| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2017/0213/Ý |
| Дугаар | 2017/ШЦТ/201 |
| Огноо | 2017-08-07 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2017/ШЦТ/201
Т.С- нар-20170807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0213/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай, Ж.Эрдэнэбаатар, Л.Оюунсувд,
Шүүгдэгч Т.С, Ж.М, Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б овгийн Т.С, Х овгийн Ж.М, Ө овгийн Б.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201709000074 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 05 дугаар сарын 20-нд Дархан-Уул аймгийн ... суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, баяжуулалтын инженер мэргэжилтэй, ам бүл 1, ганц бие Дархан-Уул аймгийн Дархан сум … дүгээр баг … дүгээр хороолол … байрны … тоотод оршин суух албан ёсны хаягтай, *** ажилтай, урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 1985 оны 05 сарын 08-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 73а-д зааснаар 3 жилийн хорих, Дархан-Уул аймгийн Дархан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 06 сарын 07-ны өдрийн 174 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгййн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, аймгийн заан цолтой, Б овгийн Т.С /РД: …/.
Монгол Улсын иргэн, ***-нд Говь-Алтай аймгийн ...суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 1, ганц бие Дархан-Уул аймгийн Дархан сум … дугаар баг ... тоотод оршин суух албан ёсны хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь Дархан-Уул аймгийн Дархан сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 7 жил 1 сарын хорих ял, 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овгийн Ж.М /РД:…/.
Монгол Улсын иргэн, ***-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Дархан- Уул аймгийн Дархан сум … дугаар баг ...тоотод оршин суух албан ёсны хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь 3 удаа мал хулгайлсан гэх хэргийн учир ял шийтгүүлж байсан, Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 29 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овгийн Б.О /РД:…/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Т.С, Ж.М, Б.О нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын дундуур Дархан-Уул аймгийн Дархан сум … дугаар багийн нутаг ... гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Г.Д өмчлөлийн 14 тооны ямаа, 18 тооны ишиг, 3 тооны хонь, 4 тооны хурга нийт 39 тооны буюу олон тооны малыг иргэн Ш.С эзэмшлийн ... УБУ улсын дугаартай ...маркийн цагаан өнгийн ачааны машиныг хэрэглэн хулгайлан авч 1.690.000 /Нэг сая зургаан зуун ерэн мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.С-, Ж.М-, Б.О- нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын дундуур Дархан-Уул аймгийн Дархан сум … дугаар багийн нутаг ... гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Г.Д өмчлөлийн 14 тооны ямаа, 18 тооны ишиг, 3 тооны хонь, 4 тооны хурга нийт 39 тооны буюу олон тооны малыг машин механизм хэрэглэн хулгайлан авч 1,690,000 /Нэг сая зургаан зуун ерэн мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Т.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 05 сарын эхээр 9 цаг өнгөрч байхад О утсаар “Та машинтайгаа хүргээд өгөөч” гэхээр нь очиход ... хонь ямаа бэлчиж байсан. Буцаж ирээд том машин аваад тухайн үед 30-аад хонь ямааг авсан. Манай ээжийн хамаатныд тавъя гээд би тавиулсан. Би 12 ямаа, 2 хонь авсан, үлдсэнийг М авсан байсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Өглөө уулзаадхая гээд гэрт ирсэн. Би орсон чинь энэ 2 байж байсан. Энэ хоёр мал аваадах гэсэн. Би дахиж эд нартай уулзаагүй байж байгаад 12 сар болсон. Би анх тавьсан жолоочийг гуйгаад очиход 18 ишиг л үлдсэн байсан. Би тэгээд үлдсэн ишгүүдийг авсан. Би ишгийг мөнгө төгрөг болгоочгүй байхдаа баригдсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би С- ахад тасарсан хонь байна гэдгийг хэлээд авсан. Би ямар айлд тавьсаныг сайна мэдэхгүй. Хонь ямааг айлын хашаанд оруулсан. Айлын хашаанд оруулахдаа тасарсан хонь ямаа байна гэдгийг хэлээд оруулсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Д “...2016 оны 05 сарын дундуур байх гэж бодож байна. Манай хонь ямаанаас 30 гаруй тооны хонь, ямаа дутаад байсан юм ...манай хонь, ямаанаас 14 тооны ямаа, 18 тооны ишиг, 3 тооны хонь, 4 тооны хурга нийт 39 тооны хонь, ямаа алдагдсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,
Гэрч Д.Т “...2016 оны 5 сард өглөө эрт нэг бүхээгтэй машинд хэдэн хонь, ямаа ачсан, С өөрөө жижиг машинтай ганцаараа ирсэн. ...С- хэлэхдээ -миний хонь, ямаа байгаа юм. Айлд байсан чинь чоно, нохой идээд болохгүй байна танайд хадгалуулья гэсэн. Чоно, нохой идсэн бололтой эхгүй ишиг, хурга байсан. 4 ишиг, 1 хурга эхгүй ирсэн. ...2016 оны 6 сард С- ганцаараа 2 хурга, 2 эх хонь аваад явсан ...Дараа нь 7 сард С- 2 залуутай ирээд 2 эр борлон байсныг нядалж аваад явсан ...10 сард С- дахиад 12 Аймгийн цагдаагийн газар болон Мэргэжпийн хяналтын газраас ирүүлсэн “Гарал үүслийн гэрчилгээгүй мал нэвтэрч ирсэн” гэх дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын Мал эмнэлэг, үржпийн тасгийн мэргэжилтэн Ө.М иргэн Ж.Н, Ц.Ч нарынд байх гарал үүслийн гэрчилгээгүй 18 тооны ишгийг Ж.М гэгч авчирч тавьсан” талаар бичсэн тайлбар хуудас /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/,
Гэрч Х.Л “...Хамгийн сүүлд 12 сарын эхээр танихгүй 3 залуу ирээд миний мал байгаа юм гээд С-тэй утсаар яриад хэрэлдээд байсан. Миний мал, чиний мал гээд байгаа бололтой байсан. Учрыг нь сайн олоогүй. Би ч үнэн юм бол аваад яв л гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,
Гэрч Ч.П “...2016 оны 5 сарын дундуур өглөө эрт 8 цагийн орчим тухайн үед бороо орж байсан. Нэг хүн цонх цохиод -би бороонд хонь, ямаагаа уруудуулаад явж байна. Танай хашаанд түр оруулья гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Удалгүй ачааны бүхээгтэй машин бас нэг жижиг саарал машинтай хүмүүс ирээд хонь, ямааг ачаад явсан. Ойролцоогоор 30 гурай тооны хонь, ямаа байсны ихэнх нь ямаа байсан” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Ч “...2016 оны 12 сард миний танил М надад өртэй байсан. Тэрнийхээ оронд -надад 10 тооны борлон байна авах уу гэхээр нь би -тэгье гээд авсан. Тэгсэн чинь цагдаа нар, мал эмнэлгийн хүмүүс ирээд явсан” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 65 дугаар хуудас/
Гэрч Ж.Н “...2016 оны 12 сард намайг гадуур ажилтай яваад ирэхэд М 8 тооны ишиг байсан нэгийг нь нядалсан байсан. Маргааш нь цагдаа, малын эмнэлэг ирээд гарал үүслийн бичиг нь хаана байна гэхээр нь би - мэдэхгүй Мөнхзаяа авч ирсэн гэдгийг хэлсэн” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 66 дугаар хуудас/
Гэрч Ш.С “...М гэж зүс таних хүн ирээд -хэдэн хонь, ямааг хөдөө ногоонд гаргах гэсэн юм зөөгөөд өгөөч гэсэн ...маргааш нь утсаар дуудаад дунд гүүрэн дээр хүрээд ир гэсэн тэнд нь 9-10 цагийн үед очиход мөнгөлөг саарал өнгийн ... маркийн машинтай ирээд дагаад яв гэсэн дагаж яваад ... нэлээд цаад хэсэгт нь нэг айлын хашаанд очоод 30 гаруй хонь, ямаа ачсан ...12 сард Мөнхзаяа нөгөө мал буулгасан айлыг олохгүй байна. Зам заагаад өгөөч гэж очоод 10 орчим ямаа авч ирсэн” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,
Гэрч Ө.М “...Н ямар ч гарал үүслийн бичиггүй 8 тооны ишиг байсан. Нэг ишгийг нь нядалж гулуузыг амбаарт өлгөсөн ...Д айл болох Ч очиход М гэж хүнээс 10 тооны ишиг авсан гэх тайлбартай байсан” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,
Дархан-Уул аймгийн Дархан сумын … дугаар баг … тоотод оршин суух иргэн Ц.Ч, Дархан сум … дугаар баг ... тоотод оршин суух иргэн Ж.Н нарынд гарал үүслийн гэрчилгээгүй 18 тооны ямаа байна гэх дуудлагаар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 13-20 дугаар хуудас/,
“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “...14 толгой ямаа, ишиг 18 толгой, 3 толгой хонь, 4 толгой хурга зэрэг алдагдсан малын өнөөгийн үнэ цэнэ 1,690,000 төгрөг байна” гэх үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/,
“Капитал зууч” ХХК-ийн “Ш.С эзэмшлийн “...” маркийн ... УБУ улсын дугаартай цагаан өнгийн ачааны автомашины өнөөгийн зах зээлийн үнэ 14,000,000 сая төгрөг байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 205 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба дээрх нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдсан, хэрэгт хамааралтай байна.
Шүүгдэгч Т.С-, Ж.М-, Б.О- нар нь гэм буруугийн талаар маргаагүй ба шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна. Хэдийгээр мал сүргээсээ тасарсан, хариулгагүй байсан боловч хэрэв шүүгдэгч нар хулгайлаагүй бол эзэн нь сураглаж олох боломжтой ба алдуул мал олсон этгээд Иргэний хуулийн 117 дугаар зүйлд зааснаар уг малыг олсон тухайгаа орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
Шүүгдэгч нар уг малыг хулгайлах зорилгоор ачиж явсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдээгүй байдал нь алдуул мал завшсан гэх байдлыг үгүйсгэж байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Г.Д “...Би хохирлоо бүрэн хүлээж авсан, надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн ба энэ талаар хэн аль нь маргаагүй байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага бусад байдлын талаар:
Шүүгдэгч Т.С-, Ж.М-, Б.О- эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
2002 оны Эрүүгийн хуульд “мал хулгайлах” гэмт хэргийг тухайлан заагаагүй ба 2015 оны хуульд уг гэмт хэргийг өмчийн хулгайн хэргээс тусгайлан заасан боловч уг гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүл мэндийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн эзргийг харгалзан баривчлах ял шийтгэж, уг ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиас хассан тул шүүгдэгч нарыг баривчлах ялаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан байх боловч Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд” хураан авахаар заасан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь Ш.С өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул хөрөнгө, орлогыг албадан хураах арга хэмжээ авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.С-, Б.О- нарын хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Б овгийн Т.С-, Х овгийн Ж.М, Ө овгийн Б.О нарыг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулж, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б овгийн Т.С-, Х овгийн Ж.М, Ө овгийн Б.О нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан баривчлах ялыг тусгай дэглэм бүхий байранд ганцаарчилан эдлүүлсүгэй.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.С-, Ж.М-, Б.О- нарыг тус тус 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлсүгэй.
5. Шүүгдэгч энэ нар хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, мөрдөн байцаалтын шатанд Т.С-гийн өмчлөлийн “...” маркийн зурагт, “...” маркийн хөргөгч, Б.О-ын “Самсунг” маркийн зурагт битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-, Ж.М-, Б.О- нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД