| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00430/и |
| Дугаар | 133/ШШ2017/00478 |
| Огноо | 2017-12-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 133/ШШ2017/00478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- *** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч *** банкны Говь-Алтай салбарын тооцооны төв хариуцсан менежер Д.Д-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.З, Ж.Б нарт холбогдох
2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 10.023.727 төгрөг, зээлийн хүү 186.167 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 422 төгрөг, нийт 10.210.316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч Л.З, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** банк ны Говь-Алтай салбарын тооцооны төв хариуцсан менежер Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.З, Ж.Б нар нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дарив тооцооны төвөөс Л.З-ын цалингийн зээл 12.742.66 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй авсан байна. Зээлийн барьцаанд цалин, телевиз 32 инч лед, bsb хөргөгч барьцаалсан. Зээлдэгч Л.З, Ж.Б нараас авсан зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч банкнаас тавьсан шаардлагыг биелүүлэлгүй 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 47 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 10.023.727 төгрөг, зээлийн хүү 186.167 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 422 төгрөг, нийт 10.210.316 төгрөгийг төлүүлэн өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэв.
Хариуцагч Л.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би *** банк ны Дарив тооцооны төвд ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12.472.663 төгрөгний зээлийг цалингаа барьцаалж зээл аваад банктай байгуулсан гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг төлж байгаад 2017 оны 05 дугаар сард ажлаас гарсан учир зээлээ төлөх эх үүсвэргүй болсон. Иймээс зээл, хүүгийн төлбөрөө 2017 оны 09, 10, 11 сарын төлөлтийг төлөөгүй. Одоо зээлийн үлдэгдэл болох 10.210.316 төгрөгийг зээлийн гэрээний дуусгавар болох хугацаа 2019 оны 11 сарын 10-ны өдрийн дотор хуваарийн дагуу төлж барагдуулна. Ямар нэгэн орлоготой болж байж зээлээ төлөх бодолтой байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн дээр санал нийлж байна гэв.
Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай нөхөр тухайн зээлийг авсныг би мэдэж байсан гэхдээ тухайн зээлийн гэрээнд би гарын үсэг зураагүй. Намайг байхгүй үед тухайн зээлийг авсан байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч *** банк ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь *** банк ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 10.023.727 төгрөг, зээлийн хүү 186.167 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 422 төгрөг, нийт 10.210.316 төгрөгийг Л.З, Ж.Б нараас гаргуулахаар нэхэмжилжээ.
*** банк ны Говь-Алтай аймгийн Дарив тооцооны төвтэй, Л.З, Ж.Б нар нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №567/2372 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 12.742.662,27 төгрөгийг авсан болох нь барьцаат зээлийн гэрээний эх хувиар тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451-д заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг тус тус шаардах эрхтэй байна.
Зохигчдын тайлбараас дүгнэхэд хариуцагч нар нь зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 2017 оны 09 дүгээр сараас хойш төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Талуудын байгуулсан гэрээний 2.1.4-д “....үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно...” гэж тохиролцсон байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэснээр хариуцагч Л.З, Ж.Б нар нь хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Ж.Б гэрээнд гарын үсэг зураагүй тул хариуцахгүй гэж татгалзан тайлбарлаж байгаа боловч энэ байдлаа хэрэгт баримтаар нотолж чадахгүй байна гэж үзлээ.
Иймд хариуцагч Л.З, Ж.Б нараас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 10.023.727 төгрөг, зээлийн хүү 186.167 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 422 төгрөг, нийт 10.210.316 төгрөгийг гаргуулж *** банк инд олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178.315 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.З, Ж.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 178.315 төгрөгийг гаргуулан *** банк инд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Л.З, Ж.Б нараас үндсэн зээл 10.023.727 төгрөг, зээлийн хүү 186.167 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 422 төгрөг, нийт 10.210.316 /арван сая хоёр зуун арван мянга гурван зуун арван зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** банк инд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178.315 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.З, Ж.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 178.315 төгрөгийг гаргуулан *** банк инд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН