Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2014/0493

 

Дугаар 493

Б.О-ийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.О-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд нь эрхэлж байсан Улаангом сумын 3 дугаар багийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгах тухай” гэжээ.

Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төрийн албаны салбар зөвлөлөөс албан бичиг ирж, ажлын байрны шинэчилсэн тодорхойлолтоор нийгмийн ажилтан мэргэжилтэй байх гэсэн заалтын дагуу мэргэжлийн бус нийгмийн ажилтнуудыг чөлөөлсөн болно. Мөн түүнчлэн ажлаас чөлөөлөгдсөн Б.О-ийн анкет болон ЗДТГ-ын албан тоотоор ажлын байраар хангаж өгөхийг хүсэж аймгийн хөдөлмөрийн хэлтэст хүргүүлсэн боловч ажлын байр гараагүй юм.

Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болохыг мэдэгдье” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгэр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар

зүйлийн 46.1,       69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч

Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улаангом сумын ЗДТГ-ын даргын 2014 оны 4 сарын 30-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.О-ийг мөн сумын 3 дугаар багийн нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны /2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 28-ны/ олговорт 2113865 төгрөгийг /хоёр сая нэг зуун арван гурван мянга найман зуун жаран таван/ Улаангом сумын ЗДТГ-аас гаргуулан нэхэмжлэгч Б.О-/зохих суутгал хийх/-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Б.О ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдол гаргаж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан билээ.

Б.О нь тухайн үед мэргэжлийн бус, шинэчлэгдсэн ажлын байрны тодорхойлолтын дагуу мэргэжлийн нийгмийн ажилтан ажиллуулах шаардлагатай мөн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу ажилдаа хариуцлага сулруулж ажилласан тул сануулах шийтгэл авагдаж байсан зэргийг харгалзан үзэж ажлаас чөлөөлөгдсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81.1-д зааснаар 2014 оны 10 сарын 28-ны өдрийн дугаар 30 тоот анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүх дахин хянаж үзэхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.О-ийн Улаангом сумын Засаг даргын Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хэвээр үлдээж, харин ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нь өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Одгэрэл нь 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгч тэнцэн улмаар Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 08 дугаар тогтоолоор Улаангом сумын багийн нийгмийн ажилтан, зохион байгуулагчийн ажлын байранд нэрийг нь дэвшүүлж Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын 2012 оны 02 дугаар

 

 

сарын 15-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар тус сумын 3 дугаар багийн нийгмийн ажилтан, зохион байгуулагчаар томилогдон ажиллажээ.

Гэтэл Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2013 оны 77, 100 тоот албан бичгүүдтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.О-ийг дээрх үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

  1. Төрийн албанд тодорхой албан тушаал эрхлэхээр томилогдон ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлөхтэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 24 дүгээр зүйлийн 24.1-д тусгайлан зохицуулж өгсөн байна. Харин энэ тохиолдолд хариуцагч нь маргаан бүхий Б/24 дугаар тушаалаараа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-д заасан “төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах" зохицуулалтыг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байгаа нь хууль зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нийгмийн ажилтан, зохион байгуулагчийн албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болж буй Төрийн албаны тухай хуулийн 23.1.2 дахь заалт нь тухайн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь уг албан тушаалыг эрхлэх шаардлага хангахгүй болсон нөхцөлд албан тушаал бууруулахаар зохицуулсан байна.

Гэтэл нэхэмжлэгчийн хувьд 2012 оны Үр дүнгийн гэрээгээ 84.3 хувийн гүйцэтгэлтэйгээр В үнэлгээтэйгээр[1], 2013 оны Үр дүнгийн гэрээгээ 80.63 хувийн гүйцэтгэлтэй В үнэлгээтэйгээр[2] тус тус дүгнүүлж, 2012 оны Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын 6/55 дугаар тушаалаар[3] шагнагдсан төдийгүй ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх, хариуцагчийн гомдолд дурдагдсан нэхэмжлэгчийг ажил үүрэгтээ хариуцлага алдаж сануулах шийтгэл авч байсан зэрэг нөхцөл байдал хэрэг авагдсан нотлох баримтуудаас тогтоогдохгүй байна.

Иймд анхан шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж маргаан бүхий Б/24 тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 
  1. Хариуцагч гомдлын үндэслэлээ ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдсэний дагуу мэргэжлийн нийгмийн ажилтан ажиллуулах шаардлагатай болсон учраас мэргэжлийн бус хүмүүсийг ажлаас чөлөөлсөн гэж тодорхойлсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь мөн хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь 2012 онд Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлд Улаангом сумын Засаг даргын тамгын газраас нийгмийн ажилтан, зохион байгуулагчийн ажлын байрны захиалга[4] хүргүүлсний дагуу тухайн үед ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж, уг албан тушаалд томилогдсон бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, үндсэн үйл ажиллагаа, тавигдах тусгай шаардлага зэрэг нь шинэчлэгдсэн гэх ажлын байрны тодорхойлолтод нэгэн адил тусгагдсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь уг шалгуурыг ажиллах хугацаандаа хангаж, сайн үнэлгээтэйгээр дүгнүүлэн ажиллаж байсан байна.

Өөрөөр хэлбэл гагцхүү “мэргэжилд өөрчлөлт” орсон гэсэн шалтгаанаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна. Гэтэл шинэ ажлын байрны тодорхойлолтод дээрх албан тушаалыг эрхлэх мэргэжилтнээс зайлшгүй шаардагдах мэдлэг боловсрол, ажлын чадварт нэмэлт шаардлага тавиагүй атлаа өмнөх шаардлагуудыг хангасаар ирсэн нэхэмжлэгчийг уг албан тушаалаас чөлөөлсөн хариуцагчийн үндэслэлийг хүлээж авах боломжгүй байна.

  1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэж нэхэмжлэгчид олгох олговроос маргаан бүхий Б/24 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид олгосон тусламжийг хасаж тооцохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

т

Анхан шатны шүүх Улаангом сумын Засаг даргын даргын тамгын газрын даргын Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилуулахыг даалгаж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл дэвтэрт бичилт хийх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг байна гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг захиргааны байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй түүний улмаас хохирол учирлаа гэж үзвэл нэхэмжлэх эрх нь нээлттэй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь хариуцагчийн 2014 оны 04 дүгээр сарын 30 өдрийн Б/24 дүгээр тушаал болоод нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм. Өөрөөр хэлбэл уг актын үйлчлэлийн улмаас нэхэмжлэгч нь ажлаасаа чөлөөлөгдөж нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасалдах болсон бөгөөд харин маргаан бүхий актыг хүчингүйд тооцсоноор, үүнээс улбаалж нэхэмжлэгчийн эрх. хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргээгдэх учиртай тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговроос төлөх ёстой нийгмийн даатгалыг шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг захиргааны байгууллагад даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг “ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
 

[1] Хавтаст хэргийн 44 дүгээр тал

[2]  Хавтаст хэргийн 37 дугаар тал

[3]  Хавтаст хэргийн 42 дугаар тал

[4]  Хавтаст хэргийн 48 дугаар тал