Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/388

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг, 

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Э.Цэрэнбаатар, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

хохирогч М.Цэрэндаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бунь овгийн Эрдэнэбатын Цэрэнбаатарт холбогдох эрүүгийн 1834007460394 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсанат суманд 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Бунь овгийн Эрдэнэбатын Цэрэнбаатар

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Э.Цэрэнбаатар нь согтуугаар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутагт М.Цэрэндаваатай хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Э.Цэрэнбаатарын:

...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээрээ оролцоно...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч М.Цэрэндаваагийн:

...2018 оны 09 сарын 17-ны оройн 22 цагийн үед үйл явдал болсон. Би болон Сүхбат, Э.Цэрэнбаатар бид 4 уусан. Ууж байтал пиво авч өгсөнгүй. 2-лаа гаръя гээд намайг цохиод, би газар унахад намайг өшиглөсөн. 1.640.000 төгрөгийн баримттай хохирлоо барагдуулмаар байна. Гомдол саналгүй... гэсэн мэдүүлгүүдийг тус тус өгсөн байна.

 

Эрүүгийн 1834007460394 дугаартай хэрэгт хохирогч М.Цэрэндаваагийн /хх-ийн 07-08, 09 дүгээр хуудас/, гэрч М.Цэрэндаваагийн /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Б.Отгонсүрэнгийн /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Э.Атарцэцэгийн /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Э.Лувсанцэрэнгийн /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Э.Цэрэнбаатарын /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч З.Сүхбатын /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч З.Сүхбатын /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Л.Элбэгбаярын /хх-ийн 22-23 дугаар хуудас/, яллагдагч Э.Цэрэнбаатарын /хх-ийн 37-38 дугаар хуудас/ гэх мэдүүлгийн болон шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 621 дугаартай дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 682 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудсын хуулбар /хх-ийн 25-26 дугаар хуудас/, хохирогч М.Цэрэндаваагийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 45-49 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 52-55 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Цэрэнбаатарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-44, 58 дугаар хуудас/ зэрэг бусад нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Э.Цэрэнбаатар нь согтуугаар, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутагт М.Цэрэндавааг хувийн таарамжгүй харьцааны улмаас баруун гараараа түүний зүүн нүд рүү нь цохиж, газар унагаан өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, хаван хавдар бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч М.Цэрэндаваагийн ...Цээгий баруун гараараа миний зүүн талын нүд хэсэг рүү нэг удаа маш хүчтэй цохиход миний зүүн талын нүдэнд гал манасхийж би газар унаад нүүрээ хоёр гараараа дарахад миний нүүрний зүүн хэсэг рүү буюу миний нүүрээ дарчихсан байсан хоёр гар руу хоёр, гурван удаа өшиглөж байх үед гэр дотроос Сүхбат гарч ирээд Цээгийг болиоч гээд болиулж хориод, тэгээд Сүхбат, Цээгий бид 3 Луугийгийн гэр рүү ороход миний нүдний доод хэсгээс цус гарч нүд их хавдсан байсан... /хх-ийн 07-08, 09 дүгээр хуудас/,

гэрч М.Цэрэндаваагийн ...Цээгий баруун гараараа миний зүүн талын нүд хэсэг рүү нэг удаа маш хүчтэй цохиход миний зүүн талын нүдэнд гал манасхийж би газар унаад нүүрээ хоёр гараараа дарахад миний нүүрээ дарсан гар руу хоёр, гурван удаа өшиглөж байх үед гэр дотроос Сүхбат гарч ирээд Цээгийг болиоч гээд болиулж хориод тэгээд Сүхбат, Цээгий бид 3 Луугийгийн гэр рүү ороход миний нүдний доод хэсгээс цус гарч нүд их хавдсан байсан... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

гэрч Б.Отгонсүрэнгийн ...Цэрэндаваа, Цээгий хоёр манайхаас гараад гэрийн үүдэнд ярьж байгаад зодолдоод унах шиг болсон. Тэр үед нь гэрээс хүн гараагүй. Дараагаар нь харин Цэрэндаваагийн зүүн талын нүд нь хавдчихсан орж ирсэн... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч Э.Атарцэцэгийн ...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тухайн үеийн жижүүр сувилагч над руу залгаж “хүнд зодуулсан хүн ирсэн үзүүлэх шаардлагатай байна” гэсний дагуу би эмнэлэг дээр ирж үзэж байсан юм... ...хөдөө айлд нүд рүүгээ хүнд өшиглүүлсэн л гэж хэлж байсан... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

гэрч Э.Лувсанцэрэнгийн ...Цэрэндаваа, Цэрэнбаатар хоёр манай гэр дотор барилцаж аваад юм эвдчих гээд хүүхэд айлгачих гээд байхаар нь гарцгаа гээд гаргасан. Тэрний дараагаар Сүхбат араас нь гараад Цэрэнбаатарыг оруулж иртэл Цэрэнбаатарын хамраас нь цус гарчихсан байсан. Араас нь Цэрэндаваа миний нүд харахаа байчихлаа гээд зүүн нүднээс нь цус гарчихсан, хавдчихсан орж ирж байсан... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

гэрч З.Сүхбатын ...Цэрэнбаатар, Цэрэндаваа хоёр гадагшаа гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу хоёр, гурван минутын дараа араас нь би ганцаараа гарахад Цэрэнбаатар, Цэрэндавааг газар унагачихсан толгой, нүүр хэсэг рүү нь өшиглөж байхаар нь би гялс очиж Цэрэнбаатар ахаа болиоч ээ гээд түүнийг татаж салгаж Луугий ахын гэрт оруулахад Цэрэндаваа “яая миний нүд, нүд, наадах чинь миний нүд рүү өшиглөчихлөө ш дээ” гээд... /хх-ийн 19-20, 21 дүгээр хуудас/,

гэрч Л.Элбэгбаярын ...Цэрэндаваа ах “агаа нь зодуулчихлаа” гэж надад хэлэхээр нь би “хэнд зодуулчихсан юм” гэхэд хажуу талаас Цэрэнбаатар нь “би зодчихсон юм”... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

яллагдагч Э.Цэрэнбаатарын ...Цэрэндаваа бид хоёр гэрээс нь гараад би Цэрэндаваагийн зүүн талынх нь нүд рүү нэг удаа цохиход Цэрэндаваа газар унахаар нь би Цэрэндаваагийн баруун гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөтөл тэр үед гэр дотроос Сүхбат гарч ирээд намайг “болиоч” гэхээр нь Цэрэндаваа, Сүхбат бид гурав гэр рүү ороход Цэрэндаваагийн зүүн талынх нь нүднээс нь цус нь нулимстай нь холилдоод гарч байсан... /хх-ийн 37-38 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 621 дугаартай ...М.Цэрэндаваагийн биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, хаван хавдар... бүхий хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 682 дугаартай ...Э.Цэрэнбаатарын биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудсын хуулбар /хх-ийн 25-26 дугаар хуудас/, хохирогч М.Цэрэндаваагийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 45-49 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 52-55 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Цэрэнбаатарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-44, 58 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Цэрэнбаатарын согтуугаар, иргэн М.Цэрэндавааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй бөгөөд өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Э.Цэрэнбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Цэрэнбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Цэрэндаваагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч М.Цэрэндаваа мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн баримтын хэмжээнд 1.644.860 /нэг сая зургаан зуун дөчин дөрвөн мянга найман зуун жар/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, улсын яллагч яллах дүгнэлтийнхээ хавсралтад хохирогч М.Цэрэндавааг баримтаар 1.644.860 /нэг сая зургаан зуун дөчин дөрвөн мянга найман зуун жар/ төгрөгийн хохирол нэхэмжилнэ гэж дурдсан байгаа хэдий ч хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтуудаар нийт 1.688.860 /нэг сая зургаан зуун наян найман мянга найман зуун жар/ төгрөгийн баримт авагдсан байна.

 

Уг баримтуудаас хавтас хэргийн 54 дүгээр хуудсанд “Дуб” ХХК-ий үзлэгийн хуудас, баар кодтой баримт зэрэг 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн хоёр баримт давхардсан тул шүүх уг давхардсан хоёр баримтыг нэг нотлох баримт гэж үзэн хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 120.000 /нэг хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хавтас хэрэгт баримтаар авагдсан үлдэх 1.568.860 /нэг сая таван зуун жаран найман мянга найман зуун жар/ төгрөгийн хор уршиг бий болсон байна гэж дүгнэлээ.

 

Ингээд шүүгдэгч Э.Цэрэнбаатар нь хохирогч М.Цэрэндаваад гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг төлөөгүйг, мөн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Цэрэнбаатарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Цэрэнбаатарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Э.Цэрэнбаатар нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бунь овгийн Эрдэнэбатын Цэрэнбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Бунь овгийн Эрдэнэбатын Цэрэнбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

 

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бунь овгийн Эрдэнэбатын Цэрэнбаатарт шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг өдрөөр тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

    

4. Шүүгдэгч Бунь овгийн Эрдэнэбатын Цэрэнбаатарт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Бунь овгийн Эрдэнэбатын Цэрэнбаатарт нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдсугай.  

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Бунь овгийн Эрдэнэбатын Цэрэнбаатараас 1.568.860 /нэг сая таван зуун жаран найман мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулж хохирогч НФ95031713 дугаарын регистртэй, Боржигон овгийн Мөнхдуламын Цэрэндаваад олгосугай.

 

7. Хохирогч М.Цэрэндаваа нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бунь овгийн Эрдэнэбатын Цэрэнбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Бунь овгийн Эрдэнэбатын Цэрэнбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН