| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 174/2017/0204/и |
| Дугаар | 516 |
| Огноо | 2017-11-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 516
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.Н
Хариуцагч: Б.Ц
Нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан Б.Нгийн нэхэмжлэлтэй “хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай Б.Цд холбогдох нэхэмжлэл ирүүлснийг 2017.05.02-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд ирүүлсэн болон хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахгүй, эвлэрэхгүй, гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Би Б.Цтой 2010 онд танилцаж 2012 онд охин Б төрүүлсэн юм. Хүүхдээ 7 сартай байхад өөр хүнтэй болоод эргэж ирээгүй. Одоо бид 2 хоёулаа гэр бүлтэй болсон тул эвлэрэх боломжгүй. Иймд охин Бийн эцгээр Б.Цг тогтоож охиндоо тэтгэлэг тогтоолгох гэсэн юм гэв.
Хариуцагч Б. Цолмон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бид эвлэрэх боломжгүй. Харин Б.Нгийн 2010 онд танилцсан гэдэг нь бол худлаа юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Н “хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Ц нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаас гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.11.07-ны өдрийн 9658 тоот шинжээчийн дүгнэлтээр “ ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геном микросателлит D3S1358,ТНО1,D21S11,D18S51, Penta Е, D5S818,D13S317 D7S820 D16S539 CSF1PO Penta D vWA D8S1179 ТPOX FGA локусын аллелиар Б.Ц нь Б.Н биологийн эцэг байх боломжтой байна. Б.Ц Б.Н биологийн эцэг байх магадлал 99.99% байна гэсэн дүгнэлт гарсан зэргийг үндэслэн Б.Н эцгээр Б.Цг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгоос эцэг тогтоох гэсэн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд, 1 жилд төлөх тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 28.123 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-д заасныг баримтлан 2012.12.11-нд төрсөн Н.Б эцгээр Б.Цг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Н.Б 11 нас хүртэл сар бүр тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Б.Цгоос гаргуулж олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгоос эцэг тогтоох гэсэн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд, 1 жилд төлөх тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 28.123 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ