Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 11

 

С.Тд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                      Н.Энхнаран   

            Прокурор                                           Б.Догмиддорж

            Хохирогч                                            Л.Д

            Шүүгдэгч                                            С.Т нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Дын давж заалдах гомдлоор С.Тд холбогдох эрүүгийн 1821006440386 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Сийн Т, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 1978 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл гэх,  регистрийн дугаартай.

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг  дүгээр байрны  тоотод оршин суух иргэн Д.Эын гэрт Л.Дтай архидан согтуурч, улмаар Л.Дын толгойн тус газарт заазуурдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос С.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 01 дүгээр 10-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч С.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тг 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

4/ Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

5/ Хохирогч Л.Д нь эмчилгээний зардлын 924242 төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх  эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэж, ...шийдвэрлэжээ.

Хохирогч Л.Д 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Хохирогч би шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Анхандаа адилхан архи уудаг, ядарсан юм гээд гомдолгүй гэсэн, хохирлыг өгнө гэсэн боловч одоо болтол хуураад өгөөгүй. Одоо миний толгой өвдөж, нүд бүрэлздэг. Зарим үед хаана юу хийснээ бүр мартаж мэдэхгүй болдог. Гэрийнхэн маань яаснаа мэдэхгүй байгааг минь хэлдэг. Огт архи уугаагүй эрүүл байхад л мэдэхгүй, юу ярьснаа ч огт мэдэхгүй болдог. Ухаан санаа орон гаран болсон. Өмнө нь эрүүл саруул байсан. Одоо байнга толгой өвдөж байна. Надад мөнгө өгөөд шинжилгээ хийлгэж эмчлүүлнэ гэж амлаж, би гэрийнхэнээсээ Тг хамгаалан хуурсаар байсан. Одоо намайг хамгаалах гэж манай ээж эмчид үзүүлж бүхий л аргаа барж байна. Ер нь Т маш зэрлэгээр заазуураар цавчсан. Тэнд болсон зүйлийг худлаа ярьсан байсан. Т зальтай, худалч, удаа дараа шоронд явсан, танхай, дээрэлхүү хүн байна. Намайг өчүүхэн ч бодож гэмшихгүй байна. Намайг мэс заслын эмч MRI шинжилгээ хийлгэ гэсэн ч түүнийг нь хийлгэж чадахгүй байна. Анх хот яв гэхэд нь Тг зардал мөнгө өгнө гэхээр нь итгэж хүлээсээр одоо өвчин минь хүндэрч байна. Хохирлыг ч барагдуулаагүй. Миний үнэмлэх, бичиг баримт, гар утсыг алга болгосон. Намайг заазуурдчихаад зугтааж алга болсон атлаа худлаа хэлсэн байсан. Энэ хүн намайг танхай түрэмгий шорон зангаа гаргаж заазуурдаж орхисонд гомдолтой байна. Иймд зүйл анги, авсан ялыг нь буруу болсон гэж үзэж байх тул мөрдөн байцаалтад буцаалгаж, хуулийн зүйл ангийг зөвтгүүлэх, дахин нарийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогч Л.Дын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг  дүгээр байрны  тоотод оршин суух Д.Эын гэрт хохирогч Л.Дтай архидан согтуурах үедээ маргалдсаны улмаас түүний толгойн тус газар заазуураар цохиж зулайд хуйх зүсэгдсэн шарх буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Л.Д, гэрч Д.Э нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Тгийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг, шинж байдлын талаар гарсан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Тухайн гэмт хэрэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж Эрүүгийн хуульд заасан бөгөөд анхан шатны шүүхээс С.Тд 450 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг хэт хөнгөдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэргийг мөрдөн шалгахдаа шүүгдэгч С.Тд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 258  дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялын биелэлтийн байдлыг шалгаагүй, нэмж нэгтгэхээр шийдвэрлэж болох эдлээгүй үлдсэн ялыг тогтоогоогүй, шүүх энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор хуульчилсныг харгалзан үзээд дээрх шалтгаанаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан тул Л.Дын давж заалдах гомдолд дурдсан “дахин шинжилгээ хийлгэж хуулийн зүйл заалтыг зөвтгүүлэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй байна.

            Хохирогч Л.Дын биед учирсан гэмтлийн шинж байдлын талаар шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал хожим илэрвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгуулахаар хүсэлт гаргах эрх нь нээлттэй юм. 

            Анхан шатны шүүх хохирогч Л.Дын нэхэмжлэлээс хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд авагдсан иргэний нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн е-баримтаар нотлогдсон, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн 31,242 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтад нийцээгүй байна.

            Дээр дурдсан үндэслэлүүдээр хохирогч Л.Дын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.Тгээс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэг 31,242 /гучин нэгэн мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулан хохирогч Л.Дд олгож, хохирогч Л.Д нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Л.Дын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                          Л.НАРАНБАЯР