Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0907/З |
Дугаар | 128/ШШ2020/0512 |
Огноо | 2020-08-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2020/0512
2020 оны 08 сарын 18 өдөр Дугаар 128/ШШ2020/0512 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.А
Хариуцагч: НЗД.
Гуравдагч этгээд: ОУХНТ
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийн 1.14 хэсэг дэх Д.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгох, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч Д.Атай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг НЗДд даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Нэхэмжлэгч Д.А миний биө 2014 онд Нийслэлийн Засаг даргын А/******* тоот захирамжийн дагуу 2561 м2 газрыг 5 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшиж ирсэн. Газар эзэмших хугацаа 2019 онд дууссан тул хугацааг сунгуулах, мөн газрын хэмжээг томруулах хүсэлтийг НЗД-д гаргасныг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай ******* дугаартай захирамж гаргасан ба үүнд Д.А миний нэр дээрх газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, эзэмшил газрын хэмжээг 20862 м2 болгон томруулсан талаар тусгаж шийдвэрлэсэн.
Гэтэл 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Э-ийн гарын үсэгтэй, 01-06/2801 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг хүлээн авсан ба үүний дагуу ирсэн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн нутгийн захиргааны Хангарьд ордны 2 дугаар давхрын 201 тоотод Сонгинохайрхан дүүрэг хариуцсан мэргэжилтэнтэй уулзахад тэрээр танай газар цуцлах газрын жагсаалтад орсон, сонсох ажиллагаа хийж байгаа талаар танилцуулсан тул газар эзэмших эрхээ хэвээр авч үлдэхийг хүсэж, холбогдох баримтуудыг хавсарган НЗДд гомдол гаргасан.
Гэсэн хэдий ч Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай хэмээх ******* дугаар захирамжийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан гэдгийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 02-06/4500 дугаар албан бичгээр мөн мэдэгдсэн. НЗД 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийн үндэслэлээ Газрын тухай хуулийн 31.3-т заасны дагуу давхцалгүй байх гэсэн зохицуулалттай зөрчилдсөн гэж дурдсан байна.
Миний эзэмшиж байгаа газар нь бусдын эзэмшил газартай давхцалгүй гэдгийг Нийслэлийн Газрын алба, холбогдох байгууллагууд 2014 онд, 2019 онд тус тус шалгаж тогтоогоод газар эзэмших эрхийг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна. Энэ хугацаанд Д.А миний бие 2015, 2016, 2017, 2018 оны газрын төлбөр, газрын суурь хураамжийн төлбөрт 28 171 000 /хорин найман сая нэг-зуун далан нэгэн мянган/ төгрөгийг тус тус төлсөн ба газар дээрээ 64 000 000 /жаран дөрвөн сая/ төгрөгийн өртөг бүхий хашаа барьж ашиглаж байна.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч Д.А-тай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг НЗД-д даалгах... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Иргэн Д.А нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийн Д.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Иргэн Д.А нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******* дугаартай газрыг анх нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.А нь өөрийн эзэмшлийн газрын талбайн хэмжээг нэмэх тухай хүсэлтийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлснийг судлан, нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар зөвшөөрөгдөж Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжаар иргэн Д.Ат 20862 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсан байна.
Иргэн Д.А-ын Газар эзэмших эрх 2014 онд үүссэн бөгөөд өнөөдрийг
хүртэл Газраа зориулалтын дагуу ашиглаагүй мөн Газрын тухай хуулийн 35 дугаар
зүйлийн 35.3.1-д Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2 газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/******* дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамж нь тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна." гэж заасныг зөрчсөн байх тул тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдзхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжаар иргэн Д.Аын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Тус захирамж гарахаас өмнө иргэн Д.Ат захиргааны хуульд заасны агуу сонсох ажиллагааг явуулсан бөгөөд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01-06/2801 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэний дагуу иргэн Д.А нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн н.Батбаяртай уупзаж тайлбар мэдүүлгийг өгсөн байна. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч, хууль дүрмийн хурээнд тус захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.Ат анх Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамжаар 2561 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших
гэрчилгээ олгосон байдаг. Энэ хугацаанд Д.А нь 5 жилийн хугацаа дуусах үед буюу 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай Нийслэлийн засаг даргын ******* дугаартай захирамж гаргуулсан байдаг ба 15 жилээр сунгаж, эзэмшил газрын хэмжээг 20862м2 болгон томруулсан талаар тусгаж шийдвэрлэсэн гэдэг авч уг газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байхад нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор, Хүүхдийн тусгай хамгаалалтын газар нутгийг 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 152 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Баянголын хөндийн байгалийн цогцолборт газрын хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоож нэгж талбарын******* дугаартай батлагдаж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын ******* дугаар бүхий, газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээтэй 12250000 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Гэтэл 2010 оноос Нийслэл болон Сонгинохайрхан дүүргийн засаг дарга нар хууль бус захирамж гарган иргэн, аж ахуй нэгжид Олон улсын хүүхдийн найрамдал цогцолборын эзэмшил газраас газар олгосноор цогцолборын эзэмшил газар, газрын наймааны золиос болж хүүхдийн эрх зөрчигдөж цогцолборын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрээд байна.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай 2019-2020 оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарлах тухай 60 дугаар зарлиг гарсан. Монгол Улсын ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2019 оны 05 дугаар сарын 21-нд хуралдаж Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэгтэйгээр ажиллаж дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн
209 дүгээр тогтоол Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын талаар
авах арга хэмжээний тухай гарч тус цогцолборын газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг арилгах, цаашид шинээр бусдад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг НЗД болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгосон байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2019-2020 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлах тухай 210 тогтоол гарч холбогдох арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжаар Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай гарч тус цогцолборын нутаг дэвсгэрт Газрын тухай хуулийн 31.3 дахь заалтийг зөрчин хууль бусаар газар олгосон иргэн Д.Ат холбогдох захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлиг, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хүрээнд гарсан хууль ёсны захирамж гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Эрүүгийн
цагдаагийн албанд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02-10/3186
дугаартай Нотломж хүргүүлэх тухай албан бичиг, мөн албаны Олон улсын
хүүхдийн Найрамдал цогцолборт ирүүлсэн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01-06/3762 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигт Д.Ат
газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т
Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчин эзэмшүүлсэн байна гэсэн хариу ирсэн байх тул Д.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.А-аас НЗД-д холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийн 1.14 хэсэг дэх Д.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч Д.А-тай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг НЗД-д даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.
Маргааны үйл баримтын талаар:
Анх Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамжаар[1] нэхэмжлэгч Д.Ат Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 2561 м.кв газар эзэмшүүлэн, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан[2], 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ[3].
Тэрээр дээрх гэрээ болон гэрчилгээнд заасан газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн газрын албанд хандан ...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр зуслангийн зориулалтаар 2561 м.кв газрынхаа талбайн хэмжээг 20861.8 м.кв болгох өөрчлөх... хүсэлтийг гаргажээ[4].
Уг хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч[5] /цаашид НЗД гэх/ хүлээн авч 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил нэр өөрчлөх тухай захирамжаар Д.А-ын өмнө эзэмшиж байсан 2561 м.кв газрыг 20862 м.кв болгон нэмэгдүүлэн эзэмшүүлжээ[6].
Төд удалгүй НЗД-ас энэхүү захирамжаа ...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.2.2-т... заасныг үндэслэн, ...Олон улсын Найрамдал зуслангийн орчинд бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа газартай давхцуулан газар олгосон...гэх үндэслэлээр 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжаар хүчингүй болгожээ.
Үүний эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас ...Кадастрын нэгдсэн сан бүрдэж эхэлснээс хойш 2007 оны 11 сард 89 га газрыг ОУХНТ-ийн газар гэж мэдээллийн санд бүртгэсэн байсан. 2014 онд газрын давхцал байгаа эсэх талаар шалгах хуудсыг зохих газраас нь авахад давхцалгүй. Хэн нэгний эзэмшил биш байна гэсэн лавлагаа гарч байсан болохоор хүсэлтээ гаргаж газар эзэмших эрхтэй болсон.... гэх үндэслэлээр маргасан болно.
Хоёр: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийн 1.14 хэсэг дэх Д.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчийн тайлбар болон маргааны үйл баримтаас үзвэл маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжаар Д.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд болох ОУХНТийн эдэлбэр газрын баталгаат хэмжээг 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нийт 1230 га байхаар тогтоосон[7] бол 1996 оны Хот байгуулалт, газар зохион байгуулалтын Мэргэжлийн комиссын хурлын шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 1996 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар 2156 га болгосон[8].
Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаар Байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг[9] үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээ сунгах тухай 482 дугаар захирамжаар ОУХНТд 9705000 м.кв газрыг хүүхдийн амралтын газрын зориулалтаар эзэмшүүлэн, гэрчилгээ олгосон[10] хэдий ч техникийн алдааны[11] улмаас 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжаар газрын хэмжээг 12250000 м.кв болгон[12]өөрчлөн эзэмшүүлжээ.
Уг захирамж гарсантай холбогдуулан 2008 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан[13], эзэмшиж буй 122550006 м.кв талбайд нэгж талбарын 18629322632255 дугаар бүхий кадастрын зураг хийлгүүлсэн байна.[14]
Хожим Нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаар захирамжаар ОУХНТийн 122550006 м.кв эзэмшил газрын талбайн хэмжээг баталгаажуулжээ.
Гэтэл маргаан бүхий газар дээр иргэн Д.А-ын газар эзэмших хүсэлттэй холбогдуулан ОУХНТийн ерөнхий захирал Т.Түвшингээс 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Тус төвд бүлгийн удирдагч багшаар ажиллаж байсан Дагдан овогтой Анхбаярын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өргөдлийг үндэслэн төвийн нутаг дэвсгэр дээр хувийн зориулалтаар газар эзэмшихэд манай зүгээс татгалзах зүйлгүй болно гэх 06 дугаар албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлж байсан[15].
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар болон 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1******* дугаар захирамжаар эзэмшиж байсан нэхэмжлэгч Д.А-ын газар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр ОУХНТийн хашаанаас дотогш тус төвийн эзэмшил газарт байрлалтай болох нь шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэг[16], Нийслэлийн кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 5 дугаар сарын болон 2007 оны 11 дүгээр сарын архивын зурган мэдээлэл зэргийг давхцуулсан байдлыг харуулсан зураг[17], нийтэд илэрхий үйл, баримттай адилтган үзэх боломжтой байршил харуулсан зураг[18] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Ат анхнаасаа 2014 оны А/******* дугаар захирамжаар 2561 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна заасныг зөрчсөн гэж үзэхээр байх тул хариуцагч НЗД Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн гаргасан 2019 оны ******* дугаар захирамжаа хүчингүй болгосныг буруутгах боломжгүй байна.
Гурав: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч Д.А-тай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг НЗД-д даалгах шаардлагын тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэг, хоёрт дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгосон 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй талаар дүгнэсэн.
Маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоос[19] 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1******* дугаар газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил нэр өөрчлөх тухай захирамжаар Д.Ат 20862 м.кв эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31, 33 дугаар зүйлд заасан болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Журам батлах тухай 5/14 дугаар тогтоолын[20] хоёрдугаар хавсралтаар баталсан Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам[21]-ын 1.6-н шаардлагыг хэрхэн хангасныг анхааралгүй шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлэх ажиллагаа хуулийн хүрээнд зөв явагдаагүйн улмаас газрын харилцааны эрх бүхий байгууллагаас захирамж гаргасны дараа гэрээ хийгээгүй, гэрчилгээ олгоогүй явдалд хариуцагчийг зохих үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дөрөв: Дүгнэлт
Эцэст нь хариуцагч НЗД-ас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; тусгай зарчмыг баримтлан, Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулсан.[22]
Уг захиргааны актын агуулга ойлгомжтой, хууль зүйн үндэслэл хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны байх тул түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан НЗД-д холбогдуулан гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-аас НЗД-д холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийн 1.14 хэсэг дэх Д.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] 1 Хавтас хэргийн 47-49 хуудас
[2] Хавтас хэргийн 51-53 хуудас
[3] 1 Хавтас хэргийн 50 хуудас
[4] 1 Хавтас хэргийн 57-59 хуудас
[5] 1 Хавтас хэргийн 120-121 хуудас
[6] 1 Хавтас хэргийн 61-63 хуудас
[7] 1 Хавтас хэргийн 151 хуудас
[8] Хавтас хэргийн 155-159 хуудас
[9] 1 Хавтас хэргийн 174-177 хуудас
[10] 1 Хавтас хэргийн 187-190 хуудас
[11] 1 Хавтас хэргийн 192-195 хуудас
[12] 1 Хавтас хэргийн 196-199 хуудас
[13] 1 Хавтас хэргийн 199-200 хуудас
[14] 1 Хавтас хэргийн 201 хуудас
[15] 1 Хавтас хэргийн 8 хуудас
[16] 1 Хавтас хэргийн 81-89 хуудас
[17] 2 Хавтас хэргийн 16 хуудас
[18] 1 хавтас хэргийн 138 хуудас
[19] 1 Хавтас хэргийн 120-121 хуудас
[20] Хавтас хэргийн 100 хуудас
[21] Хавтас хэргийн 111-118 хуудас
[22] 1 Хавтас хэргийн 22-26, 28 хуудас