Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
Хэргийн индекс | 132/2016/0076/Э |
Дугаар | 00078 |
Огноо | 2016-08-15 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 00078
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга И.Буманбаяр,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Д.*******,
шүүгдэгч С.*******, Н.*******, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******, Н.******* нарт холбогдох эрүүгийн 201606000115 дугаартай, 132/2016/0076/Э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овгийн *******гийн ******* /РД: / гэв.
2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуульд жижүүр ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овгийн *******ийн ******* /РД: / гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.*******, С.******* нар нь бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцон, тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутаг "Рашаантын хүрээ" гэх нэртэй газарт байрлах "Ёндондаржаалан" гандан хийдэд нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч 2635000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө Булган аймгийн Сайхан сумын "Гандан"-гийн ойрхон ******* бид 2 машинтай зогсож байгаад орж юм үзэх үү гэж зөвлөлдөж ярьж байгаад орж хулгай хийсэн. 20 ширхэг бурхан, 10 ширхэг цөгц аваад тэр шөндөө Эрдэнэт хотод гэртээ ирсэн. Зарах санаатай зурагтаар зар харж байгаад залгаад асуухад Улаанбаатар хотод авчирч өгвөл авна гэхээр нь Улаанбаатар хот явсан. Очоод зарах гэтэл шинэ үеийн бурхан байна авахгүй гэхээр нь гуйж байгаад 1 ширхэгийг нь 13.000 төгрөгөөр нийт 8 ширхэн бурхан зараад 104.000 төгрөг болсон. Эрдэнэт хотод гэртээ ирээд байж байхад хажуу айлын залуу шарх тайлах архины мөнгө өгөөч гэхээр нь гэртээ ороод мөнгөлөг бурханыг нь өгөөд зараад мөнгө болго гэж өгсөн. Тэгээд гэртээ хэд хоноод Улаанбаатар хот руу ажил хийхээр явсны дараа эхнэр залгаад юун бурхан байгаа юм цагдаа ирчихээд байна гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байхад ******* утсаар яриад Архангай яваад өгөөч гэсэн. Би хөлс мөнгийг нь өгвөл явна гээд тохироод явсан. Булган аймгийн Сайхан сумын хажуугаар өнгөрч яваад Гандангийн тэнд явж байгаад ******* "ийшээ орж юм байна уу үзье" гэсэн. Хулгай хийж болох юм уу? гэхэд таньд хамаагүй би өөрөө хэргээ даана гэсэн. Тэгээд шуудайтай юм аваад гараад ирсэн. Тэрийг миний машины багажинд хийгээд буцаад Эрдэнэт явсан. 2016 оны 05 дугаар сард Архангай аймаг руу ажилтай явсан байхад Бат-Эрдэнэ гэдэг хүнийг баривчилсан байсан. 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгаас буцаж явах үед Булган аймгийн постон дээр намайг барьсан. 2016 оны 05 дугаар сарын 17-нд Шинэбаяр гэдэг хошууч мэдүүлэг авсан би сэтгэл зүйч хүн чи хулгай хийсэн биздээ би мэдэж байна хэргээ хүлээ гээд байсан. Би хулгай хийгээгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.*******ын өгсөн: Хийд байгуулагдаад 9 жил болж байна. Хийдийг байгуулахад сүсэгтэн олон, нутаг орноороо байгуулсан. 2008 онд 21 дарь эх бурханыш 21 айлд санал тавьж Гүмбэнгээс залж ирсэн бурхадууд юм. Энэ хавар ийм хэрэг болж хулгайд алдагдсан. Тухайн айлууд, сүсэгтэнүүд сэтгэлийн сэвтэй байгаа. 2008 онд 500.000 төгрөг байсан тухайн айлын хүмүүсээ аваад дахиж явж залж ирэх талаар ярьж байгаа. Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улиралд том хурал хийдэг байсан хэрэг болсноос хойш хүн ирэхээ больсон. Очоод хулгай хийж чадсан нэг нь одоо хулгайн хэрэгт оролцоогүй гэж байна. 2016 оны 04 дүгээр сарын 03-наас хойш нэг нь ч надтай ирж уулзаагүй. Очиж хулгай хийж чадсан юм байж ирж уулзаж чадахгүй байгааг нь гайхаж байна. Одоо хохирлоо барагдуулах саналтай байна. Мөрдөн байцаалтанд буцааж өгсөн бурханууд нь бүгд хэлбэр дүрсээ алдаад, чихэгдсэн танигдахгүй болсон. Бат-Эрдэнэ гэдэг хүнд өгсөн бурханыг би Эрдэнэтэд байдаг ломбард ажилуулдаг танилуудаа захиж хэлсэн байсан. Ийм бурханууд орж ирвэл хэлээрэй гэж байсан. Тэд надтай холбогдож зарах гэж байхад нь би авсан. Нэг бүрийн үнийг 500.000 төгрөгөөр үнэлэж байсан. Эд зүйлийн үнэлгээ миний хэлсэн үнээс доогуур үнэлэсэн байсан. Энэ үнэлгээг би хүлээн зөвгөөрөхгүй байгаа гэв.
Эрүүгийн 201606000115 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Д.*******ын өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө манай хийдэд хулгай орсон байсан. Хийдэд хулгай орсон талаар 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө манай дүү Доржхандын эхнэр ******* 91891215 дугаарын гар утсаар над руу залгаж хийдийн цонхыг урд шөнө хагалаад хулгай орсон байна. Ямар хүмүүс орсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан хийд дотроос жижиг бурхдуудаас алдагдсан юм шиг байна. Тухайн үед би Эрдэнэтэд байсан юм. Тэгээд *******ийг битгий ойртоорой гээд сумын хэсгийн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн. Манай хийд эзэнгүй цоожтой байсан бөгөөд хийдийн ертөнцийн зүгээр зүүн талын модон рамтай цонхыг рамаар нь дотогш нь цөм цохиод хулгайч орсон бололтой байсан. Уг цонх нь давхар цонх байсан. Цонхны шил хагарч, рам нь эвдэрсэн байдалтай байсан. Би 2008 онд Утай гүмбэнгээс Зэс, гууль оролцуулан урласан Утай гүмбэн хийцийн 21 ширхэг "Дарь эх" бурханыг залж хийдэд авчирч байсан. Эдгээр бурханаас 20 ширхэг нь хулгайд алдагдсан. 1 ширхэг бурхан нь 15 см өндөртэй бурхан байсан. Мөн хайрцагтай жижиг модон дамар, жижиг гуулин цөгц 7 ширхэг \Нугалуур цөгц гэж нэрлэдэг\ зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ 1 ширхэг жижиг мөнгөлөг өнгийн бурханаа дурдаагүй байсан байна. Би нийт 20 ширхэг "Дарь эх" бурханаа нэг бүрийг нь 2 сая төгрөгөөр үнэлж байна. Модон дамрыг 300.000 төгрөгөөр харин жижиг гуулин нугалуур цөгцийг нэг бүрийг нь 10000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/
Гэрч М.*******ийн өгсөн: Би Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутаг Рашаантын хүрээ гэх газар нутагладаг ба уг газарт Ёндондаржаалан хийд байдаг. Би хийдийн сахиул хийдэг юм. Манай нөхөр Б.Доржханд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хийдийг 13 цагийн үед эргэж тойрч шалгасан. Гэтэл тэр өглөөний 11 цаг 30 минутын орчимд хийдийн хашаанд байх байшин дотроосоо хайруулын таваг авах гээд очсон чинь хийдийн зүүн талын цонх нь хагарсан байсан. Тэгэхээр нь би хаалгыг онгойлгоод орж үзэхэд хийдийн дотор талын хойморт байрлах жижиг хэмжээтэй нэлээд хэдэн шар өнгийн бурхан байхгүй болсон байхаар нь хийдийн хамба лам ******* ахад хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх 42 тал/,
Гэрч Б.*******гийн өгсөн: Би яг хэдэн сарын хэдэн гэдгийг нь сайн санахгүй байна. Сарын өмнө ямар ч байсан 04 сар гарчихсан байхад миний нөхөр ******* нэг өдөр би нутаг явчихаад ирье Дархаа ах /бүтэн нэрийг нь ******* гэдэг байх манай нэг нутгийн ах 6-р сургуульд жижүүр хийдэг ах/ хамт нутаг явчихаад ирье гэж байна гэж хэлээд орой 17-18 цагийн үед манай гэрээс Дархаа ахын Соната 5 маркийн дугаарыг нь мэдэхгүй байна саарал өнгийн машинтай тэр хоёр гарсан. Тэгээд маргааш нь байх Архангай аймгийн Жаргалант сумаас гарах гэж байна гэж утсаар ярьсан. Утсаар өдөр л ярьсан яг цагийг нь санахгүй байна. Тэгээд маргааш өглөө 08-09 цагийн үед Дархаа ахтай хамт орж ирсэн. Нутаг явчихаад ирлээ Дархаа ах хүнээс мөнгө төгрөг, юм авах ёстой байсан тэрийгээ авчихсан л гэж ярьж байсан. Тэгээд Жанлав өөрийнхөө ногоон өнгийн дээл хувцасаа тайлаад Дархаа ах цай уучихаад гараад явсан. Тэгээд 2 хоногийн дараа Жанлав гаднаас орж ирэхдээ цагаан шуудайтай юм барьж орж ирээд дотор амбаарт хийхээр нь наадах чинь юу юм гэсэн чинь бурхан байгаа юм. "Цагаан дарь эх" хүнээс худалдаж аваад хүнд үзүүлсэн чинь хулхи юм авчихаж гэж хэлсэн. Чи ямар мөнгөөрөө авсан юм гэсэн чинь Дархаа ах сум яваад хүнээс авсан мөнгөөрөө авсан юм гэсэн. Тэгээд надад өөр юм яриагүй. Би нилээд хэд хоногийн дараа амбаарт юм янзалж байгаад нөгөө шуудайтай юмных нь амыг онгойлгож харсан чинь арваад тооны би яг тоолж үзээгүй бурхан бас зулын цөгцнүүд харагдаж байсан. Тэгээд Жанлав 2016 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр Архангай аймгийн Жаргалант сум руу аавындаа очих гээд явсан гэх мэдүүлэг /хх 41 тал/
Хөрөнгө үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК-ны Орхон салбарын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/16/67 тоот дугаартай Алдагдсан эд зүйлийн хохирлын үнэлгээг тогтоосон дүгнэлтэд 2635000 /хоёр сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол тогтоогдсон. /хх 44-51 тал/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-7 тал/, хураан авах тогтоол /хх 20 тал/, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 21-24 тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25 тал/ Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 26 тал/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 27 тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 28 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч С.*******, Н.******* нар нь бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцон, тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутаг "Рашаантын хүрээ" гэх газарт байрлах "Ёндондаржаалан" гандан хийдэд нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч 2635000 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.*******, Н.******* нарын мэдүүлэг, хохирогч Д.*******ын мэдүүлэг, гэрч М.*******, Б.******* нарын мэдүүлэг эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон комиссын дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, нөхцөлийн талаар хоорондоо зөрүүгүй, эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн байх тул шүүх үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч С.*******, Н.******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******д 2635000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн байцаалтын шатанд 1530000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт 1.105.000 төгрөгийн хохирлыг барагдуулсныг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.*******, Н.******* нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгч нарын ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч С.******* нь 3 хоног цаглан хоригдсон, Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч энэ хэрэгтээ холбоотой хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн "Соната-5" маркийн 71-06 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ийн ******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.*******, Н.******* нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, шүүгдэгч С.*******ыг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар, шүүгдэгч Н.*******ыг 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг, шүүгдэгч Н.*******д оногдуулсан 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Соната-5 маркийн 71-06 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч С.******* 3 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь 2.635.000 төгрөгийн хохирлыг төлсөн, хохирогч энэ хэрэгтээ холбоотой хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг, шүүгдэгч Н.*******д оногдуулсан 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хорих ялыг тус тус тэнсэж, хянан харгалзах хугацааг шүүгдэгч С.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.*******ыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тогтоож, тэдгээрт хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН