Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0545

 

Н.Дэнсмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Д.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, хариуцагч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 320 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Н.Дэнсмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэлийн  нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 320 дугаар шийдвэрээр: Тэтгэврийн хуулийн (1990 оны) 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 3 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 326 дугаар албан бичгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, Н.Дэнсмаад 2007 онд тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэврийг хуульд заасны дагуу үргэлжлүүлэн тогтоож олгохыг, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэврийн олголт болох 7.483.348 төгрөгийг хуульд заасны дагуу олгохыг тус тус Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа давж заалдах гомдолдоо: ...Иргэн Н.Дэнсмаа нь нөхөр С.Гомбыг 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нас барах үед 43 настай байсан ба тухайн үед мөрдөж байсан БНМАУ-ын Тэтгэврийн тухай хуулийн “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх” гэсэн 31 дүгээр зүйлийн 31.4/ “эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 насанд хүрсэн ...эцэг, эх, нөхөр, эхнэр,...” гэсэн заалтын нөхцөл, болзлыг хангаагүй байжээ. Харин 1991 онд улсад 23 жил 10 сар ажилласан тул БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн 11 дүгээр зүйлд “төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд ...20-оос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.” гэсний дагуу “Эхчүүдийн насны тэтгэвэр” тогтоолгон авчээ.

Н.Дэнсмаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх” гэсэн 12 дугаар зүйлийн 12.1-ийн 4/ “эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн...” гэсэн заалтыг үндэслэн 2007 онд авч байгаа өндөр насны тэтгэврээ тэжээгчээ алдсаны тэтгэврээр өөрчлөх хүсэлтийг нийгмийн даатгалын байгууллагад гаргасан байна.

Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 4/ “эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн ...эхнэр, нөхөр, ... тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэснийг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 3/ “тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор” тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдөл, холбогдох баримт бичгийг бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгөхөөр хуульчилсныг тус тус зөрчсөн гэж үзэж Н.Дэнсмаагийн 2007 оноос 2014 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд авч байсан тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоосон.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Нийгмийн даатгалын төв байгууллага нь орон нутгийн байгууллагаа мэргэжил арга зүйн удирдлагаар хангана”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих” гэж хуулиар тогтоосон эрхийнхээ хүрээнд 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 337 тоот албан бичгээр, мөн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/1154 тоот албан бичгүүдээр аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт чиглэл хүргүүлсэн. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 320 дугаар шийдвэрээр 2007 онд Н.Дэнсмаад тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг даалгасан, тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоосноос хойшхи тэтгэврийн олголт 7.483.348 төгрөгийг нөхөн олгохыг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иргэн Н.Дэнсмаа нь “Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 326 тоот албан бичгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх”, “Н.Дэнсмаад 1993 оноос хойш тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоогоогүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул 2007 онд нэхэмжлэгчид тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэврийг хуульд заасны дагуу үргэлжлүүлэн тогтоож олгохыг хариуцагчид даалгах”, “2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс түдгэлзүүлэн зогсоосон тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хохиролд тооцож, энэ хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэврийг хариуцагчаас гаргуулж Н.Дэнсмаад олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.

Н.Дэнсмаагийн 1991 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх улсын тэтгэвэр тогтоох орон тооны бус байнгын комисст гаргасан өргөдлийг үндэслэн Улсын тэтгэврийг тогтоох, олгох журмын тухай зааврын 11 дүгээр зүйлд заасныг баримтлан Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх улсын тэтгэвэр тогтоох орон тооны бус байнгын комиссын “Өндөр насны тэтгэвэр тогтоох тухай” 1991 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 05/114 дүгээр тогтоолоор Н.Дэнсмаагийн өндөр насны тэтгэврийг 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тогтоолгосон болох нь Нэрэнноровын Дэнсмаагийн 1967 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нээсэн “Хөдөлмөрийн дэвтэр” зэрэг хэрэгт авагдсан эдгээр баримтуудаар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч Н.Дэнсмаагийн нөхөр Содномын Гомбо нь 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдвэрийн ослоор нас барсан бөгөөд Н.Дэнсмаа нь “...тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгож өгч туслана уу, бид ам бүл 9-лээ. Үүнээс насанд хүрээгүй 3 хүүхэдтэй” гэсэн өргөдлийг 1993 ны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн тэтгэврийн байцаагчид гаргасан байна.

Дээрх баримтуудаар Н.Дэнсмаа нь 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос үзэхэд тус өдрөөс Н.Дэнсмаа нь хөдөлмөрийн чадвараа алдсан гэр бүлийн гишүүнд хамаарсан гэж үзэхээр байна.

Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 16 дугаар зүйлд “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнд нэгтгэн нэг тэтгэвэр тогтооно. Харин тогтоосон тэтгэврийг тэдний хүсэлтээр хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд адил хэмжээгээр хуваан олгож болно” гэжээ.

Тиймээс тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 12 дугаар зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 4 дэх хэсэгт “эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр,нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг,эмэг эх, төрсөн ах, эгч, дүү” гэж заасанд хамаарах иргэн бөгөөд мөн Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1995 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “тэжээгч нь нас барсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд” гэсний дагуу Н.Дэнсмааг тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан гэж үзэхээр байна.

Мөн Н.Дэнсмаа нь Хэнтий аймаг, Бэрх хотын Нийгмийн даатгалын хэлтэст хандаж “...өндөр насны тэтгэвэр тогтоож өгнө үү” гэсэн өргөдлийг 1999 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан, улмаар 2007 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж “...Нийгмийн даатгалын хуульд зааснаар аль нэг тэтгэврээ сонгох эрхийн дагуу /тэжээгчээ/ өндөр насны тэтгэврээ зогсоолгон Тэжээгчийн алдсаны тэтгэврээ авах хүсэлттэй тул уг тэтгэврийг олгож өгнө үү” гэсэн өргөдлийг тус тус гаргаж байжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт ”тэтгэврийн төрлийг сонгох эрх” гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзлын дагуу хоёр буюу түүнээс дээш төрлийн тэтгэврийн эрх нэгэн зэрэг үүсэж байгаа даатгуулагч тэтгэврийн төрлийг сонгож, тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хэлнэ гэж заажээ.

Тиймээс иргэн Н.Дэнсмаа нь 2007 онд Нийгмийн даатгалын тухай хуульд заасан сонгох эрхийн дагуу тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгохоор хүсэлт гаргаж тэтгэврийн төрлөө сонгосон, хариуцагч байгууллага уг хүсэлтийг нь хүлээн авч 2014 оны 10 дугаар сарын 09-ний 326 тоот албан бичгийг хүргүүлэх хүртэлх хугацаанд Н.Дэнсмаад тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгож байсан байна.

Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Чиглэл өгөх тухай” 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/337 тоот, “Чиглэл хүргүүлэх тухай” 2014 оны 07 дугаар сарын 17-ны 1/1154 тоот албан бичгийн дагуу, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг зөрчиж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон гэж нэхэмжлэгч Н.Дэнсмаагийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоосон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Тодруулбал, иргэн хүн тэтгэврийн төрлөө сонгох эрхийг Нийгмийн даатгалын хуулиар олгосон бөгөөд хуульд заасан эрхийн дагуу энэ хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Н.Дэнсмаа нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн төрлийг сонгож тэтгэмжээ авч байхад хариуцагч байгууллагын зүгээс иргэний эрх зүйн байдлыг дордуулан тэжээгчээ алдсаны тэтгэврийг нь түдгэлзүүлэн зогсоосон буруу юм.

Хариуцагчийн дээрх үйлдлийн улмаас Н.Дэнсмаад 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгоогүй бөгөөд шүүх энэ хугацаанаас анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хугацаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 7.483.348 төгрөгийн түүнд олгохоор шийдвэрлэсэн зөв болжээ.

Тиймээс нэхэмжлэгч Н.Дэнсмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зөв гэж шүүх дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                      

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

               ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

               ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

               ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР