Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж Улсын яллагч: В.Дэлгэрмаа, Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Хөх булаг гэх газраас ******* эзэмшлийн 18 тооны ямааг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Хөх булаг гэх газар адуундаа явж байтал хонь ямаа нийлсэн хэсэг мал явж байхаар нь ойр хавьд малын эзэн нь харагдахгүй болохоор нь хулгай хийх санаа төрөөд уг малнаас 18 тооны ямааг тууж яваад өөрийн эзэмшлийн мал руугаа нийлүүлсэн. Тэгээд тэр өдөр уг 18 тооны ямааг би ганцаараа нядалж мах 2 арьс ширийг нь өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн давхар кабинтай портер маркийн 09-02 БНХ улсын дугаартай автомашинд ачаад Баянхонгор аймаг руу явж Есөн-Эрдэнэ зах дээр 1 танихгүй ченжид 18 тооны ямааны махыг бөөний үнээр зарсан. Одоо би хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна. Харин 18 тооны ямааны арьсыг Дэлгэрэх зах дээр танихгүй ченжид 1 арьсыг 1500 төгрөгөөр зарсан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа би уг малын эзэн хүү баригдсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...манай мал 2 хэсэгт тасарсан байхаар нь бүртгээд үзтэл 35 тооны ямаа дутсан байхаар нь аймагт өөрийн хүү руу утсаар яриад манай малнаас 35 ямаа дутсан байна аймгийн төвийн түүхийн эдийн зах дээр манай ямааны арьс байна уу үзээтэх гэж хэлээд малаа хайж явж байгаад 35 тооны ямаанаас нь 17 ямаа нь тасарсан байхыг олсон. Харин 18 тооны ямааа зүсээрээ дутсан. Манай хүү нь Баянхонгор аймгаас над руу яриад 18 тооны ямааны арьс хүн Дэлгэрэх зах дээр түүхий эдийн ченжид өгсөн байна. Би ямааны арьсыг сайн танихгүй гэхээр нь эхнэр аймаг явж ямааны арьсаа үзээд ир гээд явуулсан. Тэгээд ямааны арьсыг үзээд манай алдсан 18 тооны ямааг хулгайлж нядлаад арьсыг нь зарсан байсан. ******* өөрийн ямаанаас 18 ямааг буцаан өгч уучлалт гуйж хохирлыг барагдуулсан, надад одоо нэхэмжлэх зүйлс байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...той хамт арьс махны ченж нартай уулзаад явж байсан чинь Дэлгэрэх захын мах, арьсны ченж гэх хүнд 18 тооны ямааны бөөн арьс орж ирсэн байсан. уг арьсыг хараад танихгүй гээд Бөмбөгөр сумаас ээж Ганчимэг нь ирж Нямжав гэх ченжид байх арьсыг үзээд алдагдсан гэх ямааны арьс мөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр би Дэлгэрэх зах дээр мал мах аваад байж байтал хөдөөний бололтой 1 залуу ирээд ямааны арьсан авах уу гэхээр хэдэн ямааны арьс байгаа вэ гэж асуутал 18 тооны ямааны арьс байна гэхээр нь нэг ямааны арьсыг 1500 төгрөгөөр бодож нийт 18 тооны ямааны арьсыг 27000 төгрөгөөр авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би хүүхэдтэйгээ ярихдаа содон өнгөтэй 18 тооны ямаа алга байна чи аймгийн захаас сурч үзээтэх гэж хэлсэн юм. Тэгсэн тэр өдөр нь манай хүү утсаар дунд захад байх ченжээс асуухад 18 тооны ямаааны арьс байна. Би сайн танихгүй байна ирээд үзээтэх гэж хэлсэн. Тэгэхээр нь очоод үзэхэд 18 тооны ямааны арьс мөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 /

Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “... 18 тооны ямааг 1440000 төгрөгөөр, цэнхэр өнгийн давхар кабинтай портер маркийн тээврийн хэрэгслийг 4000000 төгрөгөөр, хээр зүсмийн морь 250000 төгрөгөөр тус тус үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 51-53 / -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 08-17/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 63/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 74/,

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017.10.03-ны өдрийн 267 тоот тодорхойлолт /хх-ийн 69/, шүүгдэгч *******ийн 3 урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог. Шүүгдэгч Д Д ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Хөх булаг гэх газраас ******* эзэмшлийн 18 тооны ямааг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн ... адуундаа явж байтал хонь ямаа нийлсэн хэсэг мал явж байхаар нь ойр хавьд малын эзэн нь харагдахгүй болохоор нь хулгай хийх санаа төрөөд уг малнаас 18 тооны ямааг тууж яваад өөрийн эзэмшлийн мал руугаа нийлүүлсэн. Тэгээд тэр өдөр уг 18 тооны ямааг би ганцаараа нядалж мах арьс ширийг нь өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн давхар кабинтай портер маркийн 09-02 БНХ улсын дугаартай автомашинд ачаад Баянхонгор аймаг руу явж Есөн-Эрдэнэ зах дээр 1 танихгүй ченжид 18 тооны ямааны махыг бөөний үнээр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60

хохирогч *******... уг 18 тооны ямааны арьсыг үзээд манай алдсан 18 тооны ямааг хулгайлж нядлаад арьсыг нь зарсан байсан, хохирлыг барагдуулсан надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 / гэрч ...той хамт арьс махны ченж нартай уулзаад явж байсан чинь Дэлгэрэх захын мах, арьсны ченж гэх хүнд 18 тооны ямааны бөөн арьс орж ирсэн байсан, ээж Ганчимэг нь ирж Нямжав гэх ченжид байх арьсыг үзээд алдагдсан гэх ямааны арьс мөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 /

гэрч ... 18 тооны ямааны арьс байна гэхээр нь нэг ямааны арьсыг 1500 төгрөгөөр бодож нийт 18 тооны ямааны арьсыг 27000 төгрөгөөр авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /

гэрч ... очоод үзэхэд 18 тооны ямааны арьс мөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 /, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-ийн 51-53/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******д Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс *******ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан 4 мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ******* хохирлыг төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин уг хэргийн улмаас Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх өөрийн эзэмшлийн 09-02 дугаартай цэнхэр өнгийн давхар кавинтай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн боловч тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй байх тул 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгож, харин шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр зүсмийн морийг хураан авах боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчдийн “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр зүсмийн морийг 250000 төгрөгөөр “ үнэлсэн үнэлгээг үндэслэн үнийг гаргуулж , улсын орлого болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

4.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийг учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “... 09-02 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...”-ийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр зүсмийн нэг тооны морины үнэ болох 250000 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж, улсын орлого болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА