Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 329/ШЦТ/2018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

Улсын яллагч Х.Оюунцэцэг

Шүүгдэгч Р.П, Г.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Пид холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.П, Г.Г нарт холбогдох эрүүгийн 1834007220340 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/ Шүүгдэгч Р.П нь согтуугаар Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн Барчгар гэх газарт шинэ гэрийн найрны үеэр 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Д.Лийн цээжин тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч Г.Г нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн Барчгар гэх газарт болсон шинэ гэрийн найрны үеэр Д.Лийн нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Шүүгдэгч Р.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Р.Пийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ...Миний төрсөн ахын хүүхэд Бямбадорж 2018 оны 08 дугаар сарын 19-нд гэр барьж найр хийгээд намайг найрандаа урьсан. Би найранд баз Гийн хамтаар ирсэн. Орой 17 цагийн орчимд хүмүүс гаргаж өгөөд буцаад ирэхэд Хөлөгцэндийн нүүр ам нь шарх болчихсон, өмсөж явсан хувцас нь урагдсан байхаар нь яасныг асуухад Даваадулам эгч Л ах хоёр ийм болгосон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Даваадулам эгчийг дагуулж гараад яагаад ингэснийг нь асуугаад байж байхад гэрээс Л ах гарч ирээд чиний дагуулж ирсэн хүн намайг ийм болгосон гээд нүдээ заахад нь хоёр нүд нь хавдсан байсан. Тэгтэл Даваадулам эгч надруу чамд ямар хамаатай юм бэ гээд бидний муусайн асман лам нар гэж хашгираад миний зүүн шанаа хавьд нэг удаа цохихлоор нь би уу хүрээд Даваадулам эгчийн хүзүү хавьд нэг цохисон. Тэгтэл Даваадулам эгч, Л ах хоёр намайг нийлж газар унагаад дээрээс дараад Даваадулам эгч нүүр самардахаар нь уур хүрээд Даваадулам эгчийг татаж газар унагаад Лийг ахын мөн унагаад хүзүүн дээр нь дарж нуруу дал хавьцаа нь өвдөглөсөн. Тэгээд хүмүүс ирж биднийг салгасан Би тэр үед бага зэрэг архи, айраг уусан байсан болохоор хэн салгасныг санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/, Шүүгдэгч Г.Гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... 2018 оны 08 дугаар сарын 19-нд Бямбадоржийн гэрийн найранд уригдаж очсон. Найранд очоод дууны дугараа над дээр ирэхэд Л ахын эхнэр Даваадулам надад хандаж хүн ойлгохгүй буриад дуу дуулна биз гэж хэлэхээр нь та битгий хүний үндэс угсаагаар нь доромжлоод байгаарай гэхэд чи Нэмбэгт хайртай юу эсвэл Нэмбэг чамд хайртай болоод суусан уу гээд сонин сонин юм яриад миний хажууд байсан Хөлөгцэнд лам намайг өмөөрөөд байсан. Тэгээд Л ах миний нүүрэн тус газар зүүн шанаан тус газарт нэг удаа цохисон. Би зөрүүлээд гараараа нүд хавьд нь хоёр удаа цохисон. Би архи уугаад согтсон байсан. Хүмүүс бид хоёрыг салгасан байх гэх мэдүүлэг /хх-ийн 49- 50 хуудас/, Хохирогч Д.Лийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2018 оны 08 дугаар сарын 19 ний өдөр манай эхнэр Даваадуламын дүүгийн хүүхэд Бямбадорж нь найр хийсэн юм. Уг өдөр хүмүүс болон найранд ирсэн хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд найрын дуу явж байх үеэр гэрийн зүүн талаас Г нь дуу дуулах гээд босож ирээд зогсоод байхаар нь манай эхнэр Даваадулам нь Гийг чи дуулах гээд байна уу, уйлах гээд байна уу дуулвал дуу дуулахгүй бол боль яасан олон юм ярьдаг юм гэж хэлсэн.Тэгтэл Хөлөгцэнд гэх лам манай эхнэрээс хэрүүл өдөөд байхаар нь эхнэрээ өмөөрөөд тэр ламыг цохисон. Нэг мэдэхэд би тэр ламын доор нь орчихсон байсан. Тэгтэл Г ирээд миний хоёр нүдрүү гараараа цохисон. Тэгээд хүмүүс биднийг салгасан. Удалгүй П лам манай эхнэр Даваадуламыг гэрээс аваад гарсан. Тэгэхээр нь би дагаж гараад таны дагуулж яваа хүн чинь ямар сонин юм бэ буруу яриад намайг ийм болгоод хаячихлаа гэж хэлсэн. Тэгтэл П лам шууд манай эхнэрийг өшиглөсөн. Манай хүн ч өөдөөс нь самардаж маажсан байх. Би ч эхнэрээ өмөөрөөд бариад авхад П намайг дороо хийгээд хавирга руу нэг удаа өшиглөөд өвдөглөсөн. Би хэдийг Бямбадорж салгасан. Надад эдгээр хүмүүст гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Эмчилгээний зардалд 500.000 гаруй төгрөгийн зардал гарсан. Энийг өгнө гэвэл тэр биз. Өгөхгүй гэвэл тэр биз гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 хуудас/, Гэрч Р.Даваадуламын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... Хөлгөө гэх лам намайг найран дээр хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр намайг өмөөрч нэг удаа алгадсан.Тэгтэл тэр лам манай нөхрийг доороо хийгээд цээжрүү нь нэг удаа цохиход Г босож ирээд манай нөхрийн нүдрүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд би гэрээс гараад П ламд лам хүмүүс ийм байдаг юмуу? Яагаад дээрэлхээд байгаа юм бэ гэхэд П лам гараараа миний шилэн хүзүүн дундуур цохисон. Тэгээд манай нөхөр намайг өмөөрөхөд П манай нөхрийг зодсон гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/, Гэрч Т.Нацагдоржийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... 2018 оны 08 дугаар сарын 20-нд ажлаа хийгээд ажил дээрээ байж байтал Өндөрширээт сумын Уянга 3-р багт оршин суух хаягтай Даваадулам гэх эгч орж ирээд эгч нь дуудлага өгөх гэсэн юм. Манай нөхөр Л нь гэртэй хэвтэж байгаа.Өчигдөр айлын найр нь дээр байж байгаад нүд рүүгээ цохиулсан очоод биеийг нь үзээд өгөөч гэхээр нь дуудлагын дагуу очсон. Намайг очиход орон дээрээ нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Уг хүн нь 59 настай, эрэгтэй нэр Л гэдэг хүний биед үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчинтойгоо харьцаатай байрлал идвэхтэй, үг яриа хэвийн байсан, зүрхний авиа тод хэм жигд, зүрхний цохилт 1 минутанд 90 удаа, даралт баруун гарт 120-80, зүүн гарт 110-70, нүүр нүд ойр орчим хөхөрч хавдсан нүдээ нээ гэхэд бүрэн нээж чадахгүй хавдсан, хоёр нүдний цагаан нь цус хурсан улайсан, өөр таны биед зовиур байна уу гэхэд надад өөр өвдөж хавдсан зүйл байхгүй гэж хэлэхэд нь би Улаанбаатар хот яаралтай явж 1 эмнэлэг орж нүдний тасаг үзүүл. Би таньд 13А бичиж өгнө гэж хэлэхэд эхнэр Даваадулам нь ах эгч хоёр нь хүнээс санаа зовоод байна хоёр хоног биеийг харж байгаад хавдрыг нь буулгаж байгаад болъёо гэж хэлээд чи хүнд болон цагдаад битгий хэлээрэй бид хэд хамаатан хүмүүс байгаа юм гэж хэлсэн.Тэрнээс хойш 10-аад хоногийн дараа байх Даваадулам ажил дээр ирээд сая хот явж үзүүлэхэд хавирга нь хугарсан байна гэж хэллээ гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/, Шүүх шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №601 тоот: -Д.Лийн биед 2,3,4 хавирга хугарсан, нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. - Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой -Нэг бус удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. -Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ххийн 37 хуудас/, Шинжээч эмч И.Ганболорын мөрдөн байцаалтанд өгсөн:...Д.Лийн цээжний баруун талын 2,3,4 хавирга хугарсан шинэ гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарагдана. Энэ гэмтлийг өвдөглөх, өшиглөх, газар унагах тохиолдлын алинд нь ч авч болно. Мөн нүд нь хөхөрч хавдсан, цус хуралттай байсан. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/, Шүүгдэгч Р.П, Г.Г нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-54 хуудас / зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсаннотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав: Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Г нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн Барчгар гэх газарт болсон шинэ гэрийн найрны үеэр Д.Лийн нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан: -шүүгдэгч Г.Гийн ... Л ах миний нүүрэн тус газар зүүн шанаан тус газарт нэг удаа цохисон. Би зөрүүлээд гараараа нүд хавьд нь хоёр удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/, шүүгдэгч Р.Пийн....гэрээс Л ах гарч ирээд чиний дагуулж ирсэн хүн намайг ийм болгосон гээд нүдээ заахад нь харахад хоёр нүд нь хавдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/, хохирогч Д.Лийн... тэгтэл Г ирээд миний хоёр нүдрүү гараараа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 хуудас/, гэрч Р.Даваадуламын...Г босож ирээд манай нөхрийн нүдрүү нь 2-3 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/, гэрч Т.Нацагдоржийн... Д.Л гэх хүнийг дуудлагаар очиж үзэхэд нүүр нүд ойр орчим хөхөрч хавдсан нүдээ нээ гэхэд бүрэн нээж чадахгүй хавдсан, хоёр нүдний цагаан нь цус хурсан улайсан байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/, шинжээч И.Ганболорын ...Д.Лийн нүд нь хөхөрч хавдсан, цус хуралттай байсан. Нүдний энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/ Шүүх шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №601 тоот дүгнэлт/ 37 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар, Шүүгдэгч Р.П нь согтуугаар Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн Барчгар гэх газарт шинэ гэрийн найрны үеэр 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Д.Лийн цээжин тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан: -шүүгдэгч Р.Пийн ... Даваадулам эгч нүүр самардахаар нь уур хүрээд Даваадулам эгчийг татаж газар унагаад Лийг ахыг мөн унагаад хүзүүн дээр нь дарж нуруу дал хавьцаа нь өвдөглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/, хохирогч Д.Лийн.... П намайг дороо хийгээд хавирга руу нэг удаа өшиглөөд өвдөглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 хуудас/, гэрч Р.Даваадуламын...П лам гараараа миний шилэн хүзүүн дундуур цохиход манай нөхөр намайг өмөөрөхөд П манай нөхрийг зодсон гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/, гэрч Т.Нацагдоржийн ... Л гэдэг хүний биед үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал дунд байсан. Тэрнээс хойш 10-аад хоногийн дараа байх Даваадулам ажил дээр ирээд сая хот явж үзүүлэхэд хавирга нь хугарсан байна гэж хэллээ гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/, Шүүх шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №601 тоот: Д.Лийн биед 2,3,4 хавирга хугарсан гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт/ххийн 37 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгч Г.Г, Р.П нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Хохиролын талаар: Хохирогч Д.Л нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд тов мэдэгдэхэд “ шүүгдэгч Р.П, Г.Г нараас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, эмчилгээний зардалд 500.000 төгрөг зарцуулсан“ гэх ч энэ талаар нотолсон баримтаа гаргаж өгөөгүй, энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол авсан байх тул шүүгдэгч Р.Поос эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Г.Гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг, шүүгдэгч Р.Пийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэгт тус тус хамаарч байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г, Р.П нарүйлдэлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Г.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд, шүүгдэгч Р.Пийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт буруутайд тус тус тооцож тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Г, Р.П нарын тохиолдлын чанартай нөхбайдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Г.Г, Р.П нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчаас шүүгдэгч Р.Пид 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.400.000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Г.Гт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналыг шүүх хуралдаанд тус тус гаргасан байна. Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал,мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчаас оногдуулахаар гаргасан торгох ялын саналыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч нарт ялгамжтайгаар оногдуулсан болно.

Тав.Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Г.Г, Р.П нарт холбогдох эрүүгийн 1834007220340 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Рэнцэндоржийн Пийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хатагин овгийн Гомбожавын Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Пийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750.000/ долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Р.П, Г.Г нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Р.П, Г.Г нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Р.П, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Л нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 6. Шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.П, Г.Г нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.П, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА