Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/387

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Бадам, 

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Энхээгийн Эрдэнэцогтод холбогдох эрүүгийн 1834007150454 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1981 оны 07 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Боржигон овгийн Энхээгийн Эрдэнэцогт 

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутагт 2018 оны 08 дугаар сарын 31-ний орой хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Жавхааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ын:

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс хохирогч Г.Жавхаагийн /хх-ийн 08-09 дүгээр хуудас/, гэрч Г.Жавхаагийн /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Ч.Тэмүүжингийн /хх-ийн 12-15 дугаар хуудас/, гэрч С.Туулийн /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Ч.Энхболдын /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Э.Эрдэнцогтын /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Ү.Чанарбекын /хх-ийн 24-25 дугаар хуудас/, яллагдагч *******ын /хх-ийн 37-38 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 596 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/, гэрч Ч.Тэмүүжин, С.Туул нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 16, 19 дүгээр хуудас/, хохирогч Г.Жавхаагийн хохирлын баримтууд /хх-ийн 47-51 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-43, 52-54 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар, 2018 оны 08 дугаар сарын 31-ний орой Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Жавхааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх баримтуудаас хохирогч Г.Жавхаагийн ...Бид гурав эндээс явъя гээд эд зүйлээ баглаж байхад 7-8 мотоциклтой хүмүүс ирэхээр нь би Ч.Тэмүүжин, С.Туул хоёрыг зугт гээд зугтаалгаад... ...тэр залуу миний нүүр рүү 4-5 удаа цохисон. Нөгөө хоёр хүнээ олж өг гөлөг минь... ...тэр залуу дахиад нөгөө хоёроо олж өг гээд цохиж байгаад шөнийн 02-03 цагийн үед нөгөө хүмүүс явсан... /хх-ийн 08-09 дүгээр хуудас/, 

гэрч Г.Жавхаагийн ...намайг Эрдэнэ нүүр рүү 3 удаа гараараа цохиж унагаагаад бүгд миний биеийг бүхэлд нь өшиглөсөн... ...буцаж ирээд татаж босгоод намайг Эрдэнээ боосон. Би ухаа алдаад байсан чинь алгадаад сэрээсэн. Би энэ хавийн бүгдийг босгодог пиздаа, өшөө олон хүн авчирна. Нөгөө хоёрыг олж өг гээд намайг гараараа цээж рүү элэгдсэн. Би амьсгалж чадахаа больсон. Дараа нь хэд хэд удаа нүүр рүү цохиж байтал цаанаас нь нэг хүн одоо наадахаа боль боль үхлээ гэж хэлсэн... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,  

гэрч Ч.Тэмүүжингийн ...Жавхааг нүүрэн хавьцаа цохисон байх, нарийн хараагүй ээ... ...Жавхаа үүдэнд нь доошоо харсан хэвтэж байсан. Сэрээсэн чинь намайг зөндөө зодлоо нүүр рүү бакалаар өшиглөсөн гэж хэлсэн. Бид нар 2 мотоциклтой майхан, хоол хүнсээ хаяад Батсүмбэр сум руу алхаад очсон... /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

гэрч С.Туулын ...нөгөө залуус нь гарч ирээд Жавхаа руу дайрсан чинь Жавхаа бид хоёрыг яв гээд нөхөр бид хоёр цаашаа зугтаагаад ус туулж уулын тийшээ гараад халгайн дотор хэвтээд айл руу тусламж гуйх гэснээ болиод амралтын газар руу очоод 2-3 залуу байж байхаар нь тэр залуустай танилцаад тусламж гуйгаад эргээд очсон чинь Жавхаа гадаа цустайгаа хутгалдчихсан хэвтэж байсан ба манай майхан дотор Эрдэнэцогттой цуг байсан нэг хөгшиндүү казак залуу согтуу хэвтэж байсан... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

гэрч Ч.Энхболдын ...хамт явсан эмэгтэй нь орилохоор нь эргээд очиход  Шовко нэг залуутай барилцаад маргаад зогсож байсан.  Намайг очиход бол зодолдоогүй хамт явсан. Эмэгтэй нь салгаад явсан. Өөр хүн зодоон маргаан хийгээгүй. Би энэ хүмүүсийг танихгүй, ярилцахад тэр өдөр танилцсан гэж байсан... ...Шовког хэнтэй юунаас болж маргаан хийсэн талаар мэдэхгүй. Би дэргэд нь байгаагүй, эргээд очиход л бие биенээ заамдаад зогсож байсан... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

яллагдагч *******ын ...эхнэртэй нь юм яриад зогсож байхад нөхөр нь ирээд яагаад байгаа юм бэ гээд намайг түлхсэн, би зөрүүлээд түлхсэн юм. Тэгтэл хажуу талаас найз нь гэх хохирогч Жавхаа орж ирэхээр нь түүнтэй зодолдож түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Өөр зүйл болоогүй... /хх-ийн 37-38 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 596 дугаартай ...Г.Жавхаагийн биед хамар ясны хугарал, хамарт хаван хавдар бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/, гэрч Ч.Тэмүүжин, С.Туул нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 16, 19 дүгээр хуудас/, хохирогч Г.Жавхаагийн хохирлын баримтууд /хх-ийн 47-51 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-43, 52-54 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******ын согтуугаар, иргэн Г.Жавхааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт хаван хавдар бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй бөгөөд өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Жавхаагийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамарт хаван хавдар бүхий хөнгөн хохирол учирсаны улмаас үүссэн үр дагаварт хавтас хэрэгт цугларсан баримтар 503.000 /таван зуун гурван мянга/ төгрөгийн хор уршиг бий болсон байна.

 

Улсын яллагч 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 379 дугаар яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч Г.Жавхааг баримтаар 623.000 /зургаан зуун хорин гурван мянга/ төгрөгийн хохирол нэхэмжилсэн гэж байх ба хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтыг тодруулж шалгахад 503.000 /таван зуун гурван мянга/ төгрөгийн баримт хэрэгт авагдсан бөгөөд улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн хохирлын үнийн дүн хэрэгт авагдсан баримтын үнийн дүнгээс 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгөөр илүү бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй.

Ингээд шүүгдэгч ******* нь хохирогч Г.Жавхаад гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг төлсөн болох нь хохирогч Г.Жавхаагийн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бичгээр гаргасан эмчилгээний төлбөрөө бүрэн барагдуулж авсан, шүүгдэгч *******той эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээр нотлогдож байгаа тул шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч *******од хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *******од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Энхээгийн Эрдэнэцогтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овгийн Энхээгийн Эрдэнэцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Энхээгийн Эрдэнэцогтод шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг өдрөөр тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   

4. Шүүгдэгч Боржигон овгийн Энхээгийн Эрдэнэцогтод шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Боржигон овгийн Энхээгийн Эрдэнэцогт нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Энхээгийн Эрдэнэцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Энхээгийн Эрдэнэцогтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН