| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2020/0012/З |
| Дугаар | 19 |
| Огноо | 2020-10-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би А Л ХХК-ий нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний талаар” 5 дугаар тогтоолын 1 дүгээр хэсэг, 2 дугаар хэсгийн 2.1, 2.2, 2.4, 2.7, 2.8, 2.10 дахь заалтыг хуульд нийцээгүй, хууль зөрчсөн болохыг тогтоон, А О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А Л ХХК-ий гүйцэтгэх захирал П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А Л ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд манай үйл ажиллагааны багагүй хэсгийг уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт эзлэн, Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт төмрийн хүдрийн олборлолт, баяжуулалт явуулдаг “А Х” ХХК-тай байгуулсан менежментийн гэрээний дагуу үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг Бургастайн боомтод хүргэх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлэхийн тулд тээврийн менежментийн удирдлагыг хэрэгжүүлэх замаар өөрийн өмчлөлийн болон харилцагч иргэн, аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийг гэрээгээр ажиллуулж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, түлш шатахуун бусад урсгал зардлыг урьдчилан санхүүжүүлж дараа тооцоогоор төлбөрийг гүйцэтгэсээр ирсэн.
2019 онд БНХАУ-ын ХуБэй мужийн Ухань хотод анх бүртгэгдэн, дэлхий нийтээр тархсан “СОVID-19” вирусын дэгдэлтээс хамаарч Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын Онцгой комисс 2020 оны 02 сараас хөл хорио тогтоон, төв суурин газраас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлан, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 31 дүгээр тогтоолоор хилийн боомтуудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон тул БНХАУ-аас хийгддэг төлбөр тооцоо тодорхойгүй хугацаагаар хойшлон хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байдалд орж, гэрээт иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлбөр тооцоог цаг тухайд нь гүйцэтгэж чадаагүйн улмаас үйл ажиллагааны хүндрэлтэй байдалд ороод байгаа билээ.
Нэг. 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 1/120 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг ирүүлж, түүндээ “танай компанитай түрээсийн гэрээ нэртэй гэрээ хийн ажиллаж байгаа иргэдийн гомдол, хүсэлтийг үндэслэн орон нутгийн дотоод хяналт шалгалт явуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаа дуулгаад, тодорхой зөрчил гаргасан гэж үзэн тээвэр ложистикийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн түүнчлэн “Бургастай” боомтын үйл ажиллагааг түр хаах хүртэл арга хэмжээ авах саналыг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисст хүргүүлэхээр болж байгаа”-гаа мэдэгджээ.
“Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ...” удирдамжгүйгээр хийж болох бөгөөд энэ зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад төлөвлөгөөт, төлөвлөгөөт бусын алинд ч хамаарахгүй, орон нутгийн дотоод хяналт шалгалтын гэсэн нэртэй “Ажлын хэсэг”-ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаар тогтоолоороо байгуулан, манай компанид үүссэн нөхцлийг авч хэлэлцэн, нэгэнт шийдвэрлээд байгаа тухайгаа 1/120 дугаартай албан бичгээрээ мэдэгдсний дараагаар буюу 2020 оны 08 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан нь “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэснийг зөрчиж шалгалтын ажлыг зохион байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Дээрх “Ажлын хэсэг” 2020 оны 08 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Цээл суманд байрших “А Х” ХХК-ийн Уулын баяжуулах Таяннуурын Үйлдвэр дэх манай Тээврийн хэлтэст хяналт шалгалтаар ажилласны дараагаар буюу Говь- Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа А Л ХХК-д үүссэн нөхцөл байдал, “Ажлын хэсэг”-ийн хяналт шалгалтын дүнг үндэслэн 3 зүйл бүхий 57 дугаар тогтоолыг батлан, хуулбарыг ирүүлжээ.
Уг тогтоолын зарим зүйл заалт, тогтоосон хэм хэмжээ нь А Л ХХК-ийн хууль ёсны эрх ашигт үл нийцэн, хуулиар олгогдсон эрхийг хязгаарлахад чиглэгдсэн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Тухайлбал:
1. Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний талаар” 57 дугаар тогтоол /цаашид “Тогтоол” гэх/-ын 1.1 дэх заалт:
“А Х”, А Л ХХК-иуд нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Автотээврийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг зөрчсөн байдлыг судалж арилгах, хуулийн хэрэгжилтийг жигд хангуулах арга хэмжээг авч ажиллах”
Дээрх заалтад дурьдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг нь хянаж шалгадаг байгууллагууд нь тухайн чиглэлийн хууль тогтоомжоор эрх олгогдсон, босоо тогтолцоотой төрийн захиргааны байгууллага буюу “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тодорхойлсноор “Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /цаашид “мэргэжлийн хяналт” гэх/...” байж, түүний эрх бүхий албан тушаалтны удирдамжийн дагуу салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгахаар хуулиар тогтоожээ.
А Л ХХК нь хуулийн дагуу байгуулагдан, эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр тээвэр, ложистикийн цогц үйл ажиллагаа эрхлэн явуулж жил бүр хяналт шалгалтын байгууллагад хуулийн хэрэгжүүлж байгаа байдлаа шалгуулан, үнэлүүлж тэдгээрээс ирүүлсэн хууль ёсны шаардлагыг нэг бүрчлэн биелүүлж ажилладаг. Хамгийн сүүлд Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2020.05.29-ний өдөр төлөвлөгөөт хяналт, шалгалт явуулж 08-06-020/134 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлага ирүүлсэн бөгөөд бид илэрсэн зөрчлийг арилгаж, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тайланг хүргүүлэхээр ажиллаж байгаа.
Нөгөөтэйгүүр ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоороо хяналт шалгалтын “Ажлын хэсэг” байгуулан 24 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр шалгалт явуулан, тухайн асуудлаар тогтоол гаргаж буй атлаа дахин хууль тогтоомжийн хэрэгжилтийг зөрчсөн байдлыг судлах үүргийг Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид даалгаж буй нь зүйд нийцэхгүй, “Ажлын хэсэг” чухам юуг шалгаж, ямар дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байна.
“Нийтийн албанд болон нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан ... мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа тодорхойлсноос үзвэл Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгч нь өөрсөддөө хамаарал бүхий гэж ойлгогдохуйц этгээдүүдийн хүсэлт шаардлагаар тухайн шатны хуралд үл хамаарах асуудлыг шийдвэрлэн тогтоол гаргаж, Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид үүрэг даалган “Нийтийн албанд болон нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий /этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
2.Тогтоолын 1.2 дахь заалт: “А Х”, А Л ХХК-ийн удирдлагуудтай 2020 оны 8 дугаар сард багтаан нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж талуудын саналыг бүрэн тусгаж, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх”
Таяннуурын төмрийн хүдрийн ордын төслийг хэрэгжүүлэгч нь “А Х” ХХК бөгөөд тухайн аж ахуйн нэгж нь өөрийн олборлох үйл ажиллагааныхаа хүрээнд нөөцийг тогтоох, батлуулах, тусгай зөвшөөрөл, лицензийг авах, ТЭЗҮ-ийг батлуулан хэрэгжүүлэх үүргийг бие даан хэрэгжүүлсээр ирсэн. Энэ олборлох үйл ажиллагааныхаа хүрээнд манай компанитай гэрээ байгуулан, тээвэрлэлтийн асуудлыг хариуцуулах замаар зарим ажлыг туслан гүйцэтгүүлдэг тул А Л ХХК үндсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч биш. "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-03 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам”-ын дагуу орон нутагтай заавал нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах үүрэг хүлээхгүй юм. Энэ хамтын ажиллагааныхаа хүрээнд аймгийн төрийн болоод нутгийн захиргааны байгууллагаас санал, хүсэлт ирүүлсэн тохиолдолд бидний зүгээс татгалзах зүйлгүй бөгөөд гагцхүү хяналт шалгалтын ажлын дүнг үндэслэн нийгмийн хариуцлагын гэрээ байгуулахыг тулган хүлээлгэж байгааг хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа
3.Тогтоолын 1.3 дахь заалт: “Нийгмийн даатгал, Татварын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд А Л ХХК-ийн 2019, 2020 оны нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, санхүүгийн болон бусад шаардлагатай баримтыг 2020 ны 8 дугаар сарын 15-ны дотор татан авчирч шалгалтад хамруулах ажлыг зохион байгуулах”
“Татварын Ерөнхий хууль”-ийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт “Татвар төлөгчийг бүртгэх журмыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасны дагуу А Л ХХК-ийн хувьд оршин байгаа газрын харьяаллаар Нийслэлийн татварын газарт харьяалагдан, харилцаж, хууль тогтоомжоор ногдуулсан үүргийг биелүүлэн ажилладаг энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэх, хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх, татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэж, 2-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй тогтоосон журмын дагуу хийх” эрхийг зөвхөн Татварын алба, татварын улсын байцаагч хэрэгжүүлэхээр тогтоосон тул манай компани нягтлан бодох бүртгэлийн баримтаа Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлэн шалгалтад хамруулах эрх зүйн үндэслэлгүй болно.
4.Тогтоолын 1.4 дэх заалт: “ А Х”, “ А О” ХХК-иудад төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын урьд өгсөн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж, нийгмийн даатгал, ариутгал халдваргүйтгэлийн өр, усны нөөц ашигласны төлбөрүүдийг 2020 оны 8 дугаар сарын 15-ны дотор бүрэн барагдуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах.
А Л ХХК нь өнөөдрийн байдлаар ус ашиглах гэрээг Говь-Алтай аймгийн ямар ч байгууллага, албан тушаалтантай байгуулаагүй, нийгмийн даатгалын болон татварын өр төлбөрийн асуудалгүй байгаа тул тогтоолын энэ хэсэг компанид хамааралгүй асуудлыг хамаатуулан үүрэг ногдуулсан нь хууль бус байна.
5.Тогтоолын 1.5 дахь заалт: А Л ХХК-ийн орон нутагт хамаарах бүх өр төлбөр, жолооч нартай үүсгэсэн маргаан зөрчлийг бүрэн эцэслэж, Говь-Алтай аймагт бүртгэлтэй эрх бүхий тээврийн компаниар тээвэрлэлтийн үйл ажиллагааг гүйцэтгүүлэх ажлыг нэн яаралтай зохион байгуулж, “Хувь гэрээт” гэх хууль бус гэрээ байгуулж, татвар хяналтад хамрагдахгүй байгаа жолооч нарын үйл ажиллагааг цэгцлэх”
А Л ХХК нь дэлхий нийтийг хамраад байгаа корона вирусын дэгдэлт түүний эсрэг төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон хязгаарлалтын улмаас үйл ажиллагаа хязгаарлагдаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах үүднээс банк санхүүгийн байгууллагаас зээл авч нэн шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлсээр ирсэн. Гэвч тээврийн хөлсний өглөгийн хоцрогдолтой холбоотойгоор гэрээт иргэн, аж ахуйн нэгжээс 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2 зүйл бүхий шаардлага ирүүлж, бид боломжит бүхий л аргыг авч хэрэгжүүлэн энэ тухайгаа албан ёсоор мэдэгдэж тээврийн үйл ажиллагааг саатуулахгүйгээр зохион байгуулахыг зорьсон ч энэ маань талаар болж, хэсэг бүлэг этгээдүүдийн үйлдлээс үл ойлголцол даамжран мухардалд ороод байгаа билээ.
Эдгээр иргэн, аж ахуйн нэгжтэй бид “Иргэний хууль”-ийн дагуу гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд үүссэн аливаа асуудлыг гэрээ, Иргэний хууль тогтоомжийн дагуу харилцан тохиролцож буюу хараат бус шүүхийн байгууллагаас шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай. “Иргэний хууль”-ийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт зааснаар Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй...” буюу зах зээлд монополь эрхтэй этгээд л зарим төрлийн гэрээг байгуулах үүрэгтэйгээс бусад тохиолдолд ямар ч аж ахуйн нэгж бусдын албадлагаар гэрээ байгуулах үүрэг хүлээхгүй, аливаа гуравдагч этгээдийн шахалт, шаардлагаас ангид байх эрхтэй бөгөөд мөн зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” байхаар хуульчилсан тул тогтоолын энэ хэсэг нь хууль бус, компанийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн өнөөдрийн байдлаар А Л ХХК нь тогтоолд дурдсан “Хувь гэрээт” гэгдэх ямарваа нэгэн субьекттэй гэрээ эрх зүйн харилцаагүй болно.
6.Тогтоолын 1.6 дахь заалт: “А Х”, А Л ХХК-иудын бизнесийн талбарт дангаар илт давамгайлсан байдлыг өөрчилж, өрсөлдөөний зарчмыг хангах ажлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, орон нутагт бүртгэлтэй аж ахуйн нэгжээр шатахуун, хүнс, барааны бэлтгэн нийлүүлэлт, хангалт хийлгэх үйл ажиллагааг гүйцэтгүүлэх бололцоог бий болгох”
А Л ХХК-ийн тээвэрлэж буй уул уурхайн бүтээгдэхүүн нь дотоодын зах зээлд нийлүүлэгддэггүй, БНХАУ-ын гадаад худалдааны аж ахуйн нэгжтэй шууд харилцаж экспортлогддог учир бидний эрхэлж байгаа ажил, үйлчилгээ нь “Өрсөлдөөний тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.2 хэсгийн “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэсэн заалтад хамаарахгүй бөгөөд мөн зүйлийн 4.1.5 заалтад заасан “ноёлох үйл ажиллагаа” гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулах” үйл ажиллагаа явуулсан тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр байхгүй юм.
7.Тогтоолын 1.7 дахь заалт: “А Х”, А Л ХХК-иуд болон тэдгээртэй бараа, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй бүхий л компаниуд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байгаа бөгөөд татварын улсын байцаагчийн 8 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.2-т заасан “Шаардах хуудас”-ны шаардлагыг 2020 оны 8 дугаар сарын 31-ний дотор бүрэн барагдуулах ажлыг Татварын хэлтэстэй хамтран зохион байгуулах”
“Зөрчлийн тухай хууль”-ийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заасны дагуу А Л ХХК, бидэнтэй хамтран ажилладаг компаниуд нь чухам ямар хууль тогтоомжийн, аль заалтыг зөрчиж, хэдэн удаа зөрчил гаргасан нь тодорхойгүй асуудлыг дурдан “Татварын ерөнхий хууль”-ийн 79 дүгээр зүйлийн 79.4.2 дахь заалтын “татварын хууль тогтоомжийг зөрчихөд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор шаардах хуудас бичих бөгөөд түүнд шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчил гарахад нөлөөлсөн нөхцөл, шалтгааныг арилгаж, хариу өгөх хугацаа, уг шаардах хуудсыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” шаардлагыг баримтлан тодорхой ажил зохион байгуулахыг Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид даалгасан нь “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”, “Татварын ерөнхий хууль”-д заасан бусад байгууллагын эрх хэмжээнд халдан, өөрт үл хамаарах асуудлаар бусдад үүрэг ногдуулан, манай компанийн эрх ашгийг хөндсөн гэж үзэхээр байна.
8.Тогтоолын 2.1 дэх заалт: “А Х”, А Л ХХК-иуд Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа учраас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар бүлэг, 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын дагуу компанийн салбараа аймагт байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг 2020 оны 8 дугаар сард багтаан хэрэгжүүлэх”
А Л ХХК нь дээр дурьдсанчлан “А Х” ХХК-тай менежментийн гэрээний үндсэн дээр тодорхой үүрэг хүлээн ажиллаж, үйл ажиллагааны зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Уулын Баяжуулах Таяннуурын Үйлдвэрийн бүсэд тодорхой орон тоо бүхий Тээврийн хэлтэс ажиллуулдаг. Энэхүү Тээврийн хэлтэс нь зохион байгуулалтын хувьд манай компанийн үндсэн бүтэцд багтдаг төдийгүй компанийн удирдлагын зүгээс салбар болон төлөөлөгчийн газар байгуулах шийдвэр гаргаагүй, энэ талаар дүрэмдээ тусгаагүй тул Говь-Алтай аймагт албан ёсоор салбар байгуулан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-д заасан улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээхгүй юм.
9.Тогтоолын 2.2, 2.4 дэх заалт: “Тээвэрлэлт болон кемпийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, иргэд, жолооч нарын тээврийн хөлс, кемпийн зардлыг 2020 оны 8 дугаар сарын 15-ны дотор бүрэн барагдуулж дуусгах”, А Л ХХК, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулсан түрээсийн болон ачаа тээврийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ, кемпийн үйлчилгээний гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн байгуулах арга хэмжээг 2020 оны 8 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэх”
“Иргэний хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар иргэд хоорондын гэрээний харилцаа нь “иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах” зарчимд үндэслэх бөгөөд 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” хуулийн шаардлага, зохицуулалттай.
Бид үйл ажиллагааны зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хууль тогтоомжоор тусгайлсан шаардлагыг хангасан иргэдтэй, тэдгээрийн өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж “Хүнд даацын тээврийн хэрэгслийн түрээс /лизинг/-ийн гэрээ” байгуулан тээвэрлэлт гүйцэтгүүлэн, тээврийн хөлснөөс автомашины өртөгийг суутгуулах замаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авах нөхцөлтэйгөөр “Иргэний хууль”-ийн 26, 35 дугаар бүлэг, “Санхүүгийн түрээс /лизинг/- ийн тухай хууль”-ийн дагуу хамтран ажилладаг.
“Иргэний хууль”-д зарим төрлийн хэлцлийг заавал бичгээр байгуулахыг шаарддаг бөгөөд бичгээр байгуулан баталгаажуулсан хэлцлийг гэрээ хэмээн тодорхойлж, гэрээнд оролцогч талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах эрх олгогдсон билээ. Тиймээс бид автомашины түрээсийн гэрээний нөхцөл шалгуураа тодорхойлж, шаардлага хангасан иргэдтэй гэрээ байгуулан ажилласаар ирсэн төдийгүй хэнийг ч шахаж шаардаж, албадан буюу хүчээр тулган гэрээ байгуулаагүй, бидний хооронд шууд хөдөлмөрийн харилцаа байдаггүй. Хэрэвзээ иргэн өөрөө хүссэн бөгөөд ямарваа нэгэн өр авлага байхгүй тохиолдолд хэдийд ч гэрээ цуцлан, машин түрээсийн харилцааг дуусгавар болгох боломжтой төдийгүй бидний хооронд үүссэн аливаа асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх гэрээ, хуулийн зохицуулалттай.
Иргэдтэй байгуулсан гэрээ ёсоор иргэн, аж ахуй нэгжүүд өөрсдөө байр хоол, автомашины засвар үйлчилгээ, орон байр, хог хаягдал, газар усны төлбөрөө хариуцах үүрэгтэй тул тэдгээрийн өмнөөс бид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил олгогч болох, эсхүл кемпийн үйлчилгээ эрхлэх, хоёр талаас тохирсон тээврийн хөлснөөс кемпийн зардал суутгах зэргээр бусдын шахалт шаардлагаар гэрээ зөрчин ямарваа нэгэн суутгал хийх, бусдад шилжүүлэх боломжгүй юм.
10.Тогтоолын 2.7 дахь заалт: Өнөөдрийн байдлаар А Л ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл суманд 1 м2 ч газар эзэмшдэггүй, хууль бусаар ашигласан удаагүй, хууль бусаар газар ашиглаж байгаа тухай төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль ёсны шийдвэр, дүгнэлтгүйгээр 16.7 га газрыг ашиглаж байгаа тухай дурдсан нь огт үндэслэлгүй юм. Хэрэв автомашин түр буюу удаан зогссон талбайг зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэж байгаа бол Монгол Улсад байгаа автомашин эзэмшигч бүр хууль бусаар газар ашиглагч болохоор утгыг илэрхийлжээ.
“А Х” ХХК нь бидний хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллах нөхцөл боломж ажлын байраар ханган ажиллаж байгаа бөгөөд харин манай компанитай түрээсийн болоод ачаа тээврийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн байр, автомашины зогсоолын зориулалтаар газар эзэмших хүсэлтээ сум, орон нутгийн удирдлагад тавьж шийдвэрлүүлсээр ирсэн учир тэдгээрийн өмнөөс А Л ХХК газар “Газрын тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.2 заалтын дагуу хүсэлт гарган шийдвэрлүүлэх үндэслэлгүй болно.
11.Тогтоолын 2.8 дахь заалт: “А Х”, А Л ХХК-иуд уурхайн бүс нэрээр зөвшөөрөлгүй газар ухаж, суваг шуудуу татсан газраа тэгшилж хэвийн байдалд оруулан, Цээл сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүст 2020 оны 8 дугаар сарын 15-ны дотор хүлээлгэн өгөх”
А Л ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашигладаггүйг дээр дурдсан төдийгүй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын асуудлаар шийдвэр гаргаж байгаа нь “Газрын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасан “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж ... хэрэгжилтийг зохион байгуулах”, 20.2.2 дахь заалтын “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэсэн Сум, дүүргийн Засаг даргад олгогдсон эрх хэмжээний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээрээ “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн “Хууль тогтоомжид сум, дүүргийн Хуралд олгосон бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.
12. Тогтоолын 2.10 дахь заалт: “Хууль бусаар тээврийн хэрэгслийн жолооч нарын тээврийн хөлснөөс авсан торгууль, суутгалыг буцаан олгох арга хэмжээг 2020 оны 8 дугаар сарын 15-ны дотор авч хэрэгжүүлэх”
Бид гэрээтэй ажилладаг иргэн, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “Иргэний хууль”-ийн 232 дугаар зүйлд заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд суутгахаар урьдчилан тодорхой хэмжээгээр заасан анзыг тогтоосон бөгөөд тухайн гэрээт иргэн, аж ахуйн нэгж гэрээний үүргээ зөрчөөгүй тохиолдолд ямарваа нэгэн торгууль, суутгал ногдуулахгүй. Автомашин түрээслэгч болон ачаа тээвэрлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 100.000-1.000.000 төгрөг хүртэл төгрөгийг тээврийн хөлснөөс суутгуулдаг бөгөөд энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээнд урьдчилан заагдсан байдаг тул хууль бус гэж үзэх үндэслэлгүйн дээр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс түүнийг буцаан олгохыг шаардах эрх зүйн үндэслэлгүй юм.
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “... Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй...”, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтад зааснаар “Иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх”, 20.1.7 дахь хэсэгт зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” эрхтэй боловч хуулиар тусгайлан эрх олгосон бусад байгууллагын эрх хэмжээний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхгүй юм.
Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний талаар” 57 дугаар тогтоол нь хууль бусаар зохион байгуулсан хяналт, шалгалтын ажилд үндэслэн “Иргэний хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “... иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө бүртэй тухайлан байгуулсан гэрээний харилцаанд хөдлөнгөөс оролцон хууль бусаар нөлөөлөн, компанийн үйл ажиллагааны дотоод зохион байгуулалт, талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, зохицуулалтыг нэг талыг барин дүгнэж, хууль бус үүрэг, хариуцлага ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй учир шүүхийн байгууллагад хандаж байна. Бидэнтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэн, хуулийн этгээд нь хууль, гэрээний талууд бидэнтэй харилцан зөвшилцөж, эвийн журмаар асуудлыг шийдвэрлэх хууль, гэрээний шаардлагатай бөгөөд хэрэв зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд тухайн иргэн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл “Үндсэн хууль”-ийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, “Иргэний хууль”-ийн 9 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа билээ.
Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний талаар” 57 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл /хэсэг/, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.7, 2.8, 2.10 дахь заалтууд нь “Захиргааны ерөнхий хууль”-ийн 37 дугаар зүйлийн 37.6 хэсэгт заасан “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны акт ...”-ын шинжийг агуулж, 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, мөн манай хууль ёсны эрх ашгийг хөндөн, хууль бусаар хязгаарлалт тогтоосон гэж үзэх үндэслэл байгаа тул дээрх заалтуудыг хууль бус болохыг тогтоон А Л ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2020 оны 6 дугаар сарын дундуур А Л ХХК-тэй гэрээгээр ажилладаг тээврийн зарим аж ахуй нэгжүүд болон хувиараа гэрээ байгуулан ажилладаг зарим жолооч нарын зүгээс тээврийн хөлсийг цаг хугацаанд нь олгохыг шаардсан шаардлага тавьсан. Үүнтэй холбогдуулаад ажил олгогч болон тээвэрчдийн хооронд хэд хэдэн удаагийн уулзалт хийгээд цаашид асуудал нилээн даамжраад ажилчдын болон гэрээгээр тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа гэрээт тээврийн компаниудын нэхэмжлэлийн шаардлага улам өсөн нэмэгдсэн. Энэ асуудлын талаар А Л ХХК-тай тээврийн гэрээ байгуулж ажилладаг аж ахуй нэгж байгууллагын зарим удирдлага, зарим тээврийн жолооч нарын зүгээс тухайн үед “А Х” ХХК-д ажлаар очсон Зам тээврийн сайд болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгч нарт хандаж хүсэлт гаргаад тээврийн хөлсийг цаг хугацаанд нь олгохгүй байгаа шаардлагынхаа талаар өргөдөл гаргасан юм билээ. Энэ өргөдлийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хяналт, шалгалтын ажил зохион байгуулаад тэрнийхээ дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаар тогтоолыг гаргасан. Хоёр үндсэн зүйлтэй дотроо заалтуудтай тогтоол гаргасан. Энэ тогтоол нь А Л ХХК-ий үйл ажиллагаанд бүхэлд нь саад болсон, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй эрх зүйн акт болсон гэж А Л ХХК-ийн зүгээс үзэж нэхэмжлэл гаргаж байгаа юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэдээс тавьсан, ирүүлсэн санал хүсэлтийн дагуу шалгалтын ажил зохион байгуулсан нь анхнаасаа хууль зөрчиж, урьдчилсан дүгнэлт гаргаад тэр дүгнэлтээ батлах зорилгоор шалгалтын ажил явуулсан гэж үзэж байна. Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/120 дугаартай мэдэгдлийн нэгт танай компанитай түрээсийн гэрээ нэртэй гэрээ хийн ажиллаж байгаа 100 шахам жолооч нарын гомдол, хүсэлтийг үндэслэн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс танай компаний үйл ажиллагаатай холбоотой орон нутгийн дотоодын хяналт шалгалт явуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Гуравт нь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа танай компани жолооч нарын эрх ашгийг ноцтой зөрчиж, цалин, тээврийн хөлсийг даруй 8 сар гаруй хугацаанд төлөлгүй, олон хууль, тогтоомж зөрчиж, түрээсээр ажиллаж байгаа жолооч нарын амьдрах орчин нөхцөл, эрүүл ахуй, аюулгүй байдлын наад захын шаардлага хангахгүй байгаа зэргийг харгалзан холбогдох улсын байцаагч эрх хэмжээний хүрээнд А Л ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахаар ажлын хэсэг шийдвэрлэж байгааг албан ёсоор мэдэгдэж байна гэж мэдэгдэлдээ дурдсан байдаг. Ийнхүү шалгалтын ажил явагдаагүй, эхлээгүй байж байхад дүгнэлтээ гаргаад тэрнийхээ дагуу өөрсдийнхөө албан бичигт дурдсан урьдчилсан дүгнэлтээ батлах зорилгоор шалгалт зохион байгуулсан гэж үзэж байсан. Мөн шалгалтын дүнгийн явцад гаргасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 57 дугаар тогтоол нь бүхэлдээ захиргааны эрх зүйн актыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт гэсэн категорт хамаарна гэж үзэж байна. Тийм учраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хэсгийг бүхэлд нь , 2 дугаар хэсгийн 2.1, 2.2, 2.4, 2.7, 2.8, 2.10 дахь заалтуудыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Их олон хууль, тогтоомжуудыг дурдахдаа чухам аль хууль, тогтоомжийн ямар зүйл заалтыг зөрчөөд байгаагаа бид огт мэдэхээргүйгээр ерөнхий байдлаар бүх хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн шаардлага тавьж, арилгуулах арга хэмжээ авахыг орон нутгийн Засаг даргад үүрэг болгосон заалт гаргасан байгаа. А Л ХХК нь хуулийн дагуу байгуулагдаад эрх бүхий төрийн захиргааны байгууллагын олгосон зөвшөөрлийн үндсэнд тээврийн цогц үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж юм. Жил бүр А Л ХХК нь орон нутгийн төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагуудын шалгалтад орж, холбогдох дүгнэлтийг гаргуулдаг. Албан шаардлага, зөвлөмжөө авдаг. Жил бүр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Тээврийн хяналтын улсын байцаагч нар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шалгалт, Авто тээврийн газрын шалгалт, Стандарт, хэмжил зүйн газрын шалгалт гэх мэт олон шалгалтад ордог. Олон шалгалтад орсныхоо дараа холбогдох хууль, тогтоомжийн ямар зүйл заалтыг зөрчсөн бэ? гэдгээрээ албан шаардлага хүлээж авдаг. Эрсдэлийн үнэлгээ хийлгэдэг. Тухайн бүрт нь албан шаардлагын биелэлтийг нь гаргаад жил жилдээ тайлагнаад дүгнээд явуулдаг. Тогтоолын 1.2-т А Л ХХК-ийн удирдлагатай 2020 оны 08 дугаар сард багтаан нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаад талуудын саналыг тусгаж, харилцан ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүл гэсэн байсан. Т. Нын уурхайн төмрийн хүдрийг олборлож, боловсруулах ажлын төслийг хэрэгжүүлэгч нь А Л ХХК биш “А Х” ХХК байдаг. А Л ХХК нь “А Х” ХХК-тай байгуулсан менежментийн гэрээний дагуу тус компаний олборлосон, боловсруулсан, баяжуулсан бүтээгдэхүүнийг зөвхөн тээвэрлэж, хүргэх асуудлыг хариуцдаг аж ахуй нэгж юм. Гэтэл манай компанийг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж, байгалийн баялгийг олборлодог уул уурхайн салбаруудын нэгэн адил үзэж нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах шаардлага тавьсан нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.
Тогтоолын 1.3-т Нийгмийн даатгалын тухай хууль, Татварын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд А Л ХХК-ийн 2019, 2020 оны нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, санхүүгийн болон бусад шаардлагатай баримтуудыг 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр татан авч, шалгалтад хамруулах ажлыг зохион байгуул гэж заасан байгаа юм. А Л ХХК нь аж ахуйн нэгжийн хувьд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрладаг. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харилцаж, санхүүгийн холбогдох тайлан, нийгмийн даатгалын тайлан болон бусад гаргавал зохих мэдээ тайлангаа тайлагнаж ажилладаг аж ахуй нэгж байгууллага юм. Тэр байгууллага өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд А Л ХХК-тай холбоотой асуудлуудыг шалгаж, холбогдох заавар, чиглэл, албан шаардлага өгөх, торгох эсхүл үйл ажиллагааг зогсоох эрхтэй болохоос Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар тэнд ажиллаж байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагааг татан авчирч энд шалгах ямар нэгэн эрх зүйн зүйл заалт холбогдох хуулиудад байхгүй гэж үзэж байна. Тогтоолын 1.4 дэх заалтад А Л ХХК-д төрийн эрх бүхий байгууллагуудын албан тушаалтнуудаас урьд нь өгсөн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж, нийгмийн даатгал, ариутгал, халдваргүйжүүлэлт, усны нөөц ашигласны төлбөрүүдийг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн барагдуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ ав гэсэн үүрэг өгсөн байсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагч нар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч нар, Авто тээврийн газрын улсын байцаагч нар манай байгууллагыг шалгаж, холбогдох заавар зөвлөмж өгч, албан шаардлага ирүүлдэг. Бид нар биелүүлэхийн төлөө ажиллаж ажил зохион байгуулдаг. А Л ХХК-д одоохондоо ариутгал халдваргүйжүүлэлтийн өр, нийгмийн даатгалтай холбоотой өр, усны нөөц ашигласны төлбөр гэсэн өрүүд байхгүй гэдгийг баталгаатай хэлж байна. Яагаад гэвэл ариутгал халдваргүйжүүлэлтийн өр нь “Алтай хүдэр” ХХК-тай холбоотой: А Л ХХК нь орон нутагтай усны гэрээ огт хийдэггүй. Учир нь А Л ХХК-ийн цөөхөн 8-10 орчим тоотой ажилчид “А Х” ХХК-ийн Т. Нын уурхай дээр “А Х” ХХК-ийн ажилчидтай хамт нэг байранд байрладаг. Тэнд ажиллаж байгаа А Л ХХК-тай гэрээ байгуулсан тээврийн компаниуд, тээврийн жолооч нарын тухайд “А Х” ХХК-тай дангаараа гэрээ байгуулаад усныхаа төлбөрийг төлдөг зарчимтай байдаг. А Л ХХК-д усны нөөц ашигласны төлбөр, ариутгал, халдваргүйжүүлэлтийн төлбөр хамаагүй учраас буруу зүйл, заалтаар хандсан үүрэг болсон гэж ойлгож байна. Тогтоолын 1.5 дахь заалтад А Л ХХК-ийн орон нутагт хамаарах жолооч нар дээр үүссэн маргаан зөрчлийг бүрэн эцэслэж, Говь-Алтай аймагт бүртгэлтэй эрх бүхий тээврийн компаниар тээвэрлэлтийн үйл ажиллагааг гүйцэтгүүлэх ажлыг нэн яаралтай зохион байгуулах, хувь иргэнтэй хууль бус гэрээ байгуулж, татварын хяналтад хамрагдахгүй байгаа жолооч нарын үйл ажиллагааг цэгцлэх гэсэн заалт байгаа. Нийгмийн даатгалтай холбоотой зүйл байгаа. Яагаад гэвэл А Л ХХК-д ажиллаж байгаа Говь-Алтай аймгийн харьяат цөөхөн хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг Говь-Алтай аймагт төлж, шилжүүлдэг. Өнөөдрийн авсан байдлаар А Л ХХК нь Говь-Алтай аймгийн нийгмийн даатгалын шимтгэлд ямар нэгэн өргүй гэсэн мэдээлэл надад ирүүлсэн. Гэхдээ би нотлох баримтаа авч чадаагүй учраас ямар нэгэн байдлаар маргахгүй. Гэхдээ өр байхгүй гэдгийг хэлж байна. “А Х” ХХК-ийн боловсруулж, бэлтгэж байгаа баяжмалыг тээвэрлэх ажлыг заавал Говь-Алтай аймагт бүртгэлтэй аж ахуй нэгж хийх ёстой. Өөр газар хийх ёсгүй гэж үзэх юм бол дэндүү өрөөсгөл. Өөрөөр хэлэх юм бол орон нутгийнхаа хэмжээнд өөрсдөдөө хууль бус давуу байдал бий болгосон үйлдэл болно гэж үзэж байна. Тээвэр хийх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллага хаанаас ч ирж болно. Тэр аж ахуй нэгж байгууллагатай А Л ХХК гэрээ байгуулаад хоёр талаасаа харилцан тохиролцсон нөхцөлд Монгол Улсын ямар ч аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж ойлгож байна. 1.6 дахь заалтад бизнесийн салбарт дангаар илт давамгайлсан байдлыг өөрчилж, өрсөлдөөний зарчмыг хангуулах ажлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, орон нутагт бүртгэлтэй аж ахуй нэгжээр шатахуун, хүнс, бараа бэлтгэн нийлүүлэлт, хангалт хийлгэх үйл ажиллагааг гүйцэтгүүлэх бололцоог бий болгох гэж байгаа юм. А Л ХХК нь тээврийн салбарт дангаараа ноёрхох үйл ажиллагаа явуулаагүй. А Л ХХК нь бусад аж ахуй нэгж буюу Монгол Улсын ямар ч аж ахуй нэгж байж болно гэж үзэж байгаа юм. Бусад аж ахуй нэгжүүдтэй тээвэр хийлгэх гэрээ байгуулаад гэрээнийхээ дагуу тээврийн ажлыг зохион байгуулах үүрэгтэй цөөхөн хэдэн хүн Т. Нын уурхайд ажилладаг. Мөн өөрийнхөө эзэмшлийн техникүүдийг хувь хүмүүст өгөөд санхүүгийн лизингийн гэрээ байгуулж ажилладаг болохоос өөрөө дангаараа бизнесийн салбарт илт ноёрхсон байдал огт гаргадаггүй. Тийм учраас энэ нь хууль бус дүгнэлт байна. Орон нутагт бүртгэлтэй аж ахуй нэгжээр шатахуун, хүнс, барааны бэлтгэн нийлүүлэлтийг хийлгэхэд бүрэн нээлттэй байдаг. А Л ХХК нь орон тооны 8-10 хүнтэй. Энэ хүмүүс “А Х” ХХК-ийн нэгдсэн орон сууцанд амьдардаг. Нэгдсэн байдлаар хоолонд ордог. Нэгдсэн үйлчилгээ авдаг учраас дангаараа хоол хүнсний гэрээ байгуулах ямар нэгэн шаардлага байдаггүй. Харин “А Х” ХХК нь шатахуун, хүнс болон бусад төрлийн бараа, бүтээгдэхүүний гэрээ байгуулах эрхтэй. Тийм учраас манайд үүнийг хамааруулж хийх нь буруу гэж үзэж байна. Хамгийн гол нь бизнесийн салбарт дангаараа ноёрхол бий болгоогүй гэдгийг бид албан ёсоор хандаж хэлж байна. 1.7 дахь заалтад А Л ХХК болон тэдгээртэй бараа, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй бүх компаниуд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн үйлдлийг удаа дараалан гаргаж байгаа гэсэн байна. Би шүүх хуралдаанд орохоос өмнө хариуцагчаас ирүүлсэн нотлох баримттай танилцаж үзлээ. Уг нотлох баримтад аймгийн татварын хэлтсийн нэг байцаагч албан шаардлага бичсэн байсан. Тэр дотор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэсэн юм харагдаж байсан. Бодвол тэр нь мэргэжлийн хүний үг байх. Энэ талаар би ямар нэгэн байдлаар буруу зөрүү гэж хэлж чадахгүй. Татварын бүхий л асуудлыг А Л ХХК-ийн бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс шалгадаг учраас уг газраас гаргасан эрх зүйн баримт бичгүүд буюу албан шаардлага зэргийг хүчин төгөлдөр гэж үзэх нь зүйтэй болов уу? гэж ойлгож байна.
Тогтоолын 2 дахь хэсэг нь бүхэлдээ А Л ХХК-д даалгасан заалтууд байгаа юм. 2.1 дэх заалтад А Л ХХК нь Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа учраас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар бүлэг 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар компаний салбараа аймагт байгуулж улсын бүртгэлд бүртгүүл гэсэн үүрэг өгсөн байгаа юм. Улсын бүртгэлд нэг л компаний нэрээр бүртгүүлээд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй явж байгаа аж ахуй нэгж нь тээврийн ажил зохион байгуулах 10 хэдэн ажилтан хэдэн аж ахуй нэгж болон жолооч нартай тээврийн гэрээ байгуулаад ажиллахад заавал Говь-Алтай аймагт тусад нь аж ахуй нэгж салбар байгуулах шаардлага байхгүй гэж үзэж байна. 2.2 дахь заалтад иргэд, жолооч нарын тээврийн хөлс кемпийн зардлыг бүрэн олго гэж заасан байгаа. Үүнийг бид нар ярилцаж байгаад тухайн үед тээврийн хөлсийг олгож чадаагүй байсан учраас үүнийг эсэргүүцээд байх юм алга байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд А Л ХХК тээврийн хөлсийг бүрэн хэмжээгээр олгоод одоо тээврийн ажил сэргээд 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хэвийн явж байгаа. Дахин ямар нэгэн асуудал гараагүй. 2.2 дахь заалтыг бид заавал хүчингүй болгуулъя гэж шаардах зүйл байхгүй. Хэрвээ тогтоолын заалтыг хэрэгжүүлэх тухай ажил зохион байгуулаад үүнийг шалгаж үзэх юм бол энэ заалт биелэгджээ гэж үзэх байх. 2.4 дэх заалтад А Л ХХК нь иргэд, аж ахуй нэгж байгууллагатай байгуулсан түрээсийн болон ачаа тээврийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ, кемпийн үйлчилгээний гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн зохион байгуулах арга хэмжээг 2020 оны 08 дугаар сард багтаан авч хэрэгжүүл гэж заасан байгаа юм. Аливаа гэрээ, хэлцлийг 2 тал харилцан тохиролцож, эрх, үүргээ хүлээн зөвшөөрөөд бусад болзол нөхцөлүүдийг ойлгоод бид үүнийг зөвшөөрч байна гэсний үндсэнд гэрээ, хэлцэл байгуулагддаг зарчимтай. Түүнээс нэг тал нь бүх талаас давамгайлсан гэрээ байх юм бол нөгөө тал нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээ байгуулахгүй байх бүрэн боломжтой байдаг. 2016 оны 09 дүгээр сараас хойш А Л ХХК нь өөрийн эзэмшилд байсан тээврийн хэрэгслүүдийг санхүүгийн түрээсийн гэрээгээр жолооч нарт эзэмшүүлээд, гэрээ байгуулж эхэлсэн. Гэрээний үндсэн нөхцөл нь тухайн тээврийн хэрэгсэл ашиглалтын хугацаанаас шалтгаалаад 50.000.000 төгрөгийн үнэтэй байлаа гэхэд энэ 50.000.000 төгрөгийг тодорхой хугацааны дотор тээврийн ажил гүйцэтгээд ажил гүйцэтгэсэн тээврийн хөлсөөс суутгах зарчмаар үнийг нь төлж дуусгана. Тэгээд энэ тээврийн хэрэгсэл таны мэдэлд шилжинэ. Тэрний дараа та тогтвортой 1 жил А Л ХХК-д ажиллах ёстой гэсэн заалттай санхүүгийн түрээсийн гэрээнүүдийг хийж эхэлсэн. Тэр үед ажиллаж байсан маш олон бараг бүх жолооч нар түрээсийн гэрээнд орсон. Хоёр талаасаа харилцан зөвшөөрөлцсөн. Тэр үед байгуулсан гэрээний нөхцөл бол түрээсэлж байгаа А Л ХХК болон түрээсээр ашиглахаар гэрээ байгуулсан жолооч нарын аль алиных нь эрх ашгийг нь хангаж байсан учраас бөөнөөрөө хуйларч, гэрээ байгуулж машин хувьдаа авч байсан. Гэтэл А Л ХХК дангаараа монопольдож байгаад гэрээ байгуулсан байна. Энэ нь дэндүү шударга бус байна гэж хэлэх нь үндэслэл муутай байна. Одоо ч энэ байдал үргэлжилж байгаа. А Л ХХК хожим 2018 онд нэлээн хэдэн шинэ машин оруулж ирээд мөн адил түрээсэнд шилжүүлсэн. Гэхдээ 100.000.000 төгрөгийн үнэтэй машин байлаа гэхэд үнийг төлөхдөө тээврийн хөлс буюу хийсэн ажлынх нь гүйцэтгэлийн нийт өртгийн буюу 1.000.000 төгрөгийн ажил хийлээ гэхэд 70 хувийг машины түрээсийн төлбөрт авъя. 30 хувийг нь ажлын чинь хөлс болгож олгоё гэдэг болзолтойгоор өгсөн. Хэрвээ шударга бус болсон гэж үзэж байгаа бол тухайн санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан хүн, тээврийн үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан аж ахуй нэгж нь шүүхэд хандах боломж нь нээлттэй байгаа. Гэтэл тэгээгүй байж байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс наад гэрээ чинь буруу болсон байна. Та нар шинэ гэрээ байгуул гэж үүрэгдэх нь зөв биш гэж үзэж байна. 2.8 дахь заалтад уурхайн бүс нэрээр зөвшөөрөлгүй газар ухаж, суваг шуудуу татсан газраа тэгшилж хэвийн байдалд оруул гэсэн байна. Би одоо А Л ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл би “А х” ХХК-ийн Т. Нын уурхайн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байна. 6 жил 8 сар шахам ажиллаж байсан. А Л ХХК-д өөрийн эзэмшлийн ашиглаж байгаа газар гэж огт байдаггүй. Ямар нэгэн газар ухаад төнхөөд явах шаардлага байхгүй. Тус компанитай тээврийн гэрээ байгуулж ажиллаж байгаа бүх компаниуд өөрсдөө сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамалд хандаж хүсэлтээ гаргаад газар эзэмших зөвшөөрлөө аваад гэрээ байгуулаад, үүний дагуу төлбөрөө төлж явдаг зарчимтай. А Л ХХК өөрөө газар эзэмших ямар ч шаардлага байхгүй. Ажлын газар нь тэр компаний байранд байдаг учраас ямар нэгэн газар аваад байх шаардлага байдаггүй. Тогтоолын 2.10 дахь заалтад хууль бусаар тээврийн хэрэгслийн жолооч нарын тээврийн хөлсөөс авсан торгууль суутгалыг буцаан олгох арга хэмжээг 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор авч хэрэгжүүл гэсэн заалт байгаа. Гэрээнд торгууль гэж заагаагүй. Тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа жолооч архи уусан байх юм бол тээврийн ачилтын очер дугаарыг 3 удаа ухраах эсхүл мөнгөн хэлбэрээр олгох ёстой байсан цалингаас нь, хөдөлмөрийн хөлснөөс нь суутгах, замын хөдөлгөөний ямар нэгэн зөрчил буюу гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ утсаар ярьж явсан, бүрэн бус тээврийн хэрэгсэл эзэмшсэн, уурхайн бүсэд амьдрах оршин суух журам зөрчиж архи уусан, гаднаас оруулж худалдаа наймаа хийсэн, хууль бус мөрийтэй тоглоом тоглосон, буу зэвсэг хадгалсан зэрэг тохиолдолд сахилгын арга хэмжээ болгож суутгал хийнэ гэсэн заалт байдаг. Энэ заалтын дагуу суутгаж байгаа мөнгийг хууль бус гэж үзсэн байсан. Дотоод журмыг чинь биелүүлнэ гээд хөдөлмөрийн аюулгүй байдлын бүх талын шаардлагыг бүрэн биелүүлнэ гэж үүрэг авчихаад хэрэв зөрчсөн тохиолдолд би ийм ийм суутгал хийхийг зөвшөөрнө гээд зөвшөөрсөн байхад хууль бус гэж үзэх нь буруу гэж үзэж байна. 2018 онд А Л ХХК-тай хувиараа гэрээ байгуулж ажилладаг жолооч нарын зүгээс архи ууж тээврийн замд гарсан зөрчил 1 жилийн хугацаанд 70 гаруй удаа гарч байсан. Энэ нь асар том зам тээврийн осол гаргах нөхцөл байдлыг бий болсон байна. Үүнээс урьдчилсан сэргийлэх нөхцөл байдал зайлшгүй бий болсон байна гэдгийг харуулж байгаа юм. Үүнийг хууль бус суутгал, торгууль гэж хэлэх үндэслэлгүй юм. Ийм тохиолдолд шийтгэлийн арга хэмжээ болгож суутгаж байгаа суутгалыг хууль бус торгууль гэж нэрлэж байна. Жолооч нарын хувийн эрх ашгийг хангах үүднээс гаргасан гомдлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буруугаар ойлгож үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үндсэндээ энэ тогтоолын 1 дүгээр хэсгийг бүхэлд нь, 2 дугаар хэсгийн миний дурдсан заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн үндэслэл гарган тайлбарлаж, нэхэмжлэл гаргаж байгаа юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хуралд А Л ХХК-д гэрээгээр тээвэр хийдэг жолооч нараас 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 92 хүн гарын үсэг зурсан өргөдөл, гомдол ирүүлсэн байдаг. Энэ өргөдөл, гомдолд ямар зүйлүүд дурдагдсан бэ? гэхээр А Л ХХК нь бидний ажлын хөлсийг олон сар дарааллаж өгсөнгүй. Бид нарын эрхийг зөрчиж байна гэсэн байдлаар өргөдөл гомдол гаргасан байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон түүний Тэргүүлэгчид ямар нэгэн байдлаар асуудал үүсээгүй байхад нь хөндлөнгөөс орж үйл ажиллагаа явуулаад тогтоол, шийдвэр гаргаад явсан зүйл байхгүй. Иргэдээс ирсэн гомдол, хүсэлтийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн төр захиргааны байгууллагыг удирдаж байгаагийн хувьд шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай байсан. Жолооч нар өмнө нь А Л ХХК-ийн захирал Минжмаа гэдэг хүнд 06 дугаар сарын 18-ны өдөр 92 хүн гарын үсэг зурж, өргөдөл гомдол гаргасан байна. Мөн Минжмаа захиралд 06 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл, хүсэлтээ өгч байсан байна. Минжмаа захиралд өгсөн 06 дугаар сарын 30-ны өдрийн өргөдөл дээр “Бидэнтэй санхүү түрээсийн хамтран ажиллах, ажил гүйцэтгэх ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй. Тээврийн хөлсийг хугацаандаа өгөхгүй байна. Автомашины түрээсийн гэрээ дуусгавар болж нэр дээрээ шилжүүлэх гэтэл тухайн автомашины бичиг баримт хувь хүн болон банкны барьцаанд байгаа учраас бидэнд шилжихгүй байна. Жолооч нар өөрсдийнхөө хийсэн хөдөлмөрийн хөлсөө авах талаар удаа дараа шаардлага тавихад машинаа хураалгаж, уурхайн бүсээс гарч болно гэж дарамт үзүүлдэг. Энэ нөхцөл байдлаас болоод ихэнх жолооч нар гэрээний үүргээ биелүүлэхийн тулд хүлцэнгүй хандаж ажиллаж байгаа. Тээврийн хөлсийг улсаас тогтоосон тариф тонн тутамд 216 төгрөгөөр тогтоосон байхад А Л ХХК нь 105 төгрөгөөр тооцож байгаа нь бид нарын хөдөлмөрийг мөлжиж байна. Одоогоор түлшний үнэ хямдарсан байхад жолооч бидэнд хуучин үнээр нь бодож тооцоо хийж байна. Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймагт түлшний үнэ 1650 төгрөг болчихсон байхад 2020 оны 05 дугаар сарын тооцоог 2200 төгрөгөөр тооцож хийж байна. Хийсэн ажлынхаа хөлсийг шударгаар үнэлүүлэх гэж зүй ёсны шаардлага тависныхаа төлөө 34 жолоочийн ачаа тээвэрлэх гэрээг цуцалсан гэж байна. Ажлын хөлсөө авъя гээд шаардлага тавихаар 34 жолоочийг ажлаас нь халсан буюу ачаа тээвэрлэх гэрээг нь хүчингүй болгосон байдлаар үйл ажиллагаа явсан учраас эдгээр хүмүүс өргөдөл гомдол бариад яах ч аргагүй өөрсдөө асуудлаа шийдвэрлэж чадахгүй, хаана хандахаа мэдэхгүй. Эрх ашиг нь зөрчигдөөд байдаг. А Л ХХК Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийн эрх ашгийг зөрчөөд эсхүл холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулаад байхад орон нутгийн төр захиргааны байгууллага анхаарал хандуулах зайлшгүй шаардлага бий болж байгаа юм. А Л ХХК нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаагаа явуулаад Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй болон тус дүүргийн бусад төрийн байгууллагуудтай харилцаад ажиллаад явах боломжтой. Гэтэл тийм биш байтал орон нутгийг үл хүндэтгэсэн байдлаар хандаж, та нарын тавьсан шаардлага хууль бус байна гэсэн зүйл ярьж байгаа нь нөхцөл байдалд тохирохгүй байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хянан шалгах, үүнтэй холбогдох асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын илтгэл, саналыг хэлэлцэх” гэж зааснаар энэ хүрээнд анх 07 дугаар сарын 29-ний өдөр 1/120 дугаартай албан бичгээр А Л ХХК-д бид нар захиргааны хэм хэмжээний акт гаргах гэж байгаагийн хувьд мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулж байгаа юм. Дараа нь мэдэгдэх, сонсох ажиллагааны хүрээнд энэ компаний үйл ажиллагаа хуульд нийцэж байна уу? Үгүй юу? гэдгийг тогтоохоор ажлын хэсэг очиж ажиллаж байгаа юм. Ингэж ажилласныхаа дараа дахин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар оруулсан. Уг хуралд А Л ХХК-ийн ерөнхий инженер Баттулга, тооцооны төвийн нягтлан бодогч Ержан, “А Х” ХХК-иас Н гэх мэт хүмүүс орсон байдаг. Минжмаа захирлыг өөрөө энэ хуралд орооч ээ гэдэг байдлаар асуудалд хандсан боловч ирж оролцоогүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх”, 20.1.9-д “иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулж, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах” гэж заасан. Тийм учраас тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарын өргөдөл, гомдлыг судлаад үзэхээр хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн байдал зайлшгүй харагдсан учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргасан. Тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.13-т “нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн болон иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбогдсон асуудлаар Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга, төсвийн байгууллагын удирдлагад асуулга тавих, түүний хариуг хэлэлцэж санал, дүгнэлт өгөх”, 22 дугаар зүйлийн 22.1.9-д “нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих” А Л ХХК-ийн хувьд ямар асуудлуудыг ярьж байгаа вэ? гэхээр босоо удирдлагатай байгууллагууд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар ингэж үйл ажиллагаандаа татан оролцуулж бидний үйл ажиллагаанд хяналт шалгалт ирлээ гэж байна. Босоо удирдлагатай хууль хяналтын байгууллагууд Говь-Алтай аймагт ямар ажлыг хийх ёстой вэ? гэхээр төрийн байгууллагынхаа ажлыг хийх, хууль хэрэгжүүлэх ажлыг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт хийж байгаа юм. Тийм учраас яах ч аргагүй А Л ХХК нь Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд орон нутгийн болон босоо удирдлагатай төрийн байгууллагууд хууль хэрэгжүүлэх ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрх нь нээлттэй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд зөрчил дутагдлыг нь тогтоочихоод түүнийгээ батлах зорилгоор ажлын хэсгийг томилоогүй. Хоёрдугаарт газар дээр нь очоод хяналт шалгалтын ажлыг хийе. Гуравдугаарт түүнтэй холбоотой зохион байгуулах арга хэмжээний талаар тогтоол шийдвэр захиргааны актаа гаргая гэдэг байдлаар ажилласан. Түүнээс ямар нэгэн байдлаар батлах байдлаар хяналт шалгалтын ажлыг хийгээгүй. Ажлын хэсэг А Л ХХК болон “А Х” ХХК дээр ажилласны дараа 08 дугаар сарын 03-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хяналт шалгалтын ажлын илтгэх хуудсаа танилцуулсан. 20 орчим хуудас илтгэх хуудас байна. Энэ илтгэх хуудаст Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд ямар зөрчил, дутагдал байна вэ? гэхээр шалгалтын явцад А Л ХХК нь “Алтай хүдэр” ХХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон түүний урамшууллын системийн хэрэгжилтийг хангаж ажилладаггүй нь тогтоогдлоо гэж байна. НӨАТ-ын асуудал яригдаж байна. Бид нар шатахуун түгээгүүрээс шатахуун авахад НӨАТ-ын баримт өгдөг. Гэтэл тээвэр хийж байгаа жолооч нарт шатахуун борлуулчихаад НӨАТ-ын баримтыг нь өгдөггүй. Мөн заавал А Л ХХК-иас тээврийн хэрэгсэл, сэлбэгийг ав гэдэг. Гэтэл сэлбэг нь зах зээлийн ханшаас 2, 3 дахин нугарчихсан үнэтэй байдаг. Өөр газраас аваад тавьчих юм бол тээвэрт явуулахгүй гэдэг. Тээвэртээ явахын тулд тэндээс нь зайлшгүй сэлбэг авдаг гэж жолооч нар гомдолдоо дурдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хууль, аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бид нар суутгал хийдэг гэж ярьж байна. Архи уусан эсхүл замын хөдөлгөөний зөрчил гаргах юм бол суутгал хийдэг гэж байна. Компани ийм байдлаар Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй сахилгын шийтгэлийн тухайн хүмүүст оногдуулж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуульд компани захиргааны хариуцлага тооцно гэсэн зүйл заалт байхгүй. А Л ХХК-ийн захирал М Иргэний хуулийн зохицуулалтаар иргэн, аж, ахуй нэгжтэй ачаа тээврийн гэрээ болон түрээсийн гэрээг 2 талаас харилцан тохиролцож хийсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэл манай компаний хувьд хамааралгүй гэж тайлбарласан байна. А Л ХХК нь энэ хүмүүсийг ажиллуулаад ашиг орлогоо олоод явж байгаагийнхаа хувьд тэр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. 7 аж ахуй нэгж болон 90 гаруй тээврийн жолооч нар 2019 оны 12 дугаар сараас хойш Хүдэр тээвэрлэлт хийсэн ажлын хөлсөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. А Л ХХК-ийн зүгээс жолоочид хандан чи өнөөдөр 2 юм уу? 3 тээвэрлэлтэд яваад ир. Тэгвэл ажлын хөлсийг чинь өгье гэж барьцаалсан байдлаар тээвэрлэлтэд явуулдаг үйл ажиллагаа ажиглагдсан гэж байгаа юм. 1, 2, 3 удаа тээвэрт нь явж ирээд хөлсөө авъя гэхээр өгөх боломжгүй гэж хэлдэг. Тэр хүмүүс яах ч аргагүй компаний барьцаанд, банкны барьцаанд, санхүүгийн хүндрэлд орчихсон. Тус компаний үндсэн үйл ажиллагаа буюу ачаа тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа жолооч нартай түрээсийн гэрээ байгуулан ажиллаж, Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг ноцтой зөрчиж байна. Мөн тээврийн жолооч нарт цалин хөлстэй адилтгах орлого болох тээврийн хөлсийг цаг хугацаанд нь олгоогүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг зөрчжээ гэсэн байна. Тээврийн жолооч нарыг хөдөлмөр эрхлэх хугацаанд нь амрах, хооллох, усанд орох, бие засах, хувцас солих зэрэг эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд ажиллуулж байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийг зөрчжээ гэж Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагчаас дүгнэлт гаргасан. Хариуцагчийн зүгээс тэнд А Л ХХК-ийн 8-10 хүн ажилладаг. Тэр хүмүүс бүгд “А Х” ХХК-ийн байранд байдаг. Хоол унднаас нь иддэг гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ компаний үндсэн үйл ажиллагааг ямар хүмүүс хэрэгжүүлж байгаа вэ? гэхээр тээврийн жолооч нар хэрэгжүүлж байгаа. Гэтэл ажиллаж байгаа тээврийн жолооч нарын эрх ашгийг огт бодоогүй, хаячихсан. Өөрийнх нь компаний 8-10 хүн нь “А Х” ХХК-ийн байр байршил оффист суугаад ажлаа хийдэг. Тэр хүмүүс нь цалин хангамжаараа, ажиллах орчин нөхцөлөөрөө хангагдчихдаг. Тэгсэн мөртлөө үндсэн үйл ажиллагааг нь хэрэгжүүлж байгаа тээврийн жолооч нарыг хаана амьдрах, эрүүл ахуйн шаардлага хангана уу? Үгүй юу? гэдэг дээр нь анхаарал хандуулаагүй.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна: 4.2.1-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” гэж заасан. Бүгд нийгмийн даатгал нь төлөгдөж байх ёстой. Гэтэл энэ зүйл зөрчигдсөн байна гэдгийг нийгмийн даатгалын байгууллага тогтоосон. 315 машинаар тээвэр хийж байгаа бөгөөд 2019 оны 06 дугаар сараас хойш 80 орчим жолооч нарын нийгмийн даатгалын тогтмол 500.000 төгрөгийн цалин хөлснөөс тооцож төлсөн. Үлдэх жолооч нарыг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд даатгуулахаар тохирсон гэж тайлбарлаж байгаа зэрэг нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 16 дугаар зүйлийн 16.2-т “Шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх бөгөөд төлбөрийг бэлэн бус тооцооны журмаар гүйцэтгэнэ. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагч шимтгэлийг бэлнээр төлж болно” гэж заасныг зөрчсөн байна. Шүүхэд үүнийг нотлох баримтаар өгсөн байгаа. Мөн Авто тээврийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн. Газрын хууль тогтоомжийн тухайд Цээл сумын Т н-ын уурхайд хүдэрийн тээвэрлэлт хийж байгаа А Л ХХК-ийн 281 техникийн ашиглалт, зогсолтод 16.7 га газрыг ашиглаж эзэмшиж байгаа. Энэ газар нь 106.880.000 төгрөгийн үнэлгээгээр үнэлэгдэх газар байна. Энэ газар дээр А Л ХХК зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулж байна. А Л ХХК нь 16.7 га газар дээрээ тойруулж зогсоол татсан асуудал баримтаар тогтоогдсон. Зураг хөрөг нь авагдсан. Тээвэрт явах машинууд нь тэндээсээ шууд уурхайруугаа ордог. Ямар нэгэн байдлаар зөрчил дутагдал гаргах эсхүл тээврийн хөлс явъя гэсэн 34 жолооч нарын тээврийн гэрээг цуцлаад тухайн зогсоолдоо оруулдаггүй. Тухайн зогсоолоосоо шууд уурхай руу орж тээвэрлэлтээ хийдэг. 300 хэдэн жолоочтой гэж байна. 300 хэдэн жолооч гэдэг чинь 300 хэдэн машин гэсэн үг. Энэ компани ашиглаж байгаа газрынхаа хувьд ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан байна. Түрээсийн гэрээний хувьд А Л ХХК нь 50.000.000 төгрөгөөр, 100.000.000 төгрөгөөр машин түрээслүүлж, тээвэрлэлтийн гэрээг жолооч нартай байгуулдаг юм байна. Нэг жолооч 50.000.000 төгрөгийн машин авчихаад 20.000.000 юм уу 30.000.000 төгрөгийн төлбөрийг нь төлчихөөд явж байгаад ямар нэгэн байдлаар гэрээ зөрчсөн гэдэг үндэслэлээр ажлаасаа халагдах тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг компанид нь хүлээлгэж өгдөг. Тэгэхэд А Л ХХК дараагийн хүнд нь дахиад 50.000.000 төгрөгөөр үнийг нь тогтоогоод тэр хүн дахиад түрээсээ төлөөд явдаг үйл ажиллагаа байдаг талаар өргөдөл гомдолдоо дурдсан байдаг. Түрээсийн гэрээгээр өмчлүүлэх эд зүйл болох тээврийн хэрэгсэл нь А Л ХХК-ийн нэр дээр бүртгэлгүй. Худалдаа хөгжлийн банкны нэр дээр бүртгэлтэй гэж байгаа. Төлж дууссанаас хойш 1 жилийн хугацаанд тухайн компаний тээвэрт заавал явах ёстой гэсэн гэрээний нөхцөлтэй гэж тайлбарласан. Монгол Улсын Иргэний хуульд тухайн эд зүйлийн үнийг төлснөөр тухайн хүн өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэх ёстой. Гэтэл тухайн эд зүйлийн үнийг бүрэн бүтэн төлснөөсөө хойш дахиад уг компанид заавал 1 жил тээвэрлэлтэд яв. Явахгүй бол машинаа буцааж авна гэсэн гэрээтэй байгаа байх. Тийм учраас иргэний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн заалтууд гэрээн байгаа юм. Жолооч нар яах ч аргагүй машинаа өөрийн болгох, санхүүгийн хүндрэлээсээ шалтгаалаад компанитай гэрээгээ байгуулж ажиллаж байгаа. Жолооч үндсэн төлбөрөө төлчихлөө. Гэрээний үндсэн заалтуудаа биелүүлчихлээ. Машинаа нэр дээрээ шилжүүлье гэхээр машин нь Худалдаа хөгжлийн банкны нэр дээр байгаа. Жолооч нар Худалдаа хөгжлийн банктай гэрээ байгуулаагүй учраас банкнаас бид нар машинаа авъя гэж шаардаж чаддаггүй. Ийм байдлаар жолооч нарыг хохироосон үйл ажиллагааг А Л ХХК явуулж байсан гэж харж байгаа юм. Гэрээ байгуулахдаа түрээслүүлэгч А Л ХХК-ийн эрх ашигт нийцүүлсэн, түрээслэгч тээврийн жолооч нартаа хохиролтой, ашиггүй гэрээ байгуулсан нь илт харагдаж байна. Монгол Улсын Иргэний хуулийн дагуу гэрээнд оролцогч тал буюу түрээслэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлээгүй. Гэрээнд зайлшгүй тусгавал зохих гол нөхцлүүдээ харилцан тохиролцоогүй. Гол нөхцөлд тусгах саналыг харгалзан үздэггүй. Түрээслүүлэгч хэт давуу байдлыг бий болгосон. Жолооч нарын эрх зүйн байдлыг дордуулсан. Тухайлбал: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна”, 9.2-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй” гэж заасныг тус тус зөрчжээ гэсэн дүгнэлт хийжээ. А Л ХХК нь гэрээ байгуулахгүйгээр жолооч нараар тээвэр хийлгэж байгаад 1-3 сарын дараа гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулаад гэрээний 1 хувийг жолооч нарт өгдөггүй. Гэрээний агуулга, утга санааг тайлбарладаггүй. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд тээврийн жолооч нарт мэдэгддэггүй зэрэг нийтлэг хууль зөрчсөн тохиолдол байна. Компаний зүгээс түрээсийн гэрээ байгуулахдаа жолооч нарын хүсэлтийг сонсдоггүй. Жолооч нарыг та нар гэрээ байгуулвал байгуул байгуулахгүй бол яв гэдэг зарчим тогтсон нь холбогдох хуулийг ноцтой зөрчиж хөдөлмөрлөх эрхийг нь зөрчжээ. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж заасан. Мөн тээврийн жолооч нартай байгуулсан хүнд даацын тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ нь санхүүгийн түрээс, тээвэрлэлтийн гэрээний эрх зүйн зохицуулалтыг давхардуулж нэг гэрээнд тусгасан нь Монгол Улсын Иргэний хуулийг зөрчсөн байна. Мөн компаний зүгээс жолооч нарыг удирдаж бослого гаргасан, үймүүлсэн гэсэн үндэслэлээр 5 жолоочийн тээврийн хэрэгслийг лацдах, гэрээ цуцлах, кемпийн хашаанаас хөөх зэргээр айлган сүрдүүлж дарамталдаг байдал байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь ноцтой зөрчжээ. Зөрчлийн тухай хуулийг төрийн эрх бүхий тусгай байгууллага хэрэгжүүлж энэ хуулийн дагуу торгууль, шийтгэл оногдуулах ёстой. Гэтэл энд нэг компани төрийн тусгай байгууллагын хэрэгжүүлэх ёстой ажил үүргийг шууд авч хэрэгжүүлээд хууль зөрчиж байгаа юм. Хулгай хийсэн болон дүрэм, журамд заасан ноцтой зөрчил гаргасан бол 500.000 төгрөг гэсэн байна. Энэ чинь Зөрчлийн тухай хуулиараа хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаад явах ёстой. Гэтэл компани энэ ажлыг хийж байна. Хурд хэтрүүлсэн, жолоогоо бусдад шилжүүлсэн, мэргэжлийн жолоочийн үнэмлэхгүй тээвэрлэлт гүйцэтгэсэн, улс хоорондын тээвэрлэлт зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн бол 200.000 төгрөг гэх мэтээр Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулаад байна. Нотлох баримтаар өгсөн байгаа. А Л ХХК-ийн үйл ажиллагаанаас болж байгаль орчин болон тухайн бүс нутагт амьдарч байгаа зэрлэг ан амьтны амьдрах орчин нөхцөлд томоохон сөрөг нөлөөлөл гарч байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ компанитай нийгмийн хариуцлагын гэрээг байгуулах ёстой. Асуудлыг бүхэлд нь аваад үзэх юм бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал яах ч аргагүй орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа А Л ХХК-ийн үйл ажиллагаанд хандахаас өөр аргагүй байдлаар жолооч нар өргөдөл, хүсэлтээ тавьж ирсэн. Тийм учраас энэ тогтоол шийдвэрүүд гарсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн хуулийн заалтуудад үндэслэж үзвэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй байгаа бөгөөд иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх эрхтэй байдаг.
Иймд А Л ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах талаар А Л ХХК-д даалгах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаар “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний талаар” тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.7 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2 дахь заалтуудыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн “А Х” ХХК, А Л ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцээд /1.1-1.7/ заалт бүхий арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатад, тогтоолын 2 дахь заалт /2.1-2.10/ бүхий ажлыг хийж хэрэгжүүлэхийг “А Х” ХХК, А Л ХХК-ийн удирдлагуудад даалгасан байна.
А Л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаар “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний талаар” тогтоолын 1 дүгээр хэсэг, 2 дугаар хэсгийн 2.1, 2.2, 2.4, 2.7, 2.8, 2.10 дахь заалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 хэсэгт заасан “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны акт...”-ын шинжийг агуулж, 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, мөн манай хууль ёсны эрх ашгийг хөндөн, хууль бусаар хязгаарлалт тогтоосон гэж үзэх үндэслэл байгаа тул дээрх заалтуудыг хууль бус болохыг тогтоон А Л ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Маргааны үндэслэл нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын дарга Л.Б-д “...А Л ХХК-тай түрээсийн гэрээгээр хүнд даацын автомашинуудыг түрээслэж өөрийн болгох болзолтой гэрээ байгуулан дотоод тээврийн үйл ажиллагааг эрхэлж байна. Дээрхи компани нь бидний эрх ашгийг болон Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг уландаа гишгэлж байгаад бид маш их гомдолтой байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгалийн баялагыг гадагш нь тээвэрлэж байгаа атлаа тээврийн жолооч нарын эрх ашиг, ахуй амьдрал, ажиллах орчинд огт анхаарал тавьдаггүйн дээр бидний хөлс хүчээ зарцуулж өдөр шөнөгүй ажиллаж байгаа тээврийн хөлс цалинг өгөлгүйгээр сүүлийн байдлаар 11 сараас хойш буюу 8 сарын нүүр үзэж байна. Бидний ард гэр бүл ахуй амьдралын эдийн засгийн бүхий л хэрэгцээ болох өр зээл, өдрийн хоол хүнс, эрүүл мэндийн болон хүүхдийн сургалтын төлбөр гээд бүхий л асуудал бидний нуруун дээр байдаг. Бид гэр бүлээсээ хол ахуй амьдралаа авч явахаар хүнд машин механизмтай зууралдаж хоногийн 24 цаг, 7 хоног, сар 30 хоног, жилийн 12 сарын хугацаанд зүтгэж ажиллаж байна. Тээврийн жолооч нартай түрээсийн гэрээнээс өөр тээврийн болон ямар нэгэн гэрээ хэлцэл огт байгуулдагүйгээс эрхээ хамгаалсан ганц гэрээ болох түрээсийн гэрээнээс харахад илтэд компанийхаа эрх ашгийг хамгаалсан, түрээслэгчийн эрх ашгийг хөндсөн хууль зөрчсөн гэрээ болох нь харагддаг. Хэдийгээр тухайн байгуулсан түрээсийн гэрээний болзол хангагдаж машинаа шилжүүлж авах эрх үүсэх боловч тухайн машиныг нь банканд барьцаанд тавьсан гэсэн шалтгаанаар өгдөггүй. Энэ асуудлаас харахад тухайн машин хувь жолоочид түрээсийн гэрээний дагуу шилжих хууль эрх зүйн үндэслэл байхгүй болсон зэргээр жолооч нарын эрх ашиг маш ноцтой зөрчигдөөд байна. Эрх ашгийнхаа төлөө үг хэлсэн, дугарсан хүмүүсийг хайж түлхүүрээ өгөөд явж болно гэх мэтээр дарамталж байна. Одоогоор жолооч тээвэрчид уурхайн бүсэд дан бүрээстэй гэрт жилийн 4 улирал амьдарч, нааран дээр унтаж, бакришка түлж дулаацаж, нэгдсэн хоол хүнсний хангамжгүй өөрсдөө хоол ундаа хийх, заримдаа машиндаа унтаж, хооллох тохиолдол ч байна. Тээврийн хөлсний хэмжээг зах зээлийн ханш болон яамнаас тогтоогдсон тарифаас хэт доогуур боддог ...тээвэрчдийн хөдөлмөрлөх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, цалин тээврийн хөлсөө цаг хугацаандаа авах, хүчин төгөлдөр гэрээ байгуулж эрх зүйн орчноо таатай болгуулахаар таньд хандаж байна” гэх агуулга бүхий өргөдлийг А Л ХХК-д тээвэр хийдэг 92 жолооч регистер, утасны дугаар бичин гарын үсэг зурж өргөдөл гаргасан байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг заасан бөгөөд хуулийн 22.1.13-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Хуралд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн Цээл сумын “Т н”-ын төмрийн хүдрийн орд дээр үйл ажиллагаа явуулж буй “Алтай хүдэр” ХХК, А Л ХХК холбоотой асуудлаар үүссэн нөхцөл байдлыг судлах, ажилтан, албан хаагчид, иргэдээс ирүүлсэн санал, гомдлын хүрээнд санал дүгнэлт боловсруулах, хяналт шалгалт хийх ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан, Засаг даргын орлогч, аймгийн Авто тээврийн төвийн дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Хууль зүйн хэлтсийн дарга, аймгийн Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Нийгмийн даатгал, БОАЖ газар, Онцгой байдлын газар, ГХБХБ газрын дарга нар, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Цээл, Бугат, Алтай сумын ИТХ дарга, Жолооч нарын төлөөлөл зэрэг 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн байгуулж, ажлын хэсэг тээврийн жолооч нараас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан өргөдөл, гомдолд дурдсан хууль тогтоомжийн зөрчлийг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах, үнэлэлт дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор 2020 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй А Л ХХК-д ажилласан байна. 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А Л ХХК–ийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсгийн илтгэх хуудас 1-т Татварын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд: “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон түүний урамшууллын системийн хэрэгжилтийг хангаж ажилладаггүй ...Татварт ногдох бараа ажил, үйлчилгээ гэсний 7.1.1, 7.2.7, 7.2.9-т заасан бараа ажил үйлчилгээг борлуулдаг тус компани болон тээвэрлэлтийн үйл ажиллагаанд шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүн /шатахуун/, авто тээврийн хэрэгслүүдийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх гэрээтэй ажиллаж байгаа ...нэр бүхий компаниуд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг Татварын төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүргээ хэрэгжүүлээгүй ...цаашид А Л ХХК–ийг Татварын ерөнхий хуулийн 41.6. Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа орлогын хэмжээ, татварын төрөл, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан хяналт шалгалтын харьяаллыг тогтоож төлөвлөгөөт хяналт шалгалтанд бүрэн хамруулах арга хэмжээ авах...”, 2-т Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд: “...А Л ХХК нь жолооч нартай хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн эрх зүйн баримт бичиг үйлдээгүйн улмаас 2019 оны 12 дугаар сараас хойших тээврийн хөлсөө авах эрх хязгаарлагдаж, жолооч нар ачаа тээвэрлэх ажлыг гүйцэтгэх хугацаандаа ямар нэгэн осолд өртөх, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл бий болж байгаа нь жолооч нарын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн нөхцөлөөр хангагдах, аюулгүй байдлаа хангуулах эрх ноцтой зөрчигдөж, ...хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаас зайлсхийсэн...”, 3-т Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд: “...тус компани нь Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн нь тээврийн жолооч нараас гаргасан өргөдөл гомдол зарим санхүүгийн анхан шатны баримт, нийгмийн даатгалын байгууллагад гаргасан тайлан зэргээр нотлогдож байгаа тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, хэмжээг нь санаатайгаар бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлэх, алданги тооцох, мөн хариуцсан албан тушаалтан, ажил олгогчид торгуулийн арга хэмжээ ногдуулах үндэслэлтэй...”, 4-т Автотээврийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт: “...Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр тушаалаар баталсан ачаа, зорчигч тээвэрлэлтийн жишиг тарифаас 50 хувиас доогуур тээврийн хөлс тооцон олгосон ...”, 5-т Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд: “...А Л ХХК нь өөрийн өмчлөлд байгаа техник хэрэгслийн зогсолт, ашиглалтын талбайг эзэмших хүсэлт гаргаагүй нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх заалтыг тус тус зөрчсөн...”, 6-т Харуул хамгаалалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд: “...Сонор харуул хамгаалалтын алба нь зөрчил илрүүлж, зөрчлийн хуудас бичиж холбогдох компаниудад хүргүүлж, гэрээнд заагдсанаар суутгал тооцож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн ...Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил илрүүлж эрх бүхий Цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй...”, 7-т А Л ХХК–ийн тээврийн жолооч нартай байгуулсан Түрээсийн гэрээний талаар гэсэн хэсгүүдэд илэрсэн зөрчил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тусгаж, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд тухайн асуудлыг танилцуулсан.
А Л ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн илтгэх хуудсаар ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1.1-т “ ...А Л ХХК-иуд нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Автотээврийн тухай хууль, болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг зөрчсөн байдлыг судалж арилгах, хуулийн хэрэгжилтийг жигд хангуулах арга хэмжээг авч ажиллах”, 1.2-т “ ...А Л ХХК-ийн удирдлагуудтай 2020 оны 8 дугаар сард багтаан нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж талуудын саналыг бүрэн тусгаж, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх”, 1.3-т “Нийгмийн даатгал, Татварын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд А Л ХХК-ийн 2019, 2020 оны нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, санхүүгийн болон бусад шаардлагатай баримтыг 2020 ны 8 дугаар сарын 15-ны дотор татан авчирч шалгалтад хамруулах ажлыг зохион байгуулах”, 1.4-т “...А Л ХХК-иудад төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын урьд өгсөн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж, татвар, нийгмийн даатгал, ариутгал халдваргүйтгэлийн өр, усны нөөц ашигласны төлбөрүүдийг 2020 оны 8 дугаар сарын 15-ны дотор бүрэн барагдуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах”, 1.5-т “А Л ХХК-ийн орон нутагт хамаарах бүх өр төлбөр, жолооч нартай үүсгэсэн маргаан зөрчлийг бүрэн эцэслэж, Говь-Алтай аймагт бүртгэлтэй эрх бүхий тээврийн компаниар тээвэрлэлтийн үйл ажиллагааг гүйцэтгүүлэх ажлыг нэн яаралтай зохион байгуулж, “Хувь гэрээт” гэх хууль бус гэрээ байгуулж, татвар хяналтад хамрагдахгүй байгаа жолооч нарын үйл ажиллагааг цэгцлэх”, 1.6-д “ ...А Л ХХК-иудын бизнесийн талбарт дангаар илт давамгайлсан байдлыг өөрчилж, өрсөлдөөний зарчмыг хангах ажлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, орон нутагт бүртгэлтэй аж ахуйн нэгжээр шатахуун, хүнс, барааны бэлтгэн нийлүүлэлт, хангалт хийлгэх үйл ажиллагааг гүйцэтгүүлэх бололцоог бий болгох”, 1.7-д “...А Л ХХК-иуд болон тэдгээртэй бараа, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй бүхий л компаниуд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байгаа бөгөөд татварын улсын байцаагчийн 08 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.2-т заасан “Шаардах хуудас”-ны шаардлагыг 2020 оны 08 дугаар сарын 31-ний дотор бүрэн барагдуулах ажлыг Татварын хэлтэстэй хамтран зохион байгуулах” зэрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг тээвэр хийж байгаа жолооч нарын хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд болон А Л ХХК-ний удирдлагуудтай хамтран зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид даалгасан байгаа болохоос А Л ХХК-ний үйл ажиллагааг таслан зогсоосон, өөр бусад хэлбэрээр хясан боогдуулсан, А Л ХХК-ий эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн үүрэг даалгавар өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх”, 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 20.1.13-т “нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн болон иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбогдсон асуудлаар Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албаны дарга, төсвийн байгууллагын удирдлагад асуулга тавих, түүний хариуг хэлэлцэж санал, дүгнэлт өгөх” гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд А Л ХХК-ний үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн илтгэх хуудсаар ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцээд 57 дугаар тогтоолоор 1.1-1.7 заалт бүхий арга хэмжээг авч ажиллахыг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатад үүрэг болгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно”, хуулийн 84.4-т “Компанийн эрх бүхий албан тушаалтан нь дараах үүрэгтэй”, 84.4.1-т “хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх”, 84.4.2-т “үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх”, 84.4.3-т “компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах” гэж хуулиар зохицуулсан байхад тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхэлж байгаа А Л ХХК-д нутгийн өөрөө удирдах байгуулага буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 57 дугаар тогтоолын 2 дахь заалтаар тухайн компаний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх байдлаар компаний удирдлагуудад шууд үүрэг даалгавар өгч байгаа нь Компаний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 зааснаар тухайн байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн 2.1, 2.8-ийн А Л ХХК-д холбогдох хэсэг, 2.2, 2.4, 2.7, 2.10 заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 57 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн 2.1-.2.10 заалт бүхий ажлуудыг А Л ХХК-д хийж хэрэгжүүлэх талаар үүрэг даалгавар өгч байгаа нь үндэслэлгүй талаар шүүх тогтоосон хэдий ч мэргэжлийн байгууллага болон тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагууд хуулийг хэрэгжүүлэх талаар шаардлага зөвлөмжөө гаргах бүрэн боломжтой байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.7, 20.1.13, Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг баримтлан А Л ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний талаар” 57 дугаар тогтоолын 2 дахь хэсгийг 2.1, 2.8-ийн А Л ХХК-д холбогдох хэсэг, 2.2, 2.4, 2.7, 2.10 дахь заалтыг хүчингүй болгож, 57 дугаар тогтоолын 1 дэх хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ