Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2387

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/02722 дугаар шийдвэртэй, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.О, Д.Г нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 53 068 409 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах иргэний хэргийг хариуцагч Р.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Р.О, Д.Г нартай 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2106006603 тоот зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг, жилийн 30.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгээгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 43 686 643 төгрөг, хүү 8 763 340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 618 425 төгрөг, нийт 53 068 409 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москвагийн гудамж, 51/7 байрны 6 тоот хаягт байрлах Ү-2205057946 тоот Улсын бүртгэлийн дугаартай, 50.01 м кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК-ийн нэхэмжилсэн 53 068 409 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул холбогдох баримтаа бүрдүүлж, шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах болно. Бид эдийн засгийн хямралтай үед зохих төлбөрийг тус банкинд төлж, үлдэгдэл зээлээ харилцан тохиролцож төлөх талаар хүсэлтийг хүргүүлж байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.О, Д.Г нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 52 418 409 төгрөг 31 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москвагийн гудамж, 51/7 байр 6 тоотод байрлах Ү-2205057946 улсын бүртгэлийн дугаартай, 50.01 м кв талбайтай, 2 өрөө орон сууцныг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493 492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 420 042 төгрөгийг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын мэтгэлцэх эрхийг хангаж шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаан болсон өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 10 цагт хуралд оролцоод 15 цагт дууссан. Ингээд “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож чадахгүй болсон тухайгаа шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн боловч хариуцагч талыг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Р.О, Д.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 43 686 643 төгрөг, хүү 8 763 340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 618 425 төгрөг, нийт 53 068 409 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдааны явцад уг шаардлагаа 52 418 409 төгрөг болгож багасгасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Р.О, Д.Г нар 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Атай 2106006603 дугаарын зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг жилийн 30.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, уг гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москвагийн гудамж, 51/7 байрны 6 тоот орон сууцыг барьцаалж, гэрээ тус бүрийг нотариатаар гэрчлүүлэн, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Талууд гэрээ байгуулсан эсэх, тэдгээрийн хүчин төгөлдөр байдалд маргаагүй бөгөөд шүүх зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэж, эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

Зээлдэгч нарын хувьд гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж, үндсэн зээл, хүү төлөх хугацааг хэтрүүлсэн нь зохигчдын тайлбар, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, зээлийн харилцах дансны хуулга, төлбөр төлөх хугацаа болсон талаарх мэдэгдэл гэх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь зээлийн гэрээний 5.2.3-т зааснаар зээлдүүлэгчийн санаачлагаар гэрээг цуцлах үндэслэлд хамаарч байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл гэж үзсэн нь зөв болжээ.

Зээлдэгч тал зээлээ хугацаанд нь төлөөгүйн хариуцлагыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангах Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуралдаантай байсан талаар шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн байхад хариуцагч талын оролцоогүйгээр шүүх хуралдаан хийснээр  хариуцагч нарын төлсөн төлбөр хасагдаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Хэргийн баримтаас үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон журмын дагуу шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд хэргийн оролцогч нарт мэдэгдсэн байх бөгөөд  хариуцагч тал шалтгаантай байдлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлж, урьдчилан мэдэгдээгүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч талаас зээлийн төлөлт хийсэнтэй холбоотой нотлох баримтад үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 500 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 150 000 төгрөг, нийт 650 000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцож, нийт 52 418 409 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүүгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/02722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 292 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                    Т.ТУЯА