| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/01119/И |
| Дугаар | 151/ШШ2017/01302 |
| Огноо | 2017-12-22 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2017/01302
| 2017 оны 12 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2018/01302 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 хэсэг, улаанхуаран гудамж 116 тоотод оршин суух Бүүвэй овгийн Гаамаагийн Мөнхбат /РД:НВ94081015/
Хариуцагч: Төв аймаг, Баян сумын Засаг даргын тамгын газар /УБД:1470002025, РД:9059237, төлөөлөгч Д.Гантөмөр/
Ажилгүй байсан хугацааны цалин олговор 2 681 142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням, хариуцагчийн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхбат шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 04 сарын 01-ний өдөр Баян сумын Засаг даргын тамгын газарт олон нийт, интернэт мэдээллийн төвийн ажилтнаар томилогдож, 2017 оны 04 сарын 24-ний өдөр Засаг даргын тамгын газрын даргын Б/19 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан юм. Би энэ талаар шүүхэд ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч ажилд эгүүлэн авахаар болж эвлэрсэн. Эвлэрлийг 2017 оны 07 сарын 31-ний өдрийн 151/ШШ2017/00837 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулсан болно. Үүнээс хойш би ажилдаа орохоор удаа дараа очсон боловч тамгын газрын дарга Д.Гантөмөр би мэдэхгүй, Засаг даргатай уулз гэсээр намайг олон хоног ажилгүй, цалингүй хохироож байна. Иймд Баян сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 5,6,7,8,9,10 дугаар сарын цалин 2 681 142 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 4-р сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Г.Мөнхбат нь үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Ажлаасаа халагдаад шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч ажилд нь эгүүлэн авна гэж талууд эвлэрсэн. Шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон шүүгчийн захирамж гарснаас хойш тамгын газрын дарга ажилд нь эгүүлэн аваагүй. Нэхэмжлэгч нь ажилдаа орох гэж 5 удаа очсон байдаг. Тамгын газрын дарга би дээрээ даргатай хүн чи Засаг даргатай уулз гэсэн байсан. Ажилд нь эгүүлэн авахгүй байсаар байгаад 2017 оны 11-р сарын 1-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ажилд түр авсан. Шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байгаад нь гомдолтой байна. ТҮ5-3-р шатлалаар цалинжих байсныг ТҮ5-1-р цалинжуулж байсан. Иймд 6 сарын үндсэн цалингаа нэхэмжилж 2 681 142 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шийдвэрийг хариуцагч тал 2017 оны 11-р сарын 1-ний өдөр хүртэл биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Өмнөх ажилгүй байсан хугацааны цалинг өгөх ёстой. Буруутай албан тушаалтан хариуцах ёстой. Хохирлын дагуу нэхэмжлэлээ гаргаж байна. Миний үйлчлүүлэгч цалингийн зээлтэй байсан, мөн нийгмийн даатгалын төлөлтөө таслахгүйн тулд хувиараа шимтгэл төлсөн. Засаг даргын тамгын газраас цалин хөлс аваагүй учир гаргуулна.” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Гантөмөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Мөнхбат нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул 2017 оны 04 сарын 24-ний өдөр ажлаас нь халсан. Энэ талаар Г.Мөнхбат шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх хурал болсон. Шүүх хурал дээр Г.Мөнхбат цалингийн зөрүү болон ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэхгүйгээр дутагдлаа хүлээж, хойшид үүрэгт ажилдаа хариуцлагатай хандана гэсэн тул эвлэрсэн байдаг. Энэ хугацаанд миний бие 2017 оны 08 дугаар сарын 13-17 хүртэл Сүхбаатар аймагт сургалтад хамрагдаж, 08 дугаар сарын 21-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан байсан. Энэ хугацаанд би шүүхийн шийдвэрийг хүлээж аваагүй. Г.Мөнхбат сураггүй байж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ирж уулзахдаа тохиролцсон ёсоороо хамтарч ажиллана шүү, таныг амралтаа дуусгаад 9 дүгээр сарын 18-нд ажилдаа орохоор тань ажилдаа орно гэж хэлээд явсан. Тэрнээс хойш холбоо бариагүй, цэрэг татлагын дараа 10 дугаар сарын 20-ны өдөр утсаар ярьж хэзээ ажилдаа орох вэ гэхэд одоогоор завгүй байна, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орье гэж хэлсэн. Г.Мөнхбатын нэхэмжлэл үндэслэл муутай тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаас үндэслэлгүй халсан талаарх асуудлыг шүүх хэлэлцсэн. Энэ хүн ажилдаа тэнцдэггүй. Тийм учраас цалин нэхэмжлэхгүйгээр ажлдаа эргэж оръё гээд эвлэрсэн байдаг. Нэхэмжлэгч нь ажилгүй байх хугацаандаа Улаанбаатар хотод өөр газар ажиллаж байсан. Ням өмгөөлөгчид учир байна. Ганц хоёр удаа уулзасныг 5 удаа очсон болгож ярьж байна. Ийм учраас цалин олгох үндэс байхгүй. Олон нийт мэдээллийн ажилтны орон тоо байхгүй. Эвлэрсэн хурал дээр хангалттай яригдсан. Аль ч талаас үзсэн цалин олгох боломжгүй. 5 удаа ирсэн гэсэн нотолгоо хэрэгт байхгүй. 2 удаа уулзсан гэж хариуцагч хэлдэг. Ажилд эгүүлэн авсан нь зөв. Ажилд эгүүлэн авах боломжгүй дүгнэлт байсан. Цалин гаргуулах ямар ч үндэслэл байхгүй. 2017 оны 7-р сарын 31-ний өдрийн шүүүх хурал дээр цалингийн талаар яригдаагүй. Ажилгүй байх хугацаандаа өөр газар ажиллаж байсан. Нийгмийн даатгалыг хувиараа төлсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг. Ажилтай байсан учир ажилдаа оръё гэж ирээгүй. Хэрэв үнэхээр хохироосон гэж үзвэл цалингийн зөрүүг гаргах ёстой. Өөрөө ирээд өргөдлөө өгсөн бол цалингийн зөрүү яригдана. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхбат ажилгүй байсан хугацааны цалин олговор 2 681 142 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Баян сумын Засаг даргын тамгын газар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хэрэгт авагдсан үйл баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Мөнхбат Төв аймгийн Баян сумын Засаг даргын тамгын газар Олон нийт, интернет мэдээллийн төвийн ажилтны албан тушаалд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр томилогдож, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж /хх-3,44/, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөн албан тушаалд буцаан томилогдсон тухай зохигчид маргаагүй харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 05-10 дугаар сарын цалин олговорыг олгохгүй гэж маргажээ. Нэхэмжлэгч дээр дурдсан хугацаанд ажилгүй байсан болох нь түүний тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байгааг хариуцагч няцаагаагүй бөгөөд цалин олговор олгохгүй байх үндэслэлээ нотлох аливаа баримтыг шүүхэд ирүүлэгүй байна. Хариуцагч тал цалин олговор олгохгүй гэх үндэслэлээ “... сургалттай байсан, ... ээлжийн амралтаа эдэлсэн, ... нэхэмжлэгч өөрөө ир гэсэн хугацаанд ирээгүй, ... сураггүй болсон, ... тухайн орон тоог цомхтгосон, ... ажилгүй байх хугацаандаа өөр газар ажилласан” /хх-16/ гэх тайлбар нь нэхэмжлэгчид цалин олговор олгохгүй байх бодит үндэслэл бус бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч Баян сумын Засаг даргын тамгын газар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Төв аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2017/00837 дугаар шүүгчийн захирамж /хх-5-6/-аас үзэхэд нэхэмжлэгч дутуу олгож байсан цалингийн зөрүү 1 341 516 төгрөгөөс татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн “өмнөх шүүх хурал дээр Г.Мөнхбат цалингийн зөрүү болон ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэхгүйгээр дутагдлаа хүлээж, хойшид үүрэгт ажилдаа хариуцлагатай хандана гэсэн тул эвлэрсэн” /хх-16/ гэх тайлбар няцаагдаж байна.
Дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч Г.Мөнхбатын ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2 681 142 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 1 092 690 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 1 588 452 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлан тогтооно. Нийгмийн даатгалын дэвтрээс /хх-3,44/ үзэхэд нэхэмжлэгч 2017 оны 02, 03, 04 дүгээр сард нийт 1 229 700 төгрөгийн цалин авчээ. Түүний 1 өдрийн дундаж цалинг тооцоход 8 812 төгрөг /1 229 700 х 21,5 өдөр = 8 812/ байх бөгөөд ажилгүй байсан хугацааг /2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр/ тооцоход 05 дугаар сард ажлын 23 өдөр, 06 дугаар сард ажлын 21 өдөр, 07 дугаар сард ажлын 16 өдөр, 08 дугаар сард ажлын 23 өдөр, 09 дүгээр сард ажлын 21 өдөр, 10 дугаар сард ажлын 20 өдөр нийт 124 өдөр болж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн 124 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин олговорыг тооцоход 1 092 690 төгрөг /1 өдрийн цалин 8 812 х ажлын 124 өдөр = 1 092 690/ байх бөгөөд уг цалин олговорыг Төв аймгийн Баян сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхбатад олгох нь хуульд нийцнэ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын шаардлага хангасан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Г.Мөнхбатын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-3,44/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ /хх-45/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-9/, тайлбар /хх-34-39/, Төв аймгийн Засаг даргын тамгын газрын мэдээлэл технологи хариуцсан мэрэгжилтний дүгнэлт /хх-40/, Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 837 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл /хх-41-42/, ажилд томилох тухай тушаал /хх-4/, хөдөлмөрийн гэрээ /хх-6-7,47-48/, /хх-11/, ажлын хэсэг байгуулах тухай тушаал /хх-22/, Хот тохижуулах газрын удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх23-24/, Хот тохижуулах газрын 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн бүх ажилчдын хурлын тэмдэглэл /хх-25-26/, ажлын хэсгийн шалгалт хийсэн тайлан /хх-27-28/, С.Чулуунцэцэгийн хүсэлт /хх-30/, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан тоот /хх-31/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32-33/, Зуунмод хотын Хот тохижуулах газрын албан тоот /хх-38/, /хх-39-40/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-45-46/, Ж.Ганхуягийн ажил үүргийн хуваарь /хх-49/, хөдөлмөрийн дотоод журам /хх-50-55/ зэргийг үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Хэрэгт авагдсан Г.Мөнхбатыг ажилтнаар түр томилох тухай тушаал /хх-29/, барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-30-32/ нь тухайн хэрэгт хамааралгүй, Хүн ам, мал тооллогын комисс томилох тухай тогтоол, тогтоолын хавсралт /хх-56-57/ зэрэг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх заалтыг зөрчиж байх тул шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд цалин олговороос хангаж шийдвэрлэсэн 1 092 690 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30 775 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан төрийн санд оруулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Төв аймгийн Баян сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1 092 690 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхбатад олгож, илүү нэхэмжилсэн 1 588 452 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхбат улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг даргын тамгын газраас 1 092 690 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30 775 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР