Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 421/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан

Улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан

Шүүгдэгч Г.Жадамбасүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорхойт овогт Ган-Өлзийгийн Жадамбасүрэн холбогдох 1734004380169 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөр-Ширээт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Өндөр-Ширээт сумын Уянга 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хорхойт овогт Ган-Өлзийгийн Жадамбасүрэн /РД: НР82121876/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч Г.Жадамбасүрэн нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөр-Ширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг “Цахирт уул” гэх газарт Б.Отгонжаргалын тавьсан Форд Эверест маркийн 40-83 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуйг хутгаар хатгаж, зүсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Жадамбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Ю.Батзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...надад болон манай компанид цаашид нэхэмжпэх зүйл гомдол санал байхгүй. Учир нь манай компанид учирсан хохирлыг Жадамбасүрэн нь нөхөн төлж хохиролгүй болгосон. Энэ талаараа манай компаний гүйцэтгэх захирал Н.Батболд нь албан бичиг дээрээ тодорхой бичсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/

 

Хохирогч Б.Отгонжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн ...Цахирт уулаас зүүн урд зүгт байдаг хамрын орой дээр гараад унаж явсан 48-83 УБЯ тээврийн хэрэгслээ... үлдээгээд 30-40 минут болоод эргээд ирэхэд миний унаж явсан автомашины 4 дугуй нь хагарчихсан байсан. Би гайхаад машиныхаа дугуйг үзэхэд хурц иртэй зүйлээр бөөрөн тус газар нь 2-7 см орчим зүсээд хийг нь гаргачихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 тал/,

            Гэрч Б.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...цэнхэр портертэй эмэгтэй ирээд танай машин чинь урд уулын урд болохоо больсон байна гэж хэлээд яваад өгсөн. Тракторын жолооч Ундрал ...4 дугуйг нь иртэй зүйлээр зүссэн байна гэсээр ирсэн. ...15 цаг өнгөрч байхад байх нэг мотоцикльтэй сундлаатай хоёр хүн ирсэн нэг нь бага зэрэг архи үнэртүүлсэн байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

            Гэрч П.Алтанцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Жадамбаа, Очко хоёртой уулзсан. Дугуй нь хагарчихсан цагаан машины хажууд уулзсан. Очко намайг энэ машин нь эзэнгүй байна та чирээд гэртээ авааччих гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

            Гэрч Г.Лхагва-Очир мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...цагаан машин нь эзэнгүй байсан ойр хавьд нь хүн байхгүй байсан. Ах бид 2 мотоцикльноосоо буугаад би адуу дурандаад сууж байхад цагаан машины дугуйны хий гараад байсан. Би гайхаад эргээд харахад цагаан машины хажууд хутга бариад зогсож байсан.”, “...өмнө нь ...гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан. Тухайн үед намайг дуран тавиад сууж байхад манай ах Жадамбасүрэн нь тухайн машины дугуйг хагалчихсан байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэж хэлэхэд согтуу эд нар нутаг орныг минь ухах гэж байна энэ тэр гээд яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 54 тал/,

БУСАД БАРИМТ

          - Форд Эверест” маркийн 40-83 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуй нь 2017 оны 10, 11 дэх 7 хоногт үйлдвэрлэсэн шинэ дугуй бөгөөд тухайн дугуйнуудад хатуу хурц иртэй зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан зүссэн гэмтлүүд үүссэн нотолсон криминалистикийн шинжээчийн 5870 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-48 тал/

            -Тухайн дугуйг нийт 1,200,000 төгрөгөөр үнэлсэн орон нутгийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16 тал/

- хохирогч Б.Отгонжаргалын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-21-25 тал/,

- Гоби эксплорэйшн ХХК-д учруулсан эд зүйлийн талаарх санхүүгийн баримтууд /хх-ийн 26-28 тал/,

- Төв аймгийн Өндөр-Ширээт сумын уянга багийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04/163 тоот албан бичиг /хх-29 тал/,

- шүүгдэгч Г.Жадамбасүрэнгийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх-31 тал/,

-шүүгдэгч Г.Жадамбасүрэнг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-34-35 тал/ зэрэг тус тус өмгөөлөх болон яллах талуудын саналаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Жадамбасүрэн нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөр-Ширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг “Цахирт уул” гэх газарт Б.Отгонжаргалын тавьсан Форд Эверест маркийн 40-83 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуйг хутгаар хатгаж, зүсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Отгонжаргалын мэдүүлэг, гэрч Б.Энхбаяр, П.Алтанцэцэг, Г.Лхагва-Очир нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Жадамбасүрэнгийн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Жадамбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Жадамбасүрэнд холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Г.Жадамбасүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол санал гаргаагүй зэрэг хувийн байдлыг харгалзсан торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар:

Гоби Эксплорэйшн ХХК-ын №66/17 тоот албан бичигт “...хэрэгт холбогдогчийн зүгээс компанид учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байх тул ямар нэгэн санал, гомдолгүй болно” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирол байхгүй байна.

 

Эд мөрийн баримтын талаар:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “ Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй эвхэгддэг хутга 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комиист даалгахыг, хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Жадамбасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хорхойт овогт Ган-Өлзийгийн Жадамбасүрэнг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хорхойт овогт Ган-Өлзийгийн Жадамбасүрэнг зургаан зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хорхойт овогт Ган-Өлзийгийн Жадамбасүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хорхойт овогт Ган-Өлзийгийн Жадамбасүрэнг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй эвхэгддэг хутга 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Г.Жадамбасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жадамбасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг                       дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Г.Жадамбасүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА