Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 09

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Д аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум Сүлд багт байрлах “Ө” ХХК -д холбогдох

“Нэмэгдсэн өртөгийн албан татвар 7,815,457 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д аймгийн Т хэлтсийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны татварын тайлангаар ногдуулсан Нэмэгдсэн өртгийн албан татвар 7,815457 төгрөгийн өрийг барагдуулахаар татвар төлөгчдөд удаа дараа утсаар шаардлага тавьж, өр барагдуулах тухай мэдэгдэх хуудас гардуулсан боловч одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ө” ХХК-иас нэхэмжилсэн 2016 оны НӨАТ-ын дутуу төлөлт 7,815,457 төгрөгийг төлж барагдуулна гэж тайлбар гаргасан тул хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Н.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ө" ХХК-ний захирал Н.Б миний бие нь Д аймгийн Т хэлтсийн нэхэмжилсэн НӨАТ болох 7,815,457 төгрөгийг төлөх нь үнэн. Уг төлбөрийг 2018 оны 06 дугаар сараас өмнө төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Д аймгийн Т хэлтэс нь хариуцагч “Ө” ХХК-нд холбогдуулан нэмэгдсэн өртөгийн албан татвар 7,815,457 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Н.Б нь 7,815,457 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгч хуулинд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 7,815,457 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 139,997 төгрөгнөөс 50 хувь болох 69,998.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,815,457 төгрөгийг хариуцагч “Ө” ХХК-ний захирал Н.Б нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “Ө” ХХК-ний захирал Н.Б-с улсын тэмдэгтийн хураамжид  69,998.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ