Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 83

 

“Хэмжээлшгүй-Од” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны  өдрийн 532 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0798 дугаар магадлалтай, “Хэмжээлшгүй-Од” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 532 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хэмжээлшгүй-Од” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Хэмжээлшгүй-Од” ХХК-ийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгажээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0798 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Хэмжээлшгүй-Од” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Хэмжээлшгүй-Од” ХХК-ийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд.

1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын к/-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”-ээр заасан бүрэн эрхийн хүрээнд Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлээр Өмнөговь аймгийн Засаг дарга ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн “санал”-ыг өгөх боломжгүй буюу дэмжээгүй санал өгсөнийг нь Ашигт малтмалын газарт мэдэгдсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасантай нийцсэн” талаар дүгнэжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын к/-д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг заасан бөгөөд энд зааснаар бол орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрхтэй боловч Засаг даргын саналыг хэлэлцэж байж шийдвэрлэх гэж хуульчилсан байхад шууд л авах эрхтэй мэтээр уг хуулийн заалтыг магадлалын үндэслэлээ болгосон нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын з/-д “газар нутгийнхаа тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах санал боловсруулж Хуралд оруулж шийдвэрлүүлэх...”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 2/-т “өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтад авах талаар санал боловсруулж зохих байгууллагад уламжлах” гэж тус тус заасны дагуу аймаг, сумын Засаг даргаас маргаж байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах талаар санал гаргаагүй байна.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Засаг даргаас Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг тодруулахаар албан бичгүүдийг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхын зэрэгцээ Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэн нэгэн Засаг даргаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авах санал гаргаагүй болох нь мөн нотлогддог бөгөөд эдгээрээс харахад тус хурлын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 10/01 дүгээр тогтоол нь хуульд заасан журмыг зөрчиж гарсан болох нь илт байхад үүнийг үндэслэн гаргасан тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй тухай Засаг даргын саналыг үндэслэсэн маргаан бүхий захиргааны акт хууль бус гэж үзэж байна.

2. Мөн үүнтэй холбоотой давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхдээ “...нэгэнт Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 10/01 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг бүрэн эрхийн хүрээнд тусгай хэрэгцээнд авсан, энэ талаараа мэдэгдсэн тохиолдолд хариуцагч төрийн захиргааны байгууллага тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх, тухайн тогтоолыг үндэслэлгүй гэж үзэн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүсэлт гаргагчид олгох эрх хэмжээгүй” гэжээ.

Тэгвэл Ашигт малтмалын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмаар дэмжээгүй тухай Засаг даргын саналд харин ч дүгнэлт хийх эрхийг олгосон байгаа. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэснээс үзэхэд хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно, хуульд заасан үндэслэл байхгүй тохиолдолд татгалзсан хариу өгөхгүй гэсэн агуулга харагдаж байх бөгөөд энэхүү хуулийн заалтыг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь хэрэглэх бүрэн боломжтой байхын зэрэгцээ Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дэх хэсгийн 4.5-д “...хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд ... 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаж ... энэ талаар Засаг даргад мэдэгдэнэ” гэх журмын дагуу “дэмжээгүй” талаарх Засаг даргын саналд дүгнэлт хийх эрхийг төрийн захиргааны байгууллагад олгосон байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч давж заалдах шатны шүүхээс ийм эрхгүй гэж үзсэн нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна.

3. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гаргасан бас нэг хуульд нийцэхгүй дүгнэлт хийсэн нь “...Хэдийгээр хариуцагч төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл өгөх боломжтой гэж сонгон шалгаруулалт зарласан, нэхэмжлэгчээс тухайн талбайд хүсэлт гаргах үед уг талбай орон нутгийн тусгай хамгаалалтад авагдаагүй байсан зэрэг нь дээр дурдсан нөхцөл байдлуудыг үгүйсгэх, улмаар нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болохгүй” гэжээ.

Төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж орон нутгийн Засаг даргаас хуульд заасны дагуу саналыг авахаар албан бичиг хүргүүлсэн боловч хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй байхын зэрэгцээ дэмжээгүй санал ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, мөн дэмжээгүй санал ирүүлэх болсон шалтгаан нь буюу орон нутгийн тусгай хэрэгцээнд авах болсон шалтгаан нь өөрөө хуульд нийцэхгүй байгаа юм. Хэрэгт авагдсан Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлд дурдсанаар бол иргэдээс тусгай зөвшөөрөл олгохгүй байхыг хүссэн, тусгай зөвшөөрөл олгогдоогүй сум болох гэх мэт шалтгааныг дурдсан ч хуульд зааснаар холбогдох Засаг даргаас тусгай хэрэгцээнд авах санал гаргаагүй болох нь тогтоогддог.

Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь харагдаж байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Хэмжээлшгүй-Од” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын к/-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”-ээр заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр байгаа тохиолдолд Өмнөговь аймгийн Засаг дарга ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн “санал”-ыг өгөх боломжгүй бөгөөд үүнтэй уялдан саналыг дэмжээгүй талаар Ашигт малтмалын газарт мэдэгдсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасантай нийцсэн” гэж дүгнэсэн нь зөв байна.

Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэснээс үзвэл хэрэв Засаг дарга “дэмжээгүй” санал өгвөл хариуцагч тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна.

Засаг даргын санал өгөх журмыг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “...Засаг дарга ... тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ... хариу өгөх...” гэж зохицуулсан байх бөгөөд Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын к/-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн талбайг буюу газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар шийдвэрлэсэн, түүнийг нь үндэслэн Засаг дарга дэмжээгүй санал өгснийг Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэснийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т зааснаар “хүсэлтэд дурьдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ... бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй...” байх хуулийн үндэслэл байх тул Засаг даргыг хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан хариу өгсөн гэж үзэхгүй.

Ашигт малтмалын тухай хуулиар Засаг даргын “дэмжээгүй” санал болон түүний үндэслэл болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр хууль ёсны эсэх, хуульд заасан журмын дагуу гарсан эсэхийг хянах, түүнд дүгнэлт өгч эрх зүйн үр дагаварыг нь тодорхойлох, үүний улмаас тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээ хариуцагчид олгогдоогүй байна.

Нэгэнт хариуцагчид Засаг даргын санал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хянах бүрэн эрх байхгүй, түүнчлэн нэхэмжлэгч энэ талаар бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Сэврэй сумын Иргэдийн Хурлын тогтоол нь “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын з/,  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  2/-т заасан журмыг зөрчсөн, улмаар түүнийг үндэслэн гарсан Засаг даргын “дэмжээгүй санал” хууль бус” гэх утгатай гомдлын 1 болон 2 дахь үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дэх хэсгийн 4.5-д “...хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд ... 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаж ... энэ талаар Засаг даргад мэдэгдэнэ” гэх журмыг зөрчсөн гэж маргаж буй ч энэ нь хүчин төгөлдөр “захиргааны хэм хэмжээний акт” биш бөгөөд байгууллагын дотоод заавраар гадагш чиглэсэн хэм хэмжээг тогтоох боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гомдлын 3 дахь үндэслэл болох “Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Хэдийгээр хариуцагч төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл өгөх боломжтой гэж сонгон шалгаруулалт зарласан, нэхэмжлэгчээс тухайн талбайд хүсэлт гаргах үед уг талбай орон нутгийн тусгай хамгаалалтад авагдаагүй байсан зэрэг нь дээр дурдсан нөхцөл байдлуудыг үгүйсгэх, улмаар нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болохгүй” гэж хуульд нийцэхгүй дүгнэлт гаргасан” гэснийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлээр зохицуулсан Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэд хэдэн үе шатаас бүрдэх бөгөөд тухайлбал, 19.2.2-т зааснаар “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх”; 19.3-т “Энэ хуулийн 19.2.2, ...-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх...”; 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга ....төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...”; 19.6-д “...Засаг дарга ...дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах” зэргээр шийдвэр гаргах ажиллагааны журмыг цуврал байдлаар зохицуулсан байна. Иймээс “хүсэлт гаргах үед тухайн талбай нь тусгай хэрэгцээний газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй л бол тусгай зөвшөөрлийг олгох ёстой, өөрөөр хэлбэл өргөдөл гаргаснаас хойш эрх бүхий этгээд, тухайлбал иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн талбайг тусгай хэрэгцээнд авах эрхгүй” гэж хуулийг тайлбарлах боломжгүй юм.

Түүнчлэн Засаг даргын хариу албан бичиг Ашигт малтмалын газар хүргэгдсэн цаг хугацааны талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0798 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ