Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Хоньч гэх газарт төрсөн, Дорноговь аймаг Улаанбадрах сумын Сангийн далай багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, М овогт Л.С-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар 26-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.М, нэхэмжлэгч Л.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1974-1992 оны хооронд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 1974 онд тус сумын 1-р багт 15 насандаа илгээлтээр гарч ажиллаж байсан. Мөн 1992 оны /1 жил/ ажилласан маань хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч архивын лавлагаанд бичэгдээгүй байх тул 1974-1992 оны хооронд ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Л.С нь 1974-1992 оны хооронд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн Сангийн далай феримд малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Л.С нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн Сангийн далай баригадад 1974 оны 08 дугаар сарын 25-наас 1992 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн даргын 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай тушаал, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар архивын тасгийн 1974-1991 онуудын цалингийн цэс, топорхойлолт,  гэрч Б.Т “...Л.С нь 1974 онд илгээлтээр гарч хонь, ямаа маллаж байсан. 1992 онд цагаан үхэр маллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Д “... Л.С нь 1974 онд Дорноговь аймгийн Зүүнбаян сумын ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн Сангийн далай баригадад илгээлтээр малчинаар гарч ажиллаж эхэлсэн. 4 жил малчинаар тус нэгдэлдээ ажиллаж байгаад 1978 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж яваад 1981 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Оргил нэгдлийн Сангийн далай феримд малчинаар үргэлжлүүлэн ажилласан” гэх мэдүүлэгүүд зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.   

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч Л.С-г 1974 оны 08 дугаар сарын 25-наас 1992 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн Сангийн далай бригадад малчинаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч М овогт Л.С-г 1974 оны 08 дугаар сарын 25-наас 1992 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн Сангийн далай бригадад малчинаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА