| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0343/И |
| Дугаар | 11 |
| Огноо | 2018-01-15 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 11
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, Дорноговь аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-д холбогдох татварын өр 5.410.980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016, 2017 оны татварын тайлангаар ногдуулсан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 5.410.980 төгрөгийн өрийг барагдуулахаар татвар төлөгчдөд удаа дараа утсаар шаардлага тавьж, өр барагдуулах тухай мэдэгдэх хуудас гаргуулсан боловч одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул ТЕХ-ийн 70 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Н.Б-с нэхэмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын дутуу 2.410.980 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Манай талаас татгалзах зүйлгүй болно гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух Б овогт Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Б миний бие нь 2017 оны үл хөдлөх хөрөнгийн татвар 2.600.000 төгрөгийг оны өмнө төлсөн болно. Аймгийн Т албаны дарга М-тай ярилцаж оны өмнө 3 сая хүртэл төлөөд үлдэснийг нь дараа цувуулан төлөхөөр тохиролцсон юм. Оны өмнө төлсөн татварын баримтыг хавсаргав. Үлдсэн төлбөрийг төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Т хэлтэс нь хариуцагч Н.Б-д холбогдуулан татварын өр нийт 5.410.980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Б нь 2016, 2017 оны татварын тайлангаар ногдуулсан үл хөдлөх хөрөнгийн албан татвар 5.410.980 төгрөгийн 3.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2.410.980 төгрөгийн албан татвараа төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, татварын өр 5.410.980 төгрөгийн 3.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрийн сангийн 100060000921 дансанд 1.000.000 төгрөг, 2017 оны 12 сарын 30-ны өдөр төрийн сангийн 100060000921 дансанд 1.600.000 төгрөг, 2018 оны 01 сарын 12-ны өдөр төрийн сангийн 100060000921 дансанд 400.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Үлдсэн 2.410.980 төгрөгийг төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлсэн уг тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дорноговь аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Б-д холбогдох татварын өр нийт 5.410.980 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч Н.Б нь татварын өр нийт 5.410.980 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 101.526 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.Б-с улсын тэмдэгтийн хураамж 101.526 төгрөгийн 50 хувь болох 50.763 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Хариуцагч Н.Б нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА