| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/0455/и |
| Дугаар | 531 |
| Огноо | 2017-12-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 531
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ц.Б
Хариуцагч Д.Б
Нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан Ц.Бын нэхэмжлэлтэй “Хүүхдийн тэтгэлэг, машины үнэ 4500000 төгрөг гаргуулах ” тухай Д.Бөд холбогдох нэхэмжлэл ирүүлснийг 2017.10.20-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: болон хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би Д.Бтэй 1996 онд гэр бүлээ батлуулан хамт амьдарч байх хугацаанд хүү Тэмү, Тж нарыг төрүүлсэн. Гэтэл амьдралын таарамжгүй харьцааны улмаас болж Сум дундын 28 дугаар шүүхийн 2014.07.10-ны өдрийн 211/213 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж байсан. Одоо би Хэнтий аймагт хүү Тэмү, Тж нарынхаа хамт амьдарч байна. Би бие муутай ярьж хэлж, алхаж гишгэж явж чаддаггүй, байнгын хүний асрамжид байдаг. Том хүү Тэмү маань намайг асардаг. Д.Б гэрлэлтээ цуцлуулснаас хойш ямар ч холбоогүй болсон. Хүүхдүүдтэйгээ холбоо барьдаггүй. Манайд ажил хөдөлмөр эрхэлдэг хүнгүй. Д.Б бид 2 хамт амьдарч байхдаа 4500.000 төгрөгийн зээл авч автомашин авсан. Уг машиныг Д.Б авч явсан. Иймд хүү Тждээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно, машины үнэ 4500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би Бтай 1996 онд танилцаад гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон нь үнэн. Бид хамт амьдрах боломжгүй болж гэрлэлтээ цуцлуулсан. Бын шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг, автомашины үнэ 4500.000 төгрөг төлөхгүй. Би тусдаа амьдрах хугацаандаа эцэг хүний үүргээ биелүүлж байсан. Надаас машины үнэ 4500.000 төгрөг нэхэмжилсэн байна. Би энэ машиныг авч явсан нь үнэн боловч банкны зээлийг би өөрөө төлж барагдуулсан юм. Бид гэрлэлтээ цуцлуулахдаа миний нэр дээр байсан хашаа байшингаа Бд өгч, надаас хүүхдийн тэтгэлэг авахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэж шийдвэр гаргуулж байсан. Би хэдийгээр сар улирлаар тогтмол хүүхдүүддээ мөнгө өгөөгүй боловч хүүхдүүдийнхээ хэрэглээний юмыг бэлдэж өгдөг, үргэлж холбоотой байдаг. Том хүү Тэмүгээ 6 сарын сургалтанд хамруулж, байр болон сургалтын төлбөрийг нь төлөөд төгсгөөд Хэнтий амгийн Онцгой байдлын газарт ажилд оруулж өгсөн. Би одоо гэр бүлтэй хүн. Эхнэртээ хэлж нэг өгнө, нууж 1 өгнө. Намайг эхнэр хүүхдээ хэтэрхий их мөнгө өгч байна гэж байсан хүн ч байдаг. Бага хүү маань 15 настай, 10 дугаар ангид сурдаг, том хүү 21 настай. Б бол авах юмаа надаас аваад хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэж асуудлаа шийдүүлсэн атлаа 7 жилийн дараа дахин нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Б “Хүүхдийн тэтгэлэг, автомашины үнэ 4500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Б нь уг нэхэмжлэлийн шаардлагыг өмнө шүүхээр шийдвэрлүүлсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчид Сум дундын 28 дугаар шүүхийн 2014.07.10-ны өдрийн 211/213 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, Б.Тэмү, Б.Тж нарыг эх Бын асрамжид үлдээж, эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж шийдвэрлэжээ.
Хэдийгээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа боловч тухайн үедээ хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж хүүхдийн тэтгэлгийг шийдвэрлүүлээгүй нь дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж шүүх үзлээ. Иймд 2002.10.29-нд төрсөн Б.Тжд тэтгэлэг тогтоож эцэг Д.Бөөс нь гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Харин автомашины үнэ 4500.000 төгрөг нэхэмжлэсэн боловч түүнийгээ нотлох баримтаа ирүүлээгүй тул гаргуулах боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Быг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн ба хариуцагч Д.Бөөс 1 жилд төлөх тэтгэлгийн хэмжээнээс /1988400 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж тооцож 46764 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2002.10.29-ны өдөр төрсөн Б.Тжг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Д.Бөөр нь тэжээн тэтгүүлсүгэй.
2. Машины үнэ 4.500.000 / дөрвөн сая таван зуун мянга / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлвөл зохих тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болохыг дудсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Быг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн ба хариуцагч Д.Бөөс 1 жилд төлөх тэтгэлгийн хэмжээнээс /1988400 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж тооцож 46764 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ