| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2017/0345/И |
| Дугаар | 01 |
| Огноо | 2017-12-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй
Р овогт Б.Б-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Р овогтой Б.Б-д 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ЗГ 1915101372 тоот зээлийн гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийг 2,3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн билээ. Б.Б нь тухайн үед И ХХК-д үйлчлэгчээр ажиллаж Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт амьдран суудаг байсан. Гэрээ байгуулж зээл авснаас хойш зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөлт хийж байгаад 2016 оны 01 сарын 25-наас зээлийн төлбөр төлөгдөөгүй. 2017 оны 12 сарын 15-ны өдрийн байдлаар 359 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Ажлаасаа гарсан, удаа дараа төлөлт хийх талаар мэдэгдэж байсан боловч өөрөө сураггүй болсон. Одоо хаана оршин сууж байгаа болон холбогдох утас нь мэдэгдэхгүй байгаа учир Б.Б-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Б.Б нь манай банктай 2015 оны 12 сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийн зээл авсан ба 2016 оны 01 сараас хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байгаа. Зээлдэгч Б нь одоо хаана амьдарч байгаа болон оршин суугаа газар нь тодорхойгүй, утасаар холбогдож чадахгүй байгаа тул эрэн сурвалжлах хүсэлт гаргасан юм. Б.Б нь урагшаа гардаг сураг гарсан, бид нар холбоо барьж чадахгүй байгаа.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу үүрэг гүйцэтгэгч Р овогт Б.Б нь 2015 оны 10-р сарын 21-ний өдөр Г банктай зээлийн гэрээ байгуулан 2,500,0000 төгрөгийн зээлийг жилийн 2,3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн байх ба тэрээр Г банкны Замын-Үүд тооцооны төвд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлөлтөө хийгээгүй 659 хоног хугацаа хэтрүүлсэн, зээл авах үеийнхээ хаяг дээр оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд өгсөн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Иймд Б.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Р овогт Б.Б Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сумын Сүлд багт оршин суух хаягтай байсан талаар зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн байна. Түүнчлэн Б.Б нь дугаар эзэмшдэг болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Г банкны Замын-Үүд тооцооны төвийн хүсэлтээр Р овогт Б.Б-г эрэн сурвалжилсугай.
2. Б.Б-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Б.Б-н хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Г банкны Замын-Үүд тооцооны төвд нэн даруй мэдэгдсүгэй.
4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД