Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 420/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл  

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг

-өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Золзаяа

- өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч З.Кульзира

-сурган хүмүүжүүлэгч багш н.Одонтуяа

- өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр

- өсвөр насны хохирогчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл

  • Өсвөр насны шүүгдэгч Х.Даветхаан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Каракас овогт Хурмидхааны Даветхаанд холбогдох эрүүгийн 1734001540100 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 15-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бул 3, ээж, ахын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Будаан толгойн 2-56 тоотод оршин суух хаягтай. Каракас овгийн Хурмидхааны Даветхаан. /РД: НБ00231511/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Х.Даветхаан 2017 оны 08 дугаар сарын 02-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн дүү Санагаг өмөөрч насанд хүрээгүй Б.Баасанбадамын нүүрэн тус газар нь өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Даветхаан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би хохирогч Б.Баасанбадамыг цохисон,  гэхдээ нүд рүү нь цохиогүй юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Одоо хохирогч Б.Баасанбадамын бид 2 найз нөхдийн холбоотой байгаа” гэв.

 

            Насанд хүрээгүй хохирогч Б.Баасанбадамын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн "...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн найз охин болох Энхжингийн хамт оройн 17 цагийн үед стадионы хажуугаар явж байхад манай дээд үеийн Даветхаан гэдэг хүүхэд морьтой ирснээ намайг хүзүүнээс маань чирээд буланд аваачаад толгойгоороо мөргөснөө чамд 5000 төгрөг байвал өг гэсэн, тухайн үед надад мөнгө байгаагүй учраас олоод өгье гэж хэлээд Энхжингийн хамт стадион руу орж нуугдсан, хэсэг хугацааны дараа бид хоёр харихаар гарсан чинь стадионы хажууд манай доод үеийн Даведхааны дүү нар болох Санага Нурбек хоёр болон түүний найзууд болох Амарболд, Жандос, Баяраа, Лхагваа нар хойно морьтой явж байснаа... Санага намайг ална гэхээр нь би Санага дээр очсон чинь намайг Санага нурууруу ташуурдсан, дахиад цохихоор нь ташуураас нь барьж аваад мориноос нь унагаасан би дээр нь ойчоод босох гэсэн салахгүй байсан...Даведхаан шууд мориноосоо бууж ирээд миний цуээжрүү доороос нь өшиглөөд дараа нь зүүн нүдрүү маш хүчтэй өшиглөхөд миний толгой эргээд газар унахад тэрээр миний хэвлий хэсэгт нэг удаа дэвсэхэд Оюунтуяа эгч голоор орж намайг салгасан, дараа нь эргэж дайраад баруун хацар болон толгойн дагз хэсэгт хэд хэдэн удаа цохисон, тэгэхээр миний биед учирсан зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, тархи доргилт гэмтлийг Даветхаан учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

Гэрч М.Урпакын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Энхжинтэй уулзахад танай найз Даветхаан Баасанбадамыг зодчихсон байна лээ гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-20 тал/, 

Насанд хүрээгүй гэрч М.Амарболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг “Даветхаан нилээн согтуу хэл ам нь ээдэрчихсэн байсан, хүн болгон дээр очоод үсчээд байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 21  тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Нурбекийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг “Даветхаан Баасанбадамыг хөлөөрөө жийж байгаа харагдсан..."гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч М.Энхжингийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Даветхаан гэдэс болон нүүр рүү өшиглөсөн дараа нь зүүн нүд нь хавдчихаад нээгдэхгүй байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 24 тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

Гэрч Д.Оюунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Баасанбадамыг Кульзира эгчийн банди нь нүүрээ дарчихсан байхад мөр рүү нь цохих шиг болохоор очоод салгатал эргээд явтал хажууд байсан охин нь дахин орилохоор нь эргээд хартал Баасанбадам босож амжаагүй байхад нь толгойруу нь өшиглөж байгаа харагдсан...Кулзира эгчийн хүүхэд л толгойн тус газарт нь өшиглөж байгаа харагдсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 26 тал/,

Гэрч Г.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “"...зодуулж байсан хүүхдийг газар уначихсан байхад өшиглөөд байгаа харагдсан...тэгээд холоос орилтол Даветхаан зодож байгаа хүүхдээсээ салахгүй л араас зодоод дайраад байсан юм..."гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт №465 тоот дүгнэлтэд:

  •  М.Санагагын биед духанд зулгаралт, дух, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо
  • Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
  • Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй
  • Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 34 тал/

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт №10006 тоот дүгнэлтэд:

  • Б.Баасанбадамын биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, нуруу, баруун бугалга, зүүн дал, цээжинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо
  • Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна
  • Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 37 тал/

 

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн мэдүүлэг/хх-ийн 40-42-р хуудас/

Өсвөр насны яллагдагчаас өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/

  • Хохирлын баримтууд /хх-ийн 6-8 тал/,
  • Насанд хүрээгүй гэрч Б.Амарболдын насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 83-84 тал/,
  • Насанд хүрээгүй гэрч Э.Лхагвадоржийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 85-86 тал/,
  • Насанд хүрээгүй хохирогч М.Санагагийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 87-88 тал/,
  • Насанд хүрээгүй гэрч Б.Нурбекын насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 89-90 тал/,
  • Насанд хүрээгүй шүүгдэгч Х.Даветхааны насанд хүрээгүй хохирогч Б.Баасанбадамд хохирол төлсөн баримтууд /хх-ийн 93-99 тал/

Өсвөр насны яллагдагч Х.Даветханы насыг тоолсон тэмдэглэл / хх-ийн 50 -р хуудас

       Насанд хүрээгүй хохирогч Б.Баасанбадамын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/

       Өсвөр насны яллагдагч Х.Даветхааны зан байдлын тодорхойлолт /хх-ийн 55- р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.Даветхаан нь 2017 оны 08 дугаар сарын 02-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн дүү Санагаг өмөөрч насанд хүрээгүй Б.Баасанбадамын нүүрэн тус газар нь өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Урпак, М.Амарболд, Б.Нурбек, М.Энхжин, Э.Лхагвадорж, Д.Оюунтуяа, Г.Ганболд, О.Алтаншагай, С.Ууганбаатар, Д.Баярцогт, З.Кульзира, Б.Золзаяа нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний №10006 тоот дүгнэлт, шүүгдэгч Х.Даветхааны шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Даветхааныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.Даветхаанд холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Х.Даветхаан нь Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч бөгөөд өсвөр насны шүүгдэгч болох нь №0000974296 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар,  нас тоолсон тэмдэглэл,  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн биеийн байцаалтын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д “нийтэд тустай ажил хийлгэх”, 8.3 дугаар зүйлийн 2-д “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэж тус тус заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирлын талаар:

Өсвөр насны хохирогч Б.Баасанбадам нь 928.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч Х.Даветхааны ээж З.Кульзира өсвөр насны хохирогч Б.Баасанбадамд 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурдах, өсвөр насны хохирогч Б.Баасанбадам нь “ Iphone-4 маркийн гар утасаа 250.000 төгрөгөөр авсан түүнийгээ нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг, энэ хэргийн улмаас нүдний хараанд өөрчлөлт орсон цаашид эмчлүүлэх шаардлагатай жич нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд тусгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд: Өсвөр насны хохирогч Б.Баасанбадам нь “ Iphone-4 маркийн гар утасаа 250.000 төгрөгөөр авсангэх нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангаагүй хэрэгт эд зүйлийн үнэлгээ болон бусад нотлох баримтыг хавсаргаагүй байх тул, эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “ энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болн үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байх тул өсвөр насны хохирогч Б.Баасанбадам нь эмчилгээ хийлгэх шаардлагатай бол  эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Х.Даветхаан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.Баасанбадамын Iphone-4 маркийн гар утасыг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18, 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Каракас овгийн Хурмидхааны Даветхаанг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Каракас овгийн Хурмидхааны Даветхаанг Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан , Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Каракас овгийн Хурмидхааны Даветхаанд 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны өсвөр насны шүүгдэгч Х.Даветхааны ээж З.Кульзира өсвөр насны хохирогч Б.Баасанбадамд 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, өсвөр насны хохирогч Б.Баасанбадам нь Iphone-4 маркийн гар утас болон цаашид гаргах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.  

5.  Өсвөр насны шүүгдэгч Х.Даветхаан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тоогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Х.Даветхаанд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйл
ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж өсвөр насны шүүгдэгч Х.Даветхаанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА