Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян 5 дугаар багт төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, нөхрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багт нутаглах, хувиараа мал, аж ахуй эрхлэх, Д овогт Ц.С-н хүсэлтээр

1965 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн гэх нас тогтоолгох, эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.М, нэхэмжлэгч Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2 асуудал шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан. 1965 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн гэх нас тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байгааг хүлээн авна уу. Би 16 настай байхдаа 1981 оны 09 сарын 13-ны өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд ямаачнаар ажилд орсон юм. Уг нэгдэлд нэгдэл тарах хүртэл ямаа, тэмээ малласан. Намайг ажиллаж байх хугацаанд 1984 онд хөдөлмөрийн дэвтэр нээсэн байдаг бөгөөд энэ дэвтэр дээр Б.С гэж овог нэрийг маань зөрүүтэй, мөн 1991 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэр дээр Б.С гэж бичиж  нээсэн байдаг юм. Одоо тэтгэвэрт гарах гэтэл эдгээр хөдөлмөрийн дэвтрийн зөрүүг арилгуулах шаардлага гараад байгаа юм. Манай аавыг Б гэдэг бөгөөд одоо 80 гаруй настай хүн байдаг, ээжийг Ц гэдэг байсан, ээж маань нас бараад жил гаруй болж байна. Бид эхээс 9-үүлээ бөгөөд манай ах, дүү нарын 2 нь аав Б-р овоглосон бусад нь ээж Ц-р овоглосон байдаг юм. Би бага байхдаа их хүндээр өвдсөн гэдэг бөгөөд тэр үед нь миний нэрийн С гэж өөрчлөн нэрлэх болсон бөгөөд албан ёсны бичиг баримт дээр бол солигдоогүй С нэрээр явдаг юм. Ингээд нутгийн хүмүүс бүгд л С гэж дууддаг байсан болохоор хөдөлмөрийн дэвтэр нээсэн нэгдлийн ажилтан миний дэвтрүүдийг ааваар овоглож, С, С гэж бичсэн байгаа юм. Нэгдэлд ажиллаж байх үеийн тушаалууд мөн нь л Б.С, Ц.С гэх мэтчилэн бичигдсэн байдаг юм. Аав,ээж 2 маань яагаад хүүхдүүдээ ээжээр овоглосоныг мэдэхгүй байна, ааваас асуухад гэрлэлтээ батлуулаагүй гэж ярьж байсан боловч архивын лавлагаагаар гэрлэлтийн баталгаатай байна. Иймд миний аав Б-р овоглож, миний нэрийг 2 янзаар бичсэн 1984 оны 08 сарын 08-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 02 сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигчээр Ц.С намайг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.С нь 1965 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн гэх нас тогтоолгох, эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь 1965 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн гэх нас тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болно.

Нэхэмжлэгч Ц.С нь Б.С нэрээр 1984 оны 08 сарын 08-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр, Б.С нэрээр 1991 оны 02 сарын 20-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох бүхий шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч Ц.С-н Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байх үед олгосон 1984 оны 08 сарын 08, 1991 оны 02 сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт Б.С, Б.С гэж тус тус тэмдэглэсэн байгаа нь нэхэмжлэгч Ц.С-н иргэний үнэмлэх дээрх овог, нэртэй тохирохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтуудыг  тал бүрээс нь  харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд:

Хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэл, 1984 оны 08 сарын 08-ны өдөр Б.С нэрээр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “ 1965 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн “ гэж,

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэл, 1991 оны 02 сарын 20-ны өдөр Б.С нэрээр нээгдсэн  хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “ 1965 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн “ гэж тус тус тэмдэглэсэн байгаа нь энэ хэрэгт авагдсан Ц.С-н Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбарт тэмдэглэсэн төрсөн, он, сар  өдөртэй тохирч байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс ирүүлсэн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1985 оны 10 сарын 12-ны өдрийн 72 тоот тушаалын хуулбарт  “ 2-р хэсгийн ямаачин Ц.С-г 10 сарын 08-ны өдрөөс эхлэн  үүрэгт ажлаас нь чөлөөлж, 1 дүгээр хэсэгт тэмээчнээр томилсугай” гэж тэмдэглэсэн, мөн тус нэгдлийн даргын 1991 оны 09 сарын 26-ны өдрийн 49 тоот тушаалын хуулбарт “ 1-р бригадын малчин  Ц.С ...нарыг сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй” гэж тэмдэглэсэн байна.

Мөн гэрч Ц.С-н шүүхэд “ Д овогт Ц.С гэдэг. 1960 оны 10 сарын 09-нд Дорноговь амгийн Зүүн баян хотод айлын том хүү болон төрсөн юм. Ц.С нь 1965 оны 01 сарын 25-ны төрснийг мэддэг юм. С нь айлын 3 дахь хүүхэд болон төрсөн  юм. Бид хэд эхээс есүүлээ юм. Би айлын дагавар хүүхэд байсан манай хойд аав буюу манай дүү нарын аав Ч.Б гэж хүн байсан. Манай дүү С нь 2, 3 настай байхдаа байхаа хүндээр өвдөөд ламаас асуугаад нэрийг нь манай гэрийнхэн болон ойр дотны хүмүүс С гэж дуудаг болсон. Тэрнээс хойш бид нар С-г С буюу З гэж дууддаг юм. Манай дүү С нь 1981 онд Дорноговь аймгийн Сайхан Дулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 16 нас хүрээд ямаачнаар ажилд орсон байсан. Би  тэр үед цэрэгт татагдаад явсан байсан. Тэр үед миний дүү Ц.С-н хөдөлмөрийн дэвтрийг Б.С, Б.С гэж нээсэн байгаа нь  манай аав болох Б нь 1978 онд манай ээжээс салаад Дорноговь аймгийн Мандах сумын Цагаан цав гэх ногооны газар ажилахаар явсан байсан тэрнээс болж ингэж буруу нээсэн байх,  манай ээж бага боловсролтой хүн байсан учраас Б.С, Б.С гэж  нээлгэсэн байх. Тухайн үед манай сумынхан С гэж С-г дууддаг байсан...Миний төрсөн дүү Ц.С нь багадаа С гэдэг нэртэй байсан одоо  хүмүүс энэ нэрээр илүү их мэддэг юм “ гэж,

гэрч Ц.С шүүхэд “ Манай эгч Ц.С нь 1965 онд төрсөн гэж манай ээж Ц нь ярьдаг байсан. Манай ээж нас бараад нэг жил гаран болж байна. Манай аав Б гэж хүн байгаа, одоо манай аавын бие муу хэвтэрт байгаа юм. Би 1970 онд төрсөн надаас 5 эгч гэдэг юм. Бид эгчийгээ  бага байхаас эхлэн З эгч буюу С гэж дууддаг байсан. Бид нар эхээс есүүлээ, манай том ахыг Ц.С, эгч нарыг Ц.С, Ц.С гэдэг. Эгч Ц.С-г багад нь хүнд өвдсөн учраас ламаас асууж С гэж нэр өгсөн гэж ээж ярьдаг байсан. Манай аав ээж хоёр гэрлэлтээ батлуулаагүй болохоор бид  нарын бичиг баримтыг ээж Ц-р овоглож гаргасан байх. Манай сумынхан бид нарын аавыг Ч.Б гэж хүн байсныг мэддэг болохоор эгч Ц.С-н хөдөлмөрийн дэвтрийг Б.С, Б.С гэж нээсэн байх, ер нь хүмүүс Ц.С эгчийг С гэдэг нэрээр мэддэг юм” гэж,

гэрч Б.А шүүхэд “ Энэ Б.С, Б.С гэдэг нь нэг хүн байгаа юм,  албан ёсны нэр бол Ц.С гэж хүн байгаа юм. С /Ц.С/ би хар багаасаа нэг нутаг усаар нутаглаж хамт ажиллаж байсан хүмүүс байгаа юм. С-н аавыг нь Б, ээжийг Ц гэж хүмүүс байсан юм. Бид нар болон манай сумынхан, нэгдлийнхэн Ц.С-г Б.С гэдгээр илүү ихээр мэддэг юм. Би 1986 оноос албан ёсоор Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд малчинаар буюу ямаачнаар ажилд орж ажилласан...Ц.С-н аавыг нь Б гэж байсан болохоор хөдөлмөрийн дэвтрийг Б-р овоглосон байх, Ц.С-г С гэж дууддаг болохоор С гэж нэрээр хөдөлмөрийн дэвтэрт бичсэн байх. Тухайн үед миний мэдэхээр нэгдэлд С гэж нэг л хүн байдаг байсан, тэр хүн одоо энэ  Ц.С юм” гэж  тус тус мэдүүлдэг болно.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 сарын 09-ний өдрийн “ Дорноговь аймгийн Зүүнбаян хотын  хороо захиргааны ИГББ-ын Гэрлэгсэдийн  бүртгэлийн  1971 оны 12 дугаарт  Ч.Б, П.Ц нарыг 1961 оны 10 сарын 13-ны өдөр гэрлэснийг 1971 оны 04 сарын 13-ны өдөр бүртгэж, 12 тоот гэрлэлтийн баталгаа олгосон байна “ гэсэн 10 тоот лавлагаа,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 сарын 23-ны өдрийн “ Монгол Улсын иргэн ЕЗ65012505 регистрийн дугаартай Д овогт Ц.С, эх Д овогт П.Ц ” гэсэн лавлагаа /1 дүгээр маягтын лавлагаа / зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүсэн байна.

Дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Ц.С нь бага байхдаа С гэх нэртэй байсан, өөрийнх нь ажиллаж, амьдарч байсан нутгийн хүмүүс уг нэрээр нь таньж мэддэг байсан, мөн түүний ээж нь П.Ц, аав нь Ч.Б гэж хүн байсан, түүнчлэн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 1981 онд ямаачнаар ажилд орж байсан, тухайн үед нэгдэлд ажиллаж байхад нь аав Б-р нь овоглож, өөрийнх  С гэх нэрийг С гэх олонд нэршсэн нэрээр бичиж хөдөлмөрийн дэвтэр нээсэн үйл баримт тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Сайхандулаан сум, Говийн хөгжил нэгдэл, Б.С нэрээр 1984 оны 08 сарын 08-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр, Б.С нэрээр 1991 оны 02 сарын 20-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигчээр нэхэмжлэгч Ц.С-г тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.С нь хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад 1965 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн гэх нас тогтоолгох шаардлагаасаа татгалзсныг батлах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Дорноговь аймгийн Сайхандулаан сум, Говийн хөгжил нэгдэл, Б.С нэрээр 1984 оны 08 сарын 08-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр, Б.С нэрээр 1991 оны 02 сарын 20-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Д овогт Ц.С мөн болохыг тогтоосугай.

2. Нэхэмжлэгч Ц.С нь 1965 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн гэх нас тогтоолгох шаардлагаасаа татгалзсныг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ     А.ЦЭРЭНХАНД