Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2015/0582

 

 

2015 оны 12 сарын 17 өдөр     Дугаар 221/МА2015/0582

 

 

ЖЮ ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч В.Удвал нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу ЖЮ ХХК-ийн нэхэмжлэлтэй, АРАИТСИТХ-д холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...АРАИТСИТХ-ын  2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг АРАИТСИТХ д даалгах гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...ЖЮ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаар сумын ард иргэдээс өөрсдийн нутгийг хамгаалах үүднээс маш их өндөр шаардлага тавьсан, бидэнд өргөх бичиг барьсан учраас уг асуудлыг авч хэлэлцэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт тогтоолоо явуулахад Ихтамир сумын Мөнгөт хэмээх газрыг тусгай хамгаалалттай газрын бүртгэлд бүртгэлээ гэсэн хариуг ирүүлсэн. Уг тогтоолыг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр танилцуулсан. Бид хэлэлцээд хууль, журмын дагуу хилийн цэсийг тогтоож, яаж хамгаалах талаар дүрэм журмыг хавсралтаар, кадастрын зурагтай нь гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах гэсэн хуулийн заалтуудыг мөн орон нутгийн иргэдийн саналыг үндэслэсэн. Уг тусгай зөвшөөрлийг анхнаасаа хууль бусаар авч байсан нь тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн тогтоол гарсаар байхад 2008 оны 03 сард тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Орон нутгийн саналыг аваагүй. Байгаль орчин, аялал жуучлал, ногоон хөгжлийн яамнаас ирүүлж байгаа албан тооттой танилцахад, тогтоолд дурдагдаж байгаа ой, амьтан, нутаг усны нөөцийг орон нутгийн хамгаалалтанд авч байгаа нь тухайн нутгийн онгон байдал, түүх соёлын дурсгалт газар, усны нөөц газар байх боломжтой учраас энэ ангилалд нь оруулж тусгай хамгаалалтанд авсан байдаг.

 

Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ЖЮ ХХК-ийн үйл ажиллагаанд саад болсон үйлдэл хийгээгүй учир нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд 06 тоот тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3,4, 2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 5, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 28 дугаар зүйлийн 3, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.1 дэх хэсгийн 18.1.2 дахь хэсгийн к,  Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Жөн-Юан ХХК-ийн АРАИТСИТХ-ын  2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг АРАИТСИТХ д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэг. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх шийдвэрлэсэн тухай:

 

ЖЮ ХХК нь 2015 оны 05 сард хайгуулын ажлаа хийхээр хайгуулын талбайд ирэхэд сумын байгаль хамгаалагч, багийн Засаг дарга, цагдаа, багийн ИНХ-ын дарга ард иргэдийн төлөөлөл ирж Иргэдийн хурлын тогтоол гарсан учраас та нарыг ажиллуулахгүй гэж хөөж явуулсан.

 

Иргэдийн хурлын тогтоол гарснаараа тус хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд "ЖЮ " ХХК нь ажил хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн

 

"ЖЮ ХХК нь хуульд заасны дагуу шилжүүлэн авсан хайгуулын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг хангаж, зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын буюу эрдсийн хуримтлалын байршлын хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц баялгийг ашиглах боломжийг судлах үйл ажиллагааг явуулж, жил бүр хуулиар тогтоосон хэмжээний /түүнээс илүү/ зардлыг гаргаж, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөр үйл ажиллагаа явуулж байгаагүй нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа билээ.

 

Хуульд заасан шаардлагыг хангаж, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хайгуулын талбайд хамаарах газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тохиолдолд АРАИТС-ын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д заасан хуулийн зохицуулалтын биелэлтийг хангаж ямар үндэслэлээр газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах гэж байгаа тухай шийдвэрээ "ЖЮ " ХХК-д мэдэгдээгүйн дээр нөхөн олговор олгох талаар ямар ч тохиролцоо хийгээгүй болно.

 

Мөн Ашигт малтмалын газар 2015 оны 03 сарын 17-ны өдрийн 65 дугаар албан тоотоор "нөхөн олговрыг хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг анхаарна уу гэж АРАИТС-ын Засаг дарга Ц.Хүрэлшагайд ирүүлсэн байдаг.

 

"ЖЮ " ХХК нь хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж, ямар нотлох баримт болон хуулийг үндэслэж дээрх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноо шийдвэртээ тодорхой тусгалгүй хэргийг шийдвэрлэжээ.

 

Мөн "ЖЮ " ХХК нь хайгуулын үйл ажиллагааг явуулах явцдаа ямар ч булш, хиргисүүрийг хөндөөгүй бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлж, археологи болон палеонтологийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, тухайн хайгуулын талбайд байсан булш, хиргисүүрийг археологийн хүрээлэнгийн хамгаалалтад шилжүүлсэн байдаг.

 

Хоёр. АРАИТС-ын ИТХ-ын 2015 оны 03 сарын 16-ны өдрийн 06 тоот тогтоолын хуульзүйн үндэслэл:

 

АРАИТС-ын Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчийн хурал "Мөнгөт" хэмээх газар нутгийг тусгай хамгаалалтад авах үндэслэл шаардлагаа: 50 гаруй өрхийн өвөлжөө, хаваржаа, намаржаа байдаг. Эрдэнэтолгой багийн бэлчээр ашиглалтын "Нарийн хужирт" хэсэг 2007 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна, Энэ газар нь эрт дээр үеэс эхлэн бидний эцэг, өвгөдийг хөдөөлүүлдэг газар байсан тул одоогоор булш, шарил ихтэй ба сумын төвийн салхины дээд төлд байрлалтай газар юм" гэж тодорхойлсон байдаг. Энэхүү үндэслэлээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч ой, амьтан, ургамал, усны нөөц газрын ангилалд оруулсан байдаг.

 

Гэтэл Архангай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 08 сарын 24-ний өдрийн 444 дугаар албан тоотоор малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар олгогдоогүй гэдэг нь нотлогддог.

 

Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд мөн хуульд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай бөгөөд хэрэв орон нутгийн газрыг тусгай хэрэгцээнд авч байгаа тохиолдолд тухайн газрын газар зохион байгуулалтыг төрийн захиргааны байгууллагаар хийлгэж, бэлтгэл ажлыг хангаж судалгааны судалгааны ажлыг хийж холбогдох саналыг газар зохион байгуулалтын баримт бичгийн хамт боловсруулах ба сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулж шийдвэрлүүлэх эрхтэй атал аймгийн Газрын албанаас газар зохион байгуулалтын талаар, судалгааны ажил хийгдсэн байдал, болон тухайн газрын ой, амьтан, ургамал, усны нөөцийг тогтоосон судалгаа шинжилгээ байгаа нь нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

 

Мөн хариуцагч талын төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбараар иргэд тус газрыг орон нутгийн хамгаалалтад ав гэсэн өргөх бичгийн дагуу тусгай хамгаалалтад авсан бидний зүгээс ой, амьтан, ургамал, усны нөөцийг тогтоолгож судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулсан баримт байхгүй гэх тайлбаруудаар АРАИТС-ын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 06 дугаар тогтоол нь үндэслэлгүй болох нь тогтоогдсоор байтал шүүх уг тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.

 

... АРАИТС-ын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 06 дугаар тогтоол нь Мөнгөт хэмээх газрыг байгаль, түүхийн дурсгалт газрын ангилалд оруулаагүй бөгөөд харин ой, амьтан ургамал, усны нөөц газрын ангилалд үндэслэлгүйгээр оруулсныг шүүх анхаарч үзээгүй буюу анх тус Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь гарахдаа ямар үндэслэлээр гарсан нөхцөл байдлыг тодорхойлохгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан.

 

...Шүүх Иргэдийн хурлыг Засгийн газрын 194 дүгээр тогтоолыг үндэслэж тогтоол гаргаагүй гэж үзсэн атлаа, харин 2015 оны Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын дагуу энэхүү журмыг үндэслэл болгож тогтоол гарсан гэж яагаад үзэх болов? АРАИТС-ын Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэхүү журмыг үндэслэж шийдвэр гаргасан тухай нотлох баримт хэрэгт байхгүй болно.

 

Дээрхээс дүгнэхэд шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан нь илт байгаа бөгөөд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 19-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

АРАИТСИТХ-ын  2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолоор сумын зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсны дотор Мөнгөт нэртэй ЖЮ ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 13402Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай багтжээ.

 

Дээрх газарт Ашигт малтмалын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрөл олгосон үйл баримтыг дурьдвал хамгийн анх ЭБС  ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл 2008 оны 03 дугаар сарын 21-ны өдөр олгогджээ. Уг 13402Х дугаартай тусгай зөвшөөрлийг ЭБС  ХХК нь 2009 оны 11 сарын 17-нд ПМ ХХК-д шилжүүлсэн бөгөөд ЖЮ ХХК нь ПМ ХХК-аас 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шилжүүлж авсан байна. Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн манай компани 6 жилийн турш үйл ажиллагаа явуулсан гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо ... шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.3 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж, ямар нотлох баримт болон хуулийг үндэслэж нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноо шийдвэртээ тодорхой тусгалгүй хэргийг шийдвэрлэжээ гэжээ. Шүүхийн шийдвэр, хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох ЖЮ ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан АРАИТСИТХ-ын  2015 оны 06 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх ЖЮ ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь зөв гэж үзсэн тул тухайн талбайд ЖЮ ХХК-г хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг АРАИТСИТХ д даалгах боломжгүй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрт биш харин нэмэгдүүлсэн шаардлагыг нэгтгэж хууль зүйн дүгнэлт өгснийг үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж үзэх боломжгүй.

 

Мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ... АРАИТСИТХ-ын  2015 оны 06 дугаар тогтоол нь Мөнгөт хэмээх газрыг байгаль, түүхийн дурсгалт газрын ангилалд оруулаагүй бөгөөд харин ой, амьтан, ургамал усны нөөц газрын ангилалд үндэслэлгүйгээр оруулсныг шүүх анхаарч үзээгүй буюу анх тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь гарахдаа ямар үндэслэлээр гарсан нөхцөл байдлыг тодорхойлохгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь АРАИТСИТХ  нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Байгалийн нөөц газрын ангилалд багтаан уг тогтоолд дурдсан Ойн амьтан, ургамал, усны нөөц газрын ангилалд хамааруулж Мөнгөт хэмээх газрыг орон нутгийн хамгаалалтанд авсан байна. Мөнгөт хэмээх газар нь 2015 оны Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын дагуу Хавцгайтын голын хамгаалалтын бүсийн хилтэй хэсэгчилсэн давхцалтай байгаа учраас АРАИТСИТХ  нь байгалийн нөөц газрын төрөлд хамааруулж орон нутгийн хамгаалалтанд авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэдийгээр он сарын хувьд сүүлд гарсан тогтоолыг баримталсан гэж гомдолд дурьдаж байгаа боловч энэ нь тухайн газар нутагт ой, усны нөөц байхгүй гэсэн ойлголт биш юм. Хэрэгт авагдсан тухайн талбайн зургаас үзэхэд маргаж буй газрын хойт хэсгээр ой модтой, урд хэсгээр Хавцгайтын гол дайран гарч байгаа нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч үндэслэл болон гаргасан тогтоол 2 нь хоорондоо зөрүүтэй гэсэн агуулгаар давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны 06 дугаар тогтоолыг гаргах болсон хэд хэдэн үндэслэл байх бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах ... зорилго байснаас гадна ой, амьтан, ургамал, усны нөөц-ийг хамгаалах зорилго нэгэн адил байжээ. Иймд тухайн газрыг Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар тогтоолоор дан ганц ой, амьтан, ургамал, усны нөөц газрын ангилалд оруулан орон нутгийн хамгаалалтанд 30 жилийн хугацаатай авсан хэмээн буруутгах үндэслэлгүй байна. Энэхүү тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн к, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолдоо тухайн нутагт ямар ч иргэнд газар эзэмших, өмчлөх эрх олгоогүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон гэх үндэслэлийг зааж, хариуцагчийн 50 гаруй малчин өрхийн өвөлжөө хаваржаа байдаг гэсэн тайлбарыг үгүйсгэн маргаж байна. Гэвч нэхэмжлэгчийн дурьдаж байгаа энэхүү үндэслэл нь тухайн малчин өрхүүд сум, орон нутагтаа олон зууны турш уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн, үе дамжин аж төрсөөр ирсэн бодит нөхцлийг үгүйсгэж чадахгүй юм. Нөгөө талаар одоо ч нийтээр ашиглаж байгаа билчээрийн газрыг өмчлөөгүй, эзэмшээгүй байна гэж тухайн малчдыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 Хүчин төгөлдөр хайгуулын... тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь... тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал хайх,... боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлнө, 14.5 ...нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно, мөн хуулийн 14.6 Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж заасан байгаа бөгөөд тухайн шийдвэр гаргасан байгууллага болох Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нөхөн олговрыг 1 жилийн хугацаанд төлөхгүй бол ЖЮ ХХК-ийн хувьд тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай дээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх нь нээлттэй байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

 

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ЖЮ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР