Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 413/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,  

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

-шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга

-насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Цэвээндулам

- иргэний нэхэмжлэгч Д.Бямбаа, Б.Лхам,

-хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Мэндсүрэн, 

-шүүгдэгч Х.Бат-Орших нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан ястан овогт Хандаагийн Бат-Оршиход холбогдох эрүүгийн 1734001180124 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 10ы өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгино-Хайрхан дүүргийн 30 дугаар хороо 12-33 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаан ястан овогт Хандаагийн Бат-Орших /РД:УС71011036/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Хандаагийн Бат-Орших нь Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Шилэн байшин” гэх газарт Архангай-Улаанбаатар чиглэлийн асфальтан замын 150 дахь тэмдэгтийн орчимд 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагийн үед Шевролет маркийн 63-29 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 8.2, дахь заалтуудыг зөрчсөнөөс улмаас эсрэг урсгалд орж, Тоёота приус-20 маркийн 73-18 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас зорчигч Л.Мөнхбаясахын эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Бямбаа, Б.Лхам нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөд 4.340.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.Бат-Орших нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймагт очсон. Манай баз хүргэн авто ослоор нас барсан тул бид нар шөнө Улаанбаатар луу гарч байгаад замдаа осол гаргасан. Би тэрийгээ сайн мэдэхгүй байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, цаашид гарах хохирлыг би төлнө” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Цэвээндулам нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Бид нар Архангай аймаг руу 7 сарын 09-ны өглөө 2 машинтай гараад явж байсан. Тэгээд Лүнгийн гүүрний хажууд хоноод өглөө 05 цаг өнгөрөөгөөд гараад явсан. Тэгээд манай охин машинтайгаа түрүүлээд явж байсан бид нар араас нь явж байсан чинь манай охины машин замын хажууд унчихсан байсан. Тэгсэн манай өвгөн нил цус болчихсон уйлаад бууж ирсэн. Тэгээд бид нар охиноо татаж гаргаад манай зээ охины нүүр хууларчихсан цөмөрчихсөн байсан. Тэгээд бид нар охиноо аваад эмнэлэг явсан. Эхлээд бол хэлбэрийн засаж оёсон. Дараа нь дахин хагалгаанд орсон. Одоо бид нар Солонгост очиж эмчлүүлэх саналтай байна. Солонгос улсын эмнэлгээс бичиг ирсэн байгаа. Би болон манай өвгөн тэтгэврийн зээлтэй. Манай охин цалингийн зээлтэй болохоор зээ охины эмчилгээ зогссон байгаа. Хохиролд 4.243.873 төгрөгийг бид нар хэргийн материалд өгсөн байгаа. Тэрнээс хойш хохирлын баримтыг нэмж гаргаж өгөөгүй, нэмж хохирол нэхээгүй байгаа. Бид нарт бол маш их хохирол учирсан. Цаашдаа би зээ охиныхоо эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Одоо охин минь цэцэрлэгт явахгүй хүүхдүүд чамаас айгаад байна гээд шоолдог тул цэцэрлэгтэй явж чадахгүй байгаа. Одоо охин минь том болно тэгээд өөрөөсөө болоод нийгмээс тусгаарлах вий гэж айж байгаа. Бат-Орших бид нараас нэг ч удаа уучлалт гуйгаагүй маш их гомдолтой байна. Хохиролд 4.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл нь 243.873 төгрөг байгаа. Мөн өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал болох 20.614.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Бямбаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Гэнэт машин орж ирээд түс гэж мөргөөд манай машин онхолдсон. Тэгээд би хүүхдүүдээ машинаас татаж гаргасан. Энэ хэргээс болоод би хөнгөн гэмтэл авсан. Ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Ганц охин минь ажил хийдэг хөгшин бид 2 тэтгэврийн зээлтэй. Бат-Орших бид нараас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Би л утсаар ярьдаг байсан. Би Дорноговь аймагт Жимсийн Арал ХХКомпанид аж ахуйн дарга хийдэг сард 1.200.000 төгрөгийн цалинтай ” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Лхам нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Бид нар 2017 оны 7 сарын 09-ны өглөө 2 машинтай Архангай аймаг руу гараад явсан. Тэгээд Лүн сумын гүүрний хажууд хоноод өглөө 05 цаг гээд хөдөлсөн. Тухайн өдөр харагдах орчин чөлөөтэй. Би машинаа бариад явж байсан чинь өөдөөс нэг машин ирж явсан. Тэгсэн гэнт миний урсгал руу орж ирэхээр нь би сандраад цигнаалдаад байсан боловч ороод ирсэн. Тэгээд миний машин 2 өнхрөөд аав машинаас түрүүлж буугаад намайг татаж гаргасан. Тэгээд би охиноо татаж гаргахад нүүр нь аймаар болчихсон цус гарч байсан. Жолоочийн хариуцлагын даатгалаас 4.340.000 төгрөг өгсөн. Бид нар машинаа авахгүй зах зээлийн үнэлгээгээр 8.000.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Би ослоос болоод хөнгөн гэмтэл авсан. Дахин толгойн зураг авахуулах саналтай байна ” гэв.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9860 дугаартай дүгнэлтэд:

  • Д.Бямбаагийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны шарх, хамар, зүүн хацар орчмын няцрал, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой
  • Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
  • Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт \хх-ийн 46 тал\

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9713 дугаартай дүгнэлтэд:

  • Хоролсүрэнгийн биед зүүн гуянд нөсөө, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо
  • Дээрх гэмтэл нь мохоо зүлийн үйлчлэлээрр үүсгэгдэнэ
  • Гэмтлийн зэрэгт хамаарахгүй
  • Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт  \хх-ийн 49 тал\

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9712 дугаартай дүгнэлтэд:

  • Лхамын биед тархи доргилт, хоёр шилбэнд нөсөө тогтоогдлоо
  • Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
  • Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй
  • Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт \хх-ийн 52 тал\

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №935 дугаартай дүгнэлтэд:

  • Л.Мөнхбаясахын биед дух, зүүн хөмсөг, хамрын уг, зүүн хацарт сорив бүхий гэмтэл учирчээ
  • Дээрх гэмтэл нь хатуу болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
  • Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна
  • Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт \хх-ийн 75-76 тал\

 

2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №107 тоот дүгнэлтэд:

  • 63-29 УНП улсын дугаартай Шевролет маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.Бат-Орших нь Монгол Улсын замын хөдөлгөөний заалт зөрчсөн байна. Х.Бат-Орших нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А, 8.2 дахь заалтуудыг зөрчсөн байна
  • 73-18 УНД улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Лхам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй
  • Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна
  • 63-29 УНП улсын дугаартай Шевролет маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.Бат-Орших нь Монгол Улсын замын хөдөлгөөний заалт зөрчсөн байна. Х.Бат-Орших нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А, 8.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон” гэх дүгнэлт \хх-ийн 78 тал\

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд \хх-ийн 11-20 тал\
  • Тоёота Приус маркийн 73-18 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ \хх-ийн 21 тал\
  • Шевролет Крузе маркийн 63-29 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар \хх-ийн 22 тал\
  • Насанд хүрээгүй хохирогч Л.Мөнхбаясахад үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас \хх-ийн 58-59 тал\
  • Насанд хүрээгүй хохирогч Л.Мөнхбаясахын өвчтөний түүх болон хохирлын баримтууд \хх-ийн 65-71, 106-125, 154-158 талууд\
  • Тоёота Приусм маркийн 73-18 УНД улсын дугаартай автомашинд Тэнцвэр Эстимэйнт ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлан \хх-ийн 81-85 тал\
  • Төв аймаг дахь Хас банкны №30\528 тоот албан бичиг \хх-ийн 98 тал\
  • Авто тээврийн  үндэсний төвйн лавлагаа \хх-ийн 99 тал\
  • Төв аймаг дахь Хаан банкны №14\420 тоот албан бичиг болон хуулга \хх-ийн 100-102 тал\
  • Хохирогч Б.Лхамын шүүгдэгч Х.Бат-Оршихоос нэхэмжилсэн хохирлын баримтууд \хх-ийн 126-136 тал\
  • Шүүгдэгч Х.Бат-Оршихын ял шийтгэлийг нь шалгахад “үгүй” гэх лавлагаа \хх-ийн 96 тал\
  • Шүүгдэгч Х.Бат-Оршихыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл \хх-ийн 94-95 тал\ зэрэг тус тус өмгөөлөх болон яллах талуудын саналаар шинжлэн судлав.

 

       Шүүгдэгч Х.Бат-Орших нь Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Шилэн байшин” гэх газарт Архангай-Улаанбаатар чиглэлийн асфальтан замын 150 дахь тэмдэгтийн орчимд 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагийн үед Шевролет маркийн 63-29 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 8.2, дахь заалтуудыг зөрчсөнөөс улмаас эсрэг урсгалд орж, Тоёота приус-20 маркийн 73-18 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас зорчигч Л.Мөнхбаясахын эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Бямбаа, Б.Лхам нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөд 4.340.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургын үзүүлэлтүүд, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүсэн хохирогч И.Цэвээндулам, иргэний нэхэмжлэгч Д.Бямбаа, Б.Лхам нарын мэлдүүлэг, шүүхийн шинжилгээний №9860, 9713, 935, 107, 9712 тоот дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Бат-Оршихыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.Бат-Оршихийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

           

       Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бат-Орших нь “хийсэн хэрэгтээ гэмшиж, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, цаашид гарах хохирлыг би төлнө” гэж мэдүүлсэн байна.

 

Шүүх шүүгдэгч Х.Бат-Оршиход гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол тодорхой хэмжээгээр төлсөн байдал, хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв

 

Хохирлын талаар:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Цэвээндулам 4.243.873 төгрөгийн хохирол, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Л.Мөнхбаясахын Солонгос улсад гоо сайханы хагалгааны зардал болох 20.614.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Лхам 8.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Бямбаа ажилгүй байсан хугацааны цалин 1.200.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна. 

Шүүгдэгч Х.Бат-Орших нь мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Цэвээндуламд 4.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Лхамд 4.340.000 төгрөгийг төлсөн байна.

Шүүх шүүгдэгч Х.Бат-Оршихоос 20.389.373 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Цэвээндуламд олгуулж, иргэний нэхэмжлэгч Б.Лхамын 3.660.000 төгрөг болон өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Д.Бямбаа нь ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Х.Бат-Орших нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Х.Бат-Оршихийн №153322 дугаартай жолоочийн үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаан ястан овогт Хандаагийн Бат-Орших нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Цагаан ястан овогт Хандаагийн Бат-Оршихийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассугай.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бат-Оршихыг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авахыг шүүгдэгч Х.Бхат-Оршиход үүрэг болгосугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Цэвээндуламд 4.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Лхамд 4.340.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Х.Бат-Оршихоос 20.389.373 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Цэвээндуламд олгуулж, иргэний нэхэмжлэгч Б.Лхамын 3.660.000 төгрөг болон өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Д.Бямбаа нь ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Цагаан ястан овогт Хандаагийн Бат-Орших нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Бат-Оршихийн №153322 дугаартай жолоочийн үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунрсүрэнд даалгасугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

8. Шүүхийн шийтгэх тоогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Цагаан ястан овогт Хандаагийн Бат-Оршиход авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйл
ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Цагаан ястан овогт Хандаагийн Бат-Оршиход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА