Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 231

 

 

    

 

 

 

 

 

 

 

                                       В.Б- од холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Ням-Очир,

хохирогч Д.У- гийн өмгөөлөгч Б.Борхүү,

хохирогч Н.С- , П.М-, Т.А- , В.Д- ,

шүүгдэгч В.Б- , түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Хэрлэнхүү,

нарийн бичгийн дарга Л.Оргил нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 992 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.А- , шүүгдэгч В.Б-  нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч В.Б- од холбогдох эрүүгийн 201626020356 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

В.Б-  нь “С И”  ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа, “С И”  ХХК-ийн барьж байсан Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Г Х”-  орон сууцны барилгад орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” гэгчийг байгуулах нэрийдлээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч тус барилгын:

4 дүгээр давхрын 11 тоот 44.5 м2 2 өрөө орон сууцыг иргэн Н.Хишигжаргалтай 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 0003 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 29.312.000 төгрөгийг,

5 дугаар давхрын 15 тоот 44.5 м2 2 өрөө орон сууцыг:

-иргэн Н.С- тай 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 0026 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 54.960.000 төгрөгийг,

-иргэн Ө.М- тай 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 0027 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 30.000.000 төгрөгийг,

-иргэн П.М-тай 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 0035 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 30.000.000 төгрөгийг,

-иргэн В.Д- тэй 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 00.37 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 41.510.000 төгрөгийг авч, улмаар 05 тоот байранд давхардуулан оруулснаар засварын ажилд 245.700 төгрөгийг зарцуулж нийт 41.755.700 төгрөгийг,

-иргэн Д.У- тай 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 0039 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 39.500.000 төгрөгийг,

5 дугаар давхрын 16 тоот 44,5 м2 2 өрөө орон сууцыг:

-иргэн Б.Д- тэй 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 0023 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 39.500.000 төгрөгийг,

-иргэн Т.А- тай 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 0031 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 27.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилж, бусдад нийт 273.817.700 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: В.Б- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “В.Б- ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдын эд хөрөнгийг баримт бичиг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар  4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  эдлэх ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 456 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б- ын нэр дээрх хөрөнгөөс 243.607.700 төгрөгийг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 54-632а тоотод оршин суух /ХГ85052805/-д 29.312.000 төгрөгийг, Өмнөговь аймгийн Гурван тэс сум, 4 дүгээр баг, Уртын 1-09 тоотод оршин суух Н.С-  /КГ72073103/-д 54.960.000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 45 дугаар гудамжны 27 тоотод оршин суух Ө.М-  /ЧЙ86032376/-т 8.000.000 төгрөгийг, Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сум, Хайрханы 30 тоотод оршин суух П.М- /ЙП71052616/-т 21.000.000 төгрөгийг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 28 дугаар байрны 48 тоотод оршин суух В.Д-  /УУ63011919/-д 41.755.700 төгрөгийг, Төв аймгийн Эрдэнэсант сум, 3 дугаар баг, Таван цохиох гэх газар  оршин суух Д.У-  /НФ63080512/-д 39.500.000 төгрөгийг, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 18 дугаар байрны 4 тоотод оршин суух Б.Д-  /ФД89122501/-д 15.790.000 төгрөгийг, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 14б-116 тоотод оршин суух Т.А-  /РД:ГЮ77090109/-д 17.720.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, шүүгдэгчээс хохирогч Ө.М- т 22.000.000 төгрөг, П.М-т 9.000.000 төгрөг, Т.А- д 9.830.000 төгрөг, Б.Д- д 23.710.000 төгрөгийн хохирлыг тус тус төлснийг дурдаж, шүүгдэгч В.Б- од авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч В.Б-  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 992 дугаартай шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Надад анхнаасаа ямар нэгэн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. “С И”  ХХК-ийн үйл ажиллагаагаар орон сууцны барилга барьж, Нийслэлийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөж байсан. Харамсалтай нь 2012 онд нэр бүхий иргэдтэй харилцан итгэлцэж, албан ёсоор гэрээ байгуулан барилгын ажил эхлүүлсэн газарт Нийслэлийн захирагчийн албаны шийдвэрээр гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орсноор барилгын ажил зогсож, гэрээ хийгдсэн айлуудыг өөр байранд шилжүүлэн оруулахаас өөр аргагүй болсон. Тухайн үед дээрх иргэдийг ямар нэгэн байдлаар хохироохгүй гэсэн зорилготой байсан ба нэгэнт албан ёсоор гэрээ хэлцэл байгуулсан байсан болохоор энэ үйлдлээ гэмт хэргийн шинжтэй гэж үзээгүй. Харин давхардуулан гэрээ хийсэн үйлдэл дээр хууль зүйн мэдлэг дутуу байснаас үүдэн, мөн барилгын ашиглалтанд орсон хэсгээс хооронд нь хольж иргэдийг оруулаад байна гэж хөнгөмсөгөөр найдсанаас болж ийм хэрэгт холбогдон ял шийтгэл хүлээсэндээ гэмшиж байна.

Нэгдүгээрт: Олон жилийн ял эдлэх болсноор миний бизнесийн харилцаа хаагдаж, барилгын ажил бүрэн зогссон. Ашиглалтанд оруулсан барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй болсноор өмч хөрөнгө эзэнгүйдсэн. Улмаар одоогоор ашиглалтанд орсон орон сууцанд амьдарч байгаа иргэд ч давхар хохирогч болон нэмэгдэж байна.

Хоёрдугаарт: Миний энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон нэр бүхий хүмүүст гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулах боломж бололцоо миний зүгээс бүрэн хаагдаж, хохирогч нар хохирогч хэвээр үлдэх нөхцөл байдалд хүрээд байна.

Шүүгдэгч миний бие өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгон ухамсарлаж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, цаашид ч бусад хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна.

Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн гүйцэд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлыг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өгөхийг хүсэж байна” гэв.

 

Хохирогч Т.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг нятлан харахыг хүсэж байна. Миний зүгээс урьдчилгаанд өгсөн 27.500.000 төгрөгийн хохирлоос 10.000.000 төгрөгийг буцаан өгсөн гэж үзэж, 17.720.000 төгрөгийг надад олгохоор шийдвэрлэсэн. Гэвч олгосон гэж үзэж байгаа 9.830.000 төгрөгийн 450.000 төгрөгийг Ү- гаар дамжуулж, 380.000 төгрөгийг Батсүрэнгээр дамжуулж, мөн 4.500.000 төгрөгийг Батсүрэнгээр дамжуулан байрны түрээс, банкны хүүнд төлсөн бөгөөд байрны урьдчилгаа буцаан өгсөнд тооцохгүй.

Мөн гэрч Б.Э- , Ү-  нар нь Б- оос захиалагчийн тоогоор урамшуулал авч, 10, 20 хоногийн зайтай давхардсан гэрээ хийж биднийг хохироосон тул Б.Э- д хуулийн хариуцлага тооцож өгнө үү.

В.Б-  нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан тул хуулийн мэдлэг байхгүй гэдэг нь үнэмшилгүй юм. В.Б- ын ялыг улсын яллагчийн санал болгосон 8 жилийн хугацаатай болгож, цаашид үнэн шударгаар амьдрах ёстой гэдгийг ухамсарлуулж өгөхийг хүсэж байна” гэжээ.

 

Хохирогч Д.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр анх 15 тоот байранд гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 30.000.000 төгрөг өгсөн. Сар бүр 800.000 төгрөг хийнэ гэсэн тохиролцооны дагуу төлбөрөө төлж, компанийн зээлд хамрагдана гэсэн нөхцөлөөр анх гэрээ байгуулсан. Тухайн үед би цэргийн тэтгэвэрт гарсан учраас төрд ажилладаггүй байсан, ямар нэгэн банкны зээлийн шаардлагыг хангахгүй байсан учраас компанийн зээлд хамрагдана гэсэн боломжийг ашиглах гэж гэрээ хийсэн. Би энэ хүнийг маш хүлээцтэй хүлээсэн. 2014 оны 10 дугаар сард ашиглалтад орно гэсэн боловч 2014 онд барилгын ажил хийгдээгүй учраас би төлдөг төлбөрөө зогсоосон. Борлуулалтын менежер Э-  3 дугаар сард над руу яриад “та төлөөгүй үлдэгдэл мөнгөө яаралтай төлөөрэй. Тэгэхгүй бол таны гэрээ цуцлагдахаар байна” гэхээр нь би банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, үлдэгдэл мөнгийг бүрэн төлсөн. Дараа нь байр давхардсан асуудал гарсан. Нөгөө 15 тоотод 5-аас 6 хүн байсан. Ийм байдалтай байгааг хэлээд “одоо би яах вэ” гэхэд “таныг 3 тоотод оруулж өгнө” гэсэн. Тэгтэл 3 тоотод нь бас 5-аас 6 хүн бүртгэлтэй байсан” гэв.

 

Хохирогч П.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С И”  ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөрт 30.000.000 төгрөг өгсөн. Нэг тоотод 5 айл гэрээ хийсэн байсан учраас дараачийн төлбөрийг төлөөгүй. Дараагийн төлбөрийг төлөөрэй гээд байнга нэхэж байсан. Барилгын ажил саатсан байсан учраас дахин мөнгө нэмж өгөөгүй” гэв.

 

Хохирогч Н.С-  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний захиалсан 2 тоот байранд Батдолгор гэж хүн нүүж орсон. Дайрч орсон айлуудад мөнгөө дутуу төлсөн, хохирсон гэх В.Б- ын оруулсан янз бүрийн хүмүүс олон байгаа. Миний хувьд Өмнөговь аймгийн Тэс сумаас ирдэг. Шүүхийн шийдвэрийг 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээж авсан. Гомдол гаргах 14 хоног дууссан байсан. Би эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон. Энэ хүнд оногдуулсан ял багадсан гэж үзэж байна” гэв.

 

Хохирогч Д.У- гийн өмгөөлөгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч ял хөнгөрүүлж өгөхийг хүссэн гомдол гаргасан байна. Шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй. Анхан шатны шүүх нотлох баримтыг үндэслэн, дотоод итгэлдээ тулгуурлаж, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна” гэв.

 

Шүүгдэгч В.Б- ын өмгөөлөгч О.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Олон хүн хохирсныг ойлгож байгаа. Миний үйлчлүүлэгч В.Б-  “ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэх талаар хэлэх тайлбар байхгүй. Б-  орон сууцны барилга барьсан. 20 айлын орон сууц бөгөөд үүнд захиалагч нар байгаа бөгөөд эдгээр хүмүүсээс гэрээний дагуу авах авлага, төлбөр байгаа. Энэ мөнгийг авч, эдгээр хүмүүсийн хохирлыг барагдуулах хүсэл байгаа. Хохирогч нарыг хамгийн түрүүнд хохирлоо барагдуулах зорилготой байх болов уу гэж бодсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч нарт тийм хүсэл, зорилго байхгүй гэж ойлголоо. Б-  ял аваад явсан тохиолдолд та бүхний хохирлын асуудал яаж шийдэгдэх талаар сайн бодох ёстой. Б- ын хувьд “хөнгөн ял оногдуулж өгөөч, би улсын комисст барилгаа хүлээлгэж өгөөд, төлбөр мөнгөө аваад та бүхний хохирлыг барагдуулж өгье” гэсэн байр суурьтай байгаа. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд, эрх зүйн талаас нь шүүх дүгнэлт хийх байх гэсэн тайлбар өгч байна” гэв.

 

Шүүгдэгч В.Б- ын өмгөөлөгч Э.Хэрлэнхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэлт тайлбар байхгүй” гэв.

 

Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “В.Б- од холбогдох хэрэгт 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд 1 жил 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Анхан шатны шүүх хуралдаан маш удаан хэлэлцэгдэж, олон удаа хойшилсон. Тухайн үед Б-  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан. Шүүхийн болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ хүмүүсийн хохирлыг төлөх боломж байсан ч В.Б- ын талаас хийсэн үйлдэл байхгүй. Хохирогч нарын ярьсан асуудал бүгд анхан шатны шүүх хуралдаанд дурдагдсан. Миний зүгээс “та биеэ авч яваа байдалд анхаарч, хүмүүсийг дооглож инээхээ болиоч” гэж 3 удаа сануулж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Ямар нэгэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлага гараагүй. Байр барьсан эсэх асуудал дээр залилангийн асуудал яригдаагүй. 3 орон сууцанд хүмүүсийн захиалгыг давхардуулан авч залилан мэхлэх гэмт хэрэг нь бүрэн төгссөн. Гэм буруугийн асуудалд нь анхан шатны шүүхээс тохирсон ял оногдуулсан” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

В.Б-  нь “С И”  ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа, “С И”  ХХК-ийн барьж байсан Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Г Х”-  орон сууцны барилгад орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” гэгчийг байгуулах нэрийдлээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч тус барилгын:

4 дүгээр давхрын 11 тоот 44.5 м2 2 өрөө орон сууцыг иргэн Н.Хишигжаргалтай 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 0003 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 29.312.000 төгрөгийг,

5 дугаар давхрын 15 тоот 44.5 м2 2 өрөө орон сууцыг:

-иргэн Н.С- тай 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 0026 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 54.960.000 төгрөгийг,

-иргэн Ө.М- тай 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 0027 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 30.000.000 төгрөгийг,

-иргэн П.М-тай 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 0035 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 30.000.000 төгрөгийг,

-иргэн В.Д- тэй 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 00.37 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 41.510.000 төгрөгийг авч, улмаар 05 тоот байранд давхардуулан оруулснаар засварын ажилд 245.700 төгрөгийг зарцуулж, нийт 41.755.700 төгрөгийг,

-иргэн Д.У- тай 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 0039 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 39.500.000 төгрөгийг,

5 дугаар давхрын 16 тоот 44,5 м2 2 өрөө орон сууцыг:

-иргэн Б.Д- тэй 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 0023 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 39.500.000 төгрөгийг,

-иргэн Т.А- тай 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 0031 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт гэж нийт 27.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилж, бусдад нийт 273.817.700 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.С- гийн: “В.Б-  гэдэг хүнтэй утсаар холбогдож Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Өргөө” кино театрын ард байрлах “Г Х”-  орон сууцны барилгад 2 давхрын 2 өрөө 44.5 мкв талбайтай байр захиалж гэрээ хийсэн. Гэрээнд 1 мкв талбайг 1.800.000 төгрөгөөр тооцож, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр захиалга, хөрөнгө оруулалтын №26 дугаартай гэрээг байгуулж, 2013 оны 11 дүгээр сарын 25-нд 10.600.000 төгрөгийг, 2013 оны 11 дүгээр сарын 27-нд 7.660.000 төгрөгийг, 9.200.000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 2-нд 4.500.000 төгрөгийг, нийт 31.960.000 төгрөгийг шилжүүлсэн. 2014 оны 7 дугаар сарын 3-нд 3.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 18-нд 3.000.000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 10-нд 5.000.000 төгрөгийг В.Б- ын хувийн дансанд шилжүүлсэн. 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг инженер Ү- д өгсөн. ... Нийт 54.960.000 төгрөгийн хохирол учруулсан” /1хх-50-51/,

хохирогч Ө.М- ын: “2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Өргөө” кино театрын ард байрлах “Г Х”-  орон сууцны 1 дүгээр ээлжийн барилгад 5 давхрын 2 өрөө 44.5 мкв талбайтай 15 тоот байрыг захиалж гэрээ хийсэн. Гэрээ хийсэн өдрөө 8.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 1 дүгээр сарын 15-нд  15.000.000 төгрөгийг бэлнээр менежер Э- д өгсөн. Дараа нь 9 дүгээр сарын 15-нд 4.000.000 төгрөгийг өгсөн. ... Б- той уулзахад намайг “19 тоотод ор” гэхээр нь “за яахав орьё” гэхэд 19 тоотод Б- , Ч-  гэх хүмүүстэй захиалгын гэрээ байгуулчихсан байсан. Надаас гадна М- ,   М- , Д-  нараас давхар захиалга авсан байсан. ... Одоо 30.000.000 төгрөг нэхэмжилж байна” /1хх-85-86/,

хохирогч П.М-ын: “2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Өргөө” кино театрын ард байрлах “Г Х”-  орон сууцны 2 дугаар ээлжийн барилгад 5 давхрын 2 өрөө 44.5 мкв талбайтай 15 тоот байрыг 1 мкв талбайг нь 1.450.000 төгрөгөөр тооцон захиалгын гэрээ хийсэн. Урьдчилгаа 30.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. ...манай захиалсан 15 тоот орон сууцанд манайхаас гадна 4 айлыг давхардуулан захиалгын гэрээ байгуулчихсан байсан. 30.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” /1хх-103-105/,

хохирогч Д.У- гийн: “ ... “С И”  ХХК-ийн барьж байгаа “Г Х”-  орон сууцны барилгад 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 5 давхрын 15 тоот 44.5 мкв талбайтай 2 өрөө байрыг 1 мкв талбайг нь 1.750.000 төгрөгөөр тооцон захиалсан. Эхлээд 37.000.000 төгрөгийг Б- ын дансанд, Ү- гийн дансанд 2.500.000 төгрөгийг, нийт 39.500.000 төгрөгийг байрны урьдчилгаанд шилжүүлсэн. 15 тоот байранд М-, М- , М-  нарын гэрээтэй давхацсан байсан. Б- той уулзахад 10 дугаар сарын 7-нд “танайхыг 3 тоотод оруулна, 11 дүгээр сард ашиглалтанд орно” гэсэн. Тэгээд 3 тоотод очоод ойр зуурын юмаа оруулчихсан байсан чинь хаалганы цоожийг нь солиод манай оруулсан юмыг гаргаад Б- ын өмгөөлөгч Т- орчихсон байсан. ... Нийт 39.500.000 төгрөгийг Б- оос гаргуулж авмаар байна” /1хх-115-116/,

хохирогч Т.А- гийн: “... “С И”  ХХК-ийн барьж байгаа “Г Х”-  орон сууцны 1 дүгээр ээлжийн барилгын 16 тоотод захиалгын гэрээ хийсэн. ... Мөнгөө авъя гэхэд Э-  “16 тоотыг танд өгөхгүй, 16 тоотыг зараад танд мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Урьдчилгаа гэж 20.000.000 төгрөгийг гэрээ хийсэн өдрөө бэлнээр өгсөн. 2014 оны 8 дугаар сарын 20-нд 7.500.000 төгрөг нэмж авсан. 16 тоот байранд Д- , П- , манайх гээд 3 айл давхардсан байсан. ... нийт 27.500.000 төгрөгийг нэхэмжилж байна” /1хх-165-167/,

хохирогч Б.Д- ий: “2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Г Х”-  орон сууцны 1 дүгээр ээлжийн барилгын захиалгын гэрээг байгуулж, тухайн өдрөө 15.800.000 төгрөгийг, дараа нь 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 4.990.000 төгрөгийг, нийт байрны урьдчилгааны 30 хувийг бүрэн төлсөн. ...А гэх хүний нэр дээр давхардсан байсан. 20.790.000 төгрөгөөс Б-  нь манай нөхөр Э.Б-ийн Хаан бакны данс руу 5.000.000 төгрөгийг буцаан өгсөн” /1хх-176-177/,

хохирогч В.Д- гийн: “...Б-  захиралтай яриад 5 давхрын 15 тоотод орохоор гэрээгээ шинэчилж хийсэн. 30.000.000 төгрөгийг өгсөн. ... танай байр давхардсан байна, таныг 2 давхрын 3 тоотод оруулна гэсэн. 50.000.000 орчим төгрөгийн байрнаас 41.500.000 төгрөгийг урьдчилгаанд гэж өгсөн” /3хх-232-234/,

хохирогч Б.Х- ын: “...барилгын 4 дүгээр давхрын 11 тоот 38.5 мкв 2 өрөө байрыг 1 мкв-ыг нь 1.450.000 төгрөгөөр бодож, 51.040.000 төгрөг гээд гэрээ байгуулсан. 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 1.584.000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 5 дугаар сарын 13-нд 2.000.000 төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 9-нд 2.000.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 11-нд 8.000.000 төгрөгийг, 2015 оны 9 дүгээр сарын 17-нд 2.000.000 төгрөгийг, нийт 29.312.000 төгрөгийг өгсөн. Миний захиалсан 11 тоотод М- гэх айл Б- той түрүүлж гэрээ байгуулсан гээд дайраад орчихсон” /4хх-213-214/,

гэрч С.Ундрахын: “... Захиалга давхардаад байна уу, үгүй юу гэдгийг би мэдэхгүй. Сүүлд буюу 2014 онд мэдсэн” /2хх-20-21/,

гэрч Б.Э- ын: “Мөнгөний асуудлыг би мэдэхгүй. Б-  захирал надад “мөнгийг нь авчихсан, гэрээг хийчихээрэй” гэж хэлсэн” /2хх-22-23/,

гэрч П.Ү- гийн: “... Б-  захирал санхүүгийн тамгаа надад өгсөн. Тухайн үед компаний данс хаагдчихсан байсан учраас би бэлэн мөнгөний баримт бичиж захиалагч нараас мөнгийг нь авдаг байсан. ... Б-  захирал С-  руу яриад “танайх 18 тоотод ороорой” гээд утсаар яриад байсан. С-  ирээд “зөвшөөрөхгүй, өндөр настай хүн амьдрах учраас 2 тоотод ормоор байна” гэсэн. С-  “мөнгөө дутуу төлсөн хүн байна уу” гэхээр нь “15 тоотод М-  гэдэг хүн мөнгөө төлж чадахгүй учраас зээлэнд хамрагдана” гэж хэлсэн. Тэгтэл Б-  захиралтай С-  өөрөө яриад “15 тоот дээр гэрээ хийж өг” гээд Б-  захирал гэрээ байгуулсан. С-  15 тоотыг түгжээд явсан. М-  гэдэг айл нь цоожийг нь эвдээд 15 тоотод орчихсон байсан” /2хх-24-26/, “...Б-  өөрөө Б-  захиралтай яриад үлдсэн мөнгөндөө хаалга, паркет нийлүүлэхээр болсон” /2хх-28/,

шүүгдэгч В.Б- ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... Б.Д- ий гэрээ цуцлагдаж, манайд бэлнээр тушаасан 20.500.000 төгрөгөөс эхний удаа 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн.М-  хоёр надад гэрээ цуцлая гэсэн хүсэлтээ өгсөн байгаа. А-тай уулзахад “хэрүүлтэй байранд ормоогүй байна” гэсэн. Өөр давхардсан хүн байхгүй. М- т 30.000.000 төгрөг, М-т 30.000.000 төгрөг, Амраад 27.000.000 төгрөгийг өгөх ёстой” /2хх-31-34/, “...давхардсан айлуудаас Ө.М- , П.М-, Н.С- , Д.У-  гэсэн хүмүүс байгаа” /3хх-239/, “...В.Д- тэй 15 болон 3 тоот гэж гэрээ байгуулаагүй. Өөрөө дугаар тавиад өгөөч гэхээр нь сулрах магадлалтай хоёр байр хэлсэн” /4хх-3-4/, “...А 2015 оны 6 дугаар сард хүсэлт гаргаж гэрээгээ цуцлаад, 11.000.000 төгрөгийг эргүүлэн өгсөн. С-  18 тоотод орохгүй, 2 тоотод орно, эсхүл гэрээгээ цуцлана гэсэн” /5хх-218-219/, “...хохирогч гээд байгаа хүмүүсийн мөнгийг өөрийн ашиг сонирхолд хэрэглэсэн зүйл байхгүй. Бүгд “Г Х”-  барилгад орсон” /6хх-63-64/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Н.С- тай байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-28-33/, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт /1хх-34-38/, хохирогч  Ө.М- тай байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-65-70/, кассын орлогын ордер /1хх-77-78/, хохирогч П.М-тай байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-92-97/, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт /1хх-98-101/, хохирогч П.У- тай байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-108-113/, хохирогч Т.А- тай байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-137-142/, “С И”  ХХК-ийн кассын орлогын ордер /1хх-150, 152/, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт /1хх-151, 155/, хохирогч Б.Д- тэй байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-169-170/, бэлэн мөнгөний орлогын баримт /1хх-171/, орон сууц хөлслөх гэрээ /1хх-173/, хохирогч В.Д- тэй байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ /3хх-228-230/, В.Д- гийн байрны төлбөрөөс хасаж тооцсон баримт /4хх-104/, хохирогч Н.Хишигжаргалтай байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ /4хх-216-218/, Хаан банкны орлогын мэдүүлэг /4хх-220-221/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч В.Б- ыг бусдын эд хөрөнгийг баримт бичиг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

В.Б- ын орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр халхавчлан “Г Х”-  орон сууцны 11, 15, 16 тоот байрнуудыг худалдахаар иргэдтэй давхардуулан гэрээ байгуулж, нэр бүхий иргэдэд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч В.Б-  нь “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт байгаа баримтаас үзэхэд, шүүгдэгч В.Б-  нь “С И”  ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Өргөө” кино театрын ард байрлах, “Г Х”-  орон сууцны барилгын “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” нэрийн доор нэр бүхий хохирогч нартай гэрээ байгуулан байрны урьдчилгаа мөнгийг бэлнээр болон дансаар шилжлүүлэн авсан байх ба тухайн барилгын 5 давхрын 2 өрөө 44.5 мкв талбайтай 15 тоот орон сууцыг иргэн Ө.М-  /1хх-65-69/, П.М- /1хх-92-96/, П.У-  /1хх-108-113/, С.М-  /1хх-221-225/ Ж.Б-  /6хх-169/, Н.С-  /1хх-28-30/ нартай давхардуулан гэрээ байгуулсан, мөн В.Д- гээс урьдчилгаа төлбөрт гэж нийт 41.510.000 төгрөгийг авч, улмаар 05 тоот байранд давхардуулан оруулсан,

тухайн барилгын 5 дугаар давхрын 16 тоот 44,5 м2 2 өрөө орон сууцыг иргэн Б.Д-  /1хх-169-170/, Т.А-  /1хх-137-142/ нартай давхардуулан гэрээ байгуулж, бусдад нийт 273.817.700 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь хохирлын тооцоо /5хх-220/  болон хэрэгт буй баримтуудаар бүрэн  тогтоогдсон байна.

 

В.Б-  нь нэр бүхий 7 иргэнийг залилан мэхлэж 273.817.700 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч В.Б- од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Хохирогч Т.А-  нь “...менежер Б.Э- д хуулийн хариуцлага хүлээлгэх, хохирлыг нэмж тооцох, шүүгдэгч В.Б- ын ял шийтгэлийг хүндрүүлэх” талаар  давж заалдах гомдол гаргажээ.

 

Б.Э-  нь 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр сэжигтнээр: “...Би 2013 оны 6 дугаар сард “С И”  ХХК-д борлуулалтын менежерээр ажилд орсон. ... Б-  захирал надад хэлэхдээ “Амраа нь гэрээгээ цуцалж байгаа, тэгэхээр айлууд давхардахгүй. М- , М- нарыг шилжүүлчихнэ, асуудалгүй” гээд гэрээг давхардуулж хийлгүүлсэн” /2хх-46-47/, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар: “...Б-  захирлын хэлсэн шийдвэрээр гэрээ хийж байсан. Мөнгийг Б-  захирал, нягтлан Ундрах нар гарын үсгээ зураад авдаг байсан. Байранд орох талаар урьдчилж би өөрөө санал тавьсан зүйл байхгүй” /2хх-52-53/ гэж тус тус мэдүүлдэг бөгөөд Б.Э-  нь шүүгдэгч В.Б- ын удирдлаган доор түүний хэлснээр ажил үүрэг гүйцэтгэдэг “С И”  ХХК-нд менежерийн ажил хийдэг байсан болох нь “С И”  ХХК-ийн захирлын тушаал /3хх-43/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /3хх-50/, ажилд орохыг хүсэгчийн анкет /3хх-52-55/, өргөдөл /3хх-51/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Б.Э- д холбогдох хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 306 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор /3хх-196-197/ хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн “С И”  ХХК-иас байрны буцаалт гэсэн Хаан банкны 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /1хх-155/, “С И”  ХХК-иас байрны буцаалт гэсэн Хаан банкны 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5.000.000 төгрөгийг хохирогч Т.А- д тус тус шилжүүлсэн орлогын баримт /1хх-156/, мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Т.А-  нь “...Ү- гаар дамжуулж 450.000 төгрөг, Батсүрэн 380.000 төгрөг, 9.000.000 төгрөг, нийт 9.830.000 төгрөгийг авсан, үлдэх мөнгөө авмаар байна” гэсэн мэдүүлэг /7хх-223/ зэргээс үзэхэд, шүүгдэгч В.Б- оос 17.720.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.А- д олгохоор шийвэрлэсэн нь зөв, шүүгдэгч В.Б- од оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч В.Б- , хохирогч Т.А-  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 992 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Б- , хохирогч Т.А-  нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ