгт тус тус заанаар шүүгдэгч Олхонууд овогт Гансүхийн Бархас, Бааран овогт Цэдэндоржийн Батзолбоо, Гурванэрхэт овогт Алтаншагайн Тэмүүжин, Шаргалзуут овогт Түвшинбаярын Сайнбаяр, Жалайр овогт Бат-Эрдэний Баттөгс нарыг зан үйл засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг тус тус үүрэг болгож, согтууруулах ундаа болон мансууруулах бодис тус тус хэрэглэхийг хориглосон хязгаарыг тогтоосгуай.  

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд овогт Гансүхийн Бархас, Бааран овогт Цэдэндоржийн Батзолбоо, Гурванэрхэт овогт Алтаншагайн Тэмүүжин, Шаргалзуут овогт Түвшинбаярын Сайнбаяр, Жалайр овогт Бат-Эрдэний Баттөгс нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тус тус мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Батзолбоо, Б.Баттөгс, Г.Бархас, А.Тэмүүжин, Т.Сайнбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн гялгар ууттай 5 ширхэг ургамал, 1 ширхэг жижиг ууттай ургамалыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх, мөнгөлөг цаас, тусгайлан бэлдсэн хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батзолбоо, Б.Баттөгс, Г.Бархас, А.Тэмүүжин, Т.Сайнбаяр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг                       дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ц.Батзолбоо, Б.Баттөгс, Г.Бархас, А.Тэмүүжин, Т.Сайнбаяр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА