| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0296/И |
| Дугаар | 390 |
| Огноо | 2017-12-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Н.Баярсүрэн, Л.Энхбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Мөнгөн морьт 3 дугаар баг Булагт оршин суух, Боржгон Нямсүрэнгийн Баасанжаргал /РД:НЧ83103019/
Хариуцагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчид 4 дүгээр гудамж 390 тоотод оршин суух, Ногоон оройт Батцэнгэлийн Энхтөр /РД:УД78113010/-д холбогдуулан
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3.060.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
хариуцагч Б.Энхтөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.067.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Баасанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл, иргэдийн төлөөлөгч Д.Амарсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Баасанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Б.Энхтөр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас миний өмчлөлийн эм тамгатай, хурдан удмын угшилтай нэг гүү, нэг эр даага буюу 2 адууг дайрснаас 3.060.000 төгрөгний хохирол учирсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Б.Энхтөр тухайн үед цагдаад шалгагдаж байхдаа миний таньдаг манай нутгийн залууг дагуулж ирээд удам угшил ярилгүй байгаа ч хохирлыг бүрэн барагдуулах болно гээд гуйхаар нь 1.600.000 төгрөг төлөөрэй гэж хэлсэн ба тэрээр зөвшөөрсөн. Гэтэл хөрөнгийн үнэлгээгээр гүүг 600.000 төгрөг, эр даагыг 350.000 төгрөг нийт 950.000 төгрөг гэсэн байна. Одоо би энэ хүнээс мөнгө нэхэж шүүх рүү олон дахин ирэхээс залхаж байгаа тул шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа 950.000 төгрөгөөр багасгаж байна. Харин Б.Энхтөртэй 475.000 төгрөгөөр эвлэрэх боломжгүй.
Мөн намайг малаа хараа хяналтгүй байлгаснаас автомашинд эвдрэл гэмтэл үүссэн гэж 2.067.000 төгрөг нэхэмжилж байгаа Б.Энхтөрийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
Учир нь монгол зан заншлаар бол 5 хошуу мал бэлчээрийн амьтан. Тэр тусмаа адуу хариуллагагүй нутаг сэлгэн чөлөөтэй бэлчдэг адгуус. Мөн би шөнийн цагаар хариулаад яваад байх боломжгүй нь тодорхой. Харин замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгсэл жолоодон яваа жолооч замын хөдөлгөөний дүрмээ илүү баримтлах ёстой гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ослын улмаас Н.Баасанжаргалын 2 адуу үхсэн талаар маргаагүй. Харин осол гарах болсон шалтгаан нөхцөл хэний буруутай үйлдлээс болсон бэ? гэдгийг харгалзах ёстой.
Нэхэмжлэгч Н.Баасанжаргал засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгаж болохгүй гэсэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 дахь заалтыг зөрчсөн. Учир нь Б.Энхтөр өөрийн өмчлөлийн 41-38УБЧ улсын дугаартай, Toyota Estima маркын автомашиныг жолоодон үзэгдэх орчин хязгаартай нөхцөлд явж байхад эсрэг урсгалын автомашины гэрэл гялбах үед зам дээр хариулагагүй адуу гарч ирснээс осол гарсан. Иймд автомшинд учирсан хохирол 2.067.000 төгрөгийг Н.Баасанжаргалаас шаардсан.
Харин ослын газрын актаар Б.Энхтөрийг автомашинаа зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн тул Н.Баасанжаргалын нэхэмжлэлийн шаардлага болох 950.000 төгрөгийн тал хувиар эвлэрэх боломжтой гэв.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Баасанжаргал хариуцагч Б.Энхтөрд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3.060.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа шүүх хуралдааны шатанд багасгаж, 950.000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн.
Хариуцагч Б.Энхтөр нэхэмжлэгч Н.Баасанжаргалын нэхэмжлэлээс 475.000 төгрөгийг зөвшөөрч эвлэрэх боломжтойгоо тайлбарласан ба сөрөг нэхэмжлэл болох 2.067.000 төгрөгийн шаардлагаа бүрэн дэмжсэн.
Зохигчид гэм буруугийн болон зөрчлийн улмаас үүссэн хохирлыг хэн хэрхэн хариуцах үүргийн талаар маргасан тул тэднийг үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар эвлэрэх боломжгүй гэж үзсэн.
Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, хариуцагч Б.Энхтөр 2017 оны 5 дугаар сарын 19-ний шөнийн 23 цаг 10 минутын орчимд Багануур дүүргийн 2 дугаар хороо, Галуут-140 постны зүүн талын зам дээр 41-38УБЧ улсын дугаартай, Toyota Estima маркын автомашиныг жолоодон явахдаа 6 настай 1 тооны гүү, 2 настай 1 тооны даагыг мөргөсний улмаас нэхэмжлэгч Н.Баасанжаргалын эд хөрөнгөд 950.000 төгрөгийн гэм хор, өөрийнх нь эд хөрөнгөд 2.067.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Цагдаагийн ахмад Б.Амаржаргал 6 настай 1 тооны гүү, 2 настай 1 тооны дааганы өмчлөгч Н.Баасанжаргал болохыг тогтоож, зөрчлийн талаар асууж тэмдэглэл хөтөлсөн байх тул нэхэмжлэгч Н.Баасанжаргал эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээд болон 41-38УБЧ улсын дугаартай, Toyota Estima маркын автомашины өмчлөгч буюу эзэмшигчээс шаардах эрхтэй.
Хариуцагч Б.Энхтөр тээврийн хэрэгсэлийг ашиглах явцдаа бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу эд юмсыг эвдэж, устгаж, гэмтээсэн бол Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д заасны дагуу гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Харин гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгээ нотолбол энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл нь Н.Баасанжаргалыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.7-д “суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө” гэж заасан заалтыг зөрчсөн болохыг тогтоосон акт, 60.000 төгрөгөөр торгосон шийтгэврийн хуулбар, Голомт банкинд 60.000 төгрөг төлсөн орлогын мэдүүлэг зэрэг баримтыг /хх-5, 84, 85/ үндэслэн хариуцагч Б.Энхтөрийн гэм буруутай үйлдлийн улмаас осол гаргаагүй гэж маргаж байгаа ч хариуцагч Б.Энхтөр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа өөдөөс ирсэн автомашины гэрэлд нүд гялбах үед зам тээврийн осол гаргахгүй байх үүднээс хурдаа сааруулж, урд болон хажууд яваа хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахгүйн тулд эгнээ байраа солихгүйгээр зогсох арга хэмжээг авч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1-ийн а-д заасан заалтыг зөрчөөгүй болохоо баримтаар нотлоогүй.
Харин хавтаст хэргийн 3-7 дахь хуудсанд авагдсан баримтыг үнэлвэл, хариуцагч Б.Энхтөр 2017 оны 5 дугаар сарын 19-ний шөнийн 23 цаг 10 минутын орчимд Багануур дүүргийн 2 дугаар хороо, Галуут-140 постны зүүн талын зам дээр 41-38УБЧ улсын дугаартай, Toyota Estima маркын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа 6 настай 1 тооны гүү, 2 настай 1 тооны даагыг мөргөж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1-ийн а-д “Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж заасан заалтыг зөрчсөн гэм буруутай болох нь ослын газарт үзлэг хийсэн бүдүүвч зураг, осол гарсныг тогтоосон актыг зөвшөөрсөн баримтын хуулбар, үхсэн 2 адуу болон автомашины фото зураг, Захиргааны шийтгэл ногдуулан 24.000 төгрөгөөр торгож, жолоочийн 5 оноог хассан тэмдэглэл, гэрч Б.Амаржаргалын “...Жолооч үүргээ биелүүлээгүй, хурдаа тохируулаагүй, 2 эгнээтэй сөрөг хөдөлгөөнтэй зам дээр 1 адууг 2 метр гаруй чирээд явсан. ...Ер нь шууд утгаараа жолооч мөргөхгүй, шүргэхгүй замын хөдөлгөөнд оролцоно. ...Гэнэт гараад ирсэн юманд жолооч машиныг зогсоох арга хэмжээ авах ёстой. Тухайн жолооч 80, 60 км цагийн хурдтай явж байхад урьд нь ямар нэгэн зүйл гарч ирвэл жолооч бүрэн зогсоох арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй. ...Зам өөрөө 2 талдаа өндөр далантай, жолоочийн гэрэлд харагдах хэмжээнийх ...жолоочийн өөрийн самбаачлах хугацаа байх ёстой. ...Далантай хэсгээр шууд давхиад ороод ирэхгүй. ...Хоёуланг нь торгосон гээд замын хөдөлгөөний дүрэмийн 50, 50 хувь зөрчсөн гэсэн заалт байхгүй” гэсэн мэдүүлэг, хариуцагч Б.Энхтөрийн шүүхэд өгсөн “...намайг явж байхад урьдаас гэрлээ шилжүүлээгүй хоёр машин өнгөрсөн. Тухайн үед гэрлийн гялбаанд мал орж ирж явааг хараагүй үнэн. ...би 2 гүү эсхүл бэлэн байгаа 1.0 сая төгрөг өгье гэсэн” гэх тайлбар зэрэг баримтаар тогтоогдлоо.
Иймд хариуцагч Б.Энхтөр Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Баасанжаргалын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах үүрэг хүлээж байна.
Шүүх хариуцагч Б.Энхтөрийн болгоомжгүй үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээ, гэм хор учирсан нөхцөл байдлыг харгалзан гэм хорын хэмжээг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааны дагуу багасгах боломжтой.
Нэхэмжлэгч Н.Баасанжаргалын адуу засмал замд 50 метрээс дотогш орсон зөрчил байгаа ч төв суурин газарт хариулгагүй мал бэлчээрлээгүй, мөн тогтсон зан заншлийн дагуу адууг бусад малын адил бэлчээрээс оройн цагаар хураагаагүйг буруутгах боломжгүй. Харин хариуцагч Б.Энхтөр орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам дээрх саадыг тойрох, эсхүл зогсож өнгөрүүлэх үйлдэл хийгээгүй, хэт анхаарал болгоомжгүйгээс гэм хор учрах шалтгаан болсон гэж үзлээ.
Иймээс шүүх шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 826 тоот дүгнэлтийг үндэслэн хариуцагч Б.Энхтөрөөс 950.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Баасанжаргалд олгож шийдвэрлэлээ.
Харин хариуцагч Б.Энхтөр нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэхаус” ХХК-ийн барьцаанд байсан М.Чулуунбаатарын өмчлөлийн 41-38УБЧ улсын дугаартай, Toyota Estima маркын автомашиныг барьцаанаас чөлөөлөн худалдаж авсан эд хөрөнгөд Н.Баасанжаргалын хариулгагүй мал хохирол учруулсан гэж 2.067.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан.
“Монре даатгал” ХХК-тай байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээн дээр 41-38УБЧ улсын дугаартай, Toyota Estima маркын автомашиныг өмчлөгч “Эрдэнэхаус” ХХК гэсэн байгаа ч уг автомашины 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээр М.Чулуунбаатар өмчлөгч байна.
Хариуцагч Б.Энхтөр Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1.-д заасны дагуу өмчилж авсан тээврийн хэрэгсэлээ 72 цагийн дотор нэр дээр шилжүүлэн бүртгэл хийлгэх үүргээ биелүүлээгүй ч 41-38УБЧ улсын дугаартай, Toyota Estima маркын автомашиныг М.Чулуунбаатараас худалдан авснаа нотлох зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэл, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-иар хохирлын үнэлгээ гаргуулахад төлсөн 60.000 төгрөгийн баримтыг шүүхэд өгсөн, энэ талаар М.Чулуунбаатараар гэрчлүүлэхээр хүсэлт гаргасан зэргээс дүгнэвэл талууд хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй ч М.Чулуунбаатар эд хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлэн өгснөөр өмчлөх эрх дуусгавар болж Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1.-т зааснаар 41-38УБЧ улсын дугаартай, Toyota Estima маркын автомашиныг өмчлөх эрх хариуцагч Б.Энхтөрд шилжсэн байна.
Иймд хариуцагч Б.Энхтөр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д зааснаар өөрийн өмчлөлийн зүйлээ бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.
Гэтэл хариуцагч Б.Энхтөрийн эд хөрөнгөд учирсан хохирол өөрийнх нь гэм буруугийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Н.Баасанжаргал 2.067.000 төгрөгийн гэм хорын хохирлыг арилгах үүрэггүй.
Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар нэхэмжлэгч Н.Баасанжаргалаас 2.067.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Энхтөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Мөн Иргэдийн төлөөлөгч Б.Амарсанаа нь Б.Энхтөрийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Н.Баасанжаргалд хохирол учирсан тул 950.000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй. Харин Б.Энхтөрийн сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан болно.
Шүүх хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Н.Баасанжаргал улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.010 төгрөг, хариуцагч Б.Энхтөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 27.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.1., 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Ногоон оройт Батцэнгэлийн Энхтөрөөс 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Боржгон Нямсүрэнгийн Баасанжаргалд олгож, хариуцагч Б.Энхтөрийн 2.067.000 /хоёр сая жаран долоон мянга/ төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Н.Баасанжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.010 /жаран гурван мянга арван/ төгрөг, хариуцагч Б.Энхтөрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 48.022 /дөчин найман мянга хорин хоёр/ төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхтөрөөс улсын тэмдэгтийн хураамж 27.350 /хорин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Баасанжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Н.БАЯРСҮРЭН
Л.ЭНХБИЛЭГ