| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00337/и |
| Дугаар | 133/ШШ2017/00352 |
| Огноо | 2017-10-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 133/ШШ2017/00352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ТҮГ-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Г.Г-д холбогдох
байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 950.844 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Г.Г, иргэдийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн **** газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллагын даргаар 2014 оны 08 сард томилогдож ирсэн Г.Г нь өөрийн гаргасан буруу шийдвэрээс шалтгаалан манай байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан юм. Үүнээс сахиул Л.Н манай байгууллага шүүхийн шийдвэрээр 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 950.844 төгрөгийг төлөөгүй байгаа тул дээрх мөнгийг гаргуулан манай байгууллагад төлүүлж хохиролгүй болгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Н нь манай байгууллагад сахиулаар ажиллаж байсан бөгөөд Г.Г гуай дарга байх үедээ ажлаас халсан. Тэгээд ажлаас халагдаад шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилдаа эргэж орсон бөгөөд байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин 950.844 төгрөгийг гаргуулан авсан. Иймд энэ хүний буруу шийдвэрийн улмаас байгууллагад 950.844 төгрөгийн хохирол учирсан тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Г.Г би Говь-Алтай аймгийн *** газрын даргаар ажиллаж байхдаа сахиул Л.Н-ыг хуулийн хүрээнд ажлаас нь чөлөөлсөн. Хүүхдийн паркийн сахиулаар ажиллаж байсан Л.Н нь ажлын өдөр удаа дараа архи ууж, мөн байгууллагын ажилчдыг уруу татдаг байсан учраас байгууллагын хурлаар удаа дараа авч хэлэлцэж, сануулах арга хэмжээ авч, мөн цалинг 20 хувиар хасч байсан. Тэгээд цагдаагаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авахуулсан учраас ажлаас чөлөөлсөн бөгөөд Л.Н шүүхэд нэхэмжлэл гаргаад, улмаар шүүх хуралдаан орж согтуу байсан болох нь баримтаар нотлогдохгүй байна гээд анхан шатны шүүхэд би ялагдсан юм. Тэгээд шүүх хурал болсноос 8 хоногийн дараа би өөрөө ажлаасаа халагдаад дахиад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж чадаагүй, дараагийн томилогдсон дарга нь эргүүлээд ажилд нь авсан ийм л асуудал болсон. Тийм учраас энэ нэхэмжилсэн мөнгийг төлөх амьдралын боломж байхгүй, өөрийгөө яая гэж байна. Энэ Монгол улсад анх удаа л ийм зүйл болж байна. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ хууль мөрдөгдөөд буруутай албан тушаалтнаас гаргуулж байгаа юм байна лээ. Иргэний хуульд болохоор албан тушаалтан, хуулийн этгээд гэсэн нэршилтэй байгаа, ийм учраас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гарсан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчмын дагуу төр хариуцах учир төлөх боломжгүй. Би ажилгүй, санхүү мөнгөний эх үүсвэргүй, бизнесгүй, амьдрал хүнд байгаа учир харгалзан үзнэ үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
ТҮГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч ТҮГ нь хариуцагч Г.Г-т холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 950.844 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1/.
Хариуцагч Г.Г нь “...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гарсан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчмын дагуу төр хариуцах учир төлөх боломжгүй...” гэж маргаж байна /хх-16/.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд гэм хорын хохирол байх ба шүүх гэм хорын маргаантай иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэг талаас бусдын хууль бус гэм буруутай үйлдэл байхыг, нөгөө талаас хохирол бодитой учирсан байхыг, уг буруутай үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байх зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэдэг.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч Г.Г нь ТҮГ-ын даргаар ажиллаж байхдаа Хүүхэд залуучуудын паркийн сахиул Л.Н-ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн буюу гэм буруутай болох нь хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 275 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна /хх-3-4/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.
Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан агуулгаас үзэхэд “гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг ...шаардан гаргуулах эрхтэй.” гэсэн нь учирсан хохирлыг байгууллага арилгасан байх буюу хохирол бодитойгоор бий болсон байхыг шаардаж байна.
Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинд 950.844 төгрөгийг Л.Н-д шилжүүлэн өгсөн болох нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна /хх-18/.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасныг үндэслэжээ. Уг хуулийн заалт болон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь заалтууд нь ерөнхий шинжтэй, мөн төрийн албан хаагч бусдад учруулсан хохирлыг урьдчилсан байдлаар чирэгдэлгүй барагдуулах зорилготой зохицуулалт бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан нарийвчилсан зохицуулалтуудад төрд буюу байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардан гаргуулахаар заажээ. Нөгөө талаар ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй санаатай эс үйлдэхүй хохиролд нөлөөлсөн байгаа болно.
Иймд хариуцагч Г.Г-аас байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 950.844 /есөн зуун тавин мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТҮГ-т олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Г-аас 27.371 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Г-аас байгууллагад учруулсан гэм хорын хохирол 950.844 /есөн зуун тавин мянга найман зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулан ТҮГ-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Г-аас 27.371 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНБИЛЭГ
Д.ЯНЖИНДУЛАМ