Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/331

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч:В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга:  Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000361 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* овогт**************

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг дэвсгэр Мод үржүүлэхийн хойн*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2020 оны 08 сарын 30-ны би 12 цагийн орчим найзтай нийлж4 том пиво хувааж уусан тэгээд 17 цагийн орчим Баянхонгор сумын 6 дугаар баг мод үржүүлэхийн хойно мал хариулж яваа хүний орчимд миний унаж явсан мотоциклийн гинж тасарсан тэгээд би малаа хариулж явсан хүн дээр очиж мотоциклоо өгчих гэртээ хариад ирмээр байна гэж хэлж гуйсан. Тэр танихгүй малчин надад өөрийн мотоциклоо өгч би гэртээ очоод мотоциклийн гинж тасархайг аваад буцаж нөгөө малчин дээр ирсэн. Буруу гинжний тасархай авчирсан байсан тэгээд би буруу гинжний авчирсан байна ахин мотоциклоор чинь яваад ирье гэхэд миний мотоцикл бензингүй болчихлоо гэж хэлээд мотоциклоо харамлаад байхаар нь би тэр хүний татаж унгааж нэг удаа өшиглөсөн тэгээд яваад өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 /

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Хохирогч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн                   

2020 оны 08 сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг мод үржүүлэхийн хойно малаа хариулаад явж байхад 17 цагийн орчим нэг танихгүй хар савхин хүрэмтэй залуу дуудсан. Намайг тэр залуу дээр явж очиход мотоциклоо өгчих гэсэн би өгөхгүй гэсэн тэгтэл би мотоциклоор чинь бензин хийчхээд зах орчоод ирье гэхэд нь өгч явуулсан тэгтэл удалгүй тэр залуу ирсэн тэгээд миний мотоциклийг өгөхгүй ахиж юманд явчхаад ирье гэхэд би өгөхгүй одоо бензин дууслаа гэхэд миний хоолой шахаж боож миний нүүрэнд өшиглөсөн амнаас цус гарсан тэгээд тэр залуу яваад өгсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 12-13 /,

  Гэрч  Д.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2020 оны 08 сарын 30-ны манай найз******* миний утсаар 20 цагийн орчим залгаж би хаана байгаа талаар асуухад би мотоцикл дээрээ байна Баянхонгор сумын хойно мод үржүүлэхийн ард байна гэж ярьсан ...Намайг очиход манай найз*******гийн хамраас цус гарчихсан мотоциклийн хажууд сууж байсан би очоод юу болсон талаар асуухад мотоцикл өгөөдөх гэсэн би мотоциклоо өгөхгүй бензин хүрэхгүй гэхэд намайг цохиж зодчихоод яваад өгсөн гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 15 /

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр  дугаар сарын 01-ний өдрийн 472 дугаартай шинжээчийн:

1.*******гийн биед баруун дээд 1-р шүдний сулрал, мултрал, буйланд шарх уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтооно.

 2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Эдгээр гэмтэл нь ам насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 23-24/,  эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09 /, яаралтай тусламжийн тодорхойлолт /хх-ийн 25/, шүүгдэгчийн дипозит дансны хуулгууд /хх-ийн 42-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 51-52/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг дэвсгэр Мод үржүүлэхийн хойно иргэн*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч*******, гэрч Д.Батжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 472 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.  Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******т хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь  улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч******* овогт**************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч******* овогт**************ыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг самсунг маркийн гар утас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******т буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ