| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0085/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/78 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******н ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******н *******т холбогдох 2023001040081 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох, мөн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, мөн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, овогт *******н *******, Регистрийн дугаар: *******: Ю.******* нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02, 09 цагуудын орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сум, багийн хэсгийн тоотод оршин суух иргэн Ю.*******ийн гэрт иргэн А.*******ыг “чи миний ахыг дээрэлхлээ, чи хүмүүстэй явалдлаа” гэж маргалдан түүнийг цохих, өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүгдэгч Ю.******* нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны шөнийн 02 цаг, маргааш өглөөний 09 цагуудын орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сум, багийн хэсгийн тоотод оршин суух иргэн Ю.*******ийн гэрт иргэн А.*******ыг “чи миний ахыг дээрэлхлээ, чи хүмүүстэй явалдлаа” гэж маргалдан түүнийг зодсон хэргийн үйл баримт нь хохирогч зодуулсан талаараа мэдүүлсэн “... шөнө 02:00 цаг өнгөрч байхад манай найз манайд орж ирээд “танай хүр дүү ******* манайд архи ууж байна, чамайг гараад ирээч” гэж байна гэсэн. ******* зөрөөд манайд ороод ирсэн, тэгснээ надад утсаа өгөөд “энэ дугаар луу залга, чи энэ хүнтэй явалддаг биз дээ” гээд уурлаад байхаар нь би орноосоо босоод нөхрийнхөө унтаж байсан ор луу очсон чинь ******* миний араас ирээд, заамдаж аваад орноос унагаагаад цээж рүү өшиглөсөн, манай нөхөр ******* салгаад надаас холдуулсан. ******* намайг хэл амаар доромжилж байгаад унтаад өгсөн. Тэгээд өглөө миний бие өвдөөд хэвтэж байсан чинь ******* босож ирээд “май энэ дугаар луу ярь” гээд утсаа өгөхөөр нь “чи юу яриад байгаа юм бэ” гээд би гэрээс гараад машиндаа ороод сууж байсан, ******* араас гарч ирээд машин дотор орж ирснээ “чи энэ дугаар луу ярил даа, чиний нууц амраг биз дээ, чамайг дуудахаар ирдэг” гээд байхаар нь “чи юу яриад байгаа юм” гэсэн. ******* намайг заамдаж аваад машинаас чирч гаргаад гэдэс рүү өшиглөж, үснээс зулгаагаад, нүүр лүү гараараа цохиод зодож байхад манай хүүхэд харчихаад “ааваа ээжийг аллаа” гээд орилсон, манай нөхөр гарч ирсэн, бас манай найз ирж тэр хоёр *******ийг салгасан тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... ******* миний гэдэс рүү нэг удаа өшиглөсөн, тэгээд үснээс зулгаасан, зүүн нүд рүү нэг удаа өшиглөсөн, намайг газар унагаж байгаад шороон дээр чирсэн болохоор миний толгой, хэвлий, цээж хэсгээр маш хөндүүртэй өвчтэй болсон.” гэсэн мэдүүлэг, Ю.******* А.*******ыг цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Ю.*******ийн “...Би гэртээ унтаж байсан чинь гаднаас шөнө орж ирээд манай эхнэр лүү хандаад ******* чамайг гараад ир гэж хэлсэн гээд ороод ирсэн. ...манай төрсөн дүү ******* манайд шөнө согтуу орж ирсэн. Тэгээд манай эхнэр лүү уурлаад “чи миний ахыг дээрэлхлээ, чи энэ явалддаг хүмүүстэйгээ утсаар ярь” гээд хэдэн дугаар луу залгаад байсан. Тэгээд манай эхнэртэй хэрүүл хийгээд орон дээр манай эхнэр сууж байхад нь ******* гэнэт цохиод авсан, тэгэхээр нь би салгасан. Тэгээд би эхнэрээ холдуулж байгаад *******ийг өөрийнхөө оронд дээрээ дараад унтуулсан. Тэгээд бид хэд амарцгаасан юм. Тэгээд өглөө болсон чинь манай эхнэр ажил руугаа явсан...үүрээр эхнэрийн бие өвдөөд байна гээд түргэн дуудаж үзүүлсэн. Тэгээд өвчин намдаах эм ууж, тариа хийлгүүлсэн. ******* манайд унтаж байгаад сэрсэн байсан. ******* манай эхнэртэй дахиад нууц амрагийн талаар ярьж хэрүүл хийгээд байсан. Би гэртээ барьж байсан чинь манай эхнэр гараад явсан байсан. Гадаа манай эхнэр явж байхад ******* манай эхнэртэй зууралдаад гадаа зодоон болсон байсан. гадаа ******* манай эхнэр ******* нар барьцалдаад авсан байхаар нь би *******аас *******ийг салгасан. Намайг *******ийг *******аас салгах гээд зууралдаж байхад ******* *******ыг хэд цохиод авчих шиг болно лээ” гэсэн мэдүүлэг, Ю.*******ийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Л.гийн “...өглөө 09 цагийн үед би гэртээ байж байсан чинь *******ийн бага охин манай руу гүйгээд ороод ирсэн. Тэгээд чагнаад байсан чинь *******ийн хашаанд хүмүүс хэрэлдээд зодолдоод байх шиг байхаар нь яваад орсон чинь ******* *******ын үснээс татчихсан, нүүр лүү нь өшиглөж харагдсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгаад *******ыг гэр лүүгээ авч орсон” гэсэн мэдүүлэг Шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би тэр орой маш их согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд ******* ахынд орж ирээд эхнэр *******тай нь маргалдсан юм. Намайг тэр орой тэднийд орох гэж байхад амбаараас нь 2 хүн гараад явж байх шиг харагдсан, тэгээд *******ыг өөр хүмүүстэй байна гэж уур хүрээд гэрт нь орсон, ******* гэртээ байсан, тэгээд би утсаа өгөөд “чи тэр явалддаг хүн рүүгээ ярь” гээд утсаа өгсөн, ******* дургүйцээд нөхрийнхөө унтаж байсан ор луу яваад өгөхөөр нь би араас нь очоод орноос нь татаж унагаасан, тэгсэн ******* ах хажуугаас намайг “унт” гээд байсан, тэгээд юу болсон талаар санахгүй байна. Өглөө босоод би ******* ахыг гарахаар нь дэлгүүрээс нэг пиво, нэг бэлэн хоол аваад ир гээд мөнгө өгөөд захисан. 10:00 цаг өнгөрч байхад ******* ах ирсэн. Тэгээд би авч ирсэн пивийг уугаад сууж байсан, ******* эгчийн утсаар нь хүүхэд нь тоглож байхаар нь би утсыг нь үзсэн, нэг мобигийн дугаараас “энд ирээд авчих, тэнд байна” гэсэн утгатай мессэж ирсэн байсан. Тэгэхээр нь би утсыг охинд нь өгөөд ******* эгчид өгүүлсэн чинь ******* утсаа унтраачихсан. Тэгээд би уурлаад ******* руу чи манай ахыг дээрэлхлээ гээд хэрэлдсэн ******* эгч гэрээсээ гараад явчихсан, би араас нь гарсан чинь машиндаа сууж байхаар нь араас нь очиж машинд нь суугаад “чи энэ дугаар руу яриач” гэхэд ******* уурлаад тэр дугаар луу ярихгүй болохоор нь миний уур хүрээд машинаас чирч гаргаж байгаад нүүр лүү нь гараараа цохиж газар унагаасан тэгсэн манай ах ******* ирээд намайг салгасан...Тиймээ би ******* эгчийн биед нь халдаж, зодож цохисноос болоод дээрх гэмтлүүд үүссэн. Би тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас А.*******ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 16- ны өдрийн 000000200 дугаартай “...Баруун талын 9, 10-р хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зулгаралт болон цус хуралтууд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан дагуу гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүгдэгчийн дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Шүүгдэгч Ю.******* нь А.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Ю.******* нь А.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Ю.******* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлж барагдуулсан ба хохирогч нь хохирол нэхэмжлээгүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл Шүүгдэгч Ю.*******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Иймд Ю.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй Шүүгдэгч Ю.******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ю.*******ийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ю.*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав /сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 / хоёр зуун мянга/ төгрөгөөр төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю. *******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000/ зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч Ю.*******т 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч Ю.*******ээс хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 7. Шүүгдэгч Ю.*******ийн хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирол төлбөрөө нөхөн төлсөн, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА