| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2017/0440/Э |
| Дугаар | 402/ШЦТ/2017 |
| Огноо | 2017-12-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 402/ШЦТ/2017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,
-иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Г.Энхцэцэг
-шүүгдэгч Ч.Цогтбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өвөг овогт Чойжамцын Цогтбаатарт холбогдох эрүүгийн 1734000950153 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө Монгол Улсын Засгын газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газарт жолооч ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 33-7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Өвөг овогт Чойжамцын Цогтбаатар /РД:РХ69071236/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Шүүгдэгч Чойжамцын Цогтбаатар нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг “Замын толгой” гэх газарт Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн асфальтан замын 243\197 тэмдэгтийн орчимд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагийн үед Тоёота прадо маркийн 57-27 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3.а дахь заалтуудыг зөрчсөнөөс улмаас онхолдож, зам тээврийн ослын улмаас зорчигч Г.Гантөмөрийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Болд, С.Ганцэцэг нарын эрүүл мэндэд хүдэвтэр, П.Долгормаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Цогтбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч, иргэгний хариуцагч Г.Энхцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай байгууллагын талаас гомдол саналгүй. Бид байгууллагын ажлаар явж байсан байгаа. Хохирогч нар бүгд хэвийн ажилдаа орж ажлаа хийж байгаа. Тээврийн хэрэгсэл дээр маргаан байхгүй, манай байгууллагын хөрөнгө дээр бүртгэлтэй, тээврийн хэрэгсэлийн хувьд даатгалаас нөхөн төлбөрөө авсан” гэв.
Хохирогч Г.Гантөмөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаар ертөнцийн зүгээр зүүн талаас баруун тийш асфальтан замаар 55-27 УБЧ улсын дугаартай Т.Прадо маркийн авто машиныг манай байгууллагын жолооч УЦогтбаатар жолоодон жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад хойд талд арын суудал дээр Болд, Ганцэцэг, Болормаа нар суугаад явж байсан. тухайн үед би машинд зүүрмэглээд явж байсан. машин гэнэт замын хойд тал руу онхолдрж бид нарыг машинаас гаргаж авсан...тухайн осол өглөөний 10 цагийн үед болсон. Гадаа үзэгдэх орчин сайн, нартай, бороо шуурга ороогүй, зам хальтиргаа гулгаагүй, зам нь эвдрэл гэмтэлтэй байсныг анзаараагүй. Надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг \хх-ийн 14-15 тал\
Хохирогч С.Ганцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт 11 цагийн үед явж байгаад би унтсан байсан. Гэнэт дуу чимээ ихээр ихээр гараад зам чихрах дуу гараад асфальтан замын ертөнцийн зүгээр хойд тал руу машинтайгаа онхолдсон. Тухайн үед машинаас хамгийн түрүүнд Болд гараад дараа нь бид нар гарсан байх. Би тухайн үед хөдлөж чадахгүй, ухаан балартаад, намайг машинаас замын хүмүүс гаргасан...осслын улмаас хоёр хавирга, нуруу угарч, тархинд цус хуралттай, хамар мурийсан...би унтаж байсан болохоор машин хэдэн иицагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй. Замын үзэгдэх орчин сайн, бороо, шороо ороогүй, зам хальтиргаагүй байсан...миний биед хүндэвтэр гэмтэл учирсан ч Цогтбаатараас нэхэмлэх зүйл болн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг \хх-ийн 17-18 тал\
Хохирогч Д.Болд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “би зам тээврийн осол юунаас болж гарсныг мэдэхгүй байна. Гэнэт засмал зам дээр хоёр тийшээ гурван удаа тэнцвэрээ алдаж хөндөлссөн, тэгээд онхолдсон. Уг 57-27 УБЧ улсын дугаартай Тоёота Прапо маркийн тээврийн хэрэгсэл миний ажилладаг Стандарт хэмжил зүйн тээвртийн хэрэгсэл байсан ба Ч.Цогтбаатарын жолоодон явсан 57-27 УБЧ улсын дугаартай Тоёота Прапо маркийн тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн хэвийн явж байсан...бид нар Увс аймгийн төвд болон сургалт семинарт оролцохоор албан ажлаар явж байсан...ослын улмаас миний биед бүсэлхийн 1-2 дугаар нугалмын шахагдсан хугарал, бүсэлхийн нэгдүгээр нугалмын арын сэртэнгийн зөрүүтэй хугарал, бүсэлхийн 2-3, 3-4 дүгээр нугалмуудын завсрын жийргэвчийн урагдал гэмтэл учирсан гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Би хохирол нэхэмжлэхгүй учир баримт бүрдүүлээгүй, надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг \хх-ийн 26-27 тал\
Хохирогч П.Долгормаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сум руу орох гэж яваад осолд орсон. Би 55-27 УБЧ улсын дугаартай Т.Прадо маркийн авто машины арын суудлын голд сууж явсан. Тухайн осол болоход би зам хараад болон замын хажуу талын тэмдэгийг хараад явж байсан...машин аль талаараа унасныг санахгүй байна. Би хүчтэй нуруугаараа байх, төмөр дээр хоёр удаа хүчтэй ойх шиг болсон...би машиныг хэдэн цагийн хурдтай явж байгааг мэдэхгүй, урд талын хоёр цонх онгорхой явж байсан...надад гэимтэл байгаа учир шүүх эмнэлэгт үзүүлнэ...надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг \хх-ийн 37-38 тал\
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9976 дугаартай дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9997 дугаартай дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9923 дугаартай дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №591 дугаартай дүгнэлтэд:
Авто техникийн шинжилгээний №4200 тоот дүгнэлтэд:
Шинжээчийн №77 тоот дүгнэтэд:
Шүүгдэгч Ч.Цогтбаатар нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг “Замын толгой” гэх газарт Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн асфальтан замын 243\197 тэмдэгтийн орчимд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагийн үед Тоёота прадо маркийн 57-27 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3.а дахь заалтуудыг зөрчсөнөөс улмаас онхолдож, зам тээврийн ослын улмаас зорчигч Г.Гантөмөрийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Болд, С.Ганцэцэг нарын эрүүл мэндэд хүдэвтэр, П.Долгормаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургын үзүүлэлтүүд, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүсэн хохирогч Г.Гантөмөр, Д.Болд, С.Ганцэцэг, иргэний нэхэмжлэгч П.Долгормаа, иргэний хариуцагч Г.Энхцэцэг нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний №9976, 9997, 9923, 591 тоот дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Цогтбаатарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Цогтбаатар нь хүсэлтээ гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа нь хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодлох эрхийг хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх санал шүүхэд гаргасныг шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хохирлын талаар:
Хохирогч Г.Гантөмөр, Д.Болд, С.Ганцэцэг, П.Долгормаа нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх гэм хорын хохирол байхгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байх тул энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гантөмөрт хүнд хохирол, хохирогч Д.Болд, С.Ганцэцэг нарт хүндэвтэр хохирол, хохирогч П.Долгормаад хөнгөн хохирол тус тус учирсан байх тул хохирогч Г.Гантөмөр, Д.Болд, С.Ганцэцэг, П.Долгормаа нар нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Г.Энхцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт “Манай байгууллагаас гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Байгууллагын ажлаар явж байсан учир тээврийн хэрэгсэл дээр маргаан байхгүй, даатгалаас нөхөн төлбөрөө авсан” гэж мэдүүлсэн байх тул Тоёота Прадо маркийн 52-27 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн хохирол болох 13.575.000 төгрөгийн хохирлыг төлөгдсөнн гэж шүүх үзлээ.
Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:
Шүүгдэгч Ч.Цогтбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт /жолоочийн үнэмлэх/ шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17, 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өвөг овогт Чойжамцын Цогтбаатар нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Шүүгдэгч Өвөг овогт Чойжамцын Цогтбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт \жолоочийн үнэмлэх\ ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Гантөмөр, Д.Болд, С.Ганцэцэг, П.Долгормаа нар нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
5. Шүүхийн шийтгэх тоогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Өвөг овогт Чойжамцын Цогтбаатарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Өвөг овогт Чойжамцын Цогтбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА