| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 181/2019/00338/И |
| Дугаар | 001/ХТ2020/00622 |
| Огноо | 2020-10-01 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2020/00622
Н.Ч-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02082 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2072 дугаар магадлалтай,
Н.Ч-гийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ч-, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ч-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 09-ний өдрийн 1080 тоот шийдвэр гарч, 87.250.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 594.200 төгрөгийг ТГК ББСБ ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн Ү-2204032175, Ү-2201032176, Г-2204004601 тоот хөрөнгүүдийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.1.3-т заагдсан эрхүүд зөрчигдсөн. Миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд орших Ү-2204032175, Ү-2201032176, Г-2204004601 тоот хөрөнгүүд нь үнэ цэнэ, зах зээлийн ханш өндрөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгүүд бөгөөд Да хүрээ захын 4 дүгээр хаалганы харалдаа, зам дагуу байршилтай, 520 м.кв газартай, газар дээрх обьектууд нь 2 давхар хувийн орон сууц, 10 машины гарааш, 2 давхар ажлын байрны зориулалттай орон сууц, 1 давхар өвлийн зориулалттай байшин зэрэг 180.000.000 төгрөгийн өртөг хүрэх хөрөнгүүдийг маань надад мэдэгдэлгүй хямдаар үнэлүүлж, төлбөр авагчид шилжүүлэх үйлдэл хийгдэх гэж байгаа учир аргагүйн эрхэнд шүүхэд хандаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага үүслээ. Миний эд хөрөнгүүдээс зөвхөн газар нь гэхэд ТГК ББСБ ХХК-д өгөх 87.850.000 төгрөгийг бүрэн хааж чадах байтал түүний дээр орших, газраас салгамагц өөрийн шинж чанараа алдаж болох 4 нэр төрөл бүхий обьектийг оролцуулаад 67.000.000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь миний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Сэлэнгэ эстимэйт ХХК нь үнэлгээ хийхдээ төлбөр төлөгч Н.Ч- надад огт мэдэгдээгүй, миний бие өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьсан материал, үнэ цэнэ, байршил гээд холбогдох ажиллагаанд оролцох эрхээ эдэлж чадаагүй. Энэ нэг талыг барьсан үнэлгээг хийхдээ Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг сонгох болсон шалтгааныг ч ойлгохгүй байна. Хэрэв Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн энэхүү үнэлгээгээр миний эд хөрөнгө үнэлэгдэх аваас миний бие бүх хөрөнгөө өр төлбөрт өгөөд цаана нь дахиад 20.000.000 төгрөгийн өртэй үлдэх нь тодорхой боллоо. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4-т заасныг зөрчиж, шударга бус, хууль тогтоомжид нийцээгүй үнэлгээг Сэлэнгэ эстимэйт ХХК гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үнэлгээг зөвшөөрөхгүй гэж дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах гэхэд шийдвэр гүйцэтгэгч Урангоо нь та гомдол гаргана гэвэл үнэлгээтэй танилцсан гэж гарын үсгээ зур гэсэн учир аргагүйн эрхэнд гарын үсгээ зурж, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээнд гомдол гаргах эрх нээгдсэн болно. Үнэлгээний талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан бөгөөд 2019 оны 01 сарын 11-ний өдрийн 4/01 тоот тогтоолыг 2019 оны 01 сарын 14-ний өдөр гардан аваад 7 хоногийн дотор, гомдол гаргах хугацаанд нь багтааж энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтээр нэг талд үйлчилж, миний хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 67.000.000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 09-ний өдрийн 1080 дугаар шийдвэрээр Н.Ч-гаас 87.844.200 төгрөгийг гаргуулж, ТГК ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Н.Ч-гийн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч бүрэн төлж барагдуулаагүй тул түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамжны 678 тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээ тогтоосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг бүрэн төлж, барагдуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх үндэслэл болно. Мөн нэхэмжлэгч Н.Ч- нь үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул нэхэмжлэгч Н.Ч-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд ТГК ББСБ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...банк бус санхүүгийн байгууллагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтраад хуйвалдаад барьцаанд байгаа хөрөнгийг үнэгүйдүүлж авах зорилго бол байхгүй. Би Н.Ч-д төлбөрөө хурдан барагдуулъя гэж хэлдэг байсан. Манай үнэнд танайх авбал ав авахгүй бол би шүүхдэнэ. Та нар юу ч олж авч чадахгүй шүү гэж хэлдэг. Н.Ч- 2017.03 сард 50.000.000 төгрөгийн зээл аваад нэг ч төлөлт хийгээгүй. Хүүгээ ч төлөхгүй үндсэн зээлээ ч төлөхгүй. Сүүлдээ барьцаанд тавьсан объектүүдийг түрээслээд ашиг орлого олдог. Тэгсэн хэрнээ манай зээл, зээлийн хүүг төлөх ямар ч сонирхолгүй. Би Н.Ч-тай уулзаж үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулдаг компани байна. Тэгээд чи өндөр үнээрээ худалдан борлуулаад зөрүү мөнгөө ав бид нар авах ёстой төлбөрөө авъя гэж хэлсэн. Тэгээд та хүн олоод ир гээд 2-3 хүн олоод хэлэхээр нөгөө хүмүүсийг нь хэл амаар доромжлоод хөөж туугаад л яваад байдаг. Үүнийг нь огт ойлгохгүй байна. Ийм л тайлбар байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02082 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамж, 678 тоот хаягт байрлах 230 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032175 дугаартай 2 ширхэг хувийн сууц, Ү-2204032176 дугаартай 2 ширхэг гарааш, Г-2204004601 дугаартай, 700 м.кв газрын зах зээлийн үнэ цэнийг 2018 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар 67 000 000 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Ч-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Н.Ч-д, шинжээчийн зардалд 150 000 төгрөгийг гаргуулан Мөнх-Оргил трейд ХХК-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2072 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Н.Ч-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа холбогдох хууль тогтоомж зөрчсөн, төлбөр төлөгчийн эрхийг хязгаарласан үйлдлүүдийг нэг бүрчлэн тоочиж, тогтоосон. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх нотлох баримтыг эргэлзээгүй талаас үнэлсэн байна хэмээн дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д “...шинжээч томилуулах...” эрхтэй болохыг зааж өгсөн байх бөгөөд шүүхээс томилогдсон шинжээч болох Мөнх-Оргил трейд ХХК нь гуравдагч этгээдээр оролцож буй ТГК ББСБ ХХК-тай шууд харилцан хамааралтай этгээд байдаг. Шүүхээс томилогдсон шинжээч, үнэлгээчин нь хэргийн оролцогчтой хувийн харилцаагүй хөндлөнгийн этгээд байх учиртай байтал гуравдагч этгээд ТГК ББСБ ХХК-ийн авах төлбөрт тааруулан үнэлгээ хийсэн, уулзалдаж тохиролцоо хийсэн байгаа нь нэхэмжлэгч Н.Ч- миний хөрөнгийг үнэгүйдүүлсэн шударга бус үйлдэл юм. Миний үл хөдлөх эд хөрөнгүүд нь Монгол Улсын хамгийн том авто худалдааны төв болох Да хүрээ захын дэргэд, төв зам дагуу, ашиг орлого жигдэрсэн үл хөдлөх хөрөнгө бөгөөд бодит үнэ нь 250.000.000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой байтал 50%-д хүргэхгүйгээр үнэлсэн байгааг зөвшөөрөхгүй. Яагаад үнэ цэнэтэй, хөрөнгө гэж маргаад дахин шинжээч томилуулах гээд байна гэвэл уг газар нь Азийн хөгжлийн сангаас санхүүжиж буй хөрөнгөөр дулааны шугам сүлжээ татах зурагт орсон өндрөөр үнэлэгдэх хөрөнгүүд болно. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар томилогдсон Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1.1, 4.1.3, 4.1.4-ийг зөрчсөн хараат бус, шударгаар гарсан үнэлгээ бус учир дахин шинжээч томилж, бодит үнэлгээг гаргах учиртай байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир дахин шинжээч томилж бодит үнэлгээг гаргуулах хүсэлт гаргахад анхан шатны шүүх дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг зөрчсөн, нотлох баримтыг буруу үнэлсэн зөрчил бөгөөд хэргийн оролцогчийн шинжээч томилуулах эрхийг хязгаарласан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, насаараа цуглуулж бий болгосон хөрөнгөө бодитоор үнэлүүлэх боломж олгож, анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Н.Ч-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч Н.Ч-гийн “...шинжээч томилуулж бодит үнэлгээ тогтоолгох хүсэлтийг шүүх хангахгүй орхиж, эрхийг хязгаарласан” гэх гомдлыг хангахгүй орхих хуулийн үндэслэлтэй гэж үзэв.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 09-ний өдрийн 1080 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Н.Ч- 87.250.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 594.200 төгрөгийн хамт ТГК ББСБ ХХК-д төлөх үүргийг хүлээсэн байна.
Шийдвэрийг нэхэмжлэгч Н.Ч- сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагч ТГК ББСБ ХХК-ийн хүсэлтээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд буюу Н.Ч-, ТГК ББСБ ХХК харилцан тохиролцож анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоогоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар Сэлэнгэ эстимэйт ХХК-г шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгосныг нэхэмжлэгч Н.Ч- зөвшөөрөөгүй нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх, “...шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчээр томилогдсон Сэлэнгэ эстимэйт ХХК нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “шинжээч томилох” тогтоолд заасан хөрөнгийг бус өөр хөрөнгийг үнэлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, үнэлгээг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч Н.Ч- хяналтын журмаар гаргасан гомдолдоо, “...анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийг үнэлүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хангаж, Мөнх оргил трейд ХХК-г шинжээчээр томилж, үнэлгээг тогтоолгосон боловч уг дүгнэлт үндэслэлтэй болоогүй. Иймээс дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхисныг зөвшөөрөхгүй” гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Ч-гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээс гадна Мөнх-Оргил трейд ХХК-ийн гаргасан дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байна. Түүнчлэн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гагцхүү шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэдэг тул нэхэмжлэгчийн дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02082 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2072 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Ч-гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч Н.Ч- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ