| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0084/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/77 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.*******д холбогдох 2023000910080 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч В.******* нь 2020 оны 02 дугаар сарын эхээр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 5.46 м3 шинэс мод бэлтгэж, Ойн санд буюу Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт 383.292 төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар Шүүгдэгч В.******* нь 2020 оны 02 дугаар сарын эхээр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн хэргийн үйл баримт нь В.*******г ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ын “...Намайг Улаанбаатар хотод явж байхад манай байгаль хамгаалагч С. утсаар яриад, ******* сумын багийн нутагт зөвшөөрөлгүй шинэс мод бэлтгэсэн байна, би цагдаа нартай хамт явж үзээд ирлээ гэж хэлсэн юм. ...Манай байгаль хамгаалагч С. намайг Улаанбаатар хотод явж байхад утсаар яриад багийн нутагт иргэн В.******* нь “” гэдэг газарт байх ойгоос навчит шинэс мод 50 ширхэгийг тайрч бэлтгэсэн байна гэж хэлсэн. ...Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг би өгдөггүй юм. ...ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг огт аваагүй” гэсэн мэдүүлэг, Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар мэдүүлсэн гэрч С.ын “...В.******* нь 2020 он гарснаас хойш надаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ” гэсэн мэдүүлэг Гэрч М.гийн “...Миний нөхөр В.******* нь ...нэг өдөр ******* явж мод хийнэ гээд жижиг цахилгаан хөрөөгөө үүрээд явган яваад өгсөн, нилээн байж байгаад гэртээ ирэхээр нь юу болсон талаар асуухад “” гэдэг газраас 50 ширхэг мод тайраад хаячихлаа, зун болохоор аваад хашаагаа сэлбэж засварлана” гэж ярьсан. ...Миний нөхөр ******* нь ойгоос мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч В.*******гийн хэргээ хүлээн мэдүүлж ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн талаараа мэдүүлсэн “...би өөрийнхөө өвөлжөөний хашаа, саравчийг янзлаж сэлбэе гэж бодоод ...өөрийнхөө өвөлжөөний ойрхон байдаг ******* сумын багийн нутагт байрлах “” гэх газрын ойгоос мод бэлтгэх санаатай өөрийн цахилгаан хөрөөгөө авч яваад тухайн ойгоос босоо хуурай модноос 20 гаран ширхэгийг унагаж 3 метр орчимоор тайрч хөрөөдөж модон дотор нь бэлтгэсэн. Мөн тэр модон дотор унасан байсан унаанг /өөрөө унаад удсан мод/ модноос 3 метр орчим тайрч нийт 50 ширхэг мод бэлтгэсэн. цагдаа нар ирээд намайг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гэж хэлсэн. Би ч тухайн модыг бэлтгэсэн гэдэг үнэн байдлаа хэлсэн. ...Би хэн нэгэн албан тушаалтанд мод бэлтгэх талаар хэлж мод бэлтгэх эрхийн бичиг /гоожин/ аваагүй. Би өөрөө дур мэдээд л тухайн модыг бэлтгэчихсэн” гэсэн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. В.*******гийн дээрх үйлдлийн улмаас ойн санд 383.292 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон ба мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих ...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ. Түүнчлэн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан. Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А153 дугаартай тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.1, 4.2-д ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх эрхийн бичиг олгох болон зохих журмын дагуу бэлтгэсэн мод, модон материалыг тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ олгох талаар зохицуулсан байна. Шүүгдэгч В.******* нь хууль болон журмын дээрх заалтуудыг зөрчиж ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, ахуйн хэрэглээнд шаардагдах өвөлжөө хашаа, саравч засаж сэлбэх зорилгоор мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй бөгөөд хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд шүүгдэгч В.*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч В.******* дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас ойн санд учруулсан 383.292 төгрөгний хохирол учирсан бөгөөд уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учруулсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3/гурав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлэн тооцно” гэснийг үндэслэн 383.292х3=1.149.876 төгрөгийн хохирол учирч хохирлоо төлсөн ба бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүгдэгч В.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Иймд шүүгдэгч В.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэ рлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 50 ширхэг модыг хурааж, улсын орлого болгож, шүүгдэгч В.*******гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн жижиг цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна Шүүгдэгч В.******* нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зөвшөөрөлгүйгээр ойгоос хууль бус мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В. *******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших 3/гурав/ сар тутам тэнцүү хэмжээгээр буюу 200000 төгрөгөөр төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В. *******д торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5. Шүүгдэгч В.*******д 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч В.*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 50 ширхэг модыг Завхан аймгийн ******* сумын багийн гэх газраас хурааж улсын орлого болгосугай. 7. Шүүгдэгч В.*******гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн жижиг цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 8. Шүүгдэгч В.******* нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА