Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 437/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг

Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Аззаяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн Боржигон овогт Батбаярын Аззаяад холбогдох эрүүгийн 1834007370353 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Инстол Наран” ХХК-ны талбайн инженер ажилтай, ам бүл 6, аав, ээж, хоёр хүүхэд, дүү нарын хамтаар Төв аймаг Зуунмод сум 5 дугаар багийн А-3-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Батбаярын  Аззаяа /РД:НЭ91110805/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Аззаяа нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг УАА-н 3-2 тоотод Б.Алимаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг:

  1. Шүүгдэгч Б.Аззаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, эмчилгээний зардалд 700.000 төгрөг төлсөн” гэв. 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Хохирогч Б.Алимаагийн мөрдөн байцаалтын шатан мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын 27-ны 12 цагийн үед Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багт төрсөн дүү Батбаярын гэрт ирсэн. Дүүгийндээ ирээд 0,5 граммын архи Батбаярын эхнэр, Нансалмаа, Батбаяр бид 3 ганц шил архи уусан. Тэгээд би дүүгийнхээ эхнэр Нансалмаагаар Төв аймгийн Зууномод сумын микроны буудал хүргүүлээд хот орсон. Тэгтэл оройтчихсон тосох хүүхдүүд байхгүй болохоор нь буцаад нөгөө микрондоо суугаад Зуунмод суманд ирсэн. Тэгээд дүү Батбаяр гэрт дахин очоод гэрт нь сууж байтал Батбаярын охин Аззаяа гэртээ ирээд надтай хэрүүл, маргаан хийсэн. Миний нүд рүү гараараа нэг удаа цохисон, мөн толгой руу хоёр удаа цохисон. Би гараараа хаасан. Миний баруун гарын дунд хурууг цохиод тулгасан одоо хавдсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
  2. Хохирогч Б.Алимаагийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн №634 дугаартай “...Б.Алимаагийн биед зүүн нүдний зовхи, духанд цус хуралт, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, баруун гарын дам хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 18 тал/,
  3. Шүүгдэгч Б.Аззаяагийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “... Алимаа эгч эхлээд намайг цүнхээрээ савж цохисон юм. Тэгээд Алимаа эгч агсан тавиад аргадаад унтахгүй байсан, бас хүүхдүүдэд нь ээжийгээ ирж ав гэж би хэлсэн. Тэгсэн боловч Алимаа эгч өөрөө цүнхээрээ толгой руу савахаар нь би хүүхэд цохигдчихвол ер нь яах юм гэж бодоод гэнэт уур хүрээд би зөрүүлээд Алимаа эгчийн нүүр, дух хавьд нь гараараа цохисон. Тухайн үедээ нүдийг нь тийм их хавдана гэж бодоогүй. тухайн үедээ би уучилалт гуйгаад аргадаад унтуулсан юм, тэгтэл өглөө нь босоод ирсэн чинь нүд нь их хавдартай болчихсон байсан тэрэндээ шаралхаад өглөө нь өөрөө цагдаа дуудчихсан юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/
  4. Шүүгдэгч Б.Аззаяа, хохирогч Б.Алимаа нарын мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 35-36 тал/ зэрэг болно.

 

                Шүүгдэгч Б.Аззаяагийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

                

                 Гурав: Гэм буруугийн талаар:

                Шүүгдэгч Б.Аззаяа нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг УАА-н 3-2 тоотод Б.Алимаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Аззаяагийн мэдүүлсэн: “...би Алимаа эгчийн нүүр, дух хавьд нь гараараа цохисон. Тухайн үедээ нүдийг нь тийм их хавдана гэж бодоогүй...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Алимаагийн мөрдөн байцаалтын шатан мэдүүлсэн: “...Батбаярын охин Аззаяа гэртээ ирээд надтай хэрүүл, маргаан хийсэн. Миний нүд рүү гараараа нэг удаа цохисон, мөн толгой руу хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/, шинжзэч эмчийн №634 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Аззаяаг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Аззаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

            Хохирогч Б.Алимаагийн мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан “...би дүүгийн хүүхэд болох Б.Аззаяад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-36 тал/, шүүхээс хохирогч Б.Алимаад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Б.Аззаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжээр буюу 455.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжээр буюу 455.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх шүүгдэгч Б.Аззаяаг тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Аззаяад улсын яллагчаас оногдуулсан 455 нэгжээр буюу 455.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.  

           

            Тав: Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1834007720334 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Аззаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Батбаяр Аззаяаг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Батбаяр Аззаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Аззаяад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Аззаяаг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аззаяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Аззаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Б.Аззаяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА