Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 00044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 хороолол, 6 байр, 54 тоот хаягт оршин суух, Х,Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, Метро молл 11/4 хаягт байрлах, “ЛХЭРЭ” ХХК-д холбогдох,

18.120.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Лакшири хаус энд рийл эстэйт” XXК нь нэхэмжлэгч Х.Батбаяртай байгуулсан 2015 оны 5 сарын 06-ны өдрийн №15/13 тоот Зуучлах онцгой эрхийн гэрээний дагуу X.Батбаярын бариулсан Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилавхутагт Жамсранжавын гудамжинд байрлах  “Коре таун” хотхоны орон сууцуудыг худалдан борлуулахад зуучлах уүрэг хүлээсэн. Уг орон сууцнуудаас иргэн Ж.Элбэгжаргал нь 45 Б байшингийн 3 дугаар орц, 6 давхарт 255  тоот дахь 30,2 кв.м талбайтай, 1 өрөө орон сууцыг 60,400,000 төгрөгөөр худалдан авах болсон.

“Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-ийн Хаан банкинд явуулсан 2015 оны 8 сарын 31-ний өдрийн 15/137 тоот албан бичгээс нь үзэхэд уг орон сууцны урьдчилгаа төлбөр 18,120,000 төгрөгийг тус компани иргэн Ж.Элбэгжаргалаар төлүүлж авсан байгаа боловч мөнгийг Х.Батбаярт өгөхгүй, өгөөгүй мөртлөө өгсөн гэх худлаа баримт үйлдэж өгсөн байгаа юм.Энэ баримт нь худлаа баримт гэдэг нь Багануурын шүүхийн шийдвэрт тодорхой тогтоогдсон байгаа.

Иймд энэ 18.120.000 төгрөгийг хариуцагч “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Х.Батбаярын нэхэмжилсэн 18,120,000 төгрөгийг алданги 5,000,000 төгрөгийн хамт төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Батбаяр  нь Зуучлах онцгой эрхийн гэрээний үүрэг 18.120.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрийг алдангийн хамт нэхэмжлэгчид төлсөн гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т  зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 31-ний өдрийн 103/ШШ2017/00313 дугаар шийдвэрээр:

 “Лакшири хаус  энд рийл эстэйт” ХХК, Ж.Элбэгжаргал нарын хооронд 2014 оны 7 сарын 03-ны өдөр байгуулсан №LA-2/14 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ,

“Лакшири хаус  энд рийл эстэйт” ХХК, Х.Батбаяр нарын хооронд 2015 оны 5 сарын 06-ны өдөр байгуулсан №15/13 дугаартай Зуучлах онцгой эрхийн гэрээ,

Х.Батбаяр, Ж.Элбэгжаргал нарын хооронд 2015 оны 8 сарын 28-ны өдөр байгуулсан №3/255 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд шүүх  тус тус эрх зүйн дүгнэлт өгсөн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.

“Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-ийн Х.Батбаяртай 2015 оны 5 сарын 06-ны өдөр байгуулсан 15/13 дугаартай Зуучлах онцгой эрхийн гэрээний 2.1.-д худалдагч авагч талын урьдчилгаа төлбөрийг “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК нь өөрийн дансанд байршуулах ба төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд төлбөрийг зуучлуулагч талд /Х.Батбаярт/ шилжүүлэх үүрэг хүлээжээ.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Х.Батбаяр нь “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдаж хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт болох Ж.Элбэгжаргалын  “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-д  байрны төлбөрт 2014 оны 7 сарын 03-ны өдөр 12,177,000 төгрөг, 2014 оны 11 сарын 27-ны өдөр 2,200,000 төгрөг, 2014 оны 9 сарын 29-ний өдөр 1,800,000 төгрөг, 2015 оны 8 сарын 28-ны өдөр 1,943,000 төгрөг бүгд 18,120,000 төгрөгийг төлсөн тухай “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-ийн  кассын орлогын ордер, Хас банкны орлогын баримтуудаар /хэргийн-39,64,66 дугаар хуудас/ Ж.Элбэгжаргал нь  “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-д 18,120,000 төгрөг төлсөн нь тогтоогдож байна.

2015 оны 8 сарын 28-ны өдрийн “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-ийн кассын зарлагын баримтаар Х.Батбаярт 18,120,000 төгрөгийг төлсөн гэх тайлбар гаргасан боловч, хариуцагч “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-иас 2015 оны 8 сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Х.Батбаярын туслах П.Ганбатын нэр дээр явуулсан 15/139 тоот албан бичигт “...Ж.Элбэгжаргалын худалдан авч буй орон сууцны төлбөрийн 30%-ийг “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-иас төлөх ба үлдэгдэл 70%-ийг захиалагч Ж.Эрдэнэжаргал банкны зээлд хамрагдан төлөхөөр болсон.

Ж.Элбэгжаргал нь банкинд зээлээ судлуулахад урьдчилгаа 30%-ийг төлсөн баримт хэрэгтэй байгаа учраас 2015 оны 8 сарын 28-нд  “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-иас таньд бэлнээр төлсөн гэх 18.120.000 төгрөгийн зарлагын баримтыг үйлдэж өгч тусална уу.  Энэхүү урьдчилгаа 30%-ийн төлбөр болох 18.120.000 төгрөгийг бид Ж.Элбэгжаргалын зээл судлагдан үлдэгдэл 70%-ийн зээл гаран таньд олгогдох тэр үед компаниас таньд төлөх болно. Жич: Тохирсон ёсоор уг худалдан авч буй орон сууцны ажлын хөлсийг таниас нэхэмжлэхгүй болно...” гэсэн нотлох баримтаар үгүйсгэгдэж, нэхэмжлэгчид мөнгийг төлөөгүй болохоо нотолж байна.

Шүүх, хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч  шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119., 120.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1., 410 дугаар зүйлийн 410.1.-д зааснаар “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-иас 18,120,000 төгрөгийг гаргуулж Х.Батбаярт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 248,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Батбаярт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БААТАР