Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 438/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,  

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

-шүүгдэгч Д.Одчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Долгорын Одчулуунд холбогдох эрүүгийн 1734003360163 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, Дархан Уул аймаг дахь 445 дугаар хорих байгууллагад ял эдэлж байгаа, ам бүл 9, ээж, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 4а сургуулийн 1600-14 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 4 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Долгорын Одчулуун /РД:ЦА78052872/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Долгорын Одчулуун нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт үйл ажиллагаагаа явуулдаг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимд хохирогч П.Бадамдуламын өмчлөлийн Самсунг үйлдвэрийн Галакси Эс-6 маркийн гар утсыг яриад өгье гэж хуурч аван бусдад 896.667 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Одчулуун нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Төв аймгийн Зуунмод суманд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Бадамдуламын утсыг яриад өгье гээд гуйж аваад эмнэлэгийн зүүн талын хаалгаар гараад явсан. Тэр утсыг нь монтелын утас авдаг ченжид 120.000 төгрөгөөр өсгөн” гэв.

 

Хохирогч П.Бадамдулам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...14 цаг өнгөрөөгөөд төрөх тасагт очиход төрөх тасгийн ойр орчмоор 30 гаран настай, цэнхэр хөх өнгийн ханцуйгүй куртиктай, хөх өнгийн саравчтай малгайтай залуу яваад байсан ба би төрхийн урд талд утсаа цэнэглээд байж байхад над дээр ирээд утсаараа яриулаач манай дүү төрөх гэж байгаа юм хөгшин настай хүн орж ирэх гээд төөрчхөөд байна. Миний утсаны цэнэг дуусчихлаа гэхээр нь би утсаа өгөхөд тухайн залуу утсаар яриад коридороор яваад байсан ба утсаар ярьж дуусаад миний утсыг өгсөн. Тэгээд 15 орчим минутын дараа дахин гуйж утас аваад утсаар ярьж байгаад буцаагаад өгсөн. Тэгээд би 16 цагийн орчим нэгдсэн эмнэлгээс гарах гээд явж байхад үүдэнд сумын жирэмсэн хүүхэнтэй таараад юм яриад сандал дээр сууж байтал нөгөө залуу ирээд ахиад нэг яриулаач гэхээр нь би цэнэггүй болж байна гэхэд нөгөө залуу нөгөө хөгшин маань орж ирж чадахгүй төөрөөд байна гээд авсан ба утсаар ярьж байгаад гадагшаа гарчих шиг болохоор нь хойноос нь гартал байхгүй болсон байсан. Тэгээд цагдаа дуудаад камерийн бичлэг шүүж үзэхэд манай сумын жирэмсэн хүүхэн тухайн залууг өглөө дотрын тасагт утас гуйгаад яваад байсан залуу байна гэж байсан. 30 гаран насны, 170 см орчим өндөртэй, зууван толгойтой, бор барзгар царайтай, том хамартай, хөх өнгийн саравчтай малгай, хөх өнгийн ханцуйгүй куртик, хөх өнгийн жинсэн өмдтэй явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 2-3 тал\
  • Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд \хх-ийн 12-14 тал\
  • Шүүгдэгч Д.Одчулууныг эрэн сурвалжилсан тухай баримтууд /хх-ийн 15-17 тал/
  • Хан-Үнэлэмж ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17/11-09 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 54-57 дугаар хуудас/.
  • Шүүгдэгч Д.Одчулуун нь урьд нь ял эдэлж байсан гэх лавлагаа, шитйгэх тогтоолын хуулбарууд \хх-ийн 23-49 тал\
  • Шүүгдэгч Д.Одчулууныг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл \хх-ийн 108-114 тал\ зэрэг тус тус өмгөөлөх болон яллах талуудын саналаар шинжлэн судлав.

 

       Шүүгдэгч Д.Одчулуун нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт үйл ажиллагаагаа явуулдаг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимд хохирогч П.Бадамдуламын өмчлөлийн Самсунг үйлдвэрийн Галакси Эс-6 маркийн гар утсыг яриад өгье гэж хуурч аван бусдад 896.667 төгрөгийн хохирол учруулсан болох нь Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн байцаалтын шатанд мэдүүсэн хохирогч П.Бадамдуламын мэдүүлэг, шүүгдэгч Д.Одчулууны шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Одчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Одчулууны холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Д.Одчулуун нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,        шүүгдэгч Д.Одчулууны Дархан уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Одчулуун нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Бадамдуламд учирсан эд хөрөнгийн хохирол Самсунг Галакси Эс-6 маркийн гар утасны үнэ 896.667 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Одчулуунаас 896.667 төгрөгийг гаргуулж хохирогч П.Бадамдуламд олгох нь зүйтэй байна

 

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Одчулуун нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21 хүртэл 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Долгорын Одчулуун нь бусдын эд хөрөнгийг хуурч заллилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Боржигон овогт Долгорын Одчулуунг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Одчулуунд энэ тоогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялд Дархан Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 11 сар 11 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зкүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Долгорын Одчулуунд оногдуулсан 11 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Одчулуунаас 896.667 төгрөгийг гаргуулж хохирогч П.Бадамдуламд олгосугай.  

6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Одчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцсугай. 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйл
ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Од-Чулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА