Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2020/0521

 

 

2020 оны 08 сарын 24 өдөр         Дугаар 128/ШШ2020/0521             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “УБК” ХХК

Хариуцагч: БОАЖС

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС-ын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын “УБК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...Нэхэмжлэгч нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2015/130 дугаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын ам нэртэй 28.3 га талбайг ашиглах эрхтэй.  Ийнхүү, газрыг хууль ёсоор ашиглах хугацаандаа Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон хариуцагчтай байгуулсан гэрээгээр газар ашиглагчийн хүлээсэн үүргийн хүрээнд 905,883,000.00 (есөн зуун таван сая найман зуун наян гурван мянган) төгрөгийг газрын төлбөрт төлсөн /2019 оны 2-р улирлын байдлаар/. Уг газар нь Компанийн балансад 1,047,383,000.00 (нэг тэрбум дөчин долоон сая гурван зуун наян гурван мянган) төгрөгийн өртгөөр бүртгэгдсэн ба ийнхүү газар ашиглах эрхийн гэрчилгээнээс салгах боломжгүйгээр хөрөнгийн эрх үүссэн байна.

Гэтэл хариуцагч бодит нөхцөл байдал, мэдээллийг үл хайхран шийдвэр гаргах ажиллагааны журам, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин “маргаан бүхий акт”-ыг гаргаснаар нэхэмжлэгчийн хөрөнгийн эрхээр баталгаажсан “хууль ёсны ашиг сонирхол” ноцтой зөрчигдсөн. Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлээр тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах эрхийн гэрчилгээтэй аливаа иргэн, хуулийн этгээдийн явуулж болох үйл ажиллагааны хүрээг тодорхойлон заасан. Тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих” гэж зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээд нь ашиглах барилга байгууламжаа 1-рт Эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн дагуу, 2-рт Батлагдсан зураг, төслийн дагуу барих эрхтэй болохыг баталгаажуулсан. Тодруулбал, иргэн, хуулийн этгээдэд эрх олгосон зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь ашиглах эрх бүхий газарт аливаа үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм журам, зөвшөөрлийн дагуу явуулсаар ирсэн бөгөөд зөвшөөрөл, батлагдсан зураг, төсөлгүйгээр хийсэн үйл ажиллагаа байхгүй. Тухайлбал, Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 106/2018 тоотоор Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай байгуулсан гэрээний биелэлтийг хангаж, тус газрыг хашиж хамгаалах ажлыг зохион байгуулах гэж буйгаа уламжлаад, ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн, Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүсэлтийг шийдвэрлэж, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр БОХУБ мэргэжилтэн Д.Банди, Байгал хамгаалагч О.Хүрэлбаатар, Газар ашиглагч Б.Цолмонбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг шалгасан тухай акт”-ыг үйлдсэн бөгөөд тус актын хийгдэх ажлыг: Хашаа барих хэмээн тодорхойлсон. Дээр дурдсан эрх бүхий этгээдүүдийн үйлдсэн “Хашаа барих” актыг үндэслэн, актад заасан Эргэлтийн цэгийн солбицлын дагуу “Аз металс” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн УБК-18/07 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн УБК-18/08 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт” гэрээг байгуулж хашааг угсрах, хашааны бетон суурь хийх, хашааг суулгах, хашааны шон, рамын будаг хийх зэрэг ажлыг хийлгэсэн. Эдгээр ажлын төлбөрт нь нийт 22,976,000.00 (хорин хоёр сая есөн зуун далан зургаан мянган) төгрөгийг төлж, ажлыг авсан байдаг. Хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар ашиглах эрх олгосон гэсэн нь үндэслэлгүй.

Хууль зөрчин газар ашиглах эрх олгосон гэж тушаал гаргасан боловч холбогдох хуулийн ямар заалтыг, хэрхэн зөрчсөнийг заагаагүй нь Маргаан бүхий актыг эрх зүйн үндэслэлгүй болохыг харуулж байна. Тодруулбал, Нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу холбогдох байгууллагуудад хандан газар ашиглуулахыг хүссэн хүсэлтүүдийг гаргасны үндсэн дээр Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар газар ашиглах эрхтэй болсон бөгөөд холбогдох Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хуульд заасны дагуу хийлгүүлсэн. Ийнхүү, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/237 тоот газар ашиглуулах тушаал гарсан нь “УБК” ХХК-ийг тус газрыг ашиглах боломжтой гэж үзсэнийг, мөн газар ашиглах эрх олгоход хууль зөрчихгүй гэж дүгнэснийг харуулж байна. Гэвч, тус яамнаас 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар хууль зөрчин олгосон гэж анх газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байдлыг үүсгэхийн зэрэгцээ итгэл хамгаалах зарчмыг үгүйсгэж байна. Маргаан бүхий актад Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг үндэслэсэн боловч энэхүү хуулийн зохицуулалт нь Засгийн газрын гишүүний бүрэн эрх, Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх байна. Эдгээр зохицуулалт нь нэхэмжлэгчид ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, эрх, үүрэг бий болгохгүй зохицуулалт байна. 

Хариуцагч нь газар ашиглалтын нөхцөл байдлыг мэдсээр байж, хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, зарчмуудад нийцээгүй хууль бус үйл ажиллагаа болсон. Дээр дурдсан үндэслэлүүдээс дүгнэхэд Маргаан бүхий акт нь шийдвэр гаргах ажиллагааны журам, хязгаарлалтууд, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн хууль бус захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Улсын тусгай хамгаалалтай Дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;” гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрх олгодог. “УБК” ХХК-д Улсын тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулын Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар 28,3 га газар ашиглах хүсэлт гаргаж, барилга байшин барих зураг төслөө ирүүлснээр хүсэлтийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015.06 16-ны өдрийн А-237 дугаар тушаалаар Богдхан Уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд 28,3 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгожээ.

БОАЖСын 2019 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын гол үндэслэл нь Сайдын эрх мэдэл болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 11.7, 12 дугаар зүйлийг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон тул тушаалыг хүчингүй болгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн тушаал гаргаснаар дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал Байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор Төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, нийтийн эрх, ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж барилга байшин барих төсөл, эскиз зураг гаргаж төрийн холбогдох байгууллагаар батлуулах нь тодорхой юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас захиргааны акт гарах болсонтой холбогдуулан урьдчилан мэдэгдэх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “mne.mn” сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр, цуцлах иргэн, аж ахуйн нэгжүүдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан болно.

Мөн Захиргааны актыг гарсныг мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.5, 43.6-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Өдрийн сонин”-ны 16 дугаар нүүрт байршуулсан, баталгаат шуудангаар явуулсан, мөн гардуулсан болно.

Иймд дээрх тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг: “БОАЖСын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын “УБК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

БОАЖСын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/237 дугаар тушаалаар, тусгай хамгаалалттай газар нутагт 2015/130 тоот гэрчилгээний[1] дагуу Богдхан уулын дархан цаазат газрын “Арцатын аманд” 28.3 га газрыг 5 жилийн хугацаатай аялал жуулчлалын зориулалтаар “УБК” ХХК нь олгожээ.

Нэхэмжлэгч “УБК” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээрх газрыг ашиглаж байхдаа мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2016/142 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг эрх бүхий албан тушаалтнуудтай байгуулан[2], байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгүүлэн, газар ашиглахтай холбоотой төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байжээ.

Гэтэл дээрх гэрээ, гэрчилгээнд заасан хугацаа дуусгавар болохоос өмнө хариуцагч БОАЖС 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаараа[3] “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан “УБК” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын “Арцатын аманд” 28.3 га газрыг 5 жилийн хугацаатай аялал жуулчлалын зориулалтаар олгосон 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/237 дугаар тушаалаа хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч “УБК” ХХК-иас энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч “...сонсох ажиллагаа явуулаагүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн аль заалтыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй..., хязгаарлалтын бүсэд аж ахуйн нэгж сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулж болохоор заасан...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргажээ.

Хэрэгт авагдсан баримт болон маргааны үйл баримтаас үзвэл хариуцагч  БОАЖС маргаан бүхий 2020 оны А/355 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т т заасан “...шийдвэрт хамааралтай,... буюу нэхэмжлэгчийн дээрх тайлбарт дурдсан нөхцөл байдлыг тогтоох...” үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй.

 Энэхүү тушаалын үндэслэл болсон эрх зүйн зохицуулалт нь уг актыг гаргах болсон бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна.

Тодруулбал, хариуцагчаас “УБК” ХХК-д 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/237 дугаар тушаал, тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах эрх олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн, дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар олгосон...” гэж тайлбарлаж байх боловч тус хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/215 дугаар тушаалаар[4] нэхэмжлэгч “УБК” ХХК-ийн ашиглаж байсан 28.3 га газарт иргэн О.Нямдаваад 3094 м.кв газрыг давхцуулан аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар  ашиглах эрхийг олгожээ[5].

Үүнээс үзвэл  хариуцагч төрийн байгууллагын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох чухал зарчмууд болох “...захиргаа төвийг сахих, ил тод нээлттэй байх, захиргааны үйл ажиллагаанд оролцогчийн эрхийг хангах...” буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 4.2.8 “хууль ёсны итгэлийг хамгаалах”  баримтлаагүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч өмнө маргаан бүхий газрыг хуульд заасан шалгуурыг хангасан гэж үзэн нэхэмжлэгчид эзэмшүүлсэн атлаа хэсэг хугацааны дараа хууль бус байсан гэж хүчингүй болгон, дахин бусдад эзэмшүүлж байгааг нь төрийн захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй.

Нөгөөтээгүүр хариуцагчаас маргаан бүхий актын талаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “сонсох ажиллагааг” явуулсан[6] гэх боловч үүнийг нь шүүх хуульд заасан журмын дагуу явуулсанд тооцох боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл БОАЖСын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын “УБК” ХХК-д холбогдох хэсэг нь эрх зүйн зөрчилтэй, уг зөрчлийг шүүхээс арилгах боломжгүй, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул энэхүү актын хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр: “БОАЖСын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/215 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс БОАЖСын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/215 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.[7]

Харин хариуцагч БОАЖС 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/496 дугаар тушаалаар өөрийн гаргасан 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/215 дугаар тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч “УБК” ХХК-ас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болохоо 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 78/а/2020 албан бичгээр илэрхийлсэн тул шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Гурав: Бусад

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Авлигатай тэмцэх газрын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 06/7660 дугаар албан бичгийг нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч шүүх БОАЖСын  эрх хэмжээнд халдаж түүний дүгнээгүй асуудлын талаар дүгнэлт өгөх боломжгүй.

Учир нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” заасны дагуу маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянасан болно.

Харин хариуцагч БОАЖС Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсан үйл баримт үндэслэлтэй гэж үзвэл өөрт хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд дахин акт гарган шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “УБК” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, БОАЖСын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын “УБК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “БОАЖСын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/215 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ гаргуулж, нэхэмжлэгч “УБК” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 


[1] 1 Хавтас хэргийн 22-23 хуудас

[2] 1 Хавтас хэргийн 24-27 хуудас

[3] 1 Хавтас хэргийн 22 хуудас

[4] 2 Хавтас хэргийн 217 хуудас

[5] 2 хавтас хэргийн 190 хуудас

[6] 2 Хавтас хэргийн 243-245 хуудас

[7] 2 Хавтас хэргийн 186-190 хуудас