Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 326/ШЦТ/2018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг

-улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ

-шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаарТөв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.От холбогдох эрүүгийн 18340005450410 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч мөн өдөр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар/ Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/Шүүгдэгч Т.О нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт С.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн гуя хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Т.Оын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:...2018 оны07 дугаар сард Төв аймгийн Баян-Өнжүүл суманд том эгч Аминдаваагийн хүү Эын хамтаар айлын байшин барьж байхдаа архи ууж хоорондоо ажлаас болж маргалдаад Э намайг 2 удаа алгадсан. Би уурлаад тэнд байсан хутгыг шүүрч аваад зүүн хөлнийх нь булчин хэсэг рүү 2 удаа хутгалчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 хуудас/, Хохирогч С.Эын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:...2018 оны 07 дугаар сарын 23-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нагац ах Отай нэг шил архи хувааж уугаад барьж байсан хашаанаасаа болж хоорондоо муудалцаад би эхэлж түүнийг хоёр удаа алгадсан чинь ах уурлаад хаанаас ч юм бэ бүү мэд нэг хутга гаргаж ирээд намайг хоёр удаа хутгалсан. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/, Шүүх шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 475 тоот: - С.Эын биед зүүн гуянд шарх , зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 17-18 хуудас/, -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 хуудас/ -хохирогч С.Эын хүсэлт /хх-ийн 52 хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна.

Гурав. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.О нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт С.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн гуя хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.О, хохирогч С.Э нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны 475 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. Хохирогч С.Э нь шүүгдэгч Т.От санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна. Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.Оын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэгт хамаарч байна. Шүүгдэгч Т.Оын үйлдэлд холбогдуулан Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Т.Оын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Улсын яллагч шүүгдэгч Т.От 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Т.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Т.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг болон улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын хэмжээг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үндэслэлтэй байна. 5.Бусад зүйлийн талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Т.О нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Оын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 8 цагийг түүнд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж биечлэн эдлэх ялыг 232 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Очир овгийн Төмөрбаатарын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг 240/ хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 8 цагийг түүнд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж биечлэн эдлэх ялыг 232 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.О нь бусдад төлөх төлбөргүй, шүүхийн зөвшөөрөлгүйгээр 1 хоног баривчлагдсан болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.От авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. 10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.От урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА