Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2015/0344

 

Иргэн Д.Н н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Д.Н , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.Н н нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан сум 13 дугаар баг Их сургуулийн 1-9 тоотод байрлалтай газар өмчлөх эрхийн ***** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 231 дугаар захирамжийн Н.Б т холбогдох хэсэг, Дархан сум 15 дугаар баг Мангиртын 3 дугаар хэсэг 6-6 тоотод байрлалтай газрын газар эзэмших эрхийн ***** дугаар гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 07 дугаар захирамжийн Д  ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. Дархан сумын 13 дугаар баг Их сургуулийн гудамж 1-9 тоот хашааны газрын өмчлөгч нь миний төрсөн хүү Н.Б  биш харин Д.Н  би юм гэснийг хянан үзэж холбогдох материалыг нягтлан шалгахад кадастрын зураг болон бүрдүүлсэн материал, газар эзэмших гэрээ, гэрчилгээ зэрэг нь анхнаасаа Н.Б ын нэр дээр байх бөгөөд энэ газартай холбоотойгоор Д.Н  гэсэн ямар нэгэн баримт нотолгоо байхгүй байна. Н.Б  анх аймгийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 427 дугаар захирамжаар 2007 оны 10 дугаар сарын 10-нд газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ авсан бөгөөд дараа нь 2007 оны 06 дугаар сарын 21-ний аймгийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 21-ний 231 дүгээр захирамжаар газраа өмчилж авсан байна. Газар өмчлөлийн материал бүрдүүлэхэд нь 15 дугаар багийн Засаг дарга нь энэ газрын эзэмшигч нь Н.Б  гэж тодорхойлсон байна. Иймээс энэ газар Д.Н тай анхнаасаа холбоогүй байна.

2. Д  ХХК нь аймгийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар захирамжаар /хугацаа сунгах/ 4011.67 м.кв талбай бүхий авто машины гарааш, агуулах-ын зориулалтаар 20 жилийн хугацаатай газар эзэмшсэн бөгөөд 2010 оны 02 дугаар сарын 09-нд энэ нэгж талбарын кадастрын зураг хийлгэж баталгаажуулсан байна. Энэ газартай холбоотой материалд Д.Н  гэж хүний нэр байхгүй бөгөөд хамтран эзэмшигч гэж ч бүртгэгдээгүй байна.

Иймээс аймгийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 427, 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 231 дугаар захирамжийн Н.Б т холбогдох хэсэг, аймгийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар захирамжийн Д  ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст шүүхэд гаргасан тайлбартаа: 1. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 231 дугаар захирамжаар 15 дугаар /13 р баг болсон/ баг Их сургуулийн 1-9 тоот 3517.0 м.кв талбайтай газрыг иргэн Н.Б , Б.С , Б.Д , Б.Н нарт өмчлүүлснийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлэг гаргасныг эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авч эрхийн улсын бүртгэлийн *****дугаарт бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.

1.   Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 тоот шийдвэрийг үндэслэн 15 дугаар баг Мангирт 3 дугаар хэсэгт байрлах нэгж талбарын ***** дугаар бүхий 4011.67 м.кв талбайтай газрыг 20 жилийн хугацаатай гарааш, агуулахын зориулалттайгаар Д  ХХК-нд эзэмшүүлсэн ***** дугаартай гэрчилгээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлэг гаргасныг эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авч эрхийн улсын бүртгэлийн 2003007626 дугаарт бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.

3.   Иргэн Н.Б , Б.С , Б.Д , Б.Н нарын болон Д  ХХК-ийн гаргасан мэдүүлгийг Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан гэж үзэж байна.

4.   Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчим мөн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан нь бүртгэлийн харилцааг зохицуулах холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчөөгүй гэж үзэн байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улсын бүртгэлийн байгууллагад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Н.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Хэдийгээр төрсөн эцэг нь байсан ч хамаагүй, хэн нэгэн этгээд, хэдэн жил байх нь хамаагүй бусдын орон байр, өмч хөрөнгө, эзэмшил газар дээр оршин сууснаараа эзнийх нь эрхийг хүчингүй болгуулах, өөрөө өмчилж авах, санаан зоргоороо бусдын өмч хөрөнгийг бидний хамтран бий болгосон хөрөнгө... гэж баримт нотолгоогүйгээр гүжирдэн олон түмэнд цуу тараах учиргүй болов уу гэдгийг та бүхэнд хичээнгүйлэн дуулгая.

Иймд Дархан сум 13 дугаар баг /урьд нь 15 дугаар баг/ их сургуулийн 1-9 тоотод байрлалтай газар өмчлөлийн эрхийн ***** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 231 дүгээр захирамжийн Н.Б т холбогдох хэсэг, Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 3 дугаар хэсэг 6-6 тоотод байрлалтай газрын газар эзэмших эрхийн 00779703 гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай захирамжийн Д  ХХК-д холбогдох хэсгийг хэвээр үлдээн иргэн Д.Н н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар шийдвэрээр: 1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19, 20, 21 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 31, 32, 33 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан Дархан сум 13 дугаар баг Их сургуулийн 1-9 тоотод байрлалтай газар өмчлөх эрхийн ***** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 231 дугаартай захирамжийн Н.Б т холбогдох хэсэг, Дархан сум 15 дугаар баг Мангиртын 3 дугаар хэсэг 6-6 тоотод байрлалтай газрын газар эзэмших эрхийн ***** дугаартай гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 07 дугаартай Д  ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Н н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Н  давж заалдах гомдолдоо: Д.Н би Дархан сум, 13 дугаар баг, их сургуулийн 1-9 тоотод 76 настай эмгэнтэйгээ хоёул оршин сууж амьдраад 17 жилийн хугацаа өнгөрч байна. Би өөрөө 80 настай, эрэгтэй, торгууд ястан, тэтгэвэрт, дээд боловсролтой, бага ангийн багш, төлөвлөгч эдийн засагч мэргэжилтэй.

Захиргааны хэргийн 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар миний нэхэмжлэлийн тухай хэлэлцээд гаргасан 25 дугаар шийдвэрийг хүлээн авахаас эрс татгалзаж энэхүү гомдлын өргөдөл өргөн толилуулж байна.

1. Н  би захиргааны хэргийн 6 дугаар шүүхэд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн толилуулсан нэхэмжлэлдээ: Аймгийн засаг даргын 2007 оны 231, 07 дугаартай захирамжаар баталгаажуулсан олон эрхийн бичгийн дотор ***** дугаартай газар өмчлөх, ***** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ хуулиар тогтоосон баримт материалын бүрдэлгүйгээр бичигдсэн учир дээрх хоёр захирамжийн хоёр гэрчилгээтэй холбогдох хэсэг болон дээрх дугаартай хоёр гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага тавьсан. Энэ шаардлага хэрэгжсэнээр миний 7 жил 20 хоног хязгаарлагдсан эрх сэргэж, хэлмэгдүүлэлт цагаатгаж байгаа.

Өөрөөр хэлбэл дээрх захирамжаар баталгаажсан хоёр гэрчилгээ миний оролцоогүйгээр бичигдэж, хуулиар олгогдсон халдашгүй эрхийг санаатайгаар хязгаарласан. Хариуцагчдын шүүхэд гаргасан тайлбар, хоёр удаагийн шүүх хуралд мэдүүлсэн худал мэдүүлэг нь Монгол улсын их хурлаар батлагдсан олон хуулийн заалтыг зөрчиж өөрийн буруу үйлдэлд тохируулан хэрэглэж байгаа нь илт харагдаж байна.

2. Улсын мэдлийн газар байхад энэ хоёр хэсэг газарт хоёр өрх айлын 9 ам бүл хуваагдан суурьшиж эзэмшиж ашиглаад 17 жилийн хугацаа өнгөрч байгааг хажуугийн 11 иргэн гэрчилснийг 13, 15 дугаар багийн засаг дарга нар манай багийн иргэд мөн гэдэг утгаар тодорхойлж газрын эрх мэдэл бүхий байгууллагад уламжилсан нь иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан заалтыг мөрдлөг болголгүйгээр дээрх хоёр гэрчилгээ бичигдсэнийг нотолж байна.

3. Иргэн Д.Н  би энэ хоёр хэсэг газраа өмчилж авахыг хүссэн өргөдлөө аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газрын даргад 2013 оны 07 дугаар сарын 04, аймгийн засаг даргад 2013 оны 08 дугаар сарын 23, сумын засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус тус өргөн толилуулсан.

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын гарын үсэгтэй хариу 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 780 дугаар бичгээр ирснийг хүлээн авсан нь үнэн. Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйл 20.6-д /иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий засаг дарга газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ/ гэсэн заалт зөрчигдсөнийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 780 дугаар албан бичгийн хугацаа нотолж байна, Хариуцагчийн шүүхэд худал мэдүүлэг тайлбар өгдгийг бас нотолж байна. Түүгээр ч барахгүй иргэн Д.Н  би захиргааны байгууллагатай эрх зүйн харилцаа тогтоосныг нотолж байна.

Шүүгч энэ бүхэнд хуулийн дүгнэлт хийхгүйгээр миний нэхэмжлэлийг хүчингүй болгох үндэслэл болгон 25 дугаар шийдвэрт тусгажээ.

4. Захиргааны хэргийн 6 дугаар шүүхийн 25 дугаар шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн 122 дугаар тогтоолын заалтыг биелүүлээгүй.

Хүсэлт болгох нь: Захиргааны хэргийн 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хурлаар миний нэхэмжлэлийн тухай хэлэлцэж гаргасан 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэх бололцоо олгож өгөхийг гүнээ хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Н  Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, Их сургуулийн 1-9 тоотод байрлалтай газар өмчлөх эрхийн ***** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 231 дүгээр захирамжийн Н.Б т холбогдох хэсэг, Дархан сум 15 дугаар баг Мангиртын 3 дугаар хэсэг 6-6 тоотод байрлалтай газрын газар эзэмших эрхийн ***** дугаар гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар захирамжийн Д  ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Гуравдагч этгээд Н.Б ын гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл, ам бүлийн тодорхойлолт, кадастрын зураг, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ зэрэг баримтыг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 231 дүгээр захирамжаар Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг Их сургуулийн 9 тоот хаяг бүхий 3517.0 м.кв газрыг Н.Б , Б.С , Б.Д , Б.Н нарт өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасантай нийцсэн, улмаар Н.Б , түүний хамтран өмчлөгч нараас 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дээрх өмчилсөн газраа улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульд заасан шаардлага хангаж, мэдүүлэг гаргасныг эрхийн улсын бүртгэлийн *****дугаарт бүртгэж, ***** дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

 

Түүнчлэн газрын тухай хуульд заасан журмын дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 07 дугаар захирамжаар Д  ХХК-ийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 3 дугаар хэсэг 6-6 тоотод автомашины гарааш, агуулахын зориулалттай 4011.67 м.кв газрын эзэмших эрхийг 20 жилийн хугацаагаар сунгаж, ***** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших, ашиглах гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Д  ХХК-ийн хууль ёсны эзэмших эрх бүхий газрыг эрх бүхий захиргааны байгууллагаас сунгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Уг газарт байрлах 840 м.кв автомашины гарааш, агуулахын өмчлөгчөөр Д  ХХК-ийг 1998 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэж, 1206 дугаартай гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Харин нэхэмжлэгч Д.Н гаас дээрх маргаан бүхий газруудыг өмчлөх болон эзэмших хүсэлтээ Дархан-Уул аймгийн Газрын харилцаа Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хожим буюу 2014 оны 05 дугаар сарын 27, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тус тус гаргасан байх бөгөөд маргаан бүхий актуудыг хүчингүй болгох үндэслэлээ маргаан бүхий газарт 2000 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш амьдарч байсан, энэ нь эзэмших эрхийн гэрчилгээ бичигдэхээс өмнө газар эзэмших, ашиглах эрх үүссэнийг нотолж байна гэх боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр заасантай нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тухайд хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмших, өмчлөх тухай хүсэлтээ гуравдагч этгээд Н.Б  болон Д  ХХК-д эзэмших, өмчлөх эрх үүсэхээс өмнө гаргаагүй, нөгөөтэйгүүр тухайн газар нь анхнаасаа гуравдагч этгээд нарын нэр дээр байсан нь 2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, маргаан бүхий өмчлөх эрхтэй 3517 м.кв газарт байрлах Н.Б ын 580 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийн 1205 дугаар гэрчилгээ, эзэмших эрх бүхий 4011,67 м.кв газарт байрлах 840 м.кв талбайтай гараашийн өмчлөх эрхийн 1205 дугаар гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Үүнээс үзэхэд дээрх маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн учир нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг оновчтой зөв баримтлаагүй байсныг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, 37 дугаар зүйлийн 37.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Н н Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, Их сургуулийн 1-9 тоотод байрлалтай газар өмчлөх эрхийн ***** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 231 дүгээр захирамжийн Н.Б т холбогдох хэсэг, Дархан сум 15 дугаар баг Мангиртын 3 дугаар хэсэг 6-6 тоотод байрлалтай газрын газар эзэмших эрхийн ***** дугаар гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар захирамжийн Д  ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР