Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 418/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

Улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

Хохирогч Д.Цэрэннадмид,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

Шүүгдэгч Т.Ууганбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бал овогт Түвшинхүүгийн Ууганбаярт холбогдох 1734001020109 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод лсуманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастрын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 6 дугаар байрны 81 тоотод түр оршин суух, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 3-9 тоотод хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бал овогт Түвшинхүүгийн Ууганбаяр /РД: НЭ88062218/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч Т.Ууганбаяр нь Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамлаар ажиллаж байхдаа 2016 оны 07 дугаар сард тус сумын иргэн Д.Цэрэннадмид, Ц.Нямжав нарт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Цэлмэг хотхон ба 5а тоот 300 мкв газрын гэрчилгээг гаргуулан өгч 9.500.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй” гэв. 

Хохирогч Д.Цэрэннадмид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 1000 айлд орох гээд Баярбат дарга дээр орж байсан. Тэгэхэд та мөнгөө хурааж бай дараа жил таныг оруулъя гэсэн. Тэгээд би найзтайгаа яриж байсан чинь чи насаараа өр төлж байхаар газрын дуудлага худалдаанд ороод газар аваад байшингаа бариад суухгүй юу гэж хэлэхээр нь би мөнгөө бэлдээд байж байсан. Тэгээд газрын дуудлага худалдаа болох юм байна гээд Нямжавыг үлдээгээд явсан чинь та бид 2 газрын дуудлага худалдаанд орно гэж байхгүй юм байна гэсэн. Тэгсэн дараа нь би 3 сайхан газартай нэгийг нь зарна гэсэн тэгээд нэг газар авсан. Хохиролд нэг машин 500.000 төгрөг авсан. Би машиныг нь 7.500.000 төгрөгөөр заруулсан. Тэгээд өмгөөлөгчийн мөнгийг нэхэмжилж байна” гэв.

 

Гэрч Ц.Нямжав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2016 оны 06 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Зуунмод сумын Хуульчидын хотхоны хойд талаар өмчлөлийн газар дуудлага худалдаагаар зарагдах гэж байна гэхээр нь ээж Цэрэннадмидтай ярилцаж байгаад 10.000.000 төгрөг бэлдээд Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ-т болсон дуудлага худалдаанд ороод ямар нэгэн газар авч чадаагүй гараад явж байтал тухайн үед Зуунмод сумын газрын даамал ажилтай байсан Ууганбаяр гэдэг залуу намайг дуудаад ах газар авах гээд байгаа юм уу надад 2,3 газар байгаа очиж үз гээд би Ууганбаярын хамт Хуульчдын хотхоны хойд талд хоёр гурван газар үзээд замын хажуу талын нэг газрыг 9.500.000 төгрөгөнд авахаар тохиролцоод ээж Цэрэннадмидад очиж хэлсэн. Хэлсэний ээж газрын харилцаа, барилга хот байгуулалтын албаны дарга ажилтай байсан Хүрэлбаатартай уулзахад мөнгө өгч болохгүй гэсэн гээд тухайн газрыг авахаа  больсон гэтэл 3 хоногийн дараа Ууганбаяр надруу залгаад ах эр хүн шиг л байлдаа ярьчихаад ярьсан даа л бай гэсэн. Тэгэхээр нь ээжтэй ярилцаж байгаад төрийн  албан  тушаал хашиж байгаа хүн худлаа хэлэхгүй байх гэж бодоод хуульчдын хотхоны хойд талд 0.05 га газрыг 9.500.000 төгрөгөөр авсан. Би авсан газраа дугуй зоогоод орхичихсон байсан чинь энэ жил хүчингүй болгоод холбогдох байгууллагатай очиж уулзахад төлөвлөгөөнд ороогүй газар, мөн өнгөрсөн жил аймгийн алдартай, өндөр настай хүмүүст үнэгүй өгсөн  газруудыг цуцалж байгаа гэж хэлсэн...Тухайн үед Ууганбаяр оёдлын үйлдвэрийн байранд амьдарч байсан ба би  9.500.000 төгрөгөө өгөхөөр залгаж ярихад гэртэй байна гээд би оёдлын үйлдвэрийн зүүн талын зам дээр зогсож байгаад гарч ирэхээр нь өгсөн. Ууганбаярт мөнгө өгөхөд урдхан талд машин ирж зогссон тухайн машинтай хүнд манай ах,эгч хоёр байгаа юм гээд мөнгөө оруулж өгөөд миний машинд суугаад захиргааны гадаа бууж үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/

Гэрч Г.Эрдэнэбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Аймгийн иргэдийн хурлаас ажлын хэсэг байгууллагдаж 2016 оны аймгийн засаг дарга, сумыдын Засаг дарга нарын гаргасан тушаал шийдвэрүүдэд хяналт шалгалт хийж 2016 оны газар зохион байгуулалтын төл өвлөгөөнд тусгаагүй хууль зөрчиж өгсөн газруудыг хууль журмын дагуу шийдвэрлэх талаар аймгийн засаг даргад үүрэг өгч, аймгийн засаг даргаас хурлаас өгсөн үүрэг шийдвэрийг хэрэгжүүлэх талаар албан бичигтэй ирсэн. Тэгээд манай байгууллага судлахад тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тухайн байршил орчмын газруудыг дуудлага худалдаагаар олгохоор төлөвлөсөн газрыг олгосон байсан учраас аймгийн засаг даргын захирамжаар цуцалсан“ гэх мэдүүлэг /хх-7 тал/

Гэрч Т.Пүрэвдулам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Төв аймгийн Зуунмод сумын газрын даамлаар ажилолаж байсан Т.Ууганбаярыг танина. 2015 онд надтай хамт 3 сарын гэрээгээр ажиллаж байсан ба би 2016 оны 02-р сараас амаржсаны дикритээ авсан миний оронд 2017 оны 03-р сар хүртэл Зуунмод сумын газрын даамлаар ажилласан. Ажлаар танилцсан өөр ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Иргэн Ц.Нямжавт өгсөн газар нь нэгдүгээрт дуулага худалдаагаар олгох ёстой газар биш, хоёрдугаарт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэ газар тусгагдаагүй, замын хамгаалалтын бүсэд орсон газар өмчлөлийн тухай хуулийг зөрчиж олгосон газар учраас хүчингүй болгосон“ гэх мэдүүлэг /хх-8 тал/

Гэрч М.Хүрэлбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 07 дугаар сард их олон хүний газар өмчлөх захирамж их гарсан. Яагаад их хэмжээний газар өмчлөх захирамж гарсан бэ гэхээр орон нутгийн сонгуультай холбоотойгоор газар өмчлөх захирамж гарах нь хүлээгдэж байсан. Тухайн үед Ц.Нямжавын захирамж гарсан эсэх талаар мэдэхгүй байна. Өмчлөлийн захирамж гарах үед аймгийн газрын албанд хянуулдаг. Хяналтын ажиллагааг Насанжаргал гэдэг хүн хийдэг. Энэ хүн болохоор газар өмчлөх гэж байгаа хүмүүс өмнө газар өмчилсөн болон газар авч байсан, газар давхцаж байгаа эсэх талаар хянаж үзэж байгаад газар өгөх боломжтой, боломжгүйг хянан үздэг юм. 2015 оны 08-09 сарын хороонд Д.Цэрэннадмид манай ажлын өрөөнд орж ирээд Цэлмэг хотхонд газар авах гэсэн юм гэхээр нь таны сонирхож байгаа газар чинь 2016 онд газрын дуудлага худалдаанд орно тэр үед та дуудлага худалдаанаас газар худалдаж авах боломжтой гэж хэлсэн. Тэгээд Д.Цэрэннадмид манай өрөөнөөс гарсан. 2017 онд хавар Д.Цэрэннадмидын дэлгүүрээр үйлчилүүлж байсан чинь Д.Цэрэннадмид манайх нөгөө газарт чинь газар авсан гэхээр нь та яаж газар авсан юм бэ гэж асуутал мөнгийг нь төлөөд авсан гэхээр нь та газрын дуудлага худалдаанд орсон уу гэж асуусан чинь манайх дуудлага худалдаанд орж байгаа газраас дуудлага худалдааны мөнгийг нь төлөөд авсан. Тэгэхээр нь дуудлага худалдаанд орж байж газар авах ёстой газрын мөнгөний баримт нь хаана байгаа юм бэ гэж асуусан чинь Т.Ууганбаярт өгсөн гэж хэлсэн. Тухайн үед Зуунмод, аймгийн засаг дарга нар ажлаа өгөх гээд байсан үе таарсан бөгөөд тухайн үед өндөр настай хүмүүстээ газар үнэгүй егч байсан... Т.Ууганбаяр газрын албаны байранд сууж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн үед Т.Ууганбаяраас Д.Цэрэннадмидад ямар учиртай газар өгсөн юм бэ? Д.Цэрэннадмидаас авсан мөнгийг тушаасан уу гэж асуухад Т.Ууганбаяр би мөнгийг нь тушаасан байгаа. Мөн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газраас газар өгсөн гэж хэлж байсан. Тэгээд удаачгүй би ажлаа өгсөн. Дуудлага худалдааны газрын анхны үнэ болохоор 8.450.000 төгрөг байсан шиг санагдаж байна. Мөн дээрээс нь 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн А/440 дугаартай захирамжинд дурьдсан 22 хүний газар өмчлөх анхан шатны захирамжийн төсөл нь Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт захирамжийн төслийг хянуулаагүй шууд аймгийн засаг даргаар захирамж гаргуулсан байсан. Энэ талаар манай хяналт тавьдаг Насанжаргал хүртэл мэдээгүй байсан. Ер нь бол Зуунмод сумын засаг даргын тамгын газраас өндөр настай хүмүүстээ газар үнэгүй өгсөн гэж байсан боловч сүүлд А/440 дүгээр захирамж хүчингүй болсон“ гэх мэдүүлэг /хх-56-58 тал/

Гэрч Ч.Наран мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Зуунмод сумын 1-р баг Цэлмэг хотхон 5А тоот, 300 мкв талбайтай Ц.Нямжавын өмчллийн газрыг 2016 оны газар зохион байгууллатын төлөвлөгөөнд тусгаагүй байсан учраас 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай аймгийн засаг даргын захирамжаар хүчингүй болгосон. 2016 оны 09 дүгээр сарын 15--ы өдрийн ИХТ-н хурлаас ажлын хэсэг гарч газар олголт, өмчлөлийн ажлыг шалгасан ажлын хэсэг гараад зөрчилтэй байсан газруудын зөрчлийг илрүүлж газрын эөвшөөрлийг хүчингүй болгуулсан. Зуунмод сумын 1-р баг Цэлмэг хотхон 5А тоот, 300 мкв талбайтай Ц.Нямжавын өмчллийн газрыг өмнө ямар ч хүн өмчлөөгүй байсан бөгөөд замтай ойрхон учраас өмчлүүлэх боломжгүй. Ц.Нямжавын газар нь яг замтайгаа ойрхон байсан...   Газар өмчллийн гэрчилгээ авахын тулд иргэн газар өмчлөх өргөдөл өгнө. Газар өмчлөх өргөдлийг тухайн сумын засаг дарга хүлээн авч газрын даамалд хуулийн дагуу шийдвэрлэ гэж цохолт хийж өгнө. / шийдвэрлэх боломжтой, боломжгүй гэсэн / иргэний хүсэж байгаа газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэх талаар шалгаж үзээд иргэнд хариуг нь өгнө. Хэрэв төлөвлөгөөнд өгч болно гэж туссан байвал газрыг өгнө. Хэрэв газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байвал газрыг нь өгөхгүй... Тухайн сумын ИТХ-с өмнөх жил нь хаана ямар газар олгож болох талаар газар зохион байгуулалтын төлөвөлгөө баталдаг. Ц.Нямжавын өмчлөсөн нь газар 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Харин Ц.Нямжав нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/127 дугаартай дуудлага худалдаа явуулах захирамжийн дагуу Цэлмэг хотхон 8 тоотыг худалдаж авахаар газрын дуудлага худалдаанд оролцсон боловч хүссэн газраа авч чадаагүй байсан“ гэх мэдүүлэг /хх-59-61тал/

БУСАД БАРИМТ

- Төв аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтынэ газрын 2017 оны 07 дугаар сарбн 26-ны өдрийн 07/534 тоот албаг бичиг /хх-19 тал/,

- Төв аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/440 тоот албан бичиг, хавсралтууд /хх-ийн 20-24 тал/

- Шүүгдэгч Т.Ууганбаярын Зуунмод сумын газрын албаны мэргэжилтэнээр ажилд орсон тушаал /хх-28-32 тал/,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн газрын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1023 тоот албан бичиг /хх-ийн 36 тал/,

- Шүүгдэгч Т.Ууганбаярын Төв аймаг дахь Хас банкны дансны хуулга /хх-75 тал/,

- Шүүгдэгч Т.Ууганбаярын Төв аймаг дахь Капитал банкны дансны хуулга /хх-76-77 тал/,

- Шүүгдэгч Т.Ууганбаярын Төв аймаг дахь Төрийн банкны дансны хуулга /хх-78-79 тал/,

- Шүүгдэгч Т.Ууганбаярын Төв аймаг дахь Хаан банкны дансны хуулга /хх-183-187 тал/,

- Шүүгдэгч Т.Ууганбаярын Кредит банкны дансны хуулга /хх-189 тал/,

- Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/127 тоот “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулах” тухай захирамж, холбогдох бичиг баримтын хуулбарууд /хх-ийн 83-104 тал/,

-Төв аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/110 тоот захирамж /хх-ийн103-107 тал/,

- Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №20 тоот тогтоол /хх-ийн 108-111 тал/,

-Төв аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/440 тоот “Газар өмчлүүлэх тухай” захирамжын хуулбар /хх-ийн 113-117 тал/,

- Шүүгдэгч Т.Ууганбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 118-129, 152-160 талууд/,

-хохирогч Ц.Нямжав нь дуудлага худалдаанд оролцсон тухай баримтууд /хх-ийн 169-181 тал/, 

- шүүгдэгч Т.Ууганбаярын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа, /хх-17 тал/,

       -шүүгдэгч Т.Ууганбаярыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар /хх-138-140, 149-150 талуудууд/ байцаасан тэмдэглэл зэрэг тус тус өмгөөлөх болон яллах талуудын саналаар шинжлэн судлав.

        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ууганбаяр нь Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамлаар ажиллаж байхдаа 2016 оны 07 дугаар сард тус сумын иргэн Д.Цэрэннадмид, Ц.Нямжав нарт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Цэлмэг хотхон ба 5а тоот 300 мкв газрын гэрчилгээг гаргуулан өгч 9.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Д.Цэрэннадмидын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ц.Нямжав, гэрч Г.Эрдэнэбат, Т.Пүрэвдулам, М.Хүрэлбаатар, Ч.Наран нарын мэдүүлэг, шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.Ууганбаярын гэм буруугаа хүлээн мэдүүлж буй мэдүүлэг болон шүүхийн шатанд шинжлэн судалсан бичгийн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Ууганбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Ууганбаярын холбогдсон /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг нь “энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдлчилан үгсэж тохиролцсон бүолэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан нь /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван житл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ гэж зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Т.Ууганбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулж тэнсэх нь зүйтэй байна.

Хохирлын талаар:

Хохирогч Д.Цэрэннадмид шүүгдэгч Т.Ууганбаяраас хохирлын 9.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхийн шатанд шүүгдэгч Т.Ууганбаяр нь төлж барагдуулсан байх энэ шүүх хуралдаанаас гаргуулах хохирлын асуудал байхгүй байна. 

 

Эд мөрийн баримтын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Т.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

1. Бал овогт Түвшинхүүгийн Ууганбаярыг бусдын эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Бал овогт Түвшинхүүгийн Ууганбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Бал овогт Түвшинхүүгийн Ууганбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар Бал овогт Түвшинхүүгийн Ууганбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, хяналт тавьж ажиллахыг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бал овогт Түвшинхүүгийн Ууганбаяр нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

6. Бал овогт Түвшинхүүгийн Ууганбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тоогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ууганбаярт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйл
ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Т.Ууганбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМААт