| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2017/0353/И |
| Дугаар | 10 |
| Огноо | 2018-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 10
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Д аймгийн З сумын ЗД-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг оршин суух, Д овогт Э.Б,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг оршин суух, Д овогт Б.Э,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг оршин суух, Г овогт С.Ч нарт холбогдох
“Гэрээний үүрэг нийт 25,072,078 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Замын-Үүд сумын ЗД шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу Cyм хөгжүүлэх сангийн хөрөнгийг зохистой ашиглах зорилгоор тесел сонгон шалгаруулалт зарласаны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгож эхэлсэн. Тус сумын иргэн Ч.А нь “Хог хаягдал зайлуулах” чиглэлээрх төслийг Засаг даргын Тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу Ч.А нь “Хог хаягдал зайлуулах” төсөлд Сумын засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/134 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийн зээлийг олгохооор шийдвэрлэсэн. Сумын ЗД-с иргэн Ч.А-тай “Сум хөгжүүлэх сангийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 86 тоот” гэрээг байгуулж 10,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч Ч.А нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн Ч.А-с нийт зээлийн үлдэгдэл 10,352,058 төгрөг, зээлийн торгууль 3,416,179 буюу нийт 13,768,237 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан тайлбартаа: “...25,000,000 төгрөгнөөс хүүд 1,500,000 төгрөг, үндсэн зээлээс 4,500,000 төгрөгийг төлж үлдэгдэл зээл 20,219,418 төгрөг төлөгдөөгүй дүнгээс тооцсон алданги 4,852,660 төгрөг буюу нийт 25,072,078 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагч нар алданги 4,852,660 төгрөгөөс 50 хувийг хөнгөлж өгөх санал тавьсныг хүлээн зөвшөөрч үндсэн зээл 20,219,418 төгрөг, алданги 50 хувь болох 2,426,330 төгрөг нийт 22,645,748 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Б, Б.Э, С.Ч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...20,219,418 төгрөгийн алданги болох 4,852,660 төгрөгийг Сумын Засаг даргын зөвшөөрлийн дагуу 50 хувь хөнгөлж 2,426,330 төгрөг төлөхөөр эвлэрэн тохиролцов. Үндсэн зээл болох 20,219,418 төгрөг болон алданги 2,426,330 төгрөг нийт 22,645,748 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Замын-Үүд сумын ЗД нь хариуцагч Э.Б, Б.Э, С.Ч нарт холбогдуулан гэрээний үүрэг 25,072,078 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А хариуцагч Э.Б, Б.Э, С.Ч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 25,072,078 төгрөгнөөс 22,645,748 төгрөгийн хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгчийн төлөөлөгч 2,426,330 төгрөгнөөс татгалзсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч хуулинд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч нараас зохигчдын эвлэрсэн 22,645,748 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 271,179 төгрөгнөөс 50 хувь болох 135,589.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч З сумын ЗД, хариуцагч Э.Б, Б.Э, С.Ч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 22,645,748 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Э.Б, Б.Э, С.Ч нараас улсын тэмдэгтийн хураамжид 135,589.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ