Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 08

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ би,

Нэхэмжлэгч: М корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Өргөн сумын 4 дүгээр багт оршин суух Т.С-д холбогдох,

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт нийт 882.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40289778 тоот гэрээ байгуулан дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан LG K10/GOLD/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт нийт 882.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нь шүүхэд гаргасан тайлбартаа: М корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.С-д холбогдох дараа төлбөрт үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр нийт 882.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Т.С нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж 882.000 төгрөгийг манай байгууллагын дансанд тушаасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М корпораци ХХК нь хариуцагч Т.С-д холбогдуулан  дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт нийт 882.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 882.000 төгрөгийг төлж барагдуулсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М корпораци ХХК, хариуцагч Т.С-д холбогдох дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт нийт 882.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.С нь нэхэмжлэлийн шаардлага 882.000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.718 төгрөгийн 50 хувь болох 12.859 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, төрийн сангийн данснаас 12.859  төгрөгийг, хариуцагч Т.С-с 12.859  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч  М корпораци ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Т.С нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ  Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ