Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 00076

 

 Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

 нарийн бичгийн И.Буманбаяр,

   улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

   шүүгдэгч Д.Энхбаатар, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2016/0073/Э индекстэй, 201606000147 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрт Цахилгааны цехэд цахилгаанчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр багийн Цагаанчулуут 7а хороолол 5-203 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Дайртан овогт Догсомын Энхбаатар /РД: ТЕ70110975/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Энхбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн Хар шороот гэх газар Ниссан Карина маркийн 36-24 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гарган зорчигч Б.Батбаярын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Энхбаатарын өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу явсан. Явахдаа аавын маань бие муу байна чи очиж уулзах уу гэж Батбаяраас асуусан. Батбаяр зөвшөөрөөд эхнэр Түвшинзаяаг нь дагуулаад бид 3 хамт явсан би машинаа барьж Мөрөн орсон. Очиход олон жил уулзаагүй найзууд уулзаад архи уусан маргааш нь бүтэн сайн өдөр байсан нэг дэхь өдөр ажилтай байсан болохоор яараад бид 3 Мөрөнгөөс гарсан. Өглөө нь толгой өвдөөд байхаар нь 2 хундага архи уусан. Булган аймгийн Уньт-ын сахарын рашаан дээрээс рашаан аваад хөдөлсөн. Тухайн үед машины хөгжим болохгүй хөгжимөө оролдож байгаад хажуу тийшээ дараад осол гаргасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний төлбөрийг барагдуулсан. Цаашид рашаан сувилалд явж сувилуулах зардлыг төлнө гэх мэдүүлэг,

201606000147 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч М.Батбаярын өгсөн: 2016  оны  05  дугаар  сарын  07-ны  өдөр  Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу эхнэр Түвшинзаяа, Энхбаатар бид 3 явсан юм. Хөвсгөлд хоноод буцаад 36-24 ОРО улсын дугаартай Ниссан Карина маркийн машинтай гарсан. Тэгээд явж байгаад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн төв орох арай болоогүй байхад би машины урд суудал дээр жолоочийн хажууд суугаад Энхбаатар машинаа бариад явж байсан. Эхнэр арын суудлын дунд хавьцаа сууж явж байсан. Би хэсэг унтаад явж байхад гэнэт л машин зам хэрээд уначихсан. Би яг юу болсон талаар мэдээгүй.  Машин ямар ч байсан дөрвөн дугуйн дээрээ буучихсан байсан. Тэгээд Энхбаатар замын машин зогсоогоод түргэн дуудаад Эрдэнэтэд ирсэн. Би архи дарс огт хэрэглээгүй. Энхбаатар өмнөх  өдөр  нь  согтууруулах  ундаа  хэрэглэсэн байсан  байх.  Биеийн  байдал  одоо гайгүй,  гомдол  санал  нэхэмжлэх зүйлгүй…гэх мэдүүлэг /хх 24 тал/,

Гэрч Ц.Түвшинзаяагийн өгсөн:…Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн ойролцоо хатуу хучилттай зам дээр зам тээврийн осолд орсон. Яг юунаас болсон гэдгийг мэдэхгүй байна. Энхбаатар замын хажуу руу гарах шиг болохоор нь би хүүе гэхийн зуургүй л машин уначихсан. Энхбаатар жолоо бариад явж байсан. Урд суудал дээр миний нөхөр Батбаяр, хойд суудал дээр би ганцаараа сууж явсан… гэх мэдүүлэг /хх 25 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай дүгнэлтэнд: Д.Энхбаатар гэх цусанд 3,7 промили спиртийн агууламж илэрсэн болно. Д.Энхбаатар нь хүнд зэргийн согтолттой байжээ…гэх /хх 29 тал/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 388 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Батбаярын биед зүүн эгэмний дунд 1/3-ээр сэлтэрсэн далд хугарал, зүүн 4-9-р хавирганы, баруун 3-р хавирганы далд хугарал, баруун дал эгэмний холбоосны тасрал, тархины эдийн 1-р зэргийн няцрал, хуйх нуруунд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Гэмтлийн улмаас цээжний зүүн хөндйид цус хуралдалт үүсч, гуурс тавьсан ба зүүн эгэмийг хадах, баруун дал эгэмний холбоосыг шруппээр бэхлэх хагалгаа хийгджээ. 3. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтэл учирсан гэх цаг хугацаатай тохирч байна. 5. Гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. 6. Хөдөлмөрийн чадвар тогтони алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно гэх /хх 43 тал /

Булган    аймаг    дахь    цагдаагийн    газрын    замын    цагдаагийн    тасгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын  17-ны өдрийн 25 тоот дүгнэлтэнд: 1. Жолооч Д.Энхбатаар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Жолооч Д.Энхбаатар   нь  В   ангилалын   740607   тоот   эрхийн   үнэмлэхтэй   бөгөд хүчинтэй   байна. 3. Жолооч  Д.Энхбаатар  нь  Монгол  улсын  замын  хөдөлгөөний  дүрмийн  2.7А заалт Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд    нөлөөлөх    эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний  аюулгүй байдлыг хангаж чадахааргүй  өвчтэй  буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 9.3 дахь заалт тээврийг хэрэгсэлийн хурдыг суурин газарт 60 км, тууш замд 100 км-с хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг тус  тус  зөрчсөн  байна. 4. Уг  Ниссан карина маркийн   36-24 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй. 5. Жолооч Д.Энхбаатарын өөрийн буруутай үйлдлээс болж уг зам тээврийн хэрэг гарсан байна гэх /хх 47-48 тал/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 2 тал/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт / хх 6-12 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 13-16 тал/,

 Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 58 тал/ зэрэг дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Энхбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн Хар шороот гэх газар Ниссан Карина маркийн 36-24 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гарган зорчигч Б.Батбаярын биед хүнд гэмтэл учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. 

Энэ хууль зүйн факт нь хохирогч М.Батбаярын... Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн төв орох арай болоогүй байхад би машины урд суудал дээр жолоочийн хажууд суугаад Энхбаатар машинаа бариад явж байсан. Би хэсэг унтаад явж байхад гэнэт л машин зам хэрээд уначихсан. Би яг юу болсон талаар мэдээгүй.  Машин ямар ч байсан дөрвөн дугуйн дээрээ буучихсан байсан. Тэгээд Энхбаатар замын машин зогсоогоод түргэн дуудаад Эрдэнэтэд ирсэн. Би архи дарс  огт хэрэглээгүй. Энхбаатар  өмнөх  өдөр  нь  согтууруулах  ундаа  хэрэглэсэн байсан  байх гэх мэдүүлэг, гэрч Ц.Түвшинзаяагийн…Энхбаатар замын хажуу руу гарах шиг болохоор нь би хүүе гэхийн зуургүй л машин уначихсан. Энхбаатар жолоо бариад явж байсан. Урд суудал дээр миний нөхөр Батбаяр, хойд суудал дээр би ганцаараа сууж явсан гэх, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлэсэн мэдүүлэг зэрэг хэрэг үйлдэгдсэн орон зай, цаг хугацаа, шалтгаан, хэргийн нөхцөл байдлын талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 388 дугаартай дүгнэлтэнд…Б.Батбаярын биед зүүн эгэмний дунд 1/3-ээр сэлтэрсэн далд хугарал, зүүн 4-9-р хавирганы, баруун 3-р хавирганы далд хугарал, баруун дал эгэмний холбоосны тасрал, тархины эдийн 1-р зэргийн няцрал, хуйх нуруунд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас цээжний зүүн хөндйид цус хуралдалт үүсч, гуурс тавьсан ба зүүн эгэмийг хадах, баруун дал эгэмний холбооосыг шруппээр бэхлэх хагалгаа хийгджээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйллийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт,  Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай Д.Энхбаатар гэх цусанд 3,7 промили спиртийн агууламж илэрсэн болно. Д.Энхбаатар нь хүнд зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууддаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Д.Энхбаатарийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас иргэн М.Батбаярын бие хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Энхбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Д.Энхбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дайртан овогт Догсомын Энхбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Д.Энхбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Энхбаатарт оногдуулсан 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Энхбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ¹0078771 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Догсомын Энхбаатарт буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Энхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Д.Энхбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Энхбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ж.ДЭЛГЭРМӨРӨН