Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 00077

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Т.Баттулга, Ч.Мөнхсүх, Ө.Хишигбуян, тэдний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Баттулга, Ч.Мөнхсүх, Ө.Хишигбуян нарт холбогдох эрүүгийн 201606000127 дугаартай, 132/2016/0075/Э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээрсарын 15-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух, хувиараа айлд мал малладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдер Булган аймаг дахь Сум дундын 4 дүгээр шүүхийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн гэх, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Дархан овогт Өлзийхутагийн Хишигбуян /РД: ГЙ91091513/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 2 дугаар багт оршин суух, Шинэ-Амжилт ХХК-нд механикжуулагч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Барга овогт Тамирын Баттулга /РД: ГЙ93041410/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёлын удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух, Тэшиг сумын соёлын төвд техникч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Тэрт овогт Чинзоригийн Мөнхсүх /РД: ГЙ93102935/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Хишигбуян, Т.Баттулга, Ч.Мөнхсүх нар нь тээврийн хэрэгсэл ашиглаж, бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Тэшиг сумын 2 дугаар багийн нутагт хохирогч Г.Баярын зуслангийн байшинд нэвтрэн орж гудас, хөнжил, хөгжим, дэр, тогоо, савхин материал, хар цаас, хувин, шанага зэргийг хулгайлж бусдад 579500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

   Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Хишигбуян мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Баттулга мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Мөнхсүх мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

Эрүүгийн 201606000127 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Г.Баярын өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумаас эгч Жавзан надруу утсаар залгаад Тэшиг сумын 2-р багийн нутагт байрлах модон байшинд чинь хулгай орсон байна гэж мэдэгдсэн. Тэгээд би 04 дүгээр сарын 05-ны өдөр очиход байшингын хаалгыг нь хөшиж онгойлгож дотогш орсон байсан. Байшинд ороод үзтэл доторхи эд зүйлийг эмх замбараагүй болгосон заримыг нь эвдэлж эд зүйл хулгайлсан байхыг мэдээд Тэшиг сумын хэсгийн төлөөлөгчид болсон явдлын талаар хэлж мэдэгдсэн. Хулгай хийсэн хүмүүс нь мотоцикльтой ирсэн болов уу гэмээр шороон дээр мөр үлдсэн байсан. Орны порлонон 1.5x2 метрийн харьцаатай, хуучин хэрэглэж байсан. 2013 онд худалдаж авсан нийт 4 ширхэг гудас бүрийн үнэ нь 35000 төгрөг, өдөн материалтай, хуучин хэрэглэж байсан нийт 3 ширхэг хөнжил тус бүрийн үнэ 40000 төгрөг, кассет тоглуулагч, хуучин хэрэглэж байсан 25000 төгрөг, дотроо будаатай шинэ нийт 4 ширхэг дэр тус бүрийн үнэ 15000 төгрөг, ширмэн материалтай хуучин хэрэглэж байсан 10 литрийн багтаамжтай  тогоо 30000 төгрөг, аяны зориулалттай 6 литрийн багтаамжтай өлгөдөг, хуучин хэрэглэж байсан тогоо 25000 төгрөг, гал тогооны жижиг хэрэглэлүүд нийт үнэ нь 25000 төгрөг, усны урт түрийтэй, хар өнгийн гутал, орос улсад үйлдвэрлэсэн 40000 төгрөг, мөн сүүлд тайлбар өгснөөс хойш бодсон чинь дерметин буюу хиймэл савхин материал тус бүр нь 40000 төгрөг, дээврийн хар цаас 15000 төгрөг, мөн хулгай хийхдээ эвдэлсэн усанд ордог душ 25000 төгрөг, шланк 15000 төгрөг, 4 ширхэг 15000 төгрөгийн үнэлгээтэй 2 ширхэг орос, 2 ширхэг хятад улсад үйлдвэрлэсэн цоож, 2х1.2 харьцаатай шинэ цонх хагарч эвдэрсэн үнэлгээ нь 60000 төгрөг нийт 160.000 төгрөг зэргийг хулгайд алдагдсан. Би бинзен тосны нааш цааш явсан шатахууны зардал гээд нийт 550000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулж авах юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 37-38 тал/,

Гэрч Б.Мөнхжаргалын өгсөн: Манай нөхөр Г.Баттулга нь Булган аймгийн Тэшиг сумын 2 багийн нутаг дунд даваа гэх нэртэй газарт байх өөрийн гэртээ байж байхад Мөнхсүх, Хишигбуян хоёр мотоцикльтой 2016 оны 04 дүгээр сарын 04-ний оройн 20 орчимд ирсэн. Тэгээд манай нөхөр Баттулгыг аваад ийшээ юманд яваад ирье гээд дагуулаад явсан. Өглөө 05-ны өдөр буюу үүрээр 05 цагийн алдад байх хоёр мотоцикльтой 3-уулаа ирсэн. Ирэхдээ 4 ширхэг цагаан өнгийн буйдангийн дэр 2 ширхэг, савхан материалтай эд зүйл, 10 литрийн төмөр цагаан хувин, 1 шанага, хос урагдсан усны гутал зэргийг авчирсан харагдсан. Тэгээд авчирсан эд зүйлсээ гэрийн дэргэд байх модон амбаартай хийсэн байсныг харсан. Асуухад амралтын баазаас авчирсан гэж байсан. Тэгээд Хишигбуян, Мөнхсүх хоёрыг авчирсан эд зүйлсээ аваад яваарай гэсэн боловч авч явалгүй сумын төв рүү явсан. Мөнхсүх би ажилтай байна дараа ирээд авъя гэж байсан. Тэгтэл манай нөхөр Баттулга наад эд зүйлс чинь байж байг хүн нь асууж ирж магадгүй ирэхэд нь алга болгочихгүй байлгаж байгаад өгнө гэсэн. Тухайн эд зүйлсийг би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй гэх мэдүүлэг /хх 39 тал/,

Гэрч М.Билгүүнбаярын өгсөн: Манайд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө 22 цагийн үед хоёр мотоцикльтой нэг улаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй хайрхан мотоцикльтой, шаргал өнгийн Чансаа нэртэй мотоцикльтой гурвуулаа ирсэн. Тэгээд манайд ирээд Эгийн гол орж загас барина гэсэн. Манай гэрийн гадаа хоёр мотоциклоо үлдээгээд намайг дагуулаад загас барихаар явсан. Загасанд явахаас өмнө манай гэрийн гадаа 0.75 литрийн ерөөл нэртэй архийг гурвуулаа хувааж уусан. Шөнийн 23 цагийн үед голын зах руу явсан. Эгийн гол орж  8 ширхэг загас барьсан. Тэгээд бид дөрөв шөнийн 02 цагийн орчимд байх манай гэр лүү буцаж явах замдаа 0.5 литрийн архийг тэр 3 хувааж уусан. Тэгээд буцаж явтал Мөнхсүх, Хишигбуян хоёр амралтын газар байдаг байшингийн урд үлдсэн ба Баттулга бид хоёр манай гэр лүү түрүүлээд ирсэн. Тэгтэл 30 орчим минутын дараа байх нөгөө хоёр ирээд Мөнхсүх нь утасныхаа тагийг, батериатай нь саяны газраа хаясан байна очиж авъя гээд гурвуулаа мотоцикльтойгоо яваад өгсөн. Тэгээд бид гэртээ орж унтаж амарсан. Тэрнээс хойш тэр гурвыг юу хийснийг нь сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 41 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 тал/, эд зүйл түр хүлээн авсан тэмдэглэл, фото зургын үзүүлэлүүд /хх-ийн 22-28 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, фото зургын үзүүлэлүүд /хх-ийн 29-34 тал/, алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон комиссын дүгнэлт, тэмдэглэл /хх-ийн 47-49 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч нь Ө.Хишигбуян, Т.Баттулга, Ч.Мөнхсүх нар нь тээврийн хэрэгсэл ашиглаж, бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Тэшиг сумын 2 дугаар багийн нутагт хохирогч Г.Баярын зуслангийн байшинд нэвтрэн орж гудас, хөнжил, хөгжим, дэр, тогоо, савхин материал, хар цаас, хувин, шанага зэргийг хулгайлж бусдад 579500 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ө.Хишигбуян, Т.Баттулга, Ч.Мөнхсүх нарын мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон комиссын дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, нөхцөлийн талаар хоорондоо зөрүүгүй, эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн байх тул шүүх үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Ө.Хишигбуян, Т.Баттулга, Ч.Мөнхсүх нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ө.Хишигбуян нь 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын  шүүхийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн ба "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хамаарч байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын ар гэрийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.Баттулга, Ч.Мөнхсүх нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч Ө.Хишигбуян нь 15 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барга овогт Тамирын Баттулга, Дархан овогт Өлзийхутагийн Хишигбуян, Тэрт овогт Чинзоригийн Мөнхсүх нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Т.Баттулга, Ч.Мөнхсүх, Ө.Хишигбуян нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, шүүгдэгч Т.Баттулгыг 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хорих, шүүгдэгч Ч.Мөнхсүхийг 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хорих, шүүгдэгч Ө.Хишигбуянг 03 /гурав/ жил, 06 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Баттулгад оногдуулсан 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хорих, шүүгдэгч Ч.Мөнхсүхэд оногдуулсан 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хорих, шүүгдэгч Ө.Хишигбуянд оногдуулсан 03 /гурав/ жил, 06 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Ч.Мөнхсүх, Т.Баттулга нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ө.Хишигбуян нь 15 /арван тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор битүүмжилсэн шаргал өнгийн Вену маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгож, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн улаан өнгийн Хайрхан нэртэй мотоциклийг эзэмшигч У.Цогтбаярт буцаан олгосугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.Баттулгад оногдуулсан 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хорих, шүүгдэгч Ч.Мөнхсүхэд оногдуулсан 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хорих, шүүгдэгч Ө.Хишигбуянд оногдуулсан 03 /гурав/ жил, 06 /зургаа/ сарын хорих ялыг тус бүрийг тэнсэж, хянан харгалзах хугацааг шүүгдэгч Т.Баттулга, Ч.Мөнхсүх нарыг тус бүрийг 01 жил 06 сарын хугацаагаар, шүүгдэгч Ө.Хишигбуянг 2 жилийн хугацаагаар тогтоож тэдэнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Хишигбуянгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгч, шүүгдэгч Ч.Мөнхсүх, Т.Баттулга нарын бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.ДЭЛГЭРМӨРӨН