Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 00075

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Б.Нинжбадгар, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нинжбадгарт холбогдох эрүүгийн 201606000143 дугаартай, 132/2016/0071/Э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багийн Хүрэнт гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Гүжир овгийн Балдандоржийн Нинжбадгар /РД: ГМ80082213/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Нинжбадгар нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хишиг-Өндөр сумын 5 дугаар баг 09-01 тоотод оршин суух иргэн Б.Алтанхуягийн автомашины гражид труба төмөр ашиглан цоожийг эвдэн нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч 1160000 /нэг сая нэг зуун жаран мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нинжбадгарын өгсөн: 2016 оны  05 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчим өөрийн төрсөн ах болох Алтанхуягийн автомашины гражын хаалганы цоожыг төмрөөр цохиж эвдлэн хаалгаар дотогш орж дотор байсан шуудайтай 15 кг ноолуур болон 2 ширхэг бугын эврийг аваад  гэртээ очоод байж  байтал найз Отгонбаяр автын үзлэгт орчихоод ирлээ гэхээр нь би ноолуур зараад өгөөч гэж гуйхад за тэгье гээд би ноолуураа үзүүлээд бид хоёр  хамт явж ноолууын ченж Мөнхжаргалд 600000 төгрөгөөр зарж борлуулж харин бугийн эврийг гадны явуулын үл таних ченжид 320000 төгрөгөөр зарж борлуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэх мэдүүлэг.

Эрүүгийн 201606000143 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Н.Отгонтуяагийн өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед худалдаж авсан ноолуураа хот руу явуулахаар граж руу очоод гражийн хаалга онгойлгох гэж үзтэл цоож онгойхгүй байсан. Тэгээд хартал цоожийг юмаар цохисон байсан. Тэгээд би түүхий эдийн ченж Мөнхжаргалыг дуудаад хаалга онгойлгоод өгөөч гэтэл Мөнхжаргал энэ цоож нэг биш байна гээд түлхүүр хийгээд хүчтэй таттал онгойсон. Тэгээд дотроос нь ноолуураа авах гэтэл байхгүй байсан. Тэгээд би ноолуур хийлгэсэн Билэгбаатарыг дуудаж ирүүлээд ноолуур хаана байна гэж асуухад гражид хураасан тэжээл дээр хамгийн ард тавьсан гэж хэлсэн. Тэнд нь ноолуур байхгүй байсан ба бид нар граж дотор хайгаад олоогүй тэгээд хулгай орж алга болсон байна гэж мэдээд сумын төвийн цагдаа руу яриад сумын төвийн камер ажиллаж байгаа юу, шалгуулах гэсэн юм гэхэд камер ажиллаагүй байгаа гэсэн. Тэгээд би гражаас шуудайтай ноолуур алдчихсан юмаа гэхэд цагдаа бүртгэж авсан. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед ноолуураа хийсэн байх. Би авсан ноолуураа шар өнгийн шуудайнд хийгээд хиллээд шуудайн дээр 15,1 кг гэж бичээд үүдний амбаарт тавьсан. Тэрнээс цааш нь граж руу Билэгбаатар оруулсан. Би дэлгүүртээ байхадаа Билэгбаатарт гражны түлхүүр өгөөд гэрлүүгээ явсан. Тэрнээс хойш граж руу хэн ч ороогүй гэх мэдүүлэг /хх 15-16 тал/           

Гэрч Ц.Отгонбаярын өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эхнэр бид хоёр 2 хүүхдээ дагуулаад сумын төв рүү явсан. 11 цагийн орчимд машинаа үзлэгт оруулчихаад эргээд хөдөө гарах гэж явж байгаад 16 цагийн үед байхаа Зэндмэнэ хүнсний дэлгүүрийн хажууд Нинжбадгартай таараад хөлдөөгч буулгаад өгөөч гэхээр нь урд хорооны шар Төрөө гэх айлаас хөлдөөгч аваад эхнэрийх нь ажилладаг цайны газарт нь буулгаж өгчихөөд Нинжбадгар эхнэрээ аваад манайд очьё гээд дагуулааад явсан. Тэгээд хоол, унд идчихээд байж байтал гарж бие засах гээд гартал Нинжбадгар пошигтой хог асгаад ирэе гээд бүгд гарцгаасан. 200-гийн пошигтой юм ачаад уруудаад явж байтал гэнэт ноолуур болоод явчихсан. Би юун ноолуур вэ гэхэд Нинжбадгар манай аав, ээжийн ноолуур байгаа юм гэж хэлээд эхнэр бид хоёрыг тушаагаад өгөөч гээд гуйгаад байхаар нь ноолуур авдаг ченж Жагаад зарж өгсөн…гэх мэдүүлэг /хх 18-19 тал/

Гэрч Х.Бүжиндуламын өгсөн: …Нинжбадгар аав, ээжийн ноолуур байгаа юм гэж хэлээд нөхөр бид хоёрыг тушаагаад өгөөч гэж гуйгаад байхаар нь ченж Жагаад зарж өгсөн. 15 кг 70 грамм ноолуур болсон. Нийт үнэ нь 600.000 төгрөг болсон. Ноолуураа зарчихаад дэлгүүрээс нэг шил архи, хэдэн лааз пиво аваад Нинжбадгарын гэрт нь очоод бид хэд жаал юм ярьж сууж ууцгаасан. Манай хүн нэлээн согтуу болчихоор нь энд хоноод маргааш явъя гээд хоносон. Маргааш өглөө нь 10 цагийн алдад бид 2 хөдөө гэрлүүгээ харьсан гэх мэдүүлэг /хх 21 тал/

Гэрч С.Дэжидмаагийн өгсөн:…манай нөхөр Нинжбадгар, Отгонбаяр хоёр гадаа уулзаад байж байгаад орж ирээд хог асгана гээд бөөнөөрөө гарцгаасан хогоо ачсан байж байсан. Тэгээд бид нар явж байтал манай нөхөр надад энэ хоёроос мөнгө зээлж байгаа юмаа гэсэн. Эрдэнэпүрэв гэх хүний дэлгүүр ороод гарч ирэхдээ ноолуур зарна гээд гарч ирсэн. Тэгээд хөдлөж байтал ченж Мөнхжаргал гэрлүүгээ явж байхаар нь бид нар араас нь очиж шуудайтай ноолуураа  бариад  гэр рүү нь авч орсон. Удалгүй гарч ирээд зарчихлаа энэ хоёрын мөнгийг өгье гэхээр нь гэр орондоо очиж байгаад болъё гээд хөдөлсөн замдаа дэлгүүрээс архи,  пиво аваад манайд очиж уугаад унтацгаасан. Өглөө нь надад Бүжээ 600000 /зургаан зуун мянган/ төгрөг өгсөн би тоолж аваад ажилдаа гарсан гэх мэдүүлэг /хх  22-23 тал/

Гэрч М.Цолмонгийн өгсөн:…Нөхөр бид хоёр авсан ноолуураа хотруу явуулах гээд хамт ноолуур авдаг Оюунтуяа эгч рүү залгаад таньд ноолуур байгаа юу та зарах уу гэхэд надад хэдэн кг ноолуур байгаа зарна гэсэн. Тэгээд бид 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед гэрт нь очсон. Оюунтуяа эгч дэлгүүртэй сууж байсан. Ноолуураа авч өгье гээд граж руугаа ирсэн боловч цоожоо онгойлгож чадаагүй. Тэгээд би нөхөр Мөнхжаргалыг дуудаад Оюунтуяа эгч тэр 2 хамжиж байгаад онгойлгосон. Тэгээд ноолуураа авах гэтэл байхгүй байсан.

…2016 оны 05 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед 1 дүгээр багийн иргэн Отгонбаяр эхнэр 2 хүүхдийн хамт бас дээр нь Нинжбадгар эхнэр Жиймаа гэж дууддаг нэрийг нь сайн мэдэхгүй байна. 15,7 кг ноолуур зарсан. Шуудайны жин гэж 70 гр хасаад 15 кг ноолуурыг 1 кг үнийг 40000 төгрөгөөр бодож 15 кг ноолуурыг 600000 төгрөгөөр авсан. Өөр их хэмжээгээр тухайн өдрүүдэд ноолуур орж ирээгүй гэх мэдүүлэг /хх 24-25 тал/

Гэрч Н.Мөнхжаргалын өгсөн: …2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр орой 20 цагийн орчимд 1 дүгээр багийн иргэн Отгонбаяр эхнэр 2 хүүхдийн хамт бас Нинжбадгарын эхнэр 15.7 кг ноолуур зарсан. Шуудайны жин гэж 70 гр хасаад 15 кг ноолуурыг 1 кг үнийг 40000 төгрөгөөр бодоод 15 кг ноолуурыг 600000 төгрөгеөр авсан гэх мэдүүлэг /хх 26-27 тал/

2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд

1160000 /нэг сая нэг зуун жаран мянга/ төгрөгийн хохирол тогтоогдсон гэх дүгнэлт /хх-ийн 30 тал/,

     Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 5 тал/

     Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 тал/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8 тал/,

     Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 9-10 тал/

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-59 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Нинжбадгар нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хишиг-Өндөр сумын 5 дугаар баг 09-01 тоотод оршин суух иргэн Б.Алтанхуягийн автомашины гражид труба төмөр ашиглан цоожийг эвдэн нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч 1160000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн...2016 оны  05 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчим өөрийн төрсөн ах болох Алтанхуягийн автомашины гражын хаалганы цоожыг төмрөөр цохиж эвдлэн хаалгаар дотогш орж дотор байсан шуудайтай 15 кг ноолуур болон 2 ширхэг бугын эврийг аваад  гэртээ очоод байж  байтал найз Отгонбаяр автын үзлэгт орчихоод ирлээ гэхээр нь би ноолуур зараад өгөөч гэж гуйхад за тэгье гээд би ноолуураа үзүүлээд бид хоёр  хамт явж ноолууын ченж Мөнхжаргалд 600000 төгрөгөөр зарж борлуулж харин бугийн эврийг гадны явуулын үл таних ченжид 320000 төгрөгөөр зарж борлуулсан гэх, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, илтгэх хуудас, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 9-10/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 57-59/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Нинжбадгар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

     Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Нинжбадгарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

     Шүүгдэгч Б.Нинжбадгар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдвал зохино.

                 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 29.5 см урттай труба төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Гүжир овгийн Балдандоржийн Нинжбадгарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Нинжбадгараас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Нинжбадгарт оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Нинжбадгарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 01 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Нинжбадгар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 29.5 см урттай труба төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нинжбадгарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

   

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ДЭЛГЭРМӨРӨН