| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 020/2014/0508/З |
| Дугаар | 221/МА2015/0345 |
| Огноо | 2015-07-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2015/0345
Иргэн Д.Г ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 215 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Д.Г ийн нэхэмжлэлтэй, Хууль зүйн сайд, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар тушаалын ЖИ ХХК-д холбогдох хэсэг, мөн Оюуны өмчийн газраас тус компанид олгосон 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4650 дугаар Барааны тэмдгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Оюуны өмчийн газар шүүхэд гаргасан тайлбартаа: Оюуны өмчийн газарт ЖИ ХХК нь СGнэр, дүрсээр 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлгийн улсын бүртгэлийн 5138 дугаартайгаар Барааны тэмдэг бүртгүүлэх тухай мэдүүлэг өгч, 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Барааны тэмдгийн магадлан дүгнэлтийн тайлан гарч улсын бүртгэлийн 4650 дугаар мэдүүлэгтэй тэмдгийг бүртгэхээр шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Хууль Зүй, Дотоод хэргийн сайдын 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар тушаалаар бараа, үйлчилгээний 33 дугаар ангиллаар /архи/ Чингис хааны дүр бүхий дүрсэн барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч ЖИ ХХК-д 4650 дугаар Барааны тэмдгийн гэрчилгээ-г олгосон нь Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-д Оюуны өмчийн байгууллага нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгийн анхдагч огноог тогтоосны дараа тухайн тэмдэг барааны тэмдэгт тооцогдох эсэх, бүртгэж болох эсэхэд шүүлт хийнэ, 9 дүгээр зүйлийн 9.1-д Оюуны өмчийн байгууллага нь барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгож, мэдүүлгийг нь барааны тэмдгийн санд хадгална, 10 дугаар зүйлийн 10.1-д Барааны тэмдгийн бүртгэл нь анхдагч огнооноос эхлэн 10 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн хугацааг тухай бүр 10 жилээр сунгаж болно гэж тус тус заасны дагуу шийдвэрлэсэн үйл ажиллагаа болно.
Мөн шийдвэрлэхдээ СGнэрийг хамгаалаагүй байна. Оюуны өмчийн газарт иргэн Д.Г ээс 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ЧИНГИС ХААНЫ ГУРВАЛ /Чингис хааны залуу нас, Чингис хааны идэр нас, Эцэг Чингис хаан хөрөг медалион /зэс/ бүтээлийг Зохиогчийн эрхэд хамаарах бүтээл бүртгүүлэх тухай өргөдөл гаргасны дагуу 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Шадар сайдын 176 дугаар тушаалаар иргэн Д.Г д 2332 дугаар зохиогчийн эрхийн гэрчилгээг олгосон.
Иймд нэхэмжлэгч иргэн Д.Г ийн гаргасан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004 оны 123 дугаар тушаал болон ЖИ ХХК-д Оюуны өмчийн газраас олгосон 4650 дугаар барааны тэмдгийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна гэжээ.
Хариуцагч Хууль зүйн сайд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Оюуны өмчийн газарт ЖИ ХХК нь СGнэр дүрсээр 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5138 дугаартай барааны тэмдэг бүртгүүлэх тухай мэдүүлэг өгч, 5 дугаар сарын 10-ны өдрийн Барааны тэмдгийн магадлан дүгнэлтийн тайлан гарч улсын бүртгэлийн 4650 дугаар мэдүүлэгтэй тэмдгийг бүртгэхээр шийдвэрлэжээ.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4.1-д заасан чиг үүрэг, 8.1-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана, 8.4-д Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ гэж тус тус заасны дагуу Оюуны өмчийн газар нь хуульд заасан өөрийн чиг үүргийн дагуу бүртгэж, хянаад дүгнэлт гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байна.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар тушаалаар бараа, үйлчилгээний 33 дугаар ангиллаар Чингис хааны дүрс бүхий барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, тэмдэг эзэмшигч ЖИ ХХК-д 4650 барааны тэмдгийн гэрчилгээ олгохыг Оюуны өмчийн газарт зөвшөөрч, Барааны тэмдгийн гэрчилгээ олгосон нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9.1-д Оюуны өмчийн байгууллага нь барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгож, мэдүүлгийг нь барааны тэмдгийн санд хадгална, Оюуны өмчийн газраас гаргасан Барааны тэмдгийн магадлан дүгнэлтийн тайланг тус тус үндэслэсэн нь хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.
Оюуны өмчийн газарт иргэн Д.Г ээс 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Чингис хааны гурвал хөрөг медалион, зэс бүтээлийг Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлээр бүртгүүлэх тухай өргөдөл гаргасны дагуу 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Монгол Улсын Шадар сайдын 176 дугаар тушаалаар иргэн Д.Г д 2332 дугаар Зохиогчийн эрхийн гэрчилгээг олгосон нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4.1-д Бүтээл туурвисан этгээдийг зохиогч гэнэ, 6.1.1-д зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн мэдүүлэг хүлээн авч хянан шийдвэрлэх, 6.1.2-д бүтээлийн гэрчилгээ олгох гэж заасны дагуу шийдвэрлэсэн үйл ажиллагаа болно.
Иймд иргэн Д.Г ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Гуравдагч этгээд ЖИ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ЖИ ХХК-ийн үйлдвэрлэн гаргадаг СGархинд ашиглаж байгаа Чингис хааны дүр төрөхийг бид анх 2003 онд Г.Н гэж хувь хүнээр гүйцэтгүүлсэн бөгөөд 2004 онд зохих хууль журмын дагуу Оюуны өмчийн газарт хүсэлт гаргаж Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004 оны 123 дугаар шийдвэрээр СGбарааны тэмдгийн 4650 дугаар гэрчилгээг 2004 оны 04 сарын 30-ны өдрөөс эхлэн 10 жилийн хугацаатай эзэмшихээр болсон.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг, мөн зүйлийн 3.1.6-д гэрчилгээ гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг гэрчилж, төрөөс олгож байгаа баримт бичгийг, 3.1.7-д барааны тэмдэг эзэмшигч гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг тус тус ойлгоно гэж, мөн барааны тэмдгийг бараа үйлчилгээндээ хэрэглэх онцгой эрхийг уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т ... анхдагч огнооноос эхлэн 10 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг тухай бүр 10 жилээр сунгаж болох-оор заасан байдаг. Үүний дагуу манай компани СGнэрийн барааны тэмдгийг хууль журмын дагуу Оюуны өмчийн газарт хүсэлт гаргасны дагуу 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дахин 10 жилийн хугацаагаар сунгуулсан болно.
Ийнхүү хуульд заасан журмын дагуу бараа үйлчилгээндээ хэрэглэх онцгой эрхийг олж авсан аж ахуйн нэгж байгууллага, иргэн нь бараа, үйлчилгээгээ бусад этгээдийн бараа, үйлчилгээг ялгах зорилгоор хэрэглэхээр бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодол, түүний хайрцаг, дагалдах хэрэгсэл, компанийн танилцуулгад өргөнөөр ашиглаж, түүгээр бараа, үйлчилгээгээ танилцуулж, түгээдэг. Гэтэл Д.Г нь манай компанийн хуульд заасан журмын дагуу олж авсан барааны тэмдгийг хүчингүй болгох нэхэмжлэх гаргасан нь хэт туйлширсан, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна.
Манай компани нь Оюуны өмчийн газарт 2004 онд СGбарааны тэмдгийн гэрчилгээг эзэмших зорилгоор хүсэлт гаргахад тухайн үед уг шошго дахь Чингис хааны дүрслэл бүхий график нь ямар нэгэн хувь хүн болоод хуулийн этгээдийн хамгаалалтад байхгүй байсан учраас тус газраас манай компанид албан ёсны эрхийг олгосон гэж бид үзэж байна.
Бид өөрсдийн СG нэрийн бүтээгдэхүүний шошгыг захиалгаар гүйцэтгүүлсэн бөгөөд уг шошго дээрх Чингис Хааны дүр төрхийг нэхэмжлэгчийн эзэмшлийн бүтээлийг дуурайн, хуулбарлаагүй болно. Монголын нууц товчоо болон бусад эртний судар бичгүүдэд Чингис хааны дүр төрөхийг тодорхойлсон байдаг. Үүнийг үндэслэн гүйцэтгэгч тал нь Монгол эр хүний нүүрний ерөнхий хэв шинжийг нэгтгэн графикийн аргаар дүрсэлсэн гэж бидэнд тайлбарлаж байсан. Мөн хөөмөл дүрслэл болон биет бүтээлийг график дүрслэлтэй харьцуулах нь хэтэрхий тодорхой бус харьцуулалт юм. Манай компани нь 11 жилийн өмнө дизайнер Г.Н эр уг шошгоны дизайныг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд тухайн үед компанийн үйл ажиллагаа эхлээгүй, төсөл бүтээн байгуулалтын суурь ажлууд хийгдэж байсан тул тэр үеийн баримт бичиг нотлох баримт манай компанид байхгүй болно гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 215 дугаар шийдвэрээр: Зохиогчийн эрхийн тухай хуулийн /1993 оны/ 8 дугаар зүйлийн 3/, 17 дугаар зүйлийн 5, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.4.4, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн /2010 оны шинэчилсэн найруулга/ 5 дугаар зүйлийн 5.2.9-д заасныг тус тус баримтлан иргэн Д.Г ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Барааны тэмдэг бүртгэх, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 123 дугаар тушаалын хавсралтын ЖИ ХХК-д холбогдох хэсэг, мөн тус компанид Оюуны өмчийн газраас олгосон 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4650 дугаар Барааны тэмдгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд ЖИ ХХК-ийн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо: 1. Шүүх шийдвэр гаргах гол үндэслэлээ 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн иргэн Д.Г ийн өөрийн хүсэлтээр хийлгэсэн Монголын Урчуудын Эвлэлийн шинжээч Ч.Б ын гаргасан шинжээчийн дүгнэлт, 2015 оны 1 сард шүүгчийн захирамжийн дагуу Монголын Урчуудын Эвлэлээс томилсон Ч.Б (дахин бүрэлдэхүүнд багтсан), Р.Э , Ж.Ц нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн дүгнэлт-(өмнөх Ч.Б ын гаргасан дүгнэлтийг үг, үсэг, цэг таслалгүй хуулбарласан)-нд тулгуурлан гаргасан байна.Дээрх 2 шинжээчийн дүгнэлт нь илт алдаатай нотлох баримтын чадваргүй нь харагдсаар байтал шүүх шийдвэрийнхээ гол үндэслэлээ болгосон байна.
а. Д.Г нь Монголын Урчуудын Эвлэлийн хороонд ажиллаад 40 гаруй жил болж байгаа бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн хороонд харъяалагддаг Ч.Б аар өөрийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан байгаа юм. Энэхүү шинжээчийн дүгнэлт нь эрүүгийн хууль сануулан, худал дүгнэлт гаргавал эрүүгийн хариуцлага хүлээхийг анхааруулсны үндсэн дээр хийгддэг хуулийн хүчин төгөлдөр дүгнэлт бус нэгэн байгууллагад харъяалагддаг 2 танилуудын хооронд хийгдсэн дүгнэлт болсон.иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасны дагуу энэхүү шинжээчийн дүгнэлт нь нотлох чадваргүй нь тодорхой харагдаж байгаа болно. Хэн дуртай нь танил тал, байгууллагаа ашиглан хууль бус нотлох баримт гаргах эрхгүй.
б. Энэхүү Ч.Б ын гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хийхдээ ашигласан аргачлал нь тэр чигээрээ алдаатай буруу байхад шүүх нарийвчлан судалж үзэлгүйгээр энэхүү дүгнэлтэд тулгуурлан шийдвэр гаргасан.
Тухайлбал, шинжээч дүгнэлт гаргахдаа ашигласан объект нь Б.Г ийн рельеф буюу хагас товгор биет бүтээл бус энэ товгор биет дээр нарны гэрэл зүүн талаас туссан байдлаар зурагчны авч компьютер дээр эффект өгч зассан фото зураг байгаа юм. Ингээд дүгнэлтээ рельеф буюу хагас товгор бүтээлтэй харьцуулахгүйгээр товгор биет дээр гэрэл хэрхэн туссанаас шалтгаалан өөрчлөгдөж байдаг гэрэл сүүдрийн тусгал дээр хийсэн байна.
Түүнчлэн энэхүү шинжээчийн дүгнэлтэд тиг буюу шугаман байгуулалтыг 12 хурууны хэмжилтээр байгуулахад дээрх 2 Чингэсийн үндсэн тиг зөрөлгүй таарч байгаа нь нэг нь нөгөөгөөсөө хуулбарласан гэх гарцаагүй нотолгоо болж байгаа гэсэн байх юм.
Үнэндээ эгэл хүний нүүрний тиг нүүрний гажиг бүтэцтэй л биш бол бүх хүний хувьд адил байдаг байна. Өөрөөр хэлбэл тиг гэдэг зүйл бол нүүрний зөв харьцаа юм.
Тэгэхээр бид Чингэсийн төрхийг бүтээхдээ ямар ч Чингэсийн хөрөгтэй тигээ тааруулахгүйн тулд жирийн хүнийхээс гаж нүүрний бүтэцтэй цоо шинэ Чингэсийг гаргаж ирэх ёстой байж гэж ойлгохоор байгаа юм.
Энэхүү шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нь тиг буюу шугаман байгуулалтыг 12 хурууны хэмжилтээр байгуулсан хэмээжээ. Ингэхдээ эрүүний шугамнаас зулайн шугам хүртэл 12 хуруу гэж үзсэн байх том. Харин зөв байгуулалтад бол нүүрний тиг нь эрүүнээс үсний завсар хүртэл 12 хуруу, гавлын зузаан /шинжээчдийнхээр бол зулайн шугам/ хүртэл 16 хуруу байдаг байна. Гэтэл шинжээчдийн дүгнэлтэд хавсаргасан зурагт харуулснаар бол эрүүний доорх хүзүү хэсгээс гавлын зузаан буюу зулайн шугам хүртэл 12 хуруу байдаг болж таарах нь. Тэгэхээр эдгээр шинжээчид хаана ч байхгүй шинэ төрлийн тиг буюу шугаман байгуулалтыг зохиож дүгнэлт гэх зүйлийг гаргажээ.
ЖИ ХХК-ийн Чингэс голд барааны тэмдэгт ашиглагдаж буй график Чингэс, Б.Г ийн Чингэс хааны гурвал рельеф бүтээлийн Чингэс хааны залуу нас бүтээлийн Чингэс National Geographic сэтгүүлийн сэтгүүлчийн авсан фото зургийн Чингэсд тус тус тиг буюу шугаман байгуулалтыг эрүүнээс үсний үзүүр хүртэл 12 хурууны хэмжилтээр шинээр зөв байгуулахад эдгээр бүтээлүүд хоорондоо эрс ялгаатай нь харагдаж байгаа юм.
в. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Р.Э ахлагчтай Ч.Б , Цолмонхүү нарын бүрэлдэхүүнтэй шинжээчид шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Гэтэл энэхүү шинжээчдийн бүрэлдэхүүнд Ч.Б нь дахин багтаж дүгнэлт гаргасан байх юм. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.8-д заасан Дахин шинжээч томилох тохиолдолд өмнө нь уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахад оролцсон этгээд оролцохгүй гэсэн заалтыг шууд зөрчсөн үйлдэл болсон байна.
Түүгээр ч барахгүй энэхүү 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчдийн дүгнэлтийн гол цөм болсон дүгнэлт хэсэг нь 2014 онд Ч.Б ын гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгтэй үг, үсэг, цэг, таслалгүй таарч байгаа юм. Энэ бүхнээс үзэхэд 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт нь өмнөх Ч.Б ын гаргасан тэр чигээрээ алдаатай дүгнэлтийг шууд хуулбарлан тавьсан нь илт харагдаж байна.
2. ЖИ ХХК нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар тушаалаар 4650 дугаар барааны тэмдгийг эзэмших болсон. Иргэн Д.Г нь 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Монгол Улсын Шадар сайдын 176 дугаар тушаалаар 2332 дугаар зохиогчийн эрхийн гэрчилгээг авсан байдаг.
Эдгээр бүтээлүүд нь өөр өөрийн онцлог шинжийг бүрдүүлсэн харилцан адилгүй уран бүтээлчдийн тусдаа бүтээлүүд юм. ЖИ ХХК нь 2003 онд дизайнер Г.Н эр СGбрэндийн шошгыг шил, хайрцаг, сав баглаа боодлын дизайны хамт хийлгэсэн.
Энэхүү бүтээгдэхүүний шошгон дээрх Чингисийн төрхийг графикаар бүтээхдээ Хубилай хааны үед бүтээгдсэн Чингис хааны хөргөөс ерөнхий санаагаа аван Монголын нууц товчоо болон бусад судруудад дурьдсан байдаг монгол эр хүний эрэмгий, дайчин төрхөн дээр суурилан өтгөн өргөн хөмсөгтэй, зовхи нь өөдөө, нүдэндээ галтай, хийморьлог Чингисийг гаргаж ирсэн.Гэтэл нэхэмжлэгч тал маань буруу ойлгон тайлбар зөрж байна гэж үзжээ. Хубилай хааны Чингис хааны хөрөг бол бүх л Чингисийн хөрөг бүтээгчдийн суурь төрх, суурь санаа болдог. Чингэс хааныг суулгаж байгаад, эсвэл нүдээ аниад төсөөлж байгаад дүрийг нь бүтээж чадахгүйгээс хойш бүгд л суурь санаан дээр үндэслэн цааш баяжуулан дүрээ бүтээдэг. Нөгөө талаас
Монголын нууц товчоо зэрэг бүтээлүүдэд Чингис хааны дүр төрхийг эрэмгий дайчин байдлаар дүрсэлсэн байдгийг графикийн аргаар бүтээсэн.
Мөн дизайнер Г.Н-ийн шүүхэд өгсөн тайлбар дээрх 3 өөр Чингисийн хөргийг нэхэмжлэгч тал хувилбарууд гэж ташаа ойлгон эхний 2 Чингис нь өөрийн санаанаас гарсан байна, сүүлийнхийг нь захиалагч зориудаар манай Чингистэй адил Чингисийг захиалагчийн зүгээс шахан хийлгэж гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан. Харин дээрх 3 Чингис нь дизайнер Г.Н-ийн тус тусдаа компаниудын захиалгаар бүтээсэн Чингисийн хөргүүд юм. Эхний Чингис нь 2008 онд Арвайн үндэс ХХК-ийн захиалгаар бүтээсэн Chinggis Khan of Mongolia бүтээгдэхүүн дэх Чингис, 2 дахь нь 2012 онд Үндэсний үйлдвэрлэгч корпораци ХХК-ийн захиалгаар бүтээсэн Одтой Чингис бүтээгдэхүүн дэх Чингисийн хөрөг болно. Харин 3 дахь нь бүр 2003 онд бүтээсэн ЖИ ХХК-ийн Gold Chinggis бүтээгдэхүүний Чингис болно.
Гэтэл шүүх дээрх шинжээчийн дүгнэлтүүд дээр үндэслэн ЖИ ХХК-ийн CHINGIS GOLD брэндийн шошгоны график Чингэсийг иргэн Д.Г ийн Чингэс хааны гурвал хэмээх рельефен бүтээлээс хуулбарласан хувилбар гэж үзэн Зохиогчийн эрхийн тухай хуулийн /1993 он/ 8 дугаар зүйлийн 3, 17 дугаар зүйлийн 5, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн /2003 он/ 5 дугаар зүйлийн 5.4.4, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн /2010 оны шинэчилсэн найруулга/ 5 дугаар зүйлийн 5.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 215 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г давж заалдах гомдолдоо: 1. Анх мэдүүлсэн мэдүүлэгт Чингис хааны малгайтай толгойн хэсэг л байгаа юм. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр иргэн Д.Г болон түүний төлөөлөгч нар Оюуны өмчийн газар бүртгэгдэж хамгаалалтад орсон Чингис хааны дүрслэл нь өөрийн бүтээлээс өөр байна гэж хэлсэн.
2. Шинжээчийн дүгнэлтийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус дүгнэлт нь огноо байхгүй өмнө нь шинжээчээр томилогдон ажиллаж байсан хүн орсон байна. Агуулгын хувьд ч гэсэн Оюуны өмчийн газар бүртгэгдэж эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээл бус одоо ЖИ ХХК-ийн хэрэглэж буй Chingis gold архины тэмдэгтэй харьцуулсан байна. Барааны тэмдэг бол өгсөн дүрслэлийн хувьд бүхэлд нь авч үздэг. Шүүхийн шийдвэрт 2005 онд шинжээчийн дүгнэлт ирүүлсэн байна гэж бичсэн нь тус шинжээчийн дүгнэлт хэргийн материалд хавсрагдаагүй байна.
3. Шинжээч бол хайлтын хүрээнд хайлт шүүлтийг бүрэн хийж олгосон. 2004 онд үндэсний болон олон улсын барааны тэмдгийн сан, google-ээс хайлт хийж олгосон хэн түрүүлж мэдүүлсэн нь бүртгэгдэг зарчимтай.
4. Иргэн Д.Г ийн Чингис хааны гурвал медалионы Чингис хааны залуу нас бүтээл нь Оюуны өмийн газарт бүртгэгдэж олгогдсон бүтээлээс дүрслэлийн хувьд огт өөр байна. Чингис хааны залуу нас бүтээл бол үсээ сүлжсэн, малгайн орой дээрээ өдтэй, цээжин хэсгийг толгой хоёрыг хамтад нь дүрсэлсэн байхад эрхийн хамгаалалт хийгдсэн Чингис хааны дүрслэл бол үс задгай малгай хэлбэр өөр байгаа нь зургаас илэрхий харагдаж байхад ижил төсөөтэй, зохиогчийн эрхийн бүтээлийг ашигласан гэж үндэслэл байхгүй байна.
5. Шинжээчийн хүчин төгөлдөр бус дүгнэлтийг шүүх авч үзсэн нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Шинжээчийн дүгнэлт нэртэй бичиг нь Монголын урчуудын Эвлэлд ажилладаг Д.Болдбаатар, Р.Э , Ж.Ц нар гаргасан байгаа юм. Энэ нь иргэн Д.Г өөрөө Монголын урчуудын эвлэлд ажиллаж байсан нь ашиг сонирхлын зөрчил гаргасан байж болзошгүй гэж үзэх хардлага төрж байна.
6. Оюуны өмчийн газар бол Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн хүрээнд судлан авч үзэж хуулийн ямар ч алдаа гаргалгүй уг барааны тэмдэгт эрхийн хамгаалалт хийж өгсөн байхад анхан шатны шүүх ижил төсөөтэй байдлаар шийдвэр гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Г ээс ЖИ ХХК-ийн СG архины шошгон дээрх Чингис хааны дүр төрх нь түүний 1990 онд бүтээж, 2005 онд зохиогчийн эрхийн гэрчилгээгээр хамгаалагдсан Чингис хааны гурвал хэмээх бүтээлээс хуулбарласнаас зохиогчийн эрх зөрчигдсөн хэмээн үзэж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар тушаалын ЖИ ХХК-д холбогдох хэсэг, Оюуны өмчийн газраас тус компанид олгосон 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4650 дугаар Барааны тэмдгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар шаарджээ.
Шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчийн бүтээлийг хуулбарласан эсэхийг тогтоох зорилгоор шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь зөв боловч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг явуулж шинжилгээ хийхээр томилогдож байгаа шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан хэргийн оролцогчидтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаагүй, түүнчлэн хэргийн оролцогч нарт дүгнэлт гаргахаас нь өмнө шинжээч нарыг татгалзан гарах хүсэлт байгаа эсэхийг тодруулаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх заалтыг зөрчжээ.
Үүнээс гадна шинжээч нарыг нэр заан томилоогүйгээс нэхэмжлэгч Д.Г ийн хүсэлтээр урьд нь тухайн асуудлаар дүгнэлт гаргаж байсан Монголын Урчуудын эвлэлийн хорооны шинжээч, Урлаг судлалын ухааны доктор, профессор Ч.Б шинжээч нарын бүрэлдэхүүнд багтаж, дүгнэлт гаргах ажиллагаанд оролцсон, мөн холбогдох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр нэхэмжлэгч Д.Г нь Монголын Урчуудын эвлэлийн хороонд харьяалагддаг эсэхийг тогтоолгүй шинжээчээр Монголын Урчуудын эвлэлийн хороог томилж, дүгнэлт гаргуулсан зэрэг нь тухайн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болж байна.
Улмаар тухайн дүгнэлтийг үндэслэн гарсан шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэхээр байна. Иймд дээрх алдааг залруулуулахаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 215 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Оюуны өмчийн газар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР