Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2015/0346

 

 

Иргэн Х.Б ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Х.Б  нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Х.Б ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, тус сумын Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний орон тоонд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Б ыг 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилсон. Уг тушаалыг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Х.Б  гардан авсан. Уг тушаалаа хэрэгжүүлэх үүднээс миний бие 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар Х.Б т ажил хүлээлгэн өгөх ажлын хэсгийг томилж, уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажил хүлээлцүүлсэн тухай дүнг эргэж мэдэгдэхийг даалгасан. Х.Б  нь ажлын хэсгийн тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. Ажил хүлээж авахаас татгалзсан хариу өгөөд ажлаа хүлээж аваагүй тухай ажлын хэсгийн тайланд дурдсан байсан.

Мөн Х.Б  нь 3 сарын цалингүй чөлөө хүсэж өргөдөл гаргасан. Өргөдлийн хариуг хуулийн хугацаанд нь албан бичгээр хүргүүлсэн. Ажилд томилсон шийдвэр гардан авсан өдрөөс хойш нэг ч удаа томилогдсон ажил үүргийг гүйцэтгээгүй учир Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт буюу албан үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг гаргасан гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.4, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б ын Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, тус сумын Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний орон тоонд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Б  болон түүний өмгөөлөгч Б.Г  нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Х.Б  нь Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаасаа халагдаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 417 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 302 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон байна.

Дээрх магадлал, тогтоолын дагуу Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Х.Б ыг Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн /байгаль орчны байцаагч/-ийн ажилд томилсон бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажил хүлээлцэх комисс ажил хүлээлцүүлэх болоход Х.Б  Эрүүл мэндийн байдал муу байгаа учраас ажлаа хүлээж авахгүйгээр чөлөө авч эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа тайлбарлаад ажлаа хүлээж аваагүй байна. Ингээд тухайн өдөртөө Засаг даргын Тамгын газрын даргад Эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул 3 сарын цалингүй чөлөө олгож өгнө үү гэсэн өргөдлийг бичиж өгсөн байна.

2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар албан бичгээр Ажил хүлээж аваагүй учраас чөлөөний тухай асуудлыг шийдэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Чөлөө олгохгүй гэсэн хариу өгсөн учраас ажлаа хүлээж авахаар хариуцагчтай 7-8 удаа уулзсан боловч Дахиж ажил хүлээлцэх комисс байгуулж ажил хүлээлцэж чадахгүй чи шүүхээр асуудлаа шийдвэрлүүл, чи шүүхээр яваад сурчихсан хүн дахиад ялах байлгүй гэсэн хариуг амаар өгөөд ажлыг нь хүлээлгэн өгөхгүй байсан учраас 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чөлөө олгохгүй, боломжгүй бол ажилд томилсон тушаалаа хэрэгжүүлж ажил хүлээлцүүлж өгнө үү гэсэн өргөдлийг бичгээр гаргасныг хүлээн авсан өдрөө Б/03 дугаар тушаал гаргаж ажлаас нь халжээ.

Увс аймгийн Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын Ажлаас халах тухай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 дугаар тушаалын үндэслэл нь албан үүргээ биелүүлээгүй гэжээ.

Ажлыг нь хүлээлгэн өгөөгүй өөрөөр хэлбэл тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог ажил олгогч бүрдүүлээгүй байж албан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн шүүх үүнийг үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуульд ажил хүлээлцэх талаар зохицуулалт байхгүй тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар хөдөлмөрийн хуулиас иш татан үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан байна. Тэгвэл ажил хүлээлцсэн эхний өдрийг ажилд томилогдсон өдөр гэж үзнэ гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Х.Б т ажил хүлээлцүүлэн өгөөгүй учраас ажилд томилогдсон улмаар албан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Х.Б ын ажил нь ердийн захиргааны албан хаагч бус байгаль орчны байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлдэг учраас улсын байцаагчийн тэмдэг хэрэглэж үйл ажиллагаа явуулдаг. Дээрх тэмдгийг нь хүлээлгэж өгөөгүй байхад ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Төрийн жинхэнэ албан хаагч ажлаа хүлээж авахгүйгээр чөлөө хүссэн өргөдөл гаргаж байгаа явдал нь албан үүргээ биелүүлээгүй Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3, 4.2.5 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Ажил хүлээж авахгүйгээр чөлөө хүсэж байгаа явдал чөлөө олговол ажлаа өөрөө хүлээж авах, буцааж чөлөөтэй хугацаанд өөр албан хаагчид хүлээлгэн өгөх ажлыг л хөнгөвчлөх гэсэн санаа зорилготой байснаас бус Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрийг үл биелүүлэх, түүнийг үл хүндэтгэсэн шинжтэй зүйл биш гэдгийг тэмдэглье.

Эмчилгээ хийлгэхээр чөлөө хүссэнийх нь төлөө албан үүргээ биелүүлээгүй гэж ажлаас халсан явдал нь Төрийн жинхэнэ албан хаагчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7-д төрийн алба хаах хугацаанд эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах гэсэн баталгааг нь алдагдуулсан явдал болсон байна.

Хариуцагч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Яагаад чөлөө олгоогүй вэ гэсэн асуултад Х.Б ын ажлын байр эзэнгүй байсан учраас ажил нь унасан байсан гэж хариулсан, Энэ ажлын байр эзэнгүй байсан явдал нь хэний буруугаас болсон бэ? гэсэн асуултад Миний буруу гэж үзэхгүй байгаа. Би үндэслэлтэй шийдвэр гаргаж Х.Б-ыг ажлаас нь халсан. Шүүх буруу шийдвэрлэж ажилд нь оруулсан гэж ойлгож байгаа гэж хариулж байгаагаас нь харахад хариуцагч Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г цэцэг нь шүүхийг илтэд үл хүндэтгэсэн, үзэн ядах сэтгэхүйтэй байгаа нь тодорхой байгаа бөгөөд нэхэмжлэгч Х.Б ын ...чи шүүхээр асуудлаа шийдвэрлүүл, чи шүүхээр яваад сурчихсан хүн, дахиад ялах байлгүй гэсэн хариуг амаар өгөөд ажил хүлээлцүүлж өгөөгүй гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 417 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 302 дугаар тогтоолыг зөвхөн тушаал гаргах замаар хэлбэрийн төдий биелүүлсэн гэж үзэж байна.

Иймээс Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 дугаар тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Х.Б ын урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулж Х.Б ыг Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний орон тоонд томилж, Х.Б т ажил хүлээлгэн өгөх ажлын хэсгийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар байгуулжээ.

 

Нэхэмжлэгч Х.Б т Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний орон тоонд томилсон тушаалыг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардуулж, ажлын хэсэг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажил хүлээлгэн өгөхөөр хандахад тэрээр ажлаа хүлээн авахаас татгалзан, 3 сарын цалингүй чөлөө авахаар амаар мэдэгдсэн нь тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгууллагуудад явуулсан албан бичиг-ийн дэвтэр, гэрч Ч.Б, Д.Ш, Ж.О нарын мэдүүлэг, шүүхээс тус сумын Засаг даргын Тамгын газрын бичиг баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Хариуцагч албан тушаалтнаас Х.Б т Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журамтай харшлах учраас 3 сарын хугацаагаар цалингүй чөлөө олгох боломжгүйгээ 2015 оны 01 дүгээр сарын 14, 16-ны өдрүүдэд мэдэгдсэн боловч үүрэгт ажлаа хүлээн авч гүйцэтгээгүйгээс Х.Б ыг төрийн жинхэнэ албан хаагчийнх нь хувьд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэн ажилд томилсон тушаалыг хэрэгжүүлэхээс татгалзсан, түүнд ажил хүлээлгэн өгөх ажлын хэсгийн шаардлагыг хэрэгжүүлээгүй, албан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр ажлаас халсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 /Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна/-д албан үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан нь төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болохоор заасан бөгөөд зөрчлийн шинж байдлыг харгалзан тохирох шийтгэлийг хүлээлгэх эрхийг эрх бүхий этгээдэд олгожээ.

 

Х.Б  нь эрүүл мэндийн улмаас 3 сарын цалингүй чөлөө олгохыг хүссэн өргөдөл хэрэгт авагдсан байх боловч уг өргөдлийг албан ёсоор гаргасан нь тогтоогдоогүй, мөн тэрээр тухайн үед өвчтэй байсан буюу зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдэг нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна удаа дараа хариуцагчтай уулзсан гэх түүний тайлбар нотлогдохгүй байна.

 

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР